Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1377

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01103/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 4 дүгээр баг, ***тоотод оршин суух Б*** Э*** /РД: ***/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суух Т*** О*** /РД: ***/-т холбогдох,

 

"Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээлийн төлбөр нийт 7,950,000 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, хариуцагч Л.О***, хариуцагчийн өмгөөлөгч Д.Гүнсмаа, гэрч Ш.Э*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Э*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.О***т итгэлцлэлийн үүднээс 2013 оны 04 сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг, 2013 оны 07 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 6,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Анх мөнгө зээлүүлэхдээ 2013 оны 12 дугаар сард байрны лизингэд орно гэж анхааруулж байсан. Уг мөнгийг авахдаа сар бүр 710,000 төгрөг өгнө гэж байсан боловч 340,000 төгрөгийг 3 сар өгсөн, мөн 200,000 төгрөгийг 2 сар өгсөн. 2013 оны 08 дугаар сард надаас мөнгө олж өгөхийг хүсч дээрх мөнгийг банкнаас гаргуулж авч байсан. Иймд энэ хүнд өгсөн 10,000,000 төгрөг, зээлийн хүүд 1,546,589 төгрөг, нийт 11,546,589 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Э*** болон түүний өмгөөлөгч Ө.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа 7,950,000 төгрөг болгон багасгаж байна. 2013 онд нийт 10,000,000 төгрөгийг хариуцагч Л.О***т зээлүүлсэн бөгөөд 2013 оны 08 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2013 оны 09 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2013 оны 10 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сард 200,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сард 200,000 төгрөг тус тус буцаан авсан. Мөн Л.О***ийн зарж байсан хувцаснаас нийт 600,000 төгрөгийн хүүхдийн хувцас авсан нь үнэн. Иймээс нийтдээ Л.О***ээс нийт 2,050,000 төгрөгийг буцаан авсан байгаа тул үүнийгээ үндсэн зээл 10,000,000 төгрөгөөс хасч тооцож, үлдэгдэл 7,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүхэд гаргасан хүү гэж  нэхэмжилсэн 1,546,589 төгрөгөөсөө татгалзаж байна.” гэв.

 

Хариуцагч Л.О*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Э*** нь манай том хүүгийн найз байгаа юм, манайд амьдарч байсан гэхэд болно. 2013 оны 4 сарын эхээр Г.Э*** над дээр ирээд би Юнигазаас ашиг унагаасан юм аа, хүнд хүүтэй зээлүүлмээр байна, таньд хүүтэй зээлүүлчих хүн байна уу, та зээлүүлээд өгөөч гээд надад 3,000,000 төгрөг авчирч өгсөн. 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хойшоо бараанд явдаг Э*** гээд эгчтэй уулзаад Э*** эгчид тэр мөнгийг нь би өгсөн. 2013 оны 7 дугаар сард надад дахин 7,000,000 төгрөг өгсөн. Г.Э*** нь өөрөө л надад мөнгө санал болгодог байсан. Тэгээд 7,000,000 төгрөгийг нь дахиад Э*** т зээлүүлсэн байгаа. Э***ын өгсөн мөнгийг Э*** эгчид өгсөн гэдгээ тухай бүр Э***ад хэлдэг байсан, Э***ад би сар сард нь мөнгийг нь өгч байсан, авсан өгсөн дээрээ алдаад буруу яриад байх шиг байна. Нийт 10,358,000 төгрөгийг би Г.Э***ад буцаан өгсөн. Э*** нь нийт 8 удаагийн үйлдлээр 762,000 төгрөгийн хүүхдийн хувцас надаас авсан. Энэ нь дээрх Э***ад өгсөн гэх 10,358,000 төгрөгийн тооцоонд орсон байгаа. Харин ч хохирогч нь би болчихоод байна, би Э***аас авсан мөнгөө Э*** гэж хүнд л өгдөг байсан. Г.Э***ын одоо надаас нэхэмжилж байгаа 7,950,000 төгрөгийг өгөх үндэслэл байхгүй, би Э***ад ямар ч өр төлбөр байхгүй” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Гүнсмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна,  хариуцагч О***ийн мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгээр Э*** 10,000,000 төгрөгийг О***т өгсөн болох нь нотлогдож байна. Э*** нь О***т хэзээ хэдэн төгрөгийг хэдэн удаагийн үйлдлээр өгсөн гэдгээ нотолж чадахгүй байна. Э***ын банктай байгуулсан зээлийн гэрээ нь нотлогдохгүй байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэл шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Э*** нь анх шүүхэд нийт 11,546,589 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 7,950,000 төгрөгийг хариуцагч Л.О***ээс гаргуулахаар шаардлага гаргаж байна.

 

Хариуцагч Л.О*** нь Г.Э***аас нийт 10,000,000 төгрөгийг өөрөө хүлээн авсан нь үнэн боловч цааш нь Ш.Э*** гэх хүнд дамжуулан өгсөн бөгөөд Г.Э***ад нийт 10,358,000 төгрөгийг буцаан төлсөн байх тул одоо төлөх төлбөргүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

 

Мөн хариуцагч нь 10,000,000 төгрөгийг Ш.Э*** т дамжуулан өгч байгаа талаараа Г.Э***ад мэдэгдэж байсан бөгөөд Г.Э***ын хүнд хүүтэй мөнгө зээлүүлмээр байна гэсэн хүсэлтийн дагуу Ш.Э*** тэй холбож өгсөн, надад өөрт Г.Э***аас мөнгө зээлэх шаардлага байгаагүй гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч Г.Э*** нь 2013 онд хариуцагч Л.О***т нийт 10,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

 

Харин хариуцагч Л.О*** мөнгийг хүлээн авсан нь үнэн боловч цааш нь дамжуулан Ш.Э*** т өгсөн үүнийг Г.Э*** мэдэж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч түүний шүүх хуралдаанд гаргасан “... би Ш.Э*** т 10,000,000 төгрөгийг Г.Э***аас авч өгсөн бөгөөд Ш.Э*** ээс нийт 3,700,000 төгрөг буцаан авч Г.Э***ад хүлээлгэн өгсөн, мөн өөрөөсөө хүүхдийн хувцасны үнийг тооцон нийт 6,658,000 төгрөгийг Г.Э***ад буцаан төлсөн байна” гэсэн тайлбар, гэрч Ш.Э*** ийн шүүх хуралдаанд гаргасан “Би Л.О***ээс 10,000,000 төгрөгийг зээлж авсан. Г.Э***ыг танихгүй, сүүлд нь манай хүүхдийн таньдаг хүүхэд гэж мэдсэн, Л.О*** түүнээс мөнгө авч надад өгсөн гэж хэлж байсан. Түүнээс Г.Э***аас би мөнгө аваагүй. Би Л.О***т нийт 3,700,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл мөнгөө өөр хүнээс авах ёстой, өрөнд ороод мөнгөө өгч чадахгүй байна” гэсэн тайлбар зэргээс дүгнэхэд Г.Э***, Л.О*** нарын хооронд 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ амаар байгуулагдсан байна гэж үзэхээр байна.

Мөн гэрч А.К*** шүүхэд өгсөн “О*** эгч Э***аас мөнгө зээлээд 10,000,000 төгрөгийг Э*** эгчид зээлсэн.... О*** эгч Э***ад хүүний мөнгө өгөх гэсэн чинь мөнгө дутаад байна гэж хэлээд надаас 4 удаа нийт 500,000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Наранцэцэгийн “... Ш.Э*** т мөнгө хэрэгтэй болсон гээд О*** эгчээр дамжуулан мөнгө зээлж авч байсан. ... Нийт 10,000,000 төгрөг зээлж авч байсныг би харсан. Дараа нь Г.Э*** нь хэд хэдэн удаа О*** эгчээс зээлдүүлсэн мөнгөө нэхдэг байсан. ..” гэсэн мэдүүлэг зэргээр Г.Э***, Л.О*** нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл Г.Э***, Л.О*** нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д: “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч Г.Э*** нь 10,000,000 төгрөгийг хариуцагч Л.О***т шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн байна.

 

Хариуцагч Л.О*** нь нийт 10,358,000 төгрөгийг буцаан төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй, хариуцагч нь энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул  нэхэмжлэгчийн тайлбараар нийт 2,050,000 төгрөгийг Л.О*** нь буцаан төлсөн байна гэж үзэх нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч Г.Э*** нь хариуцагч Л.О***ээс зээлийн төлбөрийн үлдэгдэл 7,950,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг цүглуулах, шүүхэд гаргаж өгөх нь зохигчдын үүрэг юм.

 

Хариуцагч Л.О*** нь нэхэмжлэгч Л.Э***ад нийт 762,000 төгрөгийн үнэ бүхий хүүхдийн хувцас өгсөн гэж, нэхэмжлэгч Г.Э*** нь Л.О***ээс 600,000 төгрөгийн хувцас авсан бөгөөд энэ нь нийт буцаан авсан зээлийн төлбөрт ороод 2,050,000 болж байгаа гэж тайлбарладаг боловч шүүх хуралдаан дээр хувцасны үнийн зөрүү 162,000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тул нийт нэхэмжилсэн 7,950,000 төгрөгийн шаардлагаас 162,000 төгрөгийг хасч үлдэх хэсэг болох 7,788,000 төгрөгийг хариуцагч Л.О***ээс гаргуулж, нэхэмжлэгч Ш.Э***ад олгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Гүнсмаа нь шүүх хуралдаан дээр зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарладаг болно.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.

Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т: “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан... үеэс үүснэ” гэж заажээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд тодорхой хугацаа заагдаагүй бөгөөд Л.О*** нь Г.Э***ад буцаан төлсөн зээлийн төлбөрийг 2013 оны 08 дугаар сараас 2014 оны 12 дугаар сар хүртэл төлж байсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч Л.О***ийн шүүхэд гаргасан Г.Э***ад төлсөн төлбөрийн тооцоо тайлбар, хувийн данс хөтөлдөг дэвтрийн тэмдэглэгээ зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар заасан бөгөөд хариуцагч Л.О*** нь дээр дурдсанаар зээлийн төлбөрөөс хамгийн сүүлд 2014 онд төлөлт хийсэн байдлаас үзэхэд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2014 оноос буюу сүүлийн төлөлт хийснээс хойш тоолохоор байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж дүгнэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Л.О***ээс нийт 7,788,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Э***ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 162,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Э***аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200,000 төгрөгөөс 199,695 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 385 төгрөгийг Төрийн сангийн данснаас, хариуцагч Л.О***ээс улсын тэмдэгтийн хураамжид 139,558 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Э***ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            М.ОЮУНЦЭЦЭГ