Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 600

 

                                                      Х.Тид холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Нямсүрэн,

шүүгдэгч Х.Тийн өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн, Б.Пүрэвдорж,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн, Б.Пүрэвдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Тэд холбогдох эрүүгийн 1911027250088 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

................, 19.... оны .....дугаар сарын ..........-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргаа мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн 8-1 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.............../,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 397 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

 

Х.Т нь П.Ганбатад Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар Д.Гаамааг төөрөгдөлж оруулж, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 18-ны өдрийн хооронд түүнээс 9 удаагийн үйлдлээр нийт 7.905.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Х.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...................ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Тийг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Тид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Х.Тээс 7.005.000 төгрөгийг гаргуулж хохирогч Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 719-49 тоотод оршин суух Цөхүр овгийн Дагвадоржийн Гаамаад /РД:ИЭ65110665/ олгож, шүүгдэгч Х.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Тид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2019 оны 5 сараас энэ хүнээс 7.000.000 төгрөг авсан. Анхан шатны шүүх хурал дээр хохирлыг бүрэн төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн. Өмгөөлөгч Г.Мөнхцэцэг шүүх хурлаас өмнө хохирлоо барагдуулах 3 сарын хугацаа авч өгнө гэж хэлсэн. Шүүх хурал дээр хохирогч тийм удаан хугацаа авахгүй гэсэн учраас шүүх 5 хоногийн хугацаанд хохирлоо барагдуулж чадах уу гэсэн. Өмгөөлөгчтэй зөвлөлдөөд би ар гэрийнхэндээ энэ асуудлаа нуугаад хэлээгүй байсан учраас 5 хоног аваад ар гэрийхэндээ хэлээд хохирол барагдуулъя гэхэд өмгөөлөгч чи яаж 7.000.000 төгрөг 5 хоногийн дотор төлөх гэж байгаа юм гэсэн. Тэгээд би 5 хоног авч чадаагүй. Би 5 хоног авсан байсан бол энэ хүнийг хохиролгүй болгох байсан. Тэгээд би 3 сараар төлж чадна гэж хэлсэн. Би одоо ээжтэйгээ амьдардаг. Ээж маань өндөр настай, даралт ихэсдэг, бие муутай хүн бий. Тийм учраас бие нь муудна гэж бодоод санаа зовоод хэлээгүй юм. Ар гэрийнхэн маань хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул энэ байдлыг харгалзан үзэж өгнө үү. Төв аймагт хэрэг шилжүүлсэнээс хойш би гэм буруугаа ойлгож дахин гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаагүй. Энэ асуудал маань өмнө нь болсон асуудал юм. Маш их гэмшиж байна. Иймд миний хэргийг тал бүрээс нь харгалзан үзэж 2 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Х.Тийн өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн, Б.Пүрэвдорж нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг дараахь нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Х.Тийн үйлдсэн хэрэг нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанаар бүрэн нотлогдож тогтоогдсон. Хэргийн талаар маргах ямар ч шалтгаан байхгүй. Хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрсөн. Иргэн Д.Гаамаад учруулсан хохирлын 900.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд, үлдэх 7.005.000 төгрөгийг давж заалдах шатны явцад тус тус барагдуулан төлж бусдад учруулсан хохирлыг бүрэн арилгасан. Өндөр настай ээжийгээ асарч тэжээн тэтгэдэг. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, өмгөөлөгч бидний хүсэлтийг хангаж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Х.Тийн өмгөөлөгч Б.Пүрэвдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээрээ маргадаггүй, гэмт хэргээ анхнаасаа үнэн зөв мэдүүлж ирсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүх хуралдаанаас шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх талаар хүсэлт гаргаагүй болно” гэж дүгнэсэн. Шүүхээс нэгэнт шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийтгэх тогтоол уншиж сонсгосноор шүүх хуралдаан хаах тул дараа нь шүүгдэгч, өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргах боломжгүй. Сүүлд гомдол гаргасны дараа шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах үед шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “хохирогчид учруулсан хохирлоо 2-3 сарын хугацаанд төлж чадна, хугацаа олгож өгнө үү” гэсэн байдаг. Мөн шүүх хуралдаан хаах үед шүүгдэгч эцсийн үг болгож хэлэх үг байна уу гэхэд шүүгдэгчээс “хугацаа олгож өгнө үү, хохирлоо бүрэн төлж чадна” гэсэн байдаг. Түүнчлэн шүүгдэгч 2019 оны 12 дугаар сард  Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлсэн. Гэхдээ энэ гэмт хэргийг үйлдсэн цаг хугацаа нь 2019 оны 5 дугаар сар буюу Төв аймгийн Сум дундын шүүхээр ял шийтгүүлэхээс өмнө үйлдэгдсэн үйлдэл юм. Тухайн үед энэ хэрэг нь Чингэлтэй дүүрэгт, нөгөө үйлдэл нь Төв аймагт шалгагдаж байсан бөгөөд шүүгдэгч хэргүүдээ нэгтгэн шалгуулах ёстой талаар мэдээгүй учир хэрэг нь тусдаа явсаар шийдвэрлэгдсэн байдаг. Уг нь хэргүүдээ нэгтгэн шийдвэрлүүлэх боломжтой байсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгч улсын яллагчаас “өмнө энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлсэн байж яагаад дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн бэ” гэдэг байдлаар асуулт, хариулт явуулсан байдаг. Шүүгдэгчийн үйлдэл нь тусдаа боловч Төв аймгийн шүүхээр шийтгүүлснээс хойш дахин хэрэг үйлдээгүй, өмнө нь тусдаа үйлдлээр шийдвэрлэсэн болохыг анхаарч үзнэ үү. Шүүгдэгч нь анхан шатны шүүхэд хохирол төлбөрөө төлж барагдуулж чадаагүй нөхцөл байдлынхаа талаар гомдолдоо дурдсан. Хувийн байдлын тухайд, эхтэйгээ хоёулаа амьдардаг. Эх нь өндөр настай, даралт ихсэх өвчтэй бөгөөд түүний эрүүл мэндийн тодорхойлолтыг хохирогчийн хохирол төлбөр бүрэн барагдуулсан, гомдол саналгүй гэх баримтын хамт давж заалдах гомдолдоо хавсаргаж өгсөн болно. Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан үзэж хорих ялыг тэнсэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Х.Тийн өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Т нь иргэн Д.Гаамааг хуурч, түүний эзэмшлийн 7.905.000 төгрөгийг өөртөө шилжүүлж авсан үйлдэл нь тогтоогдсон. Шийтгүүлж байгаа зүйл ангийн ялын дээд хэмжээ нь 3 жил хорих ял бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийг бүгдийг арилгасан тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэв.

 

Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Х.Тид холбогдох хэргийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Тухайн үед шүүгдэгч нь хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй, хохирогчид 7.005.000 төгрөгийн хохирол төлөхөөр шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

                                                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Х.Т нь П.Ганбатад Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар Д.Гаамааг төөрөгдөлж оруулж, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 18-ны өдрийн хооронд түүнээс 9 удаагийн үйлдлээр нийт 7.905.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Гаамаагийн “...Тэрбиш надад “манай хамаатны эгч Энхнасан гэдэг хүн Солонгос улсад 20 гаран жил амьдарч байгаа. ...ажлынхаа газраар дамжуулан хүүг чинь Солонгос улс руу явуулаад өгье” гэсэн. Тэгээд надаас манай хүүгийн гадаад паспорт, нийгмийн даатгалын лавлагаа, ажлын газрын тодорхойлолт зэрэг материалыг авсан. Ингээд удаа дараа надаас визний асуудлаар мөнгө авсан. 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр манай хүүг Солонгос улс руу нисгэнэ гээд ажлаас нь гаргасан. Тэгээд тэр өдөр гэр бүлээрээ хүүгээ гаргаж өгөх гээд онгоцны буудал дээр ирээд Тэрбиш рүү ярьсан боловч Солонгос явах хойшилчихсон гэж утсаар хэлсэн. Энэ цагаас хойш энэ хүнд эргэлзэх болсон. ...Би өөрийн Хаан банкны 5013016409 дугаартай данснаас Тэрбишийн Хаан банкны 5100018361 дугаартай данс руу 8 удаагийн шилжүүлгээр 7.900.000 төгрөг шилжүүлсэн. ...” /хх 12-14/,

 

гэрч П.Ганбатын “...Ингээд бид нар энэ хүн намайг Солонгос улс руу явуулж чадахгүй гэж ойлгож мэдсэн. Тэрбиш гэдэг нэртэй эмэгтэй хүн байсан. Би түүнтэй Бөмбөгөр зах дээр 2-3 удаа очиж уулзаж байсан. Би Тэрбишэд мөнгө өгөөгүй, харин манай ээж 7.900.000 төгрөг өгсөн. ...” /хх 25/,

 

шүүгдэгч Х.Тийн яллагдагчаар өгсөн “...Би Гаамаагаас 7.905.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 100-101/ гэх мэдүүлгүүд,

 

эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 68, 83/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 85-89/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Х.Тийг хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэнээс гадна түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс Х.Тид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн, Б.Пүрэвдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Х.Т нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан бөгөөд дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал нь түүний засрал хүмүүжлийг олоогүй байдлыг илтгэж байна.

 

Иймд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн, Б.Пүрэвдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн, Б.Пүрэвдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        М.АЛДАР

 ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

                                     ШҮҮГЧ                                                         Д.МЯГМАРЖАВ