Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 938

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Бэгз овогт Э гийн Ч  

Нэхэмжлэгч: Боржигин овогт Д гийн М

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Харнууд овогт Н н А  Гуравдагч этгээд Н.А ын бие даасан шаардлагын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татагдан оролцож байгаа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баяуд овогт Э  ын Б   

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн Y-*******, Y-******* дугаар бүхий бүртгэл болон гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”, 

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Улсын бүртгэлийн Ү-*******, Ү-*******дугаар бүхий бүртгэл болон гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Д.М гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч В.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, гуравдагч этгээд Н.А ын бие даасан шаардлагын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татагдан оролцож байгаа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Б , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.А ын өмгөөлөгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Удаанжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Ч , Д.М  нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Иргэн Э.Ч  нь 2013 онд Сүхбаатар дүүргийн *******, Хандгайт, 3 дугаар хэсэг, Санзайн гудамжны 98/1, 98/2 дугаартай барилгыг өөрийн хөрөнгөөр барьж, 2013 онд эдгээр 2 барилгад үл хөлдөх эд хөрөнгийн Y-*******, Y-******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулан авсан болно. Ингээд 2014 онд 05 дугаар сарын 09-ний өдөр иргэн Д.М тай худалдах худалдан авах гэрээ байгуулж 98/1 барилгын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт бүртгэгдсэн байшинг иргэн Д.М гийн өмчлөлд шилжүүлсэн болно. Гэтэл иргэн Д.А  нь бидний өмчийн эдгээр 2 барилга дээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас барилгын дугаар дахин /38/5/А/1, /38/5/А/2 дугаартайгаар/ гаргуулан улмаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ давхардуулан Улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулсан болох нь бидэнд холбогдох маргааныг шүүхээр хянан хэлэлцэх явцад бидэнд илэрхий болсон. 

Иргэн Э.Ч  Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагааны талаар гомдол гаргаж А д олгосон гэрчилгээг хүчингүй болгуулахаар хандсан боловч уг гомдолд Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсээс бичгээр хариу өгсөн тул бидний зүгээс урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэж байна. харин нэхэмжлэгч Д.М гийн гомдолд өгсөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хариуг нэхэмжлэлд хавсаргасан. 

Иймд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэн А ийн нэр дээр олгосон Y-*******, Y-******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Д.М гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэн Н.А ын нэр дээр олгосон Ү-*******, Ү-******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ болон бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан гэдгийг Н.А  мэдсээр байж Э.Ганцэцэг, Н.Пүрэв-Очир нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх үед дахин улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч В.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх Э.Ч  маргаан бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Н.А  мэдсээр байж нэг үл хөдлөх эд хөрөнгө дээр давхар мэдүүлэг гаргасан гэдэг нь үнэн. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар шүүлт хийж шалгасаар байгаад эцсийн үр дүнд давхар бүртгэл хийсэн нь үнэн. Нэгж талбарын дугаар, хаяг, газар эзэмшигчийн регистрийн дугаараас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар шүүлт хийхдээ хүнээр нь дамжуулж хөрөнгийг олдог. Э.Ч ийн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Энэ маргаан бол шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт. Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хүчинтэй байхад Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар давхардуулж бүртгэл хийсэн. Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа тодорхой байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн  Э.Ч , Д.М  нарын Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна. 

Иргэн Н.А  /*******/-ын өмчлөлд Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт Сүхбаатар дүүргийн *******,*******,******* тоот 183м.кв талбайтай хувийн орон сууц гаражийг бүртгэж 000459162 дугаартай гэрчилгээг, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт Сүхбаатар дүүргийн *******,*******, 385 А/2 тоот 183м.кв тайлбайтай хувийн сууц гаражийг бүртгэж 000459163 дугаартай гэрчилгээг тус тус олгосон байна. 

Иргэн Н.А  нь дээрх 2 хувийн сууц гаражийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхдээ мэдүүлэг, тэмдэгтийн хураамж, бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000581144 дугаартай Н.А д олгосон гэрчилгээ, гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар //Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А264 тоот шийдвэртэй 18641332662315 нэгж талбарын дугаартай 15 жилийн хугацаатай 700м.кв/ ерөнхий төлөвлөгөөний газрын хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсээс манайд ирүүлсэн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 3/1085 тоот албан бичиг, эд хөрөнгийн план зураг, эд хөрөнгийн фото зургийг үндэслэн бүртгэгдсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлага хангасан байх бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж буцаах үндэслэлгүй байх тул 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. 

Эрхийн улсын бүртгэгч нь мэдүүлэг түүнд хавсарган өгсөн нотлох баримтыг хянаж, иргэний овог нэр, регистрийн дугаар, эд хөрөнгийн албан ёсны хаягаар мэдээллийн санд шүүлт хийдэг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан иргэн Э.Ч , Д.М  нарын өмчлөлийн Ү-*******, Ү-*******дугаартай Сүхбаатар дүүргийн *******, Хандгайт /14092/, Санзайн зам 98/1, 98/2 тоот хувийн сууц нь дуусаагүй 80%-ийн гүйцэтгэлтэйгээр авсан фото зурагтай, иргэн Н.А ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн *******,*******, 385/A/1, 385/A/2 тоот хувийн сууцнаас албан ёсны хаяг, газар эзэмшигчийн нэр, газрын кадастрын зураг, гүйцэтгэлийн фото зураг зэрэг нотлох баримтууд нь зөрүүтэй байсан тул эрхийн улсын бүртгэлд Н.А ын өмчлөлд бүртгэсэн байна. 

Нэхэмжлэгч Э.Ч  /ХД78030897/ нь эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаартай 80%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй хувийн сууцаа 100%-ийн гүйцэтгэлтэйгээр эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар Сүхбаатар дүүргийн хэлтэст 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлэг гаргасан байх бөгөөд мэдүүлэгт хавсаргасан эд хөрөнгийн фото зураг нь иргэн Н.А ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*******, Ү-******* дугааруудад байх эд хөрөнгийн фото зурагтай адилхан байсан тул энэ талаар шалгуулахаар тус хэлтсээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст албан бичиг хүргүүлсэн нь хувийн хэрэгт нотлох баримтаас авагдсан байна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт зааснаар мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв, гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан нөхөн төлнө гэж заасан байдаг” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн газрыг 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр А/263 дугаартай Сүхбаатар дүүргийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхээр хандсан Н.А ын мэдүүлгийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-*******, Ү-******* дугаарт 2577 тоот хаягтай Сүхбаатар дүүргийн *******, хандгайтын 3 дугаар хэсэг, Санзайн гудамжны 385/А/1, 385/А/2 тоот хувийн сууцыг бүртгэсэн. Бүртгэл хийхэд үндэслэл болгосон нотлох баримтуудыг мэдээллийн сангаас хайхад давхардсан гэсэн мэдээлэл гарч ирээгүй. Э.Ч  нь 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн *******, Санзайн гудамжны, 98/1, 98/2 тоот гэсэн өөр хаягийн байршилтай дуусаагүй 80 хувийн гүйцэтгэлтэй, тоосгон байшинг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг Нийслэлийн Газрын албаны кадастрын зураг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 162 тоот шийдвэртэй 8362 нэгж талбартай 6 ширхэг байшинг барьсан гэх нотлох баримтуудын хамт гаргаж өгснийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203055163, Ү-*******дугаарт бүртгэж 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээг олгосон. 98/1 тоот 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээг Э.Ч  2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 239 тоот худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Д.М д шилжүүлсэн. 98/2 тоот хаягийн гэрчилгээ нь Э.Ч ийн  нэр дээр бүртгэлтэй. 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй байшинг 100 хувийн гүйцэтгэлтэй болгоё гэсэн хүсэлтийг фото зургаа хамт гаргахад нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Э.Ч т 100 хувийн гүйцэтгэлтэй байшингийн гэрчилгээ олгосон. Өнөөдрийн байдлаар Э.Ч , Э.Б  нарын хооронд байгуулагдсан 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээ, 2016 оны 3/735, 2015 оны 3/10996 тоот Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичгээр битүүмжилж, албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Н.А ын хувийн хэрэгт байгаа нотлох баримтууд Э.Ч ийн хувийн хэрэгт мөн адил байдаг. Маргаан бүхий 2 байшингийн аль бүртгэл нь үнэн зөв гэдгийг шийдэх хэрэгтэй. Э.Б эс гадна өөр олон гуравдагч этгээдүүд татагдах боломжтой. Тухайн үед мэдүүлэг гаргагчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн аль, аль бүртгэлийг нь хийсэн. Он цагийн хувьд 2013 онд Э.Ч , 2014 онд Н.А  улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан” гэжээ.

Гуравдагч этгээд Н.А  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Э.Ч  нь өөрийн хөрөнгөөр тус үл хөдлөх хөрөнгийг барьж босгосон гэж нэхэмжлэлдээ дурдьжээ. 

Хандгайт *******нд байрлалтай таун хаус загварын 6 ш байшин нь миний ээж Д.Ганцэцэгийн хөрөнгөөр барьж босгосон бөгөөд Э.Ч  нь улсын бүртгэлийн байгууллагад санаатайгаар худал мэдүүлэн гарган 6 гэрчилгээ гаргуулж авсан байдаг. 

Миний өмчлөлийн тус 2 гэрчилгээ нь ямар нэгэн хууль бус замаар олж авсан зүйл биш бөгөөд хууль ёсны эрх бүхий өмчлөгч нь би болно.

Э.Ч  нь эдгээр гэрчилгээ миний нэр дээр байгааг мэдэж байсан ба өөрөө буруу бүртгүүлсэн гэрчилгээгээ улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлж устгуулна гэж надад хэлсэн.

Гэтэл одоо гэнэт мэдэж байгаа мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Э.Ч ийн санаатайгаар залилан мэхлэх үйлдлээ үргэлжлүүлж байгаа гэж би үзэж байна. 

Л.М  гэх хүнийг манай эд хөрөнгөтэй холбогдсоныг миний бие энэхүү нэхэмжлэлийг гардан авснаар мэдэж байгаа.

Э.Ч , Д.М  нар ямар үндэслэлээр бусдын өмчлөх эрхийг хязгаарлуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна.

Иймд Н.А  миний бие тус хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцохоо мэдэгдэж Э.Ч , Д.М  нарын нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.А  шүүхэд ирүүлсэн бие даасан шаардлагадаа: “Иргэн Э.Ч , Д.М  нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Н.А  миний бие “Э.Ч , Д.М  нарын нэр дээрх Ү-*******, Ү-*******дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. 

Нэхэмжлэгч Э.Ч  нь Сүхбаатар дүүргийн *******, Хандгайт, Санзайн гудамж 98/1, 98/2 гэсэн хаягуул ашиглаж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан байдаг. Ингэхдээ “Тотал Мап” ХХК-иар хуурамч, буруу зураг үйлдүүлэн үүнийгээ ашиглан гэрчилгээ гаргуулан авсан. 

Энэхүү хэрэг маргааныг шийдвэрлэх явцад болон Д.Ганцэцэг, Б.Пүрэв-Очир нарын нэхэмжлэл бүхий захиргааны хэрэг маргааны явцад Э.Ч  нь өөрийн эзэмшлийн газар дээр баригдаагүй үл хөдлөхүүдийг өөрийн газар дээр баригдаж байгаа мэтээр хариуцагчийг төөрөгдүүлж, хууран мэхэлсэн. Э.Ч  нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахдаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 162 дугаар захирамжаар олгогдсон 18641332608316 нэгж талбарын дугаар бүхий газар дээр баригдсан гэж материал бүрдүүлсэн хэдий ч үнэндээ энэ газар дээр эдгээр үл хөдлөхүүд байдаггүй юм. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зорилт нь аливаа этгээдийн хууль ёсны дагуу, үнэн шударгаар олж авсан эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж, тухайн этгээдийн хуулт ёсны эрх, ашиг  сонирхол, өмч хөрөнгийг баталгаажуулж, хамгаалах байдаг. Гэвч энэхүү маргаан бүхий тохиолдолд эд хөрөнгөнд худал, хуурамч баримт материал ашиглаж өмчлөх эрх гаргуулсан ба үүнээс болж иргэн Н.А  миний өмчлөлтэй давхцаж, миний өмч хөрөнгө Э.Ч , Д.М  нарынх мэт болж миний эрх, ашиг сонирход ноцтой хөндөгдөж байна. 

Эд хөрөнгө өмлчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Эрхийн улсын бүртгэлийн зарчим”-уудыг тодорхойлсон ба үүнд “бүртгэл үнэн зөв байх” гэсэн зарчим багтсан байна. мөн хуулийн 7 дугаар зүйлд “Бүртгэл үнэн зөв байх” гэж юуг ойлгох, буруу ташаа болсон бол хэрхэн залруулах зэргийг тусгажээ. Хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д “Эрхийн улсын бүртгэлийг давхардуулж, эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн, түүнчлэн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн бол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түтгэлзүүлж, эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулна, 7.7-д “Энэ хуулийн 7.3, 7.5-д зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж тус тус заасан. Эндээс харахад хуурамч баримт бичигт үндэслэн бүртгэл хийсэн тохиолдолд түүнийг шүүх хүчингүй болгоно гэдгийг маш тодорхой заажээ. 

Иймд Ү-*******, Ү-*******дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Д.М гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч  гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулж гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Э.Ч , Д.М  нарын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Н.А ын гаргасан “Э.Ч , Д.М  нарын дээрх Ү-*******, Ү-*******дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах” агуулга бүхий бие даасан шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

“Э.Ч , Д.М  нарын дээрх Ү-*******, Ү-*******гэрчилгээнүүд нь гуравдагч этгээд Н.А аас өмчлөх эрхийг улсын бүртгэлд давхардуулан мэдүүлэхээс өмнө зохих хууль, журмын дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн болохыг нэхэмжлэгчдийн зүгээс удаа дараа бүх шатны шүүхэд хэлж тайлбарлаж байгаа төдийгүй бичгээр тайлбарласан байдаг. 

Иймд Н.А ын энэхүү шаардлага хууль зүйн үндэслэлгүй болно. Н.А  нь энэхүү барилгад нэг ч хөрөнгө мөнгө гаргаагүй бөгөөд үл хөдлөх хөрөнгийг бүртгэх үндсэн шаардлага болох энэхүү барилгыг барисан гэх нотолгоо нэгийг ч гаргаж өгөөгүй болно. 

Мөн Н.А ын бие даасан шаардлагад дурдсан Э.Ч  нь “ хуурамч буруу зураг үйлдүүлэн “... гэрчилгээ гаргуулсан тухай үйл баримтын талаар Д.Ганцэцэг, Б.Пүрэв-Очир нарын нэхэмжлэлтэй захиргааны маргааныг хянан шийдвэрлэсэн шатны шүүх тодорхой дүгнэлт өгсөн байдаг бөгөөд тэр дундаа Улсын Дээд шүүхийн 2017 оны 312 дугаар тогтоолын 7 дахь талд “хуурамч” баримт гэдгийг эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоогоогүй ... тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна” хэмээн нэхэмжлэгчийн гомдол болон анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэлтэй дүгнэлт нэгэнт өгсөн байгаа.

Өөрөөр хэлбэл энэхүү тогтоолд хамаарах анхан шатны шүүхийн шийдвэр дэх “хуурамч, буруу алдаатай зураг” гэх томьёолол өөрөө өрөөсгөл бөгөөд үүнийг Э.Ч ийн зүгээс мэргэжлийн эрх бүхий байгууллагын “алдаатай” хийгдсэн зураг байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг болно. Иймд мэргэжлийн эрх бүхий байгууллагын алдаатай зураглалын үйлдлийг үндэслэн хууль ёсны өмчлөгч Э.Ч , Д.М  нарын өмчлөх эрхийг хориглох, хязгаарлах гэсэн үйлдлийг бидний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 

Иймд Н.А ын гаргасан шаардлагыг хангахгүй орхиж хэргийг яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У гуравдагч этгээд Н.А ын бие даасан шаардлагатай холбогдуулж гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Н.А ын гаргасан бие даасан шаардлагад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Иргэн Э.Ч  нь анх 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Хандгайт /14092/, Санзайн замын 98/1, 98/2  хаягтай дуусаагүй 80%-ийн гүйцэтгэлтэй 183 м.кв талбайтай хувийн орон сууцыг бүртгүүлэхээр мэдүүлэг нотлох баримтыг гаргасан байх бөгөөд мэдүүлэгт өргөдөл, газар эзэмших гэрчилгээ  /2008-06-06-ны өдрийн СБДЗДаргын  162 тоот шийдвэрийг үндэслэн 18641332608316 нэгж талбартай тус дүүргийн 19-р хороонд 15-н жилийн хугацаатай 2013-04-08 олгосон гэрчилгээ/, гэрээ, газрын кадастрын зураг, эд хөрөнгийн план зураг, дуусаагүй барлгын фото зураг, хот төлөвлөлтөөс өгсөн албан ёсны хаяг зэргийг тусгасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-*******, Ү-*******дугаарт тус тус бүртгэсэн байна.

Эрхийн улсын Ү-******* дугаартай Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Хандгайт 3 хэсэг гудамж, 98/1 дугаартай 80%- ийн гүйцэтгэлтэй дуусаагүй хувийн сууцаа иргэн Э.Ч  нь 2014-05-09-ний өдрийн 239 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах худалдан авах гэрээгээр иргэн Д.М гийн өмчлөлд шилжүүлсэн байна. 

Эрхийн улсын бүртгэлийн  Ү-*******дугаартай Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Хандгайт 3 хэсэг гудамж, 98/2 дугаартай 80%- ийн гүйцэтгэлтэй дуусаагүй хувийн сууцыг барьж дуусган 100%-ийн гүйцэтгэлтэй гэрчилгээ гаргуулахаар 2016-02-02-ны өдөр мэдүүлэг, өргөдөл, эд хөрөнгийн фото зураг зэргийн хавсарган өгснийг үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээг шинэчлэн гаргасан. Өнөөдрийн байдлаар тус үл хөдлөх эд хөрөнгөнд иргэн Э.Б тэй байгуулсан 2016-01-26-ны өдрийн зээлийн гэрээ бүртгэлтэй байна.   

Тус эд хөрөнгөнд өнөөдрийн байдлаар НШГА-ны 2016 оны 3/30735 тоот, 2017 оны   3/12996 тоот албан бичгийг үндэслэн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Иргэн Н.А  нь Э.Ч , Д.М  нарын өмчлөлд байгаа дээрх 2 хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргасан гэдгийг мэдэж байсан нь хувийн хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. /2014 оны 09 дүгээр сарын 23 өдөр УБЕГ-н дарга Н.Пүрэвдорж танаа гэсэн хүсэлтийг хуулбарлан хавсаргав. /           

  Гэтэл иргэн Н.А  нь өөрийн нэр дээр 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр олгосон СБДЗДаргын 2015 оны А264 захирамжаар олгосон тус дүүргийн *******нд байрлах 18641332662315 нэгж талбарын дугаартай газартаа эрхийн улсын бүртгэлийн  Ү-*******, Ү-*******дугаарт бүртгэгдсэн хувийн сууцуудыг давхардуулан шинээр албан ёсны хаяг, газрын кадастрын зураг, өргөдөл мэдүүлгийг  2015-11-17-нд гаргаж эрхийн улсын бүртгэлийн Ү-*******, Ү-******* дугаарт Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Хандгайт 3 хэсэг гудамж, 385А/2, 385A-1  тоот хаягаар бүртгүүлсэн байдаг.

 Иргэн Э.Ч  өөрийн эзэмшлийн 18641332608316 нэгж талбартай газарт байхгүй хувийн сууцуудыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Сүхбаатар дүүргийн газрын албаны 2015-04-08-ны өдрийн 8/4786 тоот албан бичиг, газрын кадастрын зургаар нотлогдож байдаг.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.9 дэх зааснаар мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан  иймд  энэ хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 онд Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанаас газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай албан бичиг өгсөөр байтал үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бүхий 6 байшин байх тул эзэмшүүлэх боломжгүй, уг байшинг Э.Ч  хууль ёсны дагуу эзэмшээгүй, газар эзэмших эрхгүй гэсэн бүртгэл хяналтын карт байдаг. Бүх нотлох баримтууд хэрэгт авагдсан. Газрын кадастрын зургаас харахад Э.Ч , Э.Ганцэцэг нарын газрууд тусдаа, өөр нэгж талбарын дугааруудтай. Э.Ганцэцэгийн нэр дээр бүртгэлтэй байшин дээр Н.А  хаягаа авсан. Анх хоорондоо хэлэлцэн тохиролцож байгаад Э.Ч  олон хуурамч гэрчилгээ гаргуулж барьцаанд тавьснаар энэ маргаан үүссэн. Н.А ын авсан гэрчилгээ хууль ёсны гэдгийг хариуцагч мэдэж байгаа. Иргэний хэргийн шүүхээр өмчлөгчийг тогтоолгож, энэ хэргийг шийдвэрлүүлэх ёстой” гэжээ.  

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.А ын өмгөөлөгч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч гэдэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, захиргааны актаа зөвтгөсөн байр суурьтай субъект байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн шүүх шийдвэрлэ, бид мэдэхгүй гэдэг нь байж болохгүй тайлбар. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д зааснаар бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль зөрчсөн шийдвэрийг дарга нь хүчингүй болгох ёстой. Н.А  мэдэж байсан гэсэн тайлбар хэлж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ асуудалд хайхрамжгүй хандаж болохгүй. Байгаагүй барилга дээр улсын бүртгэлийн байгууллага анх гэрчилгээ гаргасан. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт Н.А  ямар утга агуулгатай гомдол гаргаж байсан бэ. Байхгүй байшинд олгосон улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох эрх нь хариуцагчид хуулиар олгогдсон. Хариуцагчийн хариу тайлбар ойлгомжгүй. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргаж өгсөн шаардлагатай нотлох баримтуудыг үндэслэн бүртгэл хийдэг. Бодит байдал дээр нь очиж шалгасны үндсэн дээр бүртгэлээ хийдэггүй. 2 өөр нэгж талбарын дугаартай кадастрын зургийг үндэслэн бүртгэлийг хийсэн байна. Н.А ын бүртгэлд хууль бус зүйл байхгүй. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар улсын бүртгэлд өмнө нь бүртгүүлсэн бүртгэл байхад Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас дахин бүртгэл хийж гэрчилгээ олгодоггүй. Тухайн үед яагаад Н.А д гэрчилгээ олгосон бэ гэвэл 2 өөр газар 2 өөр барилга баригдаж байгаа гэсэн нотлох баримт ирүүлсэн учраас бүртгэсэн. Н.А ын авсан эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь Э.Ч ийн  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”

Гуравдагч этгээд Н.А ын бие даасан шаардлагын гуравдагч этгээд Э.Б  бие даасан шаардлагатай холбогдуулж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Э.Б  миний бие 2014 онд иргэн Э.Ч т Нийслэлийн Сүхбаатар дүүргийн *******, Хандгайтын гудамж, 98/2 тоот Ү-*******дугаартай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан гэрчилгээ болон газрын гэрчилгээг үндэслэн барилгын явцад нь хөрөнгө оруулалт хэрэгтэй болсон гэхээр нь хувиасаа 60.000,000 төгрөгийг бэлнээр нь зээлсэн болно. Н.А  гэгч энэ эмэгтэй нь нэг ч харагдаж байгаагүй бөгөөд дараа нь сонсохнээ Ч ийн салсан эхнэр гэж мэдсэн. 

Дээрх маргаан үүсээд байгаа объектуудаар бүгдээр нь газрын болон улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон гэдгийг мэдсээр байж Газрын алба болон Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын танил тал болон өөр ямар нэг аргаар төөрөгдүүлэн өөр хаяг авч, санаатайгаар давхар гэрчилгээнүүд /үл хөдлөх болон газрын гэрчилгээ/ зохион байгуулалттай гарган авч дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг зарж борлуулж хохирлоо барагдуулахад удаа дараа маргаж янз бүрийн аргаар /Ганцэцэгийн ээж, хойд эцэг Пүрэв-Очир/ хамаатан саданруугаа танил талаараа шилжүүлэн хууль бус үйлдэл удаа дараа хийж байгаа болно. Иймд эрхэм шүүгчээ энэ хэргийг сүүлд хууль бусаар гаргасан газар болон үл хөдлөхийг давхардуулж өөр хаягаар гаргасан Н.А ын үйлдлийг болон ээж рүүгээ шилжүүлсэн газрын гэрчилгээг нэг мөр эцэслэн шийдвэрлэж дахин өөр ямарваа нэг аргаар захиргааны шүүхэд хандахгүйгээр шийдвэрлэж миний хохирлыг барагдуулахад туслалцаа үзүүлнэ үү” гэжээ.

Гуравдагч этгээд Н.А ын бие даасан шаардлагын гуравдагч этгээд Э.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.А ын нэр дээрх бүртгэл буруу. Н.А  2014 онд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт гаргахдаа Э.Ч ийн өгсөн нотлох баримтуудтай яг адилхан баримтуудыг мэдүүлэгтээ хавсаргаж өгсөн. Эхэнд гарсан  гэрчилгээ хүчин төгөлдөр, дараа нь гарсан гэрчилгээ хүчин төгөлдөр бус. Энэ асуудлыг өнөөдөр эцэслэн шийдвэрлэхгүй бол нэг нь нөгөөдөө газраа шилжүүлж миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Шүүхээр энэ хэрэг маргаан явагдах хугацаанд би зээлийн хүүгээ зогсоосон. Надад хохиролтой байна” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Э.Ч , Д.М  нар нь “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэн Н.А ийн нэр дээр олгосон Y-*******, Y-******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Д.М гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч  нь “Улсын бүртгэлийн Y-*******, Y-******* дугаар бүхий бүртгэл болон гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан болно.

Гуравдагч этгээд Н.А  нь “Э.Ч , Д.М  нарын нэр дээрх Ү-*******, Ү-*******дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн бие даасан шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд гуравдагч этгээд Н.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У нь “Улсын бүртгэлийн Ү-*******, Ү-*******дугаар бүхий бүртгэл болон гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан болно. 

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгч Э.Ч , Д.М  нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээд Н.А ын бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус бие даасан шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Э.Ч , Д.М  нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч Э.Ч  нь анх 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр  Сүхбаатар дүүргийн 19 дугаар хороо, Хандгайт зуслан, 98-1, 98-2 тоотод тус тус байрлах 183 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан байх ба бүртгэлийн байгууллагаас 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 183 м.кв талбай бүхий эд хөрөнгүүдэд 80 хувийн гүйцэтгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлийн Ү-*******, Ү-*******дугаарт бүртгэсэн байна.

Улмаар Э.Ч  нь Сүхбаатар дүүргийн 19 дугаар хороо, Хандгайт зуслан, 98-1 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөө Д.М д худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр худалдсан байх ба бүртгэлийн байгууллагаас 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг Д.М гийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. 

Гуравдагч этгээд Н.А  нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр  Сүхбаатар дүүргийн 19 дугаар хороо, Хандгайт 3 хэсэг гудамж, 385 А/1, 385 А/2 тоотуудад тус тус байрлах үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан байх ба бүртгэлийн байгууллагаас 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус бүр 183 м.кв талбайтай, хувийн сууц, гаражийн зориулалттай 2 үл хөдлөх эд хөрөнгийг Н.А ын нэр дээр улсын бүртгэлийн Ү-*******, Ү-******* дугаарт тус тус бүртгэж, гэрчилгээ олгосон байна.

Гуравдагч этгээд Н.А  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь “Н.А  мэдүүлэг гаргахдаа алдаагүй, зөв кадастрын зураг буюу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд байрлах газрын кадастрын зургийг алдаагүй, зөв гаргаж мэдүүлэгтээ хавсаргаж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн нэр дээр бүртгүүлж гэрчилгээ авсан тул Н.А  нэр дээр хийгдсэн бүртгэл хуульд нийцсэн, харин Э.Ч  нь алдаатай, буруу кадастрын зураг гарган өгч бүртгэл хийлгэсэн тул Э.Ч , Д.М  нарын нэр дээрх бүртгэл хууль зөрчсөн” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно”, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох” гэж заасан байна. 

Хэдийгээр Н.А  алдаагүй, зөв кадастрын зураг мэдүүлэгтээ хавсарган өгч, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх боловч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг Э.Ч , Д.М  нарын нэр дээр цаг хугацааны хувьд өмнө нь бүртгэсэн бүртгэл хүчинтэй байхад уг бүртгэлийг хэрхэхийг шийдвэрлэлгүйгээр Н.А ын нэр дээр дахин, давхардуулан бүртгэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.  

Бодит байдалд нэхэмжлэгч Э.Ч  нь 98-1 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгөө Д.М д худалдсан, 98-2 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд Э.Б тэй байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бариулж, барьцааны эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байхад дахин маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг Н.А ын нэр дээр давхардуулан бүртгэж, гэрчилгээ олгосон байгаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “бүртгэл үнэн зөв байх” зарчимд нийцэхгүй байна.

Гуравдагч этгээд Н.А  нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 385 А/1, 385 А/2 гэсэн өөр, зөрүүтэй хаяг авч, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн тул бүртгэлийн байгууллага буруугүй, бүртгэгч үүнийг мэдэх боломжгүй гэсэн агуулгаар хариуцагч тайлбарлаж байх хэдий ч бодит байдалд 1 үл хөдлөх эд хөрөнгөнд давхардсан 2 бүртгэл хийж, давхардуулан гэрчилгээ олгосон нь тодорхой нотлогдож байх тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг Н.А ын нэр дээр давхардуулан бүртгэсэн нь “бүртгэл үнэн зөв байх” зарчимд мөн нийцэхгүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Гуравдагч этгээд Н.А ын бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийн тухайд: 

Гуравдагч этгээд Н.А ын гаргасан улсын бүртгэлийн Ү-*******, Ү-*******дугаартай бүртгэлүүд болон гэрчилгээг хүчингүй болгуулах бие даасан шаардлагатай адилхан нэхэмжлэлийн шаардлагыг урьд нь Б.Пүрэв-Очир, Д.Ганцэцэг нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч Б.Пүрэв-Очир, Д.Ганцэцэг нар гаргасан байх ба  уг нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны дугаар 187 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны дугаар 221/МА2017/0402 тоот магадлалаар анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, харин Д.Ганцэцэгийн “Ү-*******, Ү-*******дугаартай бүртгэлүүд болон гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны дугаар 312 тоот тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол байгаа үндэслэлээр гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь дээрх 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолуудад мэдүүлэг гаргагч мэдүүлгээ үнэн зөв гаргах үүрэгтэй учир Э.Ч , Д.М  нарын нэр дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүртгэсэн бүртгэлийн байгууллагыг хууль зөрчсөн гэж шууд буруутгах боломжгүй, бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй гэсэн агуулгаар дүгнэсэн байх тул нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа үндэслэлээр гуравдагч этгээдийн бие даасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч Э.Ч , гуравдагч этгээд Н.А  нар нь маргаан бүхий барилгуудыг хамтран хөрөнгө оруулалт хийж, дундын хөрөнгөөр барьж, бий болгосон гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх ба өмчлөгч тогтоолгохтой холбоотой маргаан захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй тул дундын эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой, өмчлөгч тогтоолгохтой холбоотой маргаанаа иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй.

 

                  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Ч , Д.М  нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Сүхбаатар дүүргийн *******, Хандгайт 3 дугаар хэсэг гудамж, 385 А/1 тоот хаягт байршилтай 183 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Н.А ын нэр дээр улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэсэн бүртгэл болон үүний үндсэн дээр олгогдсон дугаар 000459162 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ”, “Сүхбаатар дүүргийн *******, Хандгайт 3 дугаар хэсэг гудамж, 385 А/2 тоот хаягт байршилтай 183 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Н.А ын нэр дээр улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэсэн бүртгэл болон үүний үндсэн дээр олгогдсон дугаар 000459163 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ”-г  тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан “Э.Ч , Д.М  нарын нэр дээр улсын бүртгэлийн Ү-*******, Ү-*******дугаарт бүртгэсэн бүртгэлүүд болон үүний үндсэн дээр олгогдсон гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гуравдагч этгээд Н.А ын бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус бие даасан шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, гуравдагч этгээд Н.А ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Н.А д буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАТЗОРИГ