Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2017/01139

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 17 өдөр

         Дугаар 183/ШШ2017/01139

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Твин парк цогцолбор хотхоын өөрийн байранд байрлах, “Твин парк” СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Твин парк цогцолбор хотхоны 101 дүгээр байр, 101 тоотод оршин суух, Боржигон овогт Бадарчийн Энхбаяр  /Регистрийн дугаар:ВМ75101818/-д холбогдох 

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 1,699,100 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Отгончимэг оролцов. 

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                               

                                                                                              

Нэхэмжлэгч “Твин парк” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Энхбаяр нь 2015 оны 02 дугаар сараас 2017 оны 03 дугаар сар хүртэл нийт 25 сарын төлбөр, нийт 1,693,900 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд түүнд Иргэний хуулийн болон СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн зарим зүйл заалтуудад заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэх хуудсаар удаа дараа мэдэгдсэн. Хариуцагч Б.Энхбаяр нь хотхоны бусад сууц өмчлөгчдийн нэгэн адил дундын өмчлөлийн гэрэлтүүлэг, хог хаягдал, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ зэрэг дундын өмчлөлтэй холбоотой эд зүйлсийг хүссэн, эс хүссэн ч хамтран эзэмшиж, ашигласаар байгаа боловч сууц өмчлөгчдийн холбоонд төлбөл зохих төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрлсэн болно. 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Твин парк” цогцолборын нийт оршин суугчдын хурлын тогтоолоор сууц өмчлөгчдийн СӨХ-ны төлөх төлбөрийг 65,150 төгрөгөөр тогтоосон байдаг. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.8, СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасныг тус тус баримтлан Б.Энхбаяраас 2015 оны 02 дугаар сараас 2017 оны 03 дугаар сар хүртэл нийт 25 сарын төлбөр 1,693,900 төгрөг, нотариатын зардал 5,200 төгрөг, нийт 1,699,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түмэннаст, Б.Отгонжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ болон хүсэлтдээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,699,100 төгрөгнөөс 750,500 төгрөгийг татгалзаж, хариуцагч үлдэх 948,600 төгрөгийг 2017 оны 5 дугаар сард 300,000 төгрөг, 6 дугаар сард 300,000 төгрөг, 7 дугаар сард 348,600 төгрөгийг тус тус төлж, төлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд биднийг байлцуулахгүйгээр эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Зохигчид бид эвлэрэн хэлэлцэж байгаа тул шүүх хуралдаанд биднийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                                                                                                                                             

 

Нэхэмжлэгч “Твин парк” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонжаргал нь хариуцагч Б.Энхбаярт холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 1,699,100 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,699,100 төгрөгнөөс 750,500 төгрөгийг татгалзаж, хариуцагч үлдэх 948,600 төгрөгийг 2017 оны 5 дугаар сард 300,000 төгрөг, 6 дугаар сард 300,000 төгрөг, 7 дугаар сард 348,600 төгрөгийг тус тус төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрэв.

Талуудын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:                                                                                                  

 

1.“Твин парк” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонжаргалын нэхэмжлэлтэй Б.Энхбаярт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,699,100 төгрөгнөөс 750,500 төгрөгийг татгалзаж, хариуцагч үлдэх 948,600 төгрөгийг 2017 оны 5 дугаар сард 300,000 төгрөг, 6 дугаар сард 300,000 төгрөг, 7 дугаар сард 348,600 төгрөгийг тус тус төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,136 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27,316 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           

            3.Зохигчид энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

            4.Энэ захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             О.ОДГЭРЭЛ