Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
Хэргийн индекс | 102/2016/06689/и |
Дугаар | 2082 |
Огноо | 2016-11-19 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2082
Ч.Будгэрэлийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/05474 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ч.Будгэрэлийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Б.Батзаяад холбогдох
3 850 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ч.Будгэрэл
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Батболд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч Ч.Будгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Батзаяатай 2015 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан, Хэнтий аймгийн Чингис хотод 928 хүүхдийн дунд сургуулийн А блокийн гадна болон дотор шаврын ажлыг хийх, 1 м.кв талбайг 4000 төгрөгөөр нийт 2 200 м.кв талбайг шавардахаар ажлын хөлсөнд 8 800 000 төгрөг авахаар тохиролцсон. Ингээд бид урьдчилгаа авалгүйгээр ажлаа хийж эхлээд 20 хонож байтал компанийн захирал н.Аюуш ирж “танай ажил удаашралтай байна, бид өөр хүмүүс ажиллуулах боллоо, та нар хийсэн ажлын хөлсөө манай инженерээр бодуулж аваарай” гэж хэлсэн. Бид шаардлагыг хүлээн авч, мөнгөө авах гэсэн боловч бэлэн мөнгө байхгүй гэж хэлсэн. Үүнээс хойш 7 дугаар сарын 09-ний үед 1 000 000 төгрөг, түүнээс хойш 1 500 000 төгрөг өгсөн. Энэ мэтээр цувуулж авсаар байгаад одоо 3 850 000 төгрөг үлдсэн. Б.Батзаяатай уулзаад бид харилцан тохиролцон 3 850 000 төгрөгөөс 50 хувийг өгөхөөр болсон ч өгөхгүй байна. Иймд Б.Батзаяагаас ажлын хөлс 3 850 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Батзаяагийн шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Будгэрэлтэй хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулж, Хэнтийн аймгийн Чингис хотын 1 дүгээр сургуулийн 928 хүүхдийн сургуулийн барилгын А блокын гадна болон дотор шаврын ажлыг 1 м.кв-ыг 4000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон. Уг гэрээнд чанаргүй болон дутуу гүйцэтгэсэн бол хариуцсан инженерийн нэр заасан ажлыг үнэ хөлсгүйгээр гүйцэтгэхээр заасан. Ч.Будгэрэлийн хийсэн 2200 м.кв талбайн шаврын ажлыг хүлээж авсан нь үнэн. Гэхдээ захирал “шаврын ажлыг нааж хийхгүй, ...өөр хүмүүсээр хийлгэнэ” гэж хэлээд явуулсан. Мөн захирал инженертээ шаврын ажлаас ямар нэгэн асуудал гарвал хариуцахыг даалгасан учир Ч.Будгэрэлийн чанаргүй хийсэн шаврын ажлыг өөр хүмүүсээр дахин хийлгэж, тэдгээр хүмүүст ажлын хөлсийг өгсөн. Өөрөөр хэлбэл Ч.Будгэрэлд өгөх байсан ажлын хөлсийг өөр хүмүүст өгсөн ба энэ тухай баримтыг шүүхэд өгсөн. Ингээд Ч.Будгэрэлд 2200 м.кв шаврын ажлын хөлс 8 800 000 төгрөгөөс дэлгүүрийн зээлийн бараанд 1 030 050 төгрөг, ажлын багаж 211 600 төгрөг, ажлын хөлсөнд 1 660 000 төгрөг өгч, үлдэгдэл тооцоог хотод өгнө гээд явуулсан. Үлдэгдэл тооцоо 5 898 350 төгрөгөөс 2 500 000 төгрөгийг өгч, үлдэх 3 398 350 төгрөгийн шаврын ажлыг дахин хийсэн хүмүүст өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Будгэрэлийн, Б.Батзаяагаас хөлсөөр ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 850 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ч.Будгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Б.Батзаяа нь надтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан Хэнтий аймгийн Чингэс хотод 928 хүүхдийн сургууль А блокийн гадна дотор шаврын ажлыг хийлгүүлсэн нь бодит үйл явдал юм. Иймд Б.Батзаяа гэрээнд заасан ажлын 30 хувийг хийж гүйцэтгэсний дараа уг ажлыг хүлээн аваад ажлын хөлснөөс 1 100 000 төгрөг өгөөд, үлдэгдэл 7 700 000 төгрөгийг дэлгүүрээс зээлээр авсан барааны үнэ 1 000 000 төгрөгийг багажны үнэ болох 350 000 төгрөгийг суутгуулаад 6 350 000 төгрөгийг хотод очоод 5 хоногийн дараа өгье гээд 2015 оны 7 сарын 10-нд 1 000 000 төгрөг, 8 сард 1 000 000 төгрөг, 9 сард 500 000 төгрөг нийт 2 500 000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 3 850 000 төгрөгийг төлөөгүй. Мөн хариуцагч Б.Батзаяа энэ талаар маргадаггүй. Дээрхи ажлын хөлснөөс "АБТ" ХХК нэг ч удаа бидэнд төлж байгаагүй ба энэ ажлын хөлсийг зөвхөн Б.Батзаяа төлж байсан ба шүүхэд ирүүлсэн тайлбартаа ч үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Б.Батзаяа нь ажлын хөлсөө төлөхгүй байсан тул миний бие "АБТ" ХХК-иас ажлын хөлсөө нэхэхэд “Б.Батзаяад өгсөн Б.Батзаяагаас аваарай” гэж хэлдэг байсан. Эдгээр нөхцөл байдлуудаас харахад Б.Батзаяа "АБТ" ХХК-иас санхүүжилтээ авч бусадтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан дундаас нь ашиг олж хүний хөдөлмөрийг ашиглаж байна. Б.Батзаяа миний ажлын хөлсийг өөрөө төлж байснаа хүлээн зөвшөөрсөөр байтал шүүх "АТБ" ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан байна гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гэтэл энэ гэрээнд захирал нь огт гарын үсгээ зураагүй зөвхөн Б.Батзаяа л гарын үсгээ зурсан. Тэгвэл энэ гэрээ хуулийн хүчин төгөлдөр гэрээ болж чадахгүй. Гэтэл анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүйгээр хэт нэг талыг барьж миний эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Миний бие ажлын бригад болж 11 хүнтэй хамтарч ажилладаг ба Б.Батзаяагаас авах ёстой 3 850 000 төгрөгийг хамт олоныхоо цалинг өгөх гэж зээл аваад одоо зээлээ төлөх гэж ажиллаж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ч.Будгэрэл нь хариуцагч Б.Батзаяагаас ажил гүйцэтгэх гэрээний хөлс болох 3 850 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож хөлсөөр ажиллуулах гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн байна /хх-4-7/. Уг гэрээнд захиалагч “АБТ” ХХК-ийг төлөөлж ерөнхий инженер ажилтай Б.Батзаяа, нөгөө талаас иргэн С.Будгэрэл нар байгуулсан байх бөгөөд талуудын гаргасан тайлбартай харьцуулан дүгнэвэл гэрээний талууд нь Ч.Будгэрэл болон “АБТ” ХХК болохыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
Шүүх нэхэмжлэгч Ч.Будгэрэл нь иргэн Б.Батзаяатай гэрээ байгуулаагүй тул гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хууль буруу хэрэглэсэн, найруулгын хувьд оновчгүй болсныг залруулах нь зүйтэй.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар “АБТ” ХХК нь Хэнтий аймгийн Чингис хотын 928 хүүхдийн сургуулийн барилгын “А” блокны гадна, дотор шаврын ажлыг Ч.Будгэрэлээр гүйцэтгүүлэн, 1 м.кв талбайн ажилд 4000 төгрөгийн хөлс олгохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах байтал, шүүх хөлсөөр ажиллах гэрээний харилцаагаар тодорхойлсон нь буруу болжээ.
Түүнчлэн шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт удирдлага болгосон хуулийн заалтуудыг хооронд нь зааглаагүй, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тодорхойлох хуулийн нэрийг орхигдуулсныг зөвтгөв.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний болон найруулгын, 2 дахь заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т гэж нэмж тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/05474 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн удиртгал хэсэгт “115.2.3.116.118” гэснийг “115.2.3, 116, 118” гэж,
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.Батзаяад холбогдох 3 850 000 төгрөг гаргуулах тухай Ч.Будгэрэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтад “57 дугаар зүйлийн 57.1” гэсний дараа “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1” гэж нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Будгэрэлээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.БАЙГАЛМАА