Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 9

 

Г.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01103/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1377 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч Боржигон овогтой Г-ын Э-ын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч Тоос овогтой Л-ын О-т холбогдох

         “Зээлийн үүргийн төлбөр 11.546.589 төгрөг гаргуулах” иргэний хэргийг

          Хариуцагчийн өмгөөлөгч Д.Гүнсмаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Ө.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Гүнсмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Э-аас:

           Л.О-т итгэлцлэлийн үүднээс 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 3.000.000 төгрөг, 2013 оны 07 сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 6.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг зээлүүлсэн. Анх мөнгө зээлэхдээ 2013 оны 12 дугаар сард байрны лизингэд орно гэж байсан. Уг мөнгийг авахдаа сар бүр 710.000 төгрөг өгнө гэсэн боловч 340.000 төгрөгийг 3 сар өгсөн, мөн 200.000 төгрөгийг 2 сар өгсөн. 2013 оны 08 дугаар сард надаас мөнгө олж өгөхийг хүсэхэд нь би банкнаас мөнгө зээл өгч байсан. Л.О-т өгсөн 10.000.000 төгрөг, зээлийн хүү 1.546.589 төгрөг, нийт 11.546.589 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзоригоос:

Нэхэмжлэлийн шаардлагаа 7.950.000 төгрөг болгон багасгаж байна. Нэхэмжлэгч 2013 онд нийт 10.000.000 төгрөгийг хариуцагч Л.О-т зээлүүлсэн. Л.О-ээс 600.000 төгрөгийн хүүхдийн хувцас авсан. Л.О-ээс 2.050.000 төгрөгийг буцаан авсан байгаа тул үүнийгээ зээл 10.000.000 төгрөгөөс хасч тооцож, үлдэгдэл 7.950.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 7.950.000 төгрөг болгон багасгажээ. Шүүхэд хүү гэж нэхэмжилсэн 1.546.589 төгрөгөөсөө татгалзаж байна гэсэн тайлбарыг  гаргажээ.

Хариуцагч Л.О-ээс:

Г.Э- хүнд хүүтэй мөнгө зээлүүлмээр байна та зээлүүлээд өгөөч гэж хэлээд надад 2013 оны 4 сарын эхээр 3.000.000 төгрөг авчирч өгсөн. 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр би Ш.Эрдэнэчимэгт тэр мөнгийг нь өгсөн. 2013 оны 7 дугаар сард надад дахин 7.000.000 төгрөг өгснийг дахиад Ш.Эрдэнэчимэгт зээлүүлсэн. Г.Э-ад би сар сард нь мөнгийг нь өгч нийт 10.358.000 төгрөгийг  буцаан өгсөн. Г.Э- нь нийт 8 удаагийн үйлдлээр 762.000 төгрөгийн хүүхдийн хувцас надаас авсан. Энэ нь Г.Э-ад өгсөн 10.358.000 төгрөгийн тооцоонд орсон. Г.Э-ын одоо надаас нэхэмжилж байгаа 7.950.000 төгрөгийг өгөх үндэслэл байхгүй гэж шүүхэд тайлбар гаргасан байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Гүнсмаагаас:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Л.О-ийн мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгээр Г.Э- 10.000.000 төгрөгийг Л.О-т өгсөн болох нь нотлогдож байна. Г.Э- нь Л.О-т хэзээ хэдэн төгрөгийг хэдэн удаагийн үйлдлээр өгсөн гэдгээ нотолж чадахгүй байна. Г.Э-ын банктай байгуулсан зээлийн гэрээ нь нотлогдохгүй байгаа учраас нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн тайлбарыг шүүхэд гаргасан.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1377 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Л.О-ээс нийт 7.788.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Э-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 162.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200.000 төгрөгөөс 199.695 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 385 төгрөгийг Төрийн сангийн данснаас, хариуцагч Л.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 139.558 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Э-ад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Гүнсмаа давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгүүдэд үндэслэлтэй дүгнэлт хийж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулж уялдуулалгүйгээр хэт нэг талын тайлбарыг баримталж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч Л.О- 10.358.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн гэж тайлбарладаг боловч энэ нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа сайн нотолж чадахгүй хэзээ хэдэнд мөнгө зээлдүүлсэн, зээлийн хүүгээ хэзээ, хэдийд авсан гэдгээ нарийн тогтоож чадахгүй байхад шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийж, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэн 2014 оны 12 дугаар сард шаардах эрх үүссэн гэж үзсэн нь бодит байдалд нийцээгүй байх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэсэн хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр хуулийг буруу хэрэглэж тайлбарлан үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж, хариуцагчаар зээлийн зарим хэсгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан  шаардлагыг хангасан байна.  

Нэхэмжлэгч Г.Э- хариуцагч Л.О-т холбогдуулан зээлийн үүргийн төлбөр11.546.589 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаж 7.950.000 төгрөг болгосон байна.

Хариуцагч Л.О- нь Г.Э-аас 10.000.000 төгрөг хүлээж авч түүнийгээ Ш.Эрдэнэчимэг гэгчид дамжуулан өгсөн гэх бөгөөд Г.Э-ад 10.358.000 төгрөгийг буцаан төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зохигчид зээлийн гэрээг амаар байгуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

Л.О- нь нэхэмжлэгчид сар сард нь мөнгийг нь өгч нийт 10.358.000 төгрөгийг буцаан өгсөн гэж тайлбарладаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт “татгалзлын үндэслэлээ нотолж, нотлох баримт гаргах” гэж заасан үүргээ хариуцагч биелүүлж татгалзсан үндэслэлээ шүүхэд нотлоогүй байна.

Хариуцагч давж заалдсан гомдлын үндэслэлдээ анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгүүдэд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн нь бодит байдалд нийцээгүй гэжээ.

1. Анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгийг хэрхэн үнэлсэн дүгнэлтээ шийдвэрт дурдсан бөгөөд дээрх мэдүүлгүүд нь маргааны үйл баримтыг хангалттай нотлоогүй талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Л.О- 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 350.000 төгрөг, 2013 оны 09  дүгээр сарын 25-ны өдөр 350.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 350.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сард 200.000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сард 200.000 төгрөг тус тус бэлнээр,  600.000 төгрөгийн хүүхдийн хувцсыг Г.Э-ад өгч байсан талаар тайлбарлажээ.  

Үүнээс үзэхэд:

Хариуцагч 2013 оны 8, 9, 10, 12 саруудад, 2014 оны 1 дүгээр сард, мөн зээлийн төлбөрт нэхэмжлэгч хүүхдийн хувцас тооцож өгч байсан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “...урьдчилгаа төлөх... буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана...” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан нь мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй хугацааг дахин шинээр эхлэн тоолох боломжтой.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрх хугацааг хэтрүүлээгүй.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1377 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139.600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

         3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ                        

                                          ШҮҮГЧИД                                                 С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                            С.ОЮУНЦЭЦЭГ