Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 1231

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2016/00812/и

 

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар баг, *** тоотод оршин суух, Т***  З*** /РД: ***/-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** албанд холбогдох,

 

“*** ХХК-ийн 2016 оны 05 сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.З*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*** албаны 41 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Н*** ийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу миний өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг,*** тоотод байрлах 162 мкв талбай бүхий гражийн барилгыг 99,800,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Миний өмчийг хэт багаар үнэлж, хөрөнгийг маань үнэгүйдүүлж байх тул *** ХХК-ийн 2016 оны 05 сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч *** алба шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар шийдвэрээр Б.З*** , Б.Т*** нараас 76.288.527 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн байдаг. Уг шийдвэрийн дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу банкны барьцаанд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан сум *** тоот Ү-*** дугаартай 78 м квадрат талбайтай хувийн сууц, Г-*** дугаарт бүртгэгдсэн 2825.52 м квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар, мөн хаягийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн 68 м квадрат талбайтай дэлгүүрийн зориулалттай байшин, мөн хаягийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн 162 м квадрат талбайтай 9 машины гражийн хамт 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн **/** тоот эд хөрөнгө битүүмжлэх, хураах актаар хураан авч үнийн санал асуусан ба Б.З*** нь үнийн саналаа мэдэхгүй, өгөх боломжгүй гэсэн тул 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн*** тоот Шинжээч томилох тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор “*** ” ХХК-иар үнэлгээ хийлгэхэд нийт 204.400.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнэлгээг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт мэдэгдсэн болно. Б.З*** нь үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бөгөөд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн *** захирамжаар Дархан-Уул аймаг Дархан сум 15 дугаар баг,*** тоотод байрлах автомашины гражийн барилгад нэмэлт үнэлгээ хийлгүүлэхээр шийдвэрлэсний дагуу Шинжээч томилох, тогтоол гарч “*** ” ХХК-аар үнэлүүлэхэд 99.800.000 төгрөгөөр үнэлсэн байна. Иймээс Б.З*** гийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                         

ҮНДЭСЛЭХ нь:

 

Гомдол гаргагч Б.З*** нь *** албанд холбогдуулан “*** ” ХХК-ийн 2016 оны 05 сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай шаардлага гаргажээ.

 

Б.З*** нь энэхүү гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргасан байна.

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар тай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Б.З*** , Б.Т*** нарын Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийн шаардлага болох нийт 75,820,000 төгрөгийг тодорхой хуваарийн дагуу хуваан төлөхөөр тохиролцож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс  гаргуулахыг зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү захирамж, албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн *** алба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байна.

Тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2014 оны 05 сарын 16-ны өдрийн **/** дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”, 2014 оны 05 сарын 17-ны өдрийн **/** дугаартай “эд хөрөнгийг хураасан тогтоол”-оор Б.З*** гийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг,*** тоотод байрлах нэгж талбарын *** дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 282552 мкв талбайтай газар, тус тоотод байрлалтай хувийн сууцны зориулалттай, 78,0 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-***   дугаартай байшин, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, дэлгүүрийн зориулалттай 68,0 мкв талбайтай,байшин, Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг,*** тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, гражийн зориулалттай, 162 мкв талбайтай /9 машины граж/ үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжлэн хурааж, улмаар талуудаас үнийн санал авахад төлбөр авагч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар нийт 90,000,000 төгрөгөөр үнэлэх санал ирүүлсэн бөгөөд төлбөр төлөгч нараас үнийн санал өгөхөөс татгалзсан, зах зээлийн үнийг мэдэхгүй гэсэн хариу ирсэн тул 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар Шинжээч томилох тухай тогтоол гарган шинжээч томилсны дагуу “*** ” ХХК-ийн 2014 оны 09 сарын 26-ны өдрийн Үнэлгээний тайлангаар дээрх эд хөрөнгүүдийн нийт үнэлгээг 204,400,000 төгрөгөөр тогтоожээ.

Энэхүү үнэлгээнд төлбөр төлөгч Б.З*** гомдол гаргаж, гомдлыг Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 сарын 04-ний өдрийн*** дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 сарын 14-ний өдрийн *** дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 сарын 24-ний өдрийн *** дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Мөн “*** ” ХХК-ийн 2014 оны 09 сарын 26-ны өдрийн үнэлгээнд иргэн Н.Ганчимэг Б.З*** гийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ миний өмчлөлийн автомашины гражыг оруулан үнэлсэн гэсэн үндэслэлээр шүүхэд гомдол гаргасныг хариуцагч *** алба хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 01 сарын 08-ны өдрийн 75 дугаартай захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосны үндсэн дээр хариуцагч *** албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 7 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар баг,*** тоотод байрлах автомашины гражийн үнэлгээ тогтоолгох ажиллагааг хийлгэж, 2016 оны 05 сарын 04-ний өдрийн *** ХХК-ийн үнэлгээгээр тус гражийн барилгыг 99,800,000 төгрөгөөр үнэлжээ.

Дээрх үйл баримтууд хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн материалд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Ийнхүү хариуцагч байгууллагаас шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар явуулсан байх бөгөөд үнэлгээний талаар талууд харилцан тохиролцоогүй тул дээрх хуульд заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагааг хариуцагч байгуулага хийсэн нь хуульд нийцсэн байна.

 

Гомдол гаргагч Б.З*** нь шүүхэд гаргасан гомдлын үндэслэлдээ миний өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг,*** тоотод байрлах 162 мкв талбай бүхий гражийн барилгыг 99,800,000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй, миний өмч хөрөнгийг хэт үнэгүйдүүлж байх тул 2016 оны 05 сарын 04-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн байх боловч хэт үнэлгүйдүүлсэн гэх ямар үндэслэл байгаа, түүний өмчлөлийн дээрх эд хөрөнгө нь хэдий хэмжээний үнэтэй гэж үзэж байгаа зэрэг нь тодорхойгүй байгаа бөгөөд энэхүү шаардлагын үндэслэлээ нотлох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйийн 25.2.2-т тус тус зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд гомдол гаргагч Б.З*** нь энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон дээрх үнэлгээ түүний гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Б.З*** гийн *** албанд холбогдуулан гаргасан “*** ” ХХК-ийн 2016 оны 05 сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гомдол гаргагч Б.З*** гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н***д шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Б.З*** нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, *** дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т тус тус заасныг баримтлан Б.З*** гийн *** албанд холбогдуулан гаргасан “*** ” ХХК-ийн 2016 оны 05 сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Б.З*** нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ОЮУНЦЭЦЭГ