Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2017/0271/З |
Дугаар | 731 |
Огноо | 2017-10-10 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 731
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: П ХХК,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Т.Б , Ж.Г , Л.Р , Ч.Э нар,
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0000209 дүгээр актыг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0000209 дүгээр актыг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах,
Нэг. Хэргийг урьдчилан шийдвэрлүүлсэн тухай:
Нэхэмжлэгч “П” ХХК нь тус компанид холбогдуулан тогтоосон Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0000209 дүгээр актыг эс зөвшөөрч Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газарт хандан гомдол гаргасныг тус байгууллагаас хянаад “Улсын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлтэй байна” гэх хариуг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн бичгээр өгснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, эс зөвшөөрч байна.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл
Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Т.Б , Ж.Г , Л.Р , Ч.Э нараас манай компанид хяналт шалгалт явуулж, 2015, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0000209 дүгээр актаар манай компанийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дахь хэсгийг зөрчин, 3,347,792,863,0 төгрөгийн хөдөлмөрийн хөлсийг бууруулсан гэж үзэн, уг төгрөгт ногдох 793,749,218 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлэх, шимтгэлийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон 396,874609 төгрөгийн алданги, нийт 1,190,623,827 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Тус компани нь 2005-2016 оны хооронд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэдийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон суутгахдаа Нийгмийн даатгалын тухай хуулийг чанд баримталж ирсэн.
Компаниас 2005-2016 оны 10 дугаар сар хүртэл ажиллагсдад олгосон “томилолтын зардал” нь нийгмийн даатгалын шимтгэл тооцох орлого биш.
Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлөх ёстой, харин томилолтын мөнгө гэдэг нь цэвэр зардалд зориулагдсан мөнгө тул орлого биш учраас энэхүү томилолтын мөнгөнд шимтгэл оногдуулах үндэслэлгүй байсан.
Тухайн үед манай байгууллагатай харилцаж, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтөд хяналт тавьж байсан нийгмийн даатгалын улсын байцаагч нар уг томилолтын зардлыг хүлээн зөвшөөрч байсан, манай тайланг хүлээн авч зөвшөөрч байсан билээ.
“Томилолтын зардал”-ыг гэртээ амьдарч, гэрээсээ ажилдаа ирж, очдог ажилтанд олгож байгаа байр, хоол, унааны зардалд олгож байгаа мөнгөтэй адилтгах боломжгүй.
Учир нь Дорнод аймгийн төвд амьдардаг иргэд аймгийн төвөөс 300 гаруй километр хол байрлан ажилладаг бөгөөд тэдгээр нь ажлын бус цагуудаар гэртээ очих, ирэх замын зардал, мөн өөрсдөө хооллох, бусад зайлшгүй хувийн хэрэгцээний зүйл болох ариун цэврийн хэрэглэл, хувийн хэрэглээний зүйл, эм тариа гэх зэрэг зайлшгүй шаардлагатай зардлуудыг компани тооцож олгосон болно.
Дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0000209 дүгээр акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.....” гэжээ.
Хариуцагч нар, болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...“П” ХХК-д ажиллаж байсан даатгуулагч Мядаг овогтой Баатарын Нийгмийн даатгалын ерөнхий газарт гаргасан гомдлыг барагдуулах зорилгоор Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын баталсан 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийн дагуу хяналт шалгалтын улсын байцаагч Т.Б , Л.Р , Ж.Г , Ч.Эрдэнэтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг 2005-2016 оныг хамруулан 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрүүдэд шалгаж ажилласан болно.
Шалгалтаар “П” ХХК нь нэр бүхий даатгуулагч нарт олгосон хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого болох 3 347 792 836 /гурван тэрбум гурван зуун дөчин долоон сая долоон зуун ерөн хоёр мянга найман зуун гучин зургаа/ төгрөгт ногдох 793 749 218 /долоон зуун ерэн гурван сая долоон зуун дөчин есөн мянга хоёр зуун арван найм/ төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөлгүй “томилолт” гэх нэрийдлээр санаатайгаар цалингийн хэмжээг бууруулж нуусан нь даатгуулагчдын эрх ашгийг хохироож буй тул дээрх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлд ногдох 396 874 609 /гурван зуун ерэн зургаан сая найман зуун далан дөрвөн мянга зургаан зуун ес/ төгрөгийн зөрчилд акт тогтоосон.
“П” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дор дурдсан үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
1. “П” ХХК нь хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг “Томилолтын зардал” гэж хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын хэмжээг санаатайгаар бууруулан нуусан нь даатгуулагчдын эрх ашгийг хохироож, үүнээс үүдэн тэдний тэтгэвэр тогтоох цалингийн хэмжээ буурч, сард авбал зохих тэтгэврийн хэмжээг дордуулсныг даатгуулагч М.Баатарын гомдол нотолж байна.
2. Нэхэмжлэгч байгууллага нь хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг “Томилолтын зардал” гэж тайлбарлаж байгаа ба харин хөдөлмөрийн гэрээнд туссан ажлын байрнаас байгууллагын ажлын шаардлагаар удирдлагаас өгсөн ажлын чиглэл, удирдамжийн дагуу өөр орон нутаг /улс, хот/-т түр хугацаагаар ажиллахад гарсан зардлыг “Томилолтын зардал”-д тусгаж нягтлан бодох бүртгэлийн зааврын дагуу бүртгэдэг.
Иймээс “Томилолтын зардал”-д байрны зардал, зам хоногийн /унаа, хоолны/ зардлууд багтана.
Тухайн байгууллагын ажилчид өөрийн ажлын байран дээр байрлаж “П” ХХК-аас орон байр, хоол хүнсээр хангагдаж, тухайн ажилтан ажлын байрныхаа дэргэд байрлаж ажил үүргээ гүйцэтгэж байдаг нь томилолт олгох үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Учир нь ажиллах орчин, нөхцлөөр хангах нь тухайн ажил олгогчийн хүлээсэн үүрэг юм.
3. “Томилолтын зардал” олгосон бол уг томилолтын зардлыг хүн тус бүрээр санхүүгийн баримтаар тайлагнаж, тооцоо нийлээгүй байсан.
4. Томилолтын зардлыг ажилласан хугацааны цалинтай нийлүүлж, тусгайлсан цалингийн хүснэгтээр тооцож олгосон зэрэг нь томилолт биш харин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг санаатайгаар нуусан гэдгийг дээрх үйл баримтууд нотолж байна.
Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Т.Б , Л.Р , Ж.Г , Ч.Эрдэнэтуяа нар нь хяналт шалгалтыг явуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь заалт, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх үүргийн хүрээнд хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу даатгуулагчийн гаргасан гомдлыг барагдуулах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан.
Иймээс “Томилолтын зардал” гэх нэрийн доор даатгуулагчдын эрх ашиг маш ихээр зөрчигдөж буй тул уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
П ХХК-д ажиллаж байсан даатгуулагч иргэн М.Баатарын гомдлын дагуу хяналт шалгалт хийлгүүлэхээр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас шилжүүлсний дагуу Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын баталсан 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийн дагуу хяналт шалгалтын улсын байцаагч Т.Б , Л.Р , Ж.Г , Ч.Эрдэнэтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр П ХХК-ийн 2005-2016 оны 10 дугаар сарын 01-ний хүртэл хугацаанд хамруулан Нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг шалгажээ.
Тус хяналт шалгалтаар П ХХК нь нэр бүхий ажиллагсад буюу даатгуулагч нарт олгосон хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого болох 3 347 792 836 /гурван тэрбум гурван зуун дөчин долоон сая долоон зуун ерөн хоёр мянга найман зуун гучин зургаан/ төгрөгт ногдох 793 749 218 /долоон зуун ерэн гурван сая долоон зуун дөчин есөн мянга хоёр зуун арван найм/ төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөлгүй, цалингийн хэмжээг бууруулж нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлж даатгуулагчдын эрх ашгийг хохироосон зөрчил илэрсэн гэж үзэж 793 749 218 /долоон зуун ерэн гурван сая долоон зуун дөчин есөн мянга хоёр зуун арван найм/ төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр, шимтгэлийг төлөх хугацаа хэтрүүлсний алдангийг шимтгэлийн дүнгийн 50 хувиар тооцож 396 874 609 /гурван зуун ерэн зургаан сая найман зуун далан дөрвөн мянга зургаан зуун ес/ төгрөг, нийт 1 190 326 827 /нэг тэрбум нэг зуун ерэн сая зургаан зуун хорин гурван мянга найман зуун хорин долоо/ төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр улсын байцаагчийн 0000209 дугаартай акт тогтоосон байна.
Нэхэмжлэгч П ХХК нь Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0000209 дүгээр актыг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т зааснаар П ХХК-д ажиллагсад нь нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1-д зааснаар ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тодорхой хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч тооцон, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар нийгмийн даатгалын төрөл бүрээр тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын санд шилжүүлэх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч “2005-2016 оны 10 дугаар сар хүртэл ажиллагсдад олгосон томилолтын зардал нь нийгмийн даатгалын шимтгэл тооцох орлого биш” гэж, хариуцагч “хөдөлмөрийн гэрээнд туссан ажлын байрнаас байгууллагын ажлын шаардлагаар удирдлагаас өгсөн ажлын чиглэл, удирдамжийн дагуу өөр орон нутаг /улс, хот/-т түр хугацаагаар ажиллахад гарсан унаа, хоол, байрны зардлыг “томилолтын зардал”-д тусгаж нягтлан бодох бүртгэлийн зааврын дагуу бүртгэдэг, хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байран дээрээ ажиллаж буй ажиллагсдад компаниас олгож буй хоол, унааны нэмэгдэл нь хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого буюу нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогод хамаарна” гэж маргажээ.
Хэрвээ нэхэмжлэгчийн тайлбарлан маргаж байгаачлан томилолтоор ажиллуулсны зардал олгосон бол хөдөлмөрийн гэрээнд заасан байнгын ажлын байрнаас өөр тийш гадаад, дотоодод тодорхой ажил гүйцэтгүүлэхээр, хугацаа, зорилготойгоор эрх бүхий этгээдийн шийдвэрээр олгосон томилолт, түүгээр хийгдсэн ажлын үр дүнгийн гүйцэтгэлийг дүгнэж, хүн тус бүрээр унаа, хоол, байрны зардлыг санхүүгийн анхан шатны баримтаар бүрдүүлж, цалингийн картаас тусдаа төлбөрийн хүсэлтээр олгогддог.
Нягтлан бодох бүртгэлийн дансны заавраар ажиллагчидтай холбогдсон зардалд ажиллагсдын цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал, ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл ангилж бүртгэгддэг ба харин томилолтын зардал нь байгууллагын удирдлагын тухай бүр гаргасан шийдвэрээр ажлын байрнаас өөр тийш гадаад, дотоодод албан томилолтоор явахад гарсан байр, хоол, унааны зардлыг санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн бараа, үйлчилгээний зардалд бүртгэдэг. Иймд удирдлагаас тухай бүр олгосон томилолтгүй, байнгын ажлын байрнаас өөр тийш гадаад, дотоодод явсан унаа, байр, хоолны зардал гарсан гэх санхүүгийн анхан шатны баримтгүй, ажиллагсдад олгосон байр, хоол, унааны нэмэгдэл олговрыг томилолтын зардал гэж үзэхгүй.
Харин ажил олгогчоос ажиллагсдад олгосон байр, хоол, унааны зардал, түүнтэй адилтгах нэмэгдэл олговор нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т зааснаар нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлого юм. Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2008 оны 47 дугаар тогтоолд “хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлого гэж цалин хөлснөөс гадна Нийгмийн даатгалын тухай хуулийн дээрх 32 дугаар зүйлд заасан ажил олгогчоос олгож буй байнгын шинжтэй орлогыг хэлнэ” гэж тайлбарласан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д “байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүргийг ойлгоно” гэж зааснаар байнгын ажлын байранд ажил үүрэг гүйцэтгэн авч буй цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг байнгын шинжтэй орлого гэж ойлгоно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглодог, энэ зохицуулалтын дагуу байнгын ажлын байранд ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүргийг гүйцэтгэсний үр дүнд тодорхой хугацаанд байнгын давтамжтайгаар орлого олохыг байнгын шинжтэй орлого гэж үзнэ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт даатгуулагч болон ажил олгогч нь хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцон сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр зохицуулсан байгаа нь нийгмийн даатгалын шимтгэл нь сар бүр суутгагдах байнгын шинжтэйгээс гадна, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос буюу байнгын шинжтэй орлогоос тооцохоор зохицуулагджээ.
Иймд П ХХК нь ажиллагсдад олгосон хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос бүрэн тооцон нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөлгүй, цалингийн хэмжээг бууруулж нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлж даатгуулагчдын эрх ашгийг хохироосон зөрчил илэрсэн гэж үзэж нийгмийн даатгалын төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлэхээр, хугацаа хожимдуулсны алданги ногдуулж төлбөр тогтоосон улсын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Талууд актад хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу төлөлтийн хэмжээ, тооцоолол, алдангийн хувь хэмжээний талаар маргаагүй болно.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хүчин төгөлдөр болсон төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэрээр тогтоогдсон зөрчилд оногдуулсан захиргааны шийтгэлийг өршөөлд хамруулах тул 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн актаар оногдуулсан алдангийг энэ хуулиар өршөөн хэлтрүүлэх боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг баримтлан “Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0000209 дүгээр актыг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах” тухай П ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА