Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2018/01108

 

Э.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

         2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/02657 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 634 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Э.Г

         Хариуцагч: Ч.Бд холбогдох

   Хамтран ажиллах гэрээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнийг тогтоолгож, 157.648.575 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

     Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Г 2014-01-29-ний өдөр Солонгос Улсын иргэн Нам Гео Хеотой зээлийн гэрээ байгуулж, 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцох нөхцөлтэйгөөр 60 сая төгрөг зээлүүлсэн. Зээлдэгч Нам Гео Хео нь дээрх 60сая төгрөгөөс гадна дахин 130 сая төгрөг зээлүүлэхийг Э.Гээс хүссэн. Үүний дагуу Э.Г Ч.Бтай харилцан тохиролцож, Э.Г 69 800 000 төгрөг, Ч.Б нь 60 200 000 төгрөгийг гарган нийлүүлж нийт 130 сая төгрөг бүрдүүлэн Нам Гео Хеогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэндмаатай 2014-06- 17-ны өдөр 2 сарын хугацаатай, cap бүр 5 хувийн хүүтэй,  алданги тооцох нөхцөлтэй Ч.Бы нэрээр зээлийн гэрээ байгуулж өгсөн. Ч.Б бид хамтарч өөр өөрсдийн мөнгөө нийлүүлж Нам Гео Хеод зээлдүүлсэн мөнгийг бүрдүүлсэн ба ийнхүү зээлийн гэрээнд тооцогдох хүүг ирээдүйд олох ашиг гэж үзэн хамтран ажиллах гэрээний харилцаанд орсон. Харин зээлдэгч тал дээрх хоёр зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх ёстой хугацаа бүгдийг нь хэтрүүлж улмаар 2014-01- 29-ний өдрийн Э.Г, Нам Гео Хео нарын хоорондын зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, алданги дээр 2014-06-17-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү. алдангийг нэмээд нийтдээ 319 450 000 төгрөг төлөх ёстой гэж тухайн үед талууд тооцож байсан. Хоёр зээлийн гэрээг нэгтгэж Ч.Бы дүү Г.Гэрэлт-Одын нэрээр мөн Р.Цэндмаатай 2015-01-07-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байдаг. Энэхүү зээлийн гэрээгээр зээлүүлсэн гэх мөнгөний дүн нь дээрх 319 450 000 төгрөг юм. Улмаар Нам Гео Хео нь зээлж авсан мөнгөө эргүүлэн төлөх үүргээ огт биелүүлэхгүй байсан учраас Э.Г нь Г.Гэрэлт-Одоос итгэмжлэл гаргуулан авч тухайн үеийн нэрээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд Р.Цэндмааг хариуцагчаар татан 319 450 000 төгрөг дээр түүний хүү, алдангийг нэмээд нийтдээ 335 422 500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хариуцагч Р.Цэндмаа нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 335 422 500 төгрөгт тооцон барьцааны орон сууцыг өгөхөөр эвлэрснийг шүүх баталсан. Гэтэл төлбөрт тооцон авсан орон сууцыг Ч.Б нь Э.Гийн хөрөнгө холилдсон байгаа гэдгийг мэдсээр байж ганцхан өөрийнхөө өмчлөлд шилжүүлэн авсан. Иймд Дүүргийн  шүүхийн 2015 оны 1830 дугаар захирамжаар Нам Гео Хеогоос 335 422 500 төгрөгийг гаргуулан Г.Гэрэлт-Одод олгохоор шийдвэрлэсэн мөнгийг Э.Г миний бие болон Ч.Б бид хувааж авах, үүнд Э.Г 47 хувь буюу 157 648 575 төгрөгийг Ч.Б 53 хувь буюу 177 773 925 төгрөгийг гэсэн байдлаар тус тус хувааж авах, хариуцагч Ч.Б нь төлбөр төлөгч Нам Гео Хеогоос гаргуулахаар шийдвэрлэсэн ба 335 422 500 төгрөгийн төлбөрт тооцон төлбөр төлөгчийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден Вилл хотхон, 102 дугаар байр, 1002 тоот, 185.35 м.кв талбайтай орон сууцыг шилжүүлэн авсан ба уг орон сууцнаас надад төлбөрт тооцож олгох ёстой байсан хэсгийг өгөлгүй бүгдийг ганцаараа авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болохыг тогтоож, 157 648 575 төгрөгийг Ч.Баас гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч  хариу тайлбартаа:  2015-01- 17-ны өдөр Э.Г нь Нам Гео Хео-д зээлийн гэрээ байгуулж, 60 сая төгрөг зээлсэн. Э.Г би 60 сая төгрөгийн Нам Гео Хео-д зээлчихсэн, мөнгөө аваагүй байгаа гэж хэлсэн бол уг орон сууцыг барьцаалж 130 сая төгрөг зээлэхгүй байсан. Тухайн үед би Нам Гео Хеогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэндмаатай 130 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, мөнгөө тэр өдөр нь бэлнээр Р.Цэндмаад өгсөн. 2015-01- 17-ны өдөр Э.Гийн 60сая төгрөгийн зээлийн гэрээний барьцаалбарт Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо Голден Вилл хотхоны 102 дугаар байр 1002 тоот 185,35 м.кв 5 өрөө орон сууц авагдаж үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдсэн байсан бол дахиад би 2014-06-17-ны 130 сая төгрөгийн барьцаанд уг эд хөрөнгийг бүртгэх боломжгүй байсан. Р.Цэндмаа нь надад Э.Г 60сая төгрөгийнхөө зээлийн гэрээний дагуу автомашиныг авсан тул маргаан бүхий байранд хамааралгүй гэдгийг бичиж өгсөн. Би 130 сая төгрөгийг Э.Гэд өгч, буцааж авч өгсөн зүйл байхгүй. Зээлийн гэрээний дагуу 130 сая  төгрөгийг Р.Цэндмаад бэлнээр 2014-06- 17-ны өдөр өгсөн, уг зээлийн 30 сая төгрөгийг Э.Гээс зээлээгүй. Би өөрийнхөө 130сая төгрөгийг Р.Цэндмаад гэрээ байгуулсан өдөр бэлнээр өгсөн. Солонгос Улсын иргэн Нам Гео Хеогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэндмаатай 2015 -01-07-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг Г.Гэрэлт-Од байгуулсан. Уг зээлийн гэрээгээр 130 сая төгрөгийн үндсэн зээл, хүү, алданги төлөх үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл, хүү, алдангийг нэмээд 319,450,000 төгрөг болсон. 2015-01-07-ны өдөр Р.Цэндмаатай гэрээ байгуулж, шүүхээр төлөхийг хүлээн зөвшөөрч шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу барьцааны хөрөнгө болох Голден Виллийн 5 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар худалдан борлуулах гэж оролдсон боловч зарагдаагүй, арга буюу би өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан. Учир нь би өөрийн бизнесийн хөрөнгө оруулалтын мөнгөө Р.Цэндмаад зээлүүлсэн байсан тул яаралтай эргэлтийн мөнгөтэй болох шаардлагатай учраас өөрийн найз Г.Гэрэлт-Одоос орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч тус орон сууцыг банкинд барьцаанд тавьж зээл авсан. Би өөрийн зээлүүлсэн мөнгөндөө уг орон сууцыг авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Э.Г болон Ч.Б нарын хооронд зээлийн болон хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/02657 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Э.Гийн нэхэмжлэлтэй, Ч.Бд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 946 193 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 534 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/02657 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Баас 29 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Гэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 127 848 575 төгрөг гаргуулах болон хамтран ажиллах гэрээ болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Ч.Баас улсын тэмдэгтийн хураамжид 306 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Гэд олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Э.Г 2014-01- 29-ний өдөр БНСУ-ын иргэн Нам Гео Хео зээлийн гэрээний харилцаанд орж хоёр сарын хугацаатай, сар бүр 5 хувийн хүүтэй,  алданги тооцох нөхцөлтэй 60сая төгрөг зээлүүлсэн.  Нам Гео Хео нь дээрх төгрөгөөс гадна дахин 130 сая төгрөг зээлүүлэхийг Э.Гээс хүссэн. Үүний дагуу Э.Г  Ч.Бтай харилцан тохиролцож Э.Г 69.800.000 төгрөг, Ч.Б нь 60.200.000 төгрөгийг гарган нийлүүлж нийт 130 сая төгрөг бүрдүүлэн Нам Гео Хеогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэндмаатай 2014-06-17-ны өдөр хоёр сарын хугацаатай, сар бүр 5 хувийн хүүтэй, алданги тооцох нөхцөлтэйгөөр Ч.Бы нэрээр зээлийн гэрээ байгуулж зээлүүлсэн. Ч.Бы нэрээр зээлийн гэрээ байгуулах болсон үндэслэл нь зээлдэгч нэг барьцаа хөрөнгөтэй байсан ба Э.Гийн хувьд Ч.Бд итгэсэн явдал байсан. Ч.Бы хувьд 2014-06-17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Э.Гийн оруулсан 69,8сая  төгрөгийн 40 сая төгрөгийг өөрөөсөө Э.Гэд өгч уг зээлийн гэрээнд Э.Гийн оруулсан үндсэн мөнгөний үлдэгдэл дүн 29.8 сая төгрөг болсон. Харин зээлдэгч тал дээрх хоёр зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх ёстой хугацааг бүгдийг нь хэтрүүлж улмаар 2014-01-29-ний өдрийн Э.Г, Нам Гео Хео нарын хоорондын зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, алданги дээр 2014-06-17-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, алдангийг нэмээд нийтдээ 319.450.000 төгрөг төлөх ёстой гэж тухайн үед талууд тооцож байсан байх ба дээрх хоёр зээлийн гэрээг нэгтгэж Ч.Бы дүү Г.Гэрэлт-Одын нэрээр мөн Р.Цэндмаатай 2015-01-07-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байдаг. Энэхүү зээлийн гэрээгээр зээлүүлсэн гэх мөнгөний дүн нь дээрх 319.450.000 төгрөг юм. Улмаар Нам Гео Хео нь зээлж авсан мөнгөө эргүүлэн төлөх үүргээ огт биелүүлэхгүй байсан учраас Э.Г нь Г.Гэрэлт-Одоос итгэмжлэл гаргуулан авч тухайн үеийн нэрээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд Р.Цэндмааг хариуцагчаар татан 319.450.000 төгрөг дээр түүний хүү, алдангийг нэмээд нийтдээ 335.422.500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж хариуцагч Р.Цэндмаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 335.422.500 төгрөгт тооцон барьцааны орон сууцыг өгөхөөр эвлэрснийг шүүгч баталж, 2015 оны 1830 дугаартай захирамж гаргасан байдаг. Гэтэл төлбөрт тооцон авсан орон сууцыг Ч.Б нь Э.Гийн хөрөнгө холилдсон байгаа гэдгийг мэдсээр байж ганцхан өөрийнхөө өмчлөлд шилжүүлэн авсан байх ба Э.Гэд ногдох хөрөнгийг ялгаж салгаж өгөхгүй байгаагаас өнөөдрийн энэхүү маргаан үүсээд байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2017-12-01-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд 183/ШШ2017/02657 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг бид эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргасан. Давж заалдах шатны шүүх гомдлыг хянан үзээд 2014-06-17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Ч.Б, Нам Гео Хео-д 130 сая төгрөг шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн боловч үүнээс 69.8 сая төгрөг шилжүүлэх үүргийг Э.Г гүйцэтгэсэн бөгөөд харин дараа нь Э.Гэд Ч.Б нь 40сая төгрөгийг буцаан олгон, үлдэгдэл 29.8 сая төгрөг төлөгдөөгүй үлдэгдэлтэй байна гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Энэхүү 29.8 сая  төгрөгийг хариуцагчаас гаргуулах шийдвэртэй миний хувьд санал нэг байгаа боловч нэхэмжлэлийн үлдэх хэсгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ИХШХШТХ-ийн  116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй буюу талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг бүрэн тогтоогоогүй, мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнээгүй, үнэлээгүй, анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болох нь илэрхий байна. Нэхэмжлэгч Э.Гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь дор дурдсан байдлаар нотлогдож байгаа болно. Үүнд: Нам Гео Хео-д 2014-01-29-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 60 сая төгрөг зээлүүлсэн факт, Ч.Бы нэрээр байгуулсан 2014-06-17-ны өдрийн зээлийн гэрээнд өөрийн 29.800.000 төгрөгийг оруулж Ч.Бтай хамтран Нам Гео Хео-д мөнгө зээлүүлж нийт 89.800.000 төгрөг зээлүүлсэн факт, Ч.Бы 100 сая төгрөг, түүний хүү, алданги болон Э.Г 89.800.000 төгрөг түүний хүү, алдангийг нэгтгээд нийтдээ 319.450.000 төгрөгийн мөнгөн дүнгээр Г.Гэрэлт-Одын нэрээр төлөөлөгч Р.Цэндмаатай зээлийн гэрээ байгуулсан факт, Э.Г нь Г.Гэрэлт-Одоос итгэмжлэл авч дээрх 319.450.000 төгрөг, түүний хүү, алдангийг нэмээд нийт дүнгээрээ 335.422.500 төгрөгийг нэхэмжлэн шүүхэд хандаж, Р.Цэндмаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлбөрт нь Нам Гео Хеогийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 1-р хороо, Голден Вилл хотхон /13380/, Денверийн гудамж, 102 дугаар байрны 1002 тоот хаягтай, 185,35 метр квадрат талбай бүхий, 5 өрөө орон сууцыг тооцож өгөхөөр эвлэрснийг шүүгч баталсан факт, Уг орон сууцыг Ч.Б нь Г.Гэрэлт-Одоос өөрийнхөө өмчлөлд шилжүүлэн авсан факт, Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Э.Гтэй мөнгөө нийлүүлж Нам Гео Хеод зээлүүлсэн гэдгийг үгүйсгэсэн тайлбар хэлдэг боловч үүнээс гадна Э.Г нь Нам Гео Хеогийн өмчлөлийн янз бүрийн машин механизм, тоног төхөөрөмжийг зээлийн төлбөртөө тооцон ганцаараа авсан гэж тайлбарлаж байгаа нь хоорондоо шууд зөрчилдөж байна. Тодруулбал, Э.Г зээлийн төлбөртөө машин, тоног төхөөрөмж авсан гэж тайлбарлаж байгаа нь Э.Г нь Нам Гео Хео-д мөнгө зээлүүлсэн гэдгийг Ч.Б хүлээн зөвшөөрөөд байна гэсэн үг. Ийнхүү бүгд нотлох баримтаар нотлогдож байгаа болно. Харин хариуцагч Ч.Б нь өөрийн татгалзлаа нотлох баримтаар нотолж чадаагүй, нотлох баримт бараг гаргаж өгөөгүй болно. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2014-01- 29-ний өдрийн 60 сая төгрөгийн зээлийн гэрээний тухайд уг зээлийн гэрээний харилцаанд Ч.Б оролцоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх ба энэ нь Иргэний хуулийн  492.1, 492.1.1-р нэхэмжлэлийг хангах  хуульд заасан зохицуулалтыг хэрэглээгүй.  Ч.Бы хувьд дээрх зээлийн гэрээнүүдийн үндсэн төлбөр болон тэдгээрийн хүү алдангийг хамтад нь авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байгааг шүүх анхаарна гэдэгт итгэж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2014-06-17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Ч.Бы өмнөөс Э.Г төлбөр гүйцэтгэсэн байгаа нь Иргэний хуулийн 496-р Ч.Баас 29.800.000 төгрөгийг гаргуулж Э.Гэд олгохоор шийдвэрлэсэн нь зөв боловч Ч.Баас гаргуулах мөнгөн дүнг тооцохдоо Иргэний хуулийн 493, 493.2-г хэрэглээгүй нь буруу. Учир нь Ч.Б уг 29.800.000 төгрөгт ногдох хүү алданги 18,622,8421 төгрөг нийт 48,422,8421 төгрөгийг өөртөө авч үлдэж байгаа нь мөн л үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн явдал бөгөөд үүнийг Ч.Баас гаргуулж Э.Гэд олгох нь зүйтэй гэж ойлгож байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Ч.Баас 157,648,575.00 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

       Хариуцагчийн өмгөөлөгч гомдолдоо: Магадлалд “Харин 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ч.Б болон Нам Гео Хеогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэндмаа нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 130 000 000 төгрөг шилжүүлэх үүрэг Ч.Бд үүссэн байх бөгөөд уг мөнгөн хөрөнгөнөөс Э.Г нь 2014 оны 06 сарын 17-ны өдөр 69 800 000 төгрөгийг Р.Цэндмаад дансаар шилжүүлсэн болох нь төлбөрийн баримт болон дансны хуулга, гэрч Р.Цэндмаагийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна” гэж дүгнэснийг  зөвшөөрөхгүй. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянахдаа нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнэлгүйгээр, нэг талыг барьсан дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Хавтаст хэргийн 65, 79,123 дүгээр талд авагдсан гэрчийн мэдүүлэг тайлбар зэргээр Ч.Б нь өөрийн 100 хувийн хөрөнгийг Нам Гео Хео-д зээлдүүлсэн болох нь нотлогддог. Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, нэхэмжлэлийн шаардлагаас 29 800 000 төгрөгийг Э.Гэд олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Э.Г 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ч.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, үндэслэлгүй хөрөнгөжсөнийг тогтоолгох, 157.648.575 төгрөг гаргуулахыг шаардсан байна.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэлээс 29,800,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

      Хяналтын шатны шүүхэд гаргасан зохигч нарын гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Э.Г  2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Солонгос Улсын иргэн Нам Гео Хео /NAM GYO HEUY/-д 60 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, алданги тооцох нөхцөлтэй зээлүүлж, үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден Вилл хотхоны 102 дугаар байр, 1002 тоот 5 өрөө орон сууцыг барьцаалсан, ба барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй нь тогтоогджээ.

      Ч.Б нь Нам Гео Хео /NAM GYO HEUY/-н төлөөлөгч Р.Цэндмаад 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 130 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, алданги тооцох нөхцөлтэй зээлүүлж, үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден Вилл хотхоны 102 дугаар байр, 1002 тоот  5 өрөө орон сууцыг барьцаалсан нь нотлогдсон байна. 

       Түүнчлэн, Г.Гэрэлт-Од, Р.Цэндмаа нар 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр  тохиролцон, 335,422,500 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден Вилл хотхоны 102 дугаар байр, 1002 тоот 5 өрөө орон сууцаар хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1830 дугаар захирамжаар баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

       Г.Гэрэлт-Од, Р.Цэндмаа нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан гэрээ нь 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Э.Г, Нам Гео Хео нарын хооронд, 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ч.Б, Р.Цэндмаа нарын хооронд тус тус байгуулагдсан зээлийн гэрээг нэгтгэсэн улмаар  зохигч нар  мөнгө зээлүүлэх  замаар хамтран ажилласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 40, 476, 477 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

       Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс 29,800,000 төгрөгийн шаардлагыг хангахдаа нотлох баримтад үндэслэсэн байх тул магадлалын дүгнэлт Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзлээ.

       Дээр дурдсан үндэслэлээр зохигч талуудын гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 634 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, зохигч талуудын гомдлыг хангахгүй орхисугай.  

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 797.193 төгрөг, хариуцагчаас  2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 306.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ