Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2021/0202

 

“ӨГА” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагч Ш.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 96 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “ӨГА” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Э, Ш.Г нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021  оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 96 дугаар шийдвэрээр:

“...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1 дэх хэсгийг баримтлан “ӨГА” ХХК-ийн нэхэмжлэлээр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Э, Ш.Г нарт холбогдуулан гаргаснаар, маргаан бүхий улсын байцаагчийн актаар оногдуулсан 96,674,090.84 төгрөгийн нөхөн татварыг 64,764,999.94 төгрөгөөр бууруулан тогтоож, үлдэх 30,909,090.90 төгрөгийн нөхөн татварыг хэвээр үлдээж ...” шийдвэрлэжээ.

Хариуцагч Ш.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө нар давж заалдах гомдолдоо:

“...Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй 5440319 татвар төлөгчийн дугаартай “ӨГА” ХХК-д холбогдох Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 96 дугаар шийдвэрийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн аваад дараах гомдлыг гаргаж байна.

ӨГА” ХХК-ийн 2012-2013 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх 24150600462 тоот Татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу Татварын улсын байцаагч О.Э, Ш.Г нар нь санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэл, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, татвар төлөгчийн ярилцлага зэрэгт үндэслэн хэсэгчилсэн шалгалт хийсэн. Татварын хяналт шалгалтаар бараа ажил үйлчилгээ худалдан аваагүй атлаа худалдан авалт гэж татварын тайлангаар хасалт хийсэн нь нотлогдсон.

Хүснэгтээр харуулбал:

Д/д

Татвар төлөгч

Огноо

Падааны дугаар

Зөрчлийн дүн

Нөхөн татвар

1.

“В” ХХК

 

 

309,090,909.08

30,909,090.91

2.

“Г” ХХК

2012.03.27

9863865

77,272,727.30

7,727,272.73

3.

“Б” ХХК

2012.03.01

4253684

9,304,545.50

930,454.55

4.

“С” ХХК

2012.11.30

12186459

40,090,909.09

4,009,090.91

5.

 

1216460

49,000,000.00

4,900,000.00

6.

“Д” ХХК

2012.11.30

11677849

363.636,364.00

36,363,636.40

7.

“ГБТТ” ХХК

2012.12.31

13038118

45,454,545.45

4.545,454.55

8.

“А” ХХК

2012.12.31

13278810

72,890,909.09

7,289,090.91

 

нийт

 

 

966,740,909.51

96,674,090.95

 

Татварын улсын байцаагч нар нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу татварын хүү, торгууль алданги бодоогүйг тэмдэглэж байна.

Маргаан бүхий Татварын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 240010886 дугаар актыг татвар төлөгч нь үл зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гаргасан боловч 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоол гарган актыг хуулийн үндэслэлтэй гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Татвар төлөгч нь дээрх зөрчлийг гаргаснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнасан гэж маргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж хүлээн авсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

1. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “... албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө”, 6 дугаар зүйлийн 6.3-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. Татвар төлөгч нь залруулгын тайланд худалдан авалт хэсэгт дээрх зөрчлийг тайлагнасан, мөн дээрх тайланг хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзвэл татвар төлөх орлого 96,674,090,56 /ерэн зургаан сая зургаан зуун далан дөрвөн мянга ерэн төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөгөөр буурч байна.

2. Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 2.1.1-д “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг гэх заалтыг зөрчин шийдвэрлэсэн. Татварын хяналт шалгалтын явцад Цагдаагийн ерөнхий газрын ЗБГХТГ-ын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 9д/2933 дугаар албан бичгээр татварын ерөнхий газрын дарга Б.А-д ирүүлсэн бичигт “... 201301000499 дугаар хэрэгт нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашигласан 2 дугаар хавсралтад дурдсан 175 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий хий бичилттэй падаан ашигласан аж ахуйн нэгжүүдэд татварын хяналт шалгалт хийж хариуг ирүүлэх, 175 сая төгрөгөөс доош үнийн дүн бүхий хий бичилттэй падаан ашигласан аж ахуйн нэгжүүдэд татварын хяналт шалгалт хийж татварын улсын байцаагчийн акт тавьж захиргааны арга хэмжээ авч тус тус шийдвэрлэх шаардлагатай байна”. Энэ нь нэхэмжлэгч болон нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашигласан аж ахуйн нэгжүүдийн зөрчил нь цагдаагийн байгууллагаар шалгагдан ил тод болсон байгааг харуулсан, мөн “В” ХХК-д холбогдох 482 дугаар, “Г” ХХК-д 119 дугаар прокурорын тогтоолд “А” ХХК-д холбогдох татварын улсын байцаагчийн акт, эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 199 дугаар шүүхийн шийдвэрээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаан тараасан нь нотлогдсон баримт байхад шүүх хуулийг буруу хэрэглэн тайлбарласан.

Шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг үнэлээгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтыг хууль буруу тайлбарлан нотлох баримт гэж үнэлсэн.

1. Татвар төлөгч нь эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын залруулгын тайлан ирүүлсэн гэх татварын албаны бар кодтой тайлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлснийг шүүх хүлээн авч нотлох баримт гэж үзэн шүүхийн шийдвэр гаргах ажиллагаанд ашигласан нь хууль бус болно. Учир нь нотлох баримтад захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна” гэх заалтыг дээрх нотлох баримтын шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй тайланг нотлох баримт болгон ашигласан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нотлох баримт гаргуулах хүсэлтийн дагуу Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга Д.М-ын ирүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Н/50 дугаар нууцын зэрэглэлтэй албан бичгийг нотлох баримт гэж үзээгүй. Уг албан бичигт “ӨГА” ХХК нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар бараа борлуулсны орлогод 37,227,272.73 /гучин долоон сая хоёр зуун хорин долоон мянга хоёр зуун далан хоёр төгрөг далан гурван мөнгө/ төгрөг тайлагнаж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу чөлөөлөгдөх албан татвар 3,722,727.27 /гурван сая долоон зуун хорин хоёр мянга хорин долоон мөнгө/ байна гэх албан бичгийг үгүйсгэн 65,765,000.00 /жаран таван сая долоон зуун жаран таван мянга/ төгрөгийг өршөөлийн хуульд хамруулах нь үндэслэлтэй гэж үзсэн.

3. Дээр дурдсан цагдаагийн байгууллагын албан бичиг, прокурорын тогтоол, шүүхийн шийдвэрийг хяналт шалгалтаар тогтоогдоогүй гэж үзэхдээ тухайн аж ахуйн нэгжүүдийн нэр шүүхийн шийдвэрт тодорхой тусгагдаагүй гэж үзсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэх заалтын дагуу цагдаагийн прокурор шүүхийн байгууллагаас нотлох баримт гаргуулах үүргээ биелүүлээгүй, нотлох баримтын эргэлзээг тайлах ямар ч ажиллагаа хийгээгүй зэрэг алдаа дутагдалтай шийдвэр гаргасан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 96 дугаар шийдвэрийг хүчингүй болгон өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “ӨГА” ХХК-аас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Э, Ш.Г нарын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 240010886 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 482 дугаар тогтоол болон 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 24150600462 тоот Татварын хяналт шалгалт хийх томилолт, Ерөнхий удирдамжийн дагуу “ӨГА” ХХК-ийн 2012-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ.” 14.4 дэх хэсэгт “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ”, 14.5 дахь хэсэгт “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж тус тус заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр 966,740,908.43 төгрөгийн зөрчил илрүүлж, 96,674,090.84 төгрөгийн нөхөн татварыг оногдуулжээ.

Үүнд нэхэмжлэгчээс Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль” гэж зааснаар 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааны татвар ногдуулах орлогыг нуун дарагдуулсныг сайн дураар зохих төрийн байгууллагад мэдүүлсэн тул хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөнө хэмээн Татварын улсын байцаагчийн 240010886 дугаар актыг хүчингүй болгуулахаар маргасныг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзал, маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон эсэх тухай дүгнэх замаар хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй.

Тодруулбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын үйл ажиллагаа, маргаан бүхий дүгнэлт нь хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, эсхүл зөрчигдөж болзошгүй талаар нотлох баримтыг цуглуулах бөгөөд тухайн баримтуудад үндэслэн, хууль тайлбарлах замаар маргааныг шийдвэрлэнэ.

Гэтэл анхан шатны шүүх тухайн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тодруулахад шаардагдах нотлох баримтыг цуглуулаагүй байна.

Татварын улсын байцаагчийн 240010886 дугаар актын үндэслэл болох нэхэмжлэгч “ӨГА” ХХК нь “2012 онд “В” ХХК-иас 309,090,909.08 төгрөг, 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 9863865 дугаартай падаанаар “Г” ХХК-иас 77,272,727.30 төгрөг, 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 4253684 дугаартай падаанаар “Б” ХХК-иас 9,304,545.50 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12186459 дугаартай падаанаар “С” ХХК-иас 40,090,909.09 төгрөг, 12186460 дугаартай падаанаар 49,000,000.0 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11677849 дугаартай падаанаар “Д” ХХК-иас 363,636,364.00 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 13038118 дугаартай падаанаар “ГБТТ” ХХК-иас 45,454,545.45 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 13278810 дугаартай падаанаар “А” ХХК-иас 72,890,909.09 төгрөгийн тус тус худалдан авалт”-ыг хийхдээ нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан ашиглан 2012 оны тайлангуудад албан татвар ногдох орлогыг бууруулж тооцсон эсэхийг нотлох баримтаар бүрэн тогтоох шаардлагатай байжээ.

Анхан шатны шүүхээс “2016 онд Прокурорын “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 482 дугаар тогтоолоор “В” ХХК-ийн хий бичилт бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглан худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт болох 30,909,090.9 төгрөгийн татвар төлөөгүй болохыг тогтоосны дараа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу сайн дураараа тайлагнасан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж зөв дүгнэж шийдвэрлэсэн.

Харин Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 9д/2933 тоот албан бичгийн хавсралтын “Хий бичилтэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашигласан аж ахуйн нэгжүүд”-ийн жагсаалтад буй “Г” ХХК, “ГБТТ” ХХК-иудын, мөн Татварын улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 24/0000223 тоот дүгнэлтэд  “А” ХХК-ийг татварын хууль тогтоомж зөрчсөн гэж дүгнэсэн байхад маргаан бүхий актад дурьдагдсан нэмэгдсэн өртгийн албан татварын ... дугаар бүхий падаануудыг энэхүү маргаанд хамааралгүй буюу хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан биш эсэхийг тогтоогоогүй атлаа ямар үндэслэлээр хуулийн хэрэгжилтэд хамааруулсан нь ойлгомжгүй.

Мөн улсын байцаагчийн маргаан бүхий актад бусад аж ахуйн нэгжийн тухайлбал, “Б” ХХК-ийн 4253684 дугаар, “С” ХХК-ийн 12186459 дугаар, 12186460 дугаар, “Д” ХХК-иас 11677849 дугаар, “ГБТТ” ХХК-ийн 13038118 дугаар падаануудаар тус тус худалдан авалт хийсэн гэж тайлагнасныг “... нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч бус этгээдээс худалдан авсан хий бичилт нь бэлтгэн нийлүүлэгч болон худалдан авагч талуудын үйлдсэн анхан шатны баримтаар нотлогдож байна” гэж хий бичилттэй, хуурамч падаан ашигласан гэж тодорхойлсон байхад шүүх Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу сайн дурын үндсэн дээр тайлагнасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шууд хангах боломжгүй.   

Учир нь дээрх хуулийн этгээдүүд хуурамч падаан үйлдэж орлого нуун дарагдуулсан талаар эрүүгийн журмаар хяналт шалгалт хийгдсэн эсэх, уг маргаанд хамаарах татварын хяналт шалгалт хийсэн бусад баримтуудыг гаргуулах нь маргаан бүхий актын хууль үндэслэлийг хянах, улмаар нэхэмжлэгчийн нуун дарагдуулсан падаануудыг холбогдох төрийн байгууллага, албан тушаалтан аливаа хяналт шалгалтаар тогтоож байсан эсэхийг тодруулах нь нэхэмжлэгч Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамаарах эсэхийг тогтооход ач холбогдолтой бөгөөд энэ талаар дурьдсан хариуцагчийн гомдлыг хүлээж авах үндэслэлтэй.

Нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчээс Нэмэгдсэн өртгийн албан татварын шинээр мэдүүлсэн тайланд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу сайн дураар нийт 1,118,359,740.91 төгрөгийг тайлагнасан байх бөгөөд эдгээр “Падааны жагсаалт”-ыг нотлох баримтаар авснаар дээрх Нэмэгдсэн өртгийн албан татварын дугаар бүхий падаануудыг шинэчлэн мэдүүлсэн эсэх, энэ үнийн дүнд багтаж байгаа эсэх, хариуцагчийн уг актаар илрүүлсэн зөрчил мөн эсэхийг тогтоох  шаардлагатай.

Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй бөгөөд маргааны үйл баримтуудыг нотлох баримтуудыг бүрэн цуглуулан нөхцөл байдлыг зөв тодорхойлуулсны үндсэн дээр анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зөв шийдвэр гаргах тул шийдвэрийг хүчингүй болгон, анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Үүнээс гадна маргаан бүхий “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 240010886 дугаар актыг хариуцагч Ш.Г, О.Э нар хамтран гаргасан байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Э-ыг татан оролцуулаагүй, хэдийгээр шүүх хуралдаанд хариуцагч Ш.Г “...О.Эн нь албан үүргээ гүйцэтгэхээ больсон...” хэмээн тайлбарлаж байх боловч энэ талаар баримт, О.Э-ны тайлбар хэрэгт огт авагдаагүй байна.

Мөн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 240010886 дугаартай Татварын хяналт шалгалтын актууд, санхүүгийн тайлан, татварын тайлангуудын хуулбар нотлох баримтын шаардлага хангахгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө нарт эрх үүрэг танилцуулсан болон нөлөөллийн мэдүүлгийн баримтад гарын үсэг зуруулаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Хариуцагч давж заалдах гомдолдоо “... “Г” ХХК-д 119 дүгээр прокурорын тогтоолд “А” ХХК-д холбогдох татварын улсын байцаагчийн акт, эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 199 дүгээр шүүхийн шийдвэрээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаан тараасан нь нотлогдсон баримт байхад шүүх хуулийг буруу хэрэглэсэн...” гэж дурьдаж байгаа боловч хариуцагч өөрөө энэхүү баримтыг хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлээгүй, эх сурвалжийг заагаагүй, өөрт байгаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 96 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА