| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 186/2017/0285/э |
| Дугаар | 716 |
| Огноо | 2017-10-12 |
| Зүйл хэсэг | 22.4.3., 22.5.1., |
| Улсын яллагч | У.Дэндэвдорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 716
Г.З, Б.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор У.Дэндэвдорж,
шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав,
шүүгдэгч Б.Б,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 632 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор У.Дэндэвдоржийн бичсэн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн улсын яллагчийн 3 дугаар эсэргүүцлийг үндэслэн Г.З, Б.Б нарт холбогдох 201701000040 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Маша овгийн Ганбаттулгын Г.З, Улаанбаатар хотод 1984 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст орлого, шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 25а байрны 13 тоотод оршин суух хаягтай. /регистрийн дугаар: ХБ84092175/
2. Замбага овгийн Батжаргалын Б.Б, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1990 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, гааль, гадаад худалдааны менежмент мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 5, эх, дүү, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны 52-60 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 0-2 тоотод оршин суух. /регистрийн дугаар: СЮ90031102/
Б.Б нь 2016 оны 5 дугаар сард БНСУ-ын визэнд орох зорилгоор “Төгсийн эрэлхийлэл” ХХК, “Эм Си Эйч Ар” ХХК, “Хос пирамид” ХХК-ийн нэр дээр өөрөө болон төрсөн дүү Б.Болортуяа, хамтран амьдрагч Д.Төртүвшин нарыг нийгмийн даатгал төлөгчөөр нөхөж оруулахын тулд 3,000,000 төгрөгийг, мөн 2016 оны 6 дугаар сард иргэн Г.Мөнхбаатар, С.Отгонжаргал, О.Эрдэнэбулган нарыг БНСУ-ын визэнд оруулах зорилгоор хүн тус бүрээс 2,200,000 төгрөг авч нийт 6,600,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагч Г.Зд албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт,
Г.З нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс буюу Б.Болортуяа, Д.Төртүвшин, Б.Б нарыг “Төгсийн эрэлхийлэл” ХХК, “Эм Си Эйч Ар” ХХК, “Хос приамид” ХХК-ийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр нийгмийн даатгалын мэдээллийн санд нөхөж оруулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Б.Баас 3,000,000 төгрөгийг, мөн иргэн Г.Мөнхбаатар, О.Эрдэнэбулган, С.Отгонжаргал нарыг “Төгсийн эрэлхийлэл” ХХК, “Эм Си Эйч Ар” ХХК, “Хос приамид” ХХК-ийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр нийгмийн даатгалын мэдээллийн санд нөхөж оруулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Б.Баас 5,000,000 төгрөгийг буюу нийт 8,000,000 төгрөгийг хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас Б.Бийн үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Згийн үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлж, Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар, Г.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд 2 жилийн хугацаагаар томилогдох эрхийг хасаж, 3 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэх саналтайгаар шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгтээ улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын хэмжээг, шүүгдэгч Г.З Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгтээ улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын хэмжээг тус тус хүлээн зөвшөөрсөн гэх боловч шүүгдэгч Г.Згийн өмгөөлөгч Ц.Дарьжаваас улсын яллагчийн санал, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг шүүгдэгч Г.Згоос гаргуулж улсын орлого болгуулах саналыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх санал гаргасан байна.
Мөн шүүгдэгч Г.Згийн өмгөөлөгч Ц.Дарьжаваас гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан бөгөөд дахин шүүхийн шийдвэрээр гаргуулах нь хууль үндэслэлгүй байна гэжээ.
Иймд улсын яллагчийн гаргасан саналтай шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нар маргаж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.4, 4.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэж мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Б.Б, Г.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор У.Дэндэвдорж бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас шүүгдэгч Г.Зд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага оногдуулахаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнээс гэмт хэрэг үйлдэж, олсон орлого буюу 8,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгуулах санал гаргасан. Үүнийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав нь шүүгдэгч Г.Згоос гаргуулах нь үндэслэлгүй гэж тайлбарласан.
Уг асуудлыг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг хангаагүй буюу шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй байна гэж дүгнэж, хэргийг прокурорт буцаах нэг үндэслэл болгосон байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэргэлсэн гэж үзэхээр байна.
Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байхаар заажээ. Харин шүүгдэгч нь гэм буруутай эсэхийг шүүхээс хянан хэлэлцэж гэм буруутай эсэхийг тогтоосны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн гэм буруутай этгээд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн эсэхээс үл хамаарч түүнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг заавал гаргуулахаар заасан байна. Иймд шүүгдэгч Г.Зг шүүх гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг шүүхийн шийдвэрээр гаргуулах ажиллагаа нь шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагавар биш гэж ойлгогдож байна. Учир нь яллагдагч, шүүгдэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь шууд түүнийг гэм буруутай гэж үзэх үндэслэл болохгүй.
Мөн шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт нөхцөл байдал хангагдаагүй буюу шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналтай шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нар нь маргаж байгаа нь эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэжээ. Шүүхийн хэлэлцүүлгийн үед өмгөөлөгч Ц.Дарьжав шүүхээс шүүгдэгч Г.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн. Энэ нь шүүгдэгчид хүлээлгэх гэм буруугийн хариуцлагыг зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дээрх улсын яллагчаас гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Згоос гэмт хэрэг үйлдэж олсон гэх 8,000,000 төгрөг гаргуулах тухай санал, өмгөөлөгч Ц.Дарьжаваас гаргасан Г.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулж өгөх тухай хүсэлт зэрэгтэй холбогдуулан шүүгдэгч Г.З уг улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлт зэргийг зөвшөөрсөн эсэх талаар тодруулж асуулгүйгээр зөвхөн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлгийн үед гаргасан хүсэлт, тайлбараар шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нар нь улсын яллагчаас гаргасан саналтай маргасан гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.
Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэв.
Шүүгдэгч Г.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өөрийн хийсэн гэм буруутай үйдлийг ойлгож, хүлээн зөвшөөрсөн. Прокурорт хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ өгсөн. Шүүх хуралдаанд гаргасан хүсэлтээсээ татгалзаагүй, ямар нэгэн зүйл хэлээгүй. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хэлсэн зүйлээс болж шүүх тэгж дүгнэсэн гэж бодож байна.” гэв.
Шүүгдэгч Г.Згийн өмгөөлөгч Ц.Дарьжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шийдвэрлүүлнэ гэсэн тохиролцоог Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-ээс 17.3 дугаар зүйлүүдэд заасанчлан яллагдагч, прокурор хоорондоо тохиролцохоор заасан. Энэ асуудлаар өмгөөлөгч миний бие тухайн тохиролцооны асуудлыг бичгээр хийж байх үед нь мэдэж байсан. Шүүхэд яагаад ийм асуудал ярьсан бэ гэхээр энэ хуульд би өөрөө санал өгч байсан, зарчмын зөрүүтэй, буруу зүйлийг яриад явсан гэдэг утгаар хууль хэрэглээнд хөнгөн хэргийн ангилалд хамаарсан. Хууль иймэрхүү байдалтай хийгдсэн гэдэг зүйл ярьсан. Тэрнээс биш прокурорын саналыг эсэргүүцсэн эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар зөвшилцсөн тохиролцооноосоо татгалзсан зүйл байхгүй. Эд хөрөнгө хурааж улсын орлого болгох асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж ойлгосон. Хуульд хураана гэж байгаа юм чинь шүүхийн шийдвэрлэх асуудал учраас үүнд өмгөөлөгч, прокурорын саналыг харгалзахгүйгээр шийдвэрлэнэ байх гэж ойлгосон. Шүүгдэгч Г.Згоос асуугаагүй гэж яриад байгаа прокурорын зөв. Өмгөөлөгч тань хууль хэрэглээний асуудал яриад байна. Та зөвшөөрөөд тохиролцсон тохиролцооноосоо татгалзаж байна уу гэсэн асуулт огт асуугаагүй. Г.З өөрөө бичгээр хүсэлтээ гаргасан байсан. Би прокурортой зөвшилцсөн. Шүүх надаас эд хөрөнгө хураах, эрх хязгаарлах албадлагын арга хэрэглэх зэргийг шүүх оногдуулна гэж ойлгож байсан гэдэг. Ер нь хорих ял оногдуулаад тэнсэж, төрийн албанд ажиллах эрхийг хасахыг зөвшөөрсөн гэж хэлсэн. Би илүү үг хэлсэн нь хуулийн төсөл дээр ажиллаж байсан, хуулийн хэрэглээнийхээ талаар хадуурч ярьсан. Тэрнээс биш би эсэргүүцэж, татгалзсан зүйл байхгүй.” гэв.
Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүх хуралдаанд надаас зөвхөн биеийн байцаалтаас өөр зүйл асуугаагүй. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлнэ гэж хүсэлтээ гаргасан.” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх, Г.Зд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд прокурор хянан үзээд уг хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар санал гаргаж яллагдагчид танилцуулан, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэхээр хуульчилжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч... эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангах зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулна” гэж зааснаас үзэхэд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагчийн өмгөөлөгчийн байр суурь нь хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурортой тохиролцсон тохиролцооноос гажиж болохгүй. Учир нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу өмгөөлөгчийн оролцоо нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоор хязгаарлагдаж байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудын аль нэг нь хангагдаагүй бол хэргийг прокурорт буцаахаар заасан.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсүүлэхийг хүссэн нь прокурорын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг яллагдагч хүлээн зөвшөөрөөгүй, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг яллагдагч төлөөгүй, төлөх үндэслэлгүй талаар яллагдагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд байр сууриа илэрхийлсэн зэрэг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг яллагдагч бүрэн ойлгоогүй гэж үзэхээр байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3, 4.4, 4.6 дахь заалтууд хангагдаагүй хэмээн дүгнэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл хуульд нийцэн гарчээ.
Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 742 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор У.Дэндэвдоржийн бичсэн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн улсын яллагчийн 3 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНСҮХ
ШҮҮГЧИД О.ЧУЛУУНЦЭЦЭГ
М.ПҮРЭВСҮРЭН