Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2017/ШЦТ/621

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ж.Ганзориг,

Улсын яллагч Б.Уранчимэг,

Шүүгдэгч Н.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Нд холбогдох эрүүгийн 1711000430027 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, Орхон аймаг 2 дугаар микрод Ган зоссон ХХК-д барилгын туслах ажилтай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Майхантын 4-43 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Өмнөговь аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 3 сарын 7-ны өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоног баривчлах ялаар,

Сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 4 сарын 16-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 20 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 9 сарын 24-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

 

Шүүгдэгч Н.Н нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс, 7 сарын 2-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 3 дугаар гудамж 70 тоотод үйл ажиллагаа явуулдаг Г.Уранцэцэгийн эзэмшлийн нарийн боовны цех буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч гар утас, цүнх зэрэг хөрөнгийг хулгайлж 338.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Нгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: .. Би 2017 оны 5 дугаар сарын дундуур “Дархан-Уул” аймагт ажиллаж байхдаа танилцах зарын газар зар өгсөн юм. Би танилцах зар өгөхдөө өөрийнхөө танцилцуулгыг хүнсний технологич мэргэжилтэй гэж хийсэн байгаа. Танилцах зарын дагуу Г.Уранцэцэг надтай холбогдож бид  2 таван сарын сүүлээр утсаар танилцсан. Хэсэг хугацааны дараа над руу Уранцэцэг залгаад хүрээд ир гээд надад зардлын 50.000 төгрөг шилжүүлсэн тэгээд би ажлаасаа чөлөө аваад хот орсон. Тэгэхэд намайг Уранцэцэг тосож аваад бид цугтаа “Чингэлтэй” дүүрэг дэх цехэд нь хамт очиход 2 жижиг цех байсан. Тэгээд очиход тоног төхөөрөмж жоохон муу талдаа байсан. Би өөрийнхөө боломжоор талх, нарийн боов гэх мэт 10 гаруй төрлийн хүнсийг гаргаж өгсөн. Тэгээд би Г.Уранцэцэгийг мөнгөний боломжгүй бол би заавал буудал, хөлсний байр гээд яахав.  Би танай ажлын байранд хоноод байж болно гэсэн. Би тэднийд ажиллахдаа шөнийн 03 цаг хүртэл ажлаад явж байсан.  Өдөр нь борлуулалтад яваад ажиллаж байсныг Г.Уранцэцэг өөрөө мэдэж байгаа. Би талх нарийн боовны цехэд 21 хоног ажилласан. Би Г.Уранцэцэгээс хэрэглээнд 125.000 төгрөг авч байсан. Тэгээд намайг буцаад явах болоход Г.Уранцэцэг надад зээл авах гэж байгаагаа хэлсэн. Тэгээд намайг 9 сард хүрээд ир хамтарч ажиллъя, тэр үед шинэ тоног, төхөөрөмж аваад цахилгаанаа 380 вольтоор холбоод ажиллъя гэж хэлсэн. Тэгээд би буцах болоход Г.Уранцэцэг надад 30.000 төгрөг зардалдаа хэрэглээрэй гээд өгсөн. Би явахаасаа өмнө тэнд байх Бямбаа гээд залуутай 0.75 литрийн хараа архийг хувааж уугаад “Драгон” авто вокзал дээрээс Дархан-Уул аймаг явах гэсэн боловч цаг орой болсон байсан. Тэгэхэд автобус явахгүй гээд хөлсний жижиг тэрэг 25.000 төгрөгөөр явна гэсэн. Тухайн үед надад үлдсэн мөнгө бага байсан. Би дэлгүүрээс орж дахиад нэг шил архи авч уугаад нэлээн согтсон. Тэгээд би буцаж Уранцэцэгийнд ирээд хоноод өглөө нь гарахдаа Г.Уранцэцэгийн гар утас, ногоон өнгийн цүнхийг нь авч явсан. Тухайн гар утсыг би Дархан-Уул аймагт очоод 65.000 төгрөгөөр зарсан. Ногоон өнгийн цүнх нь миний эгчийн гэрт байгаа. Би тухайн мөнгийг замын зардалдаа хэрэглэсэн. Мөн дүү нартаа амттан авч очсон. Тэгээд дараа нь 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр намайг Дархан-Уул аймагт байхад, зах дээр Г.Уранцэцэг Сэлэнгэ аймаг явах гэж байхад нь таарсан. Тухайн үед би Уран цэцэгт надад 14 хоногийн хугацаа өгөөч, би тэгээд мөнгийг чинь өгье гэсэн. Тухайн үед би ажлаасаа 2 сарын чөлөө авсан байсан. Тэгээд би Эрдэнэт хотод найзтайгаа 21 хоног барилга дээр очиж ажлаад архи уугаад эрүүлжүүлэх байранд хоноод цалингаа авч чадаагүй ирсэн. Хэрэв одоо надад шүүхээс хорихоос өөр төрлийн ял оноовол би ажилласан цалингаа тухайн байгууллагаас аваад хохирогч Г.Уранцэцэгийн хохирлыг барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм хороо хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Н.Нгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2017 оны 6 дугаар сарын эхээр би сонин дээр танилцах зар тавьсан юм. Энэ зар дээр би өөрийгөө хүнсний технологич мэргэжилтэй гэж тодорхойлсон. Тэгээд Уранцэцэг надтай 2017 оны 6 дугаар сарын эхээр 91885939 дугаарын утсаар холбогдсон. Тэгээд Уранцэцэг надтай ярихдаа би хувиараа жижигхэн юм ажиллуулдаг. Надад талх нарийн боов хийх талаар заагаад өгөөч гэж хүсэлт гаргасан. Тэгээд би тэр хүсэлтийг нь хүлээн авсан. Тухайн үед би Дархан-Уул аймагт Мөнх-Ундрам хүнсний үйлдвэрт ажилладаг байсан. Уранцэцэгийн саналыг хүлээн зөвшөөрөөд Улаанбаатар хотод 2017 оны 6 сарын 8-ны орой ирсэн. Уранцэцэг цуг ажилладаг охинтойгоо намайг Драгоноос тосож авсан. Тэгээд би Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 3-70 тоотод байх нарийн боовны цехэд байрлаж амьдардаг байсан. Тэгээд би 2017 оны 6 сарын 8-ны өдрөөс хойш 21 хоног ажил хийсэн. Хотод сайн гүйлгээтэй талх, нарийн боовнууд нилээн хийсэн. Хар цагаан өнгийн мөөхий зэрэг нарийн боов хийж байсан. Аль болох борлуулагдах нарийн боов их хийж өгч байсан. Уут шошгоны асуудлаас болж борлуулалт их муутай байдаг байсан. Хотын дэлгүүрүүд том үйлдвэрээс нарийн боов аваад сурчихсан байдаг юм. Би Уранцэцэгийг ашигтай ажиллаж байсан гэж хэлэхгүй. Би аль болох сэтгэлээрээ ажилладаг байсан. Тэгээд би 2017 оны 7 сарын 1-ний өдөр архи зардаггүй өдөр би Дархан-Уул аймаг руу буцахаар болсон юм. Тэгээд би 2017 оны 9 дүгээр сард ирж хамт ажиллана гэж Уранцэцэгт хэлсэн юм. Уранцэцэгээс замын зардлын мөнгө гээд 30.000 /гучин мянга/ төгрөг авсан. Борлуулагч залуу Бямбаатай хамт Хараа нэртэй 0,75 литрийн архи 1 шилийг хувааж уусан. Тэгээд би 2017 оны 7 сарын 1-ний өдөр 21 цаг болж байхад цехээс Бямбаатай хамт гараад Драгон дээр ирсэн юм. Бямбаа Драгоноос Баянхошуу руу явсан юм. Би Бямбаагаас 1 шил архи нэхсэн чинь намайг байж байгаарай би олоод ирье гэсэн. Бямбаад ах нь хүлээж байя гэж би хэлсэн юм. Тэгээд би Драгоноос шил сав түүдэг хүмүүсээс 15.000 төгрөгөөр Хараа нэртэй 0.75 литрийн архи авч уусан. Тэр архи хуурамч чанар муутай архи байсан. Тэгээд би Бямбааг хүлээж байх зуураа нэг цайны газрын ойролцоо архи ганцаараа уусан. Тэгээд нилээн орой болчихсон байсан. Би ч нилээн согтсон байсан. Дархан-Уул аймаг руу явах гэхээр 2-3-хан машин байсан. Тэгээд их үнэтэй Дархан-Уул аймаг руу явах гээд байсан. Таньдаг хүн маань таарч магадгүй гээд тэр хавиар нилээн явсан. Тал шил Хараа нэртэй архи уугаагүй цүнхэндээ хийчихсэн байсан. Драгоноос такси бариад буцаад Уранцэцэгийн нарийн боовны цех рүү явсан. Уул нь тэндээ хоноод өглөө нь байгаа мөнгөндөө тааруулаад вагоноор явья гэж бодож байсан юм. Уранцэцэгийн цех рүү явж байх замдаа цүнхэндээ байсан тал шил архиа уусан. Ямар ч байсан Уранцэцэгийн хашаанд орсон. Тухайн үед би Уранцэцэгийн гар утсыг авъя гэсэн бодолгүй орсон. Тэгсэн чинь яагаад ч юм эд зүйлийг нь аваад, зараад Дархан-Уул аймаг руу явах санаа төрсөн. Уранцэцэгийн айфоне маркийн гадуураа улаан өнгийн гэртэй гар утас 1 ширхэг, гадуур борлуулалтанд авч явдаг ногоон өнгийн цүнх зэрэг эд зүйл авсан. Цүнхэн дотор бамбаруушны зурагтай резинэн гадаргуутай флаш диск 1 ширхэг байсан. Флаш диск болон ногоон өнгийн цүнх Дархан-Уул аймагт миний төрсөн эгч Нандинцэцэгийн хашаанд байх амбаарт байгаа. Цүнхэн дотор бас хуучин хэрэггүй болсон зарлагын баримт байсан. Айфоне 4 маркийн гар утсыг би мэдэхгүй байна. Намайг ажиллаж байх хугацаанд айфоне 4 маркийн гар утас байсан гэхдээ би тэр гар утсыг аваагүй..гэсэн мэдүүлэг /хх-30-31/

 

Шүүгдэгч Н.Нгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..Хохирогч зар тавьсны дагуу очиж уулзаж ажилд орсон. Би тодорхой хэмжээгээр чадлынхаа хэрээр ажил үүрэг гүйцэтгэсэн. Надад хулгайн үйлдэл дээр маргах зүйл байхгүй.. гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Г.Уранцэцэгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2017 оны 7 сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 3-70 тоотод байх нарийн боовны цехдээ ажлаа хийж байгаад шөнө 03 цаг өнгөрч байхад унтсан, өглөө 05 цагт сэрэхэд миний 2 гар утас, цүнх, эд зүйл байхгүй болчихсон байсан. Миний эд зүйлүүдийг Нанзадын Нандинхүү гэх хүн авсан. Би ажлын зар өгчихсөн байсан юм. Тэгээд над руу зарын дагуу утсаар ярьж байгаад Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу ирэх зардлыг нь хүртэл өгч байгаад авч ирсэн юм. Н.Нтэй би хамт ажил хийдэг хүмүүс байгаа юм. Бид 2 хамт ажиллаад 20 хоног болж байна. Дархан-Уул аймгаас ирсэн юм. Надад хүнсний технологич хийдэг гэж хэлсэн юм. Би нарийн боов хийх технологи заалгах гэсэн юм. 2017 оны 7 сарын 1-ний өдөр Дархан-Уул аймаг руу явах замын зардлыг нь өгсөн юм. Тэгээд Дархан-Уул аймаг руу яваагүй шөнө нь миний эд зүйлийг хулгайлаад явчихлаа.. 2017 оны 7 сарын 2-ны өдөр цагдаа дээр ирж байхад манай ажлын Сайхнаа, Темка хоёр руу Н.Н нь залгаад Урнаад эд зүйлийг нь удахгүй очоод өгнө. Мэдэхгүй аваад явчихсан байна гэж хэлсэн байсан. Хулгайд алдсаны дараа би хүний утаснаас өөрийнхөө утас руу залгахад чимээгүй сонсоод байхаар нь одоо хүрч ирээд өгчих юм бол цагдаа сэргийлэх болоод байхгүй гэж хэслэн. Тэрний дараа манай ажлын хүмүүс рүү залгаад авч ирж өгнө гэж хэлсэн юм шиг байна лээ.. гэсэн мэдүүлэг /хх 14-18/.

 

Шүүгдэгч Н.Нгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 47/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 40-46/, эд зүйлийн үнэлгээ /хх- 19/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Н 2017 оны 7 сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 3 дугаар гудамж 70 тоотод үйл ажиллагаа явуулдаг Г.Уранцэцэгийн эзэмшлийн нарийн боовны цех буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч гар утас, цүнх зэрэг хөрөнгийг хулгайлж 338.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Хэрэгт авагдаж шүүх хуралдааíаар шинжлэн судалсан нотлох баримт болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр шүүгдэгч Н.Н нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан болох нь тогтоогдож байна. Харин шүүгдэгч Н.Нг энэ гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэж шүүх үзсэнгүй. Учир нь шүүгдэгч Н.Н нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 3 дугаар гудамж 70 тоотод өөрөө ажиллаж, амьдарч байсан бөгөөд хэрэг гарсан 2017 оны 7 сарын 1-нээс 2-нд шилжих шөнө хохирогч мөн тэнд хамт хоносон бөгөөд түүнийг унтаж байхад нь дээрхи эд зүйлсийг хулгайлсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалтыг хөнгөрүүлж шүүгдэгч Н.Нг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Н гэм буруугийн талаар маргаагүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж барагдуулаагүй байх тул түүнээс 338.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Уранцэцэгт олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Н нь шүүх хуралдаан болохоос өмнө 131 хоног цагдан хоригдсон байх тул уг хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокуророос Н.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон зүйлчилэн ирүүлснийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Н.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Н.Нгийн урьдчилан цагдан хоригдсон 131 /нэг зуун гучин нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Н.Нд оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нгээс 338.000 төгрөгийг гаргуулан, хохирогч Боржигон овгийн Гантулгын Уранцэцэгт олгосугай.

 

7. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР