Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 228

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

                                   

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч С.Солонго /томилолтоор/,

Хохирогч Д.Гаамаа,

Шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Х.Тд холбогдох эрүүгийн 1911 02725 0088 дугаартай хэргийг 2020 оны 3 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Их тугтан овогт 1986 оны 02 сарын 24-ний өдөр Увс аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргаа мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Ам бүл 2 эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн 8-1 тоотод оршин суух, урьд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 397 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн дугаар ОС86022401

 

Шүүгдэгч Х.Т нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ П.Ганбатад Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар Д.Гаамааг төөрөгдөлд оруулж, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хооронд түүнээс 9 удаагийн үйлдлээр нийт 7.905.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Тээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Миний буруу, би хохирол барагдуулна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч Х.Тээс мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: /хх-20-23, 31-32, 100-101/ “..Миний өмнө өгсөн мэдүүлэг дээр ярьж байсан Энхнасан гэж хүнд Д.Гаамаагаас орж ирсэн мөнгийг өгдөг байсан гэж мэдүүлсэн нь худлаа. Би 7.900.000 төгрөгийг өөрөө үрж хэрэглэдэг байсан...”, “...Би Солонгос улс руу явах хүний визийг гаргах эрх бүхий албан тушаалтан биш. Би Солонгос улс руу хүн явуулж байгаагүй бөгөөд би өөрөө ч Солонгос улс руу явж үзээгүй. Ганбат өөрөө Солонгос улсын виз гаргуулахаар 2 удаа виз мэдүүлээд виз нь татгалзсан хариу авч байсан гэдгийг би Ганбатын ээжээс сонсож мэдээд Ганбатын виз гарахгүй нь тодорхой юм байна гэж ойлгоод Ганбатын виз мэдүүлэхээр бэлдсэн бичиг баримтыг Солонгос улсын элчин сайдын яаманд хүргүүлж өгөөгүй, бичиг баримт нь надад байсан юм. Би Гаамаагаас авсан мөнгийг өөрийн бизнес наймаанд оруулсан юм. Тэгээд эргэлдүүлж байгаад шатчихсан болохоор түүний мөнгийг эргүүлж өгч чадахгүй байгаа юм. Би өнөө орой Солонгос улс руу явуулна гэж хэлтэл Ганбат өөрөө онгоцны буудал дээр очсон байсан. Би тэгээд Солонгос улс руу явуулах ажил түр хойшилчихлоо гэж хэлсэн. Гаамаа өөрөө над руу утсаар залгаад виз хэзээ гарах вэ гэж асуугаад шалгаагаад байхаар нь виз гарчихсан, дараа нь виз гарах ажил хойшилсон гэж хэлсэн. Би Солонгос улсын виз гаргаагүй. Виз гаргаж өгнө гэж авсан мөнгийг өөрийн бараа материал эргэлдүүлэх зардалд зарцуулаад эргэлтийн хөрөнгөгүй болсон байгаа. Би Солонгос улс руу явуулах эрх бүхий албан тушаалтан биш, Солонгос улс руу хүн явуулж байгаагүй бөгөөд өөрөө ч Солонгос улс руу явж үзээгүй...”, “...Би 2020-02-27-ны өдрийн 29 дугаартай “Яллагдагчаар татах тогтоол өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Би Гаамаагаас 7.905.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна. Би Энхнасанг Гаамаатай уулзуулаагүй. 2019 оны 08 сард шиг санаж байна Гаамаа бид 2 уулзаад сууж байтал Ганхөлөг эгч надтай уулзах гээд ирсэн. Ингээд Гаамаад “энэ хүн Солонгос улсын виз гаргадаг хүн, визний талаар мэднэ” гэж хэлсэн. Харин Ганхөлөг нь намайг Гаамаатай виз гаргадаг хүн гэж уулзуулж байгааг мэдээгүй, би Ганхөлөгт уулзаад ингэж яриарай гэж үг зааж өгсөн зүйл байхгүй. Би Ганхөлөг эгчээс банкнаас хэрхэн зээл авах талаар асууж байтал Гаамаа Ганхөлөгөөс Солонгосын визний талаар асуугаад байсан. Харин Ганхөлөг нь Гаамаатай харьцахгүй байсан..” гэх мэдүүүлэг,  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Гаамаагаас мэдүүлэхдээ: “...7.005.000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ хэргээс болж хүү маань ажлаасаа гарсан. Би шүүгдэгчид итгэж байсан учраас мөнгө өгсөн. Эхлээд мөнгө авахгүй гэж байсан ч дараа нь таны хүүхэд үлдчихлээ гээд мөнгө авсан. Би банкнаас зээл авч байж мөнгө өгсөн. Хүү маань хөдөө ажил хийж байгаад ажлаасаа гараад нөхөртэйгөө буцаад ирсэн. Одоо дахин ажилд аа буцаад орж чадаагүй. Ажилгүй байгаа. 7.000.000 төгрөгийн банкны хүүг би байнга төлдөг. Би амьдрахын төлөө их зүтгэж байхад энэ хүн залуу хүн байж ийм зүйл хийж байгаад гомдолтой байна. Хохирлоо хурдан барагдуулах хүсэлтэй байна. Хүүхдээ сургуульд нь дахин сургаж, боловсролтой болгох хүсэлтэй байгаа..” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Д.Гаамаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /12-14/ “..2019 оны 4 дүгээр сард Бөмбөгөр худалдааны төвийн Б-13 дугаар лангууг манай найз түрээслэнэ гээд наана чинь нэг хүн очиж үзнэ гэсэн. Тэгээд нэг эмэгтэй хүн лангуу ирж үзээд түрээслэх болсон. Ингээд би тэр хүнд хүүгээ Солонгос улс руу явуулж ажиллуулмаар байна гэж ярихад Тэрбиш миний яриаг сонссон юм шиг байгаа юм. Тэгээд Тэрбиш надад “манай хамаатны эгч Энхнасан гэдэг хүн Солонгос улсад 20 гаран жил амьдарч байгаа, тэр Солонгос улсад ажилладаг, ажлынхаа газраар дамжуулан хүүг чинь Солонгос улс руу явуулаад өгье гэсэн. Тэгээд надаас манай хүүгийн гадаад пасспорт, нийгмийн даатгалын лавлагаа, ажлын газрын тодорхойлолт зэрэг материалыг авсан. Ингээд удаа дараа надаас визний асуудлаар мөнгө авсан. 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр манай хүүг Солонгос улс руу нисгэнэ гээд ажлаас нь гаргасан. Тэгээд тэр өдөр гэр бүлээрээ хүүгээ гаргаж өгөх гээд онгоцны буудал дээр ирээд Тэрбиш рүү ярьсан боловч Солонгос явах хойшилчихсон гэж утсаар хэлсэн энэ цагаас хойш энэ хүнд эргэлзэх болсон. Үүнээс хойш Тэрбиш янз бүрийн шалтаг тоочиж худлаа яриад байхаар нь би цагдаад өгнө гэж хэлтэл эгчээ би таны мөнгийг өгнө гэж худлаа яриад байхаар нь 2019 оны 10 дугаар сард би аргагүй эрхэнд цагдаад хандах болсон. Би өөрийн Хаан банкны 5013016409 дугаартай данснаас Тэрбишийн Хаан банкны 5100018361 дугаартай данс руу 8 удаагийн шилжүүлгээр 7.900.000 төгрөг шилжүүлсэн. Би өөрийн Хаан банкны 50130164509 дугаартайдансны хуулгыг гаргаж өгсөн байгаа, уг хуулган дээр миний шилжүүлсэн мөнгө төгрөг, цаг минуттайгаа байгаа. Тэрбиш миний 513016409 дугаартай данс руу 900.000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэрбиш надтай Энхнасан гэдэг хүнийг уулзуулсан. Би тэр хүнийг Солонгос улсын ямар сургуульд явуулах юм бэ гэж асуухад Энхнасан нь надад олигтой хариу өгөхгүй Тэрбиштэй өөр сэдвээр яриад байсан. Одоо бодоход надтай уулзуулсан хүн нь Энхнасан гэдэг хүн биш байсан юм шиг байгаа юм. Би мөнгөө залилуулснаас гадна, хүүг маань ажлаас нь гаргачихсан, дээрээс нь Солонгос руу ниснэ гэж онгоцны буудал дээр 3-н удаа очсон боловч нисээгүй зэрэг байдлаас үүдэлтэй манай гэр бүл сэтгэл санааны хохиролд орчихоод байна...” “...Би Энхнасантай уулзъя гэж шаарддаг байсан. Тэгээд би Тэрбиштэй хамт 2019 оны 08 дугаар сард ресторанд ороод сууж байтал намхан нуруутай тарган авгай ирсэн. Тэр хүнээс Солонгосын визний талаар юм асуутал ямар нэгэн юм ярихгүй Тэрбиштэй мөнгөний талаар яриад байсан. Тэр хүн хараажийн виз гаргадаг хүн биш байсан. Сүүлд нь бодоход надтай ямар ч хамааралгүй хүн уулзуулсан юм шиг байсан. Би Энхнасангийн зургийг харлаа, миний уулзсан хүн Энхнасан биш байна. Би өөрийнхөө дансны хуулгыг харахад 5000 төгрөг Тэрбишийн данс руу шилжүүлсэн байна. Тэрбиш надаас мөнгө авахдаа одоо хэдэн төгрөг дутуу байна, цаад хүн яаруулаад байна гэж олон удаа шамдуулж мөнгө авч байсан. Надаас нэхсэн болоод 5000 төгрөгийг өгсөн байх гэж бодож байна. Надад бодит 7.905.000 төгрөгний хохирол учирсан байна..” гэх мэдүүлэг,

 

Гэрч П.Ганбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-25/ “..би 2019 оны 4 дүгээр сард Гарброс ХХК-д тавилгын угсралтын ажил хийж байхад манай ээж Гаамаа надад ажлын хүн хүмүүсийг гадаад явуулдаг гэсэн гэж ярьж байсан. Тэгээд хэд хоногийн дараа ээж би чиний бичиг баримтыг бүрдүүлж байгаа, чи ажлын газрын тодорхойлолтоо авчраарай гэсэн. Тэгээд удаагүй байж байтал 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр намайг Солонгос руу явах болсон гэж надад хэлсэн тэгээд би 5 сарын 28-ны өдөр ажлаасаа гарсан. Ингээд Солонгос улс руу явах өдөр болж, бид нарыг онгоцны буудал дээр очоорой гээд байсан. Тэгээд би гэр бүлийн гишүүдийн хамт онгоцны буудал дээр очтол нөгөө явуулах гэж байгаа хүн хойшилсон гэдэг хариу өгсөн. Үүний дараа 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр мөн онгоцны буудал дээр очоод буцаад гэртээ ирсэн. Тэгээд 7 сарын 28-ны өдөр нөгөө хүн бид нарыг дахин онгоцны буудал дээр оч, наана чинь Энхнасан гэдэг хүн байгаа гээд очуулсан болов чи Солонгос улс руу явж чадаагүй, нөгөө хүн утсаа авахгүй болоод сүүлдээ утсаа унтраасан. Ингээд бид нар энэ хүн намайг Солонгос улс руу явуулж чадахгүй гэж ойлгож мэдсэн. Тэрбиш гэдэг нэртэй эмэгтэй хүн байсан. Би түүнтэй Бөмбөгөр зах дээр 2-3 удаа очиж уулзаж байсан. Би Тэрбишид мөнгө өгөөгүй, харин манай ээж 7.900.000 төгрөг өгсөн..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ш.Ганбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-26/ “..Ж.Энхнасан нь миний төрсөн эгч байгаа юм. Бид хоёр хоорондоо утсан харилцаагаар байнга холбоотой байдаг. Энхнасан нь 2001 онд сургуульд явсан. Ингээд Солонгос улсад их сургууль төгсөөд дараа нь докторын зэрэг хамгаалаад одоо тэндээ ажиллаж амьдарч байгаа. Солонгос улсын Инчон хотод нөхөр, хүүхдүүдийнхээ хамт амьдарч байгаа. Монгол улсад амралтаараа ирээд явдаг. Хамгийн сүүлд 2019 оны 7 дугаар сард ирчихээд явсан. Манай эгч Солонгос улсын виз гаргадаггүй гэдгийг би мэднэ. Тэрбиш нь манай нагац ах Хурандаагийн охин байгаа юм. Бид хоёр үеэлүүд байгаа юм. Надтай болон манай эгч Энхнасантай Тэрбиш нь холбоогүй байдаг. Манай эгч гадаад дотоод их явдаг, Монголд ирвэл ойр дотны хамаатангуудтайгаа уулзчихаад явдаг юм. Энхнасан 2020 оны зун ирнэ гэж байсан боловч ажил ихтэй амжихгүй юм шиг байна гэж байсан..” гэх мэдүүлэг, шүүгдэгч Х.Т иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/ зэрэг бусад нотлох баримтууд болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Т нь Д.Гаамаагаас түүний хүү П.Ганбатыг “манай хамаатны эгч Энхнасан гэдэг хүн Солонгос улсад 20 гаран жил амьдарч байгаа, тэр Солонгос улсад ажилладаг, ажлынхаа газраар дамжуулан хүүг чинь Солонгос улс руу явуулаад өгье” гэж хуурч Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хооронд 9 удаагийн үйлдлээр нийт 7.905.000 төгрөгийг авсан байна.

 

Шүүгдэгч Х.Тийн Д.Гаамаад дээрх хэлсэнээс үл хамааран аль ч улсын виз гаргах асуудал нь хууль, журамд зааснаар тухайн улсын Элчин сайдын яаманд хандан шийдвэрлүүлэх асуудал бөгөөд шүүгдэгч нь хохирогчийг төөрөгдөлд оруулан дээрх худал зүйлийг түүнд итгүүлэн хуурч мөнгийг нь авсан байна.

 

Прокуророос шүүгчдэгч Х.Тийг үйлдлийг “хүү П.Ганбатад Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар Д.Гаамааг төөрөгдөлд оруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг тодорхойлж байх боловч шүүгчдийн үйлдэл хавтаст хэрэгт нотлогдсоноор дээрх хуулийг зүйл заалтын “хуурч” гэсэн шинжийг дангаар агуулж байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Тийг хохирогчоос мөнгө авахдаа “манай хамаатны эгч Энхнасан гэдэг хүн Солонгос улсад 20 гаран жил амьдарч байгаа, тэр Солонгос улсад ажилладаг, ажлынхаа газраар дамжуулан хүүг чинь Солонгос улс руу явуулаад өгье” гэж байгаа нь зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогчийг төөрөгдөлд оруулсан явдал бус гадаад аливаа улсад зорчих виз авах нөхцөл, журмыг мэддэггүйгээс хууртагдсан үйлдэл юм.

 

Шүүгдэгч Х.Тийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад шүүгдэгч Х.Т нь холбогдсон хэргийн талаар мэдүүлэг өгсөн бөгөөд улсын яллагчийн зүгээс яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэмт үйлдлийн арга, санаа зорилго, бусдад учруулсан хохирол түүнээс төлөгдөөгүй үлдсэн төлбөр зэргийг хүлээн зөвшөөрч гэм буруу, хохирол төлбөрийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Х.Т нь хохирогчид учруулсан 7.905.000 төгрөгөөс 900.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул үлдэгдэл 7.005.000 төгрөгийг түүнээс гаргуулж хохирогч Д.Гаамаад олгох нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанаас шүүгчдэгчийг гэмт хэрэг үйлсдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлөх талаар хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Т нь хувираа хөдөлмөр эрхэлдэг, сарын тогтмол орлогогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж, барагдуулж дуусаагүй, өмнө нь мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах шаардлагагүй гэж үзээд түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгч Х.Тээс 7.005.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Гаамаад олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Их тугтан овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хурандаагийн Тэрбишийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тээс 7.005.000 төгрөгийг гаргуулж хохирогч Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт Ухаа 719-49 тоотод оршин суух Цөхүр овогт Дагвадоржийн Гаамаад /РД:ИЭ65110665/ олгосугай.

 

5. Шүүгдэгч Х.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР