Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 755

 

Н.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:        

          прокурор Б.Уранчимэг,

          нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 395 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Н-гийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Н.Нд холбогдох 1711 0004 30027 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Е овгийн Н-ын Н, 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, Орхон аймаг, 2 дугаар микрод “Ган зоосон” ХХК-д барилгын туслах ажилтай, Дархан-Уул аймаг, Дархан 7 дугаар баг, Майхантын 4 дүгээр гудамжны 43 тоотод оршин суух,

- Өмнөговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 6 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 5 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн,

- Сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: /;

Н.Н нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 2-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 3 дугаар гудамж, 70 тоотод үйл ажиллагаа явуулдаг Г.У-ийн эзэмшлийн нарийн боовны цех буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч гар утас, цүнх зэрэг хөрөнгийг хулгайлж 338.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Н.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Н.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгосон, зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Н.Н-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Н-гийн урьдчилан цагдан хоригдсон 40 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 10 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Нгээс 338.000 төгрөгийг гаргуулан, хохирогч Б овгийн Г”ын У олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Н гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 1988 оны 12 дугаар сарын 12-нд Дархан-Уул аймагт төрсөн. Дархан-Уул аймгийн “Мөнх-Ундрам” ХХК-д талх нарийн боовны цехэд ээлжийн мастер хийдэг. Хүнсний технологич мэргэжилтэй. Ам бүл 5-уулаа амьдардаг.

Миний бие 2017 оны 5 дугаар сарын дундуур Улаанбаатар хотын “Шуурхай зар” сонинд “танилцах зард” өөрийн ажил мэргэжил, нас зэрэг дэлгэрэнгүй мэдээллээ тавьсан. Тэгээд уг зарын дагуу 5 дугаар сарын сүүлээр Г.У- гэх эмэгтэй надтай холбоо барьж танилцахыг хүссэн.

Тэрээр хувиараа жижиг нарийн боовны цех ажиллуулдаг. Надад талх нарийн боов хийхийг заагаад өгөөч гэж хүссэн. Би зөвшөөрөөд 6 дугаар сарын 8-нд хотод ирэхэд Г.У намайг тосож авсан. Түүний цехэд 21 хоног ажиллангаа амьдардаг байсан. Би Г.У--т нийтдээ 10 төрлийн нарийн боов хийх арга технологийг ямар ч үнэ төлбөргүйгээр зааж, гардан хийж өгсөн. Хүнсний технологи бол маш өндөр үнэтэй, барагцаалбал 500.000 төгрөг орчим болдог. Би Г.У-тэй ажлаад 21 хоног болохдоо 195.000 төгрөг авсан. Миний зааж өгсөн бүтээгдэхүүнийг Г.У бүгдийг нь нэг бүрчлэн тэмдэглэн авч бас хийж сурсан. Ингээд би буцахаар болж Г.У надад зардлын мөнгө гэж 30.000 төгрөг өгсөн. Би тэнд ажилладаг залуутай архи авч уусан. Тэгээд “Драгон” явсан. Тэгсэн чинь сүүлийн автобус явчихсан, жижиг автомашинууд үнэтэй байсан болохоор маргааш нь явъя гэж бодоод ажиллаж байсан цехдээ ирэхэд Г.У унтаж байсан. Би бас унтахаар хэвтэж байгаад гэнэт явмаар санагдаад үүр цайж байхад явахаар гарахдаа Г.У-ийн гар утсыг нь аваад явсан. Тэгээд цуг ажилладаг 2 хүн рүү залгаад “би Г.У-ийн гар утсыг авсан. Удахгүй буцааж өгнө гэж байна гээд хэлчихээрэй” гэж хэлсэн. Г.У-ийн гар утсыг Дархан ороод 65.000 төгрөгөөр зараад зардал болон гэртэй юм авахад хэрэглэсэн. Үүнээс хойш 7 дугаар сарын 13-нд Дарханд Г.У гэр бүлийнхэнтэйгээ хамт Сэлэнгэ явж байхад нь таарсан. Тэгсэн чинь “чамайг цагдаад өргөдөл өгсөн байгаа” гэсэн би уучлалт хүсээд “надад 14 хоногийн хугацаа өгөөч би энэ хугацаанд гар утсыг чинь авч өгнө” гэж гуйсан. Г.У зөвшөөрөөд явсан. Би 8 дугаар сарын 10-нд Орхон аймгаас баригдаад ирсэн. Улмаар цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож, 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Иймд надад оногдуулсан шийдвэрийг эргэн нэг харж үзэн хорихоос бусад ямар ч шийдвэр гарсан хүлээн авах болно. Хохирлын мөнгө болох 338.000 төгрөгийг төлнө. Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ харамсан гэмшиж байна...” гэжээ.

Прокурор Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй.”, 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “төлбөрийн чадваргүйн улмаас өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан.” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч Н.Н нь сэжигтэн, яллагдагчаар хавтаст хэргийн 27-28, 30-31 дугаар талд “...өмгөөлөгч авах мөнгө байхгүй байна, эгч, ах мөнгийг нь төлөхгүй л юм бол...” гэж мэдүүлсээр байтал дээрх хуулийн заалтуудыг биелүүлэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, сэжигтэн, яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно.” гэж заасан байна.

Хавтаст хэргийн материалаас үзэхэд шүүгдэгч Н.Н нь төлбөрийн чадваргүй улмаас өмгөөлөгч авах хүсэлт гаргасан эсэх, эсхүл өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан эсэх талаар баримт авагдаагүй байхад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Иймд анхан шатны шүүх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн зөрчлийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Н.Нд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болсонтой холбогдуулан тус шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 395 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Н-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Н.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.ДАВААСҮРЭН

                        ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ