Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2019/0366/з |
Дугаар | 221/МА2021/0219 |
Огноо | 2021-05-11 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2021/0219
“ЖПФ” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, гомдол гаргагчийн өмгөөлөгч О.Б, хариуцагч Ц.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Я.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “ЖПФ” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Д.Г, Ц.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаар шийдвэрээр:
“... Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасныг тус тус баримтлан “ЖПФ” ХХК-иас Татварын ерөнхий газрын хяналт шалгалт арга зүйн газрын Татварын улсын байцаагч Д.Г, Ц.Б нарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагчийн 2019 оын 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0302853 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ...” шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч О.Б давж заалдах гомдолдоо:
“...Шүүх “ЖПФ” ХХК-ийн гомдолтой Татварын ерөнхий газрын улсын байцаагч Д.Г, Ц.Бн нарт холбогдох зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль бус оролцогч оролцуулсан, Захиргааны хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийг хуулийг зөрчсөн, Зөрчлийн тухай болон Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн шүүхийн шийдвэр гаргасан байна.
Нэг: Шүүх хууль бус оролцогч оролцуулсан тухайд:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч талаас Татварын Ерөнхий газрын улсын байцаагч Ц.Б болон Д.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Я.А, Х.Э нарыг оролцуулсан бөгөөд энэ нь хууль бус юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна” гэж заажээ.
Энэ нь үгийн болон хууль тогтоогчийн хуульчлан зааснаар хариуцагч тал эсвэл өөрийн өмнөөс төлөөлөгчөө оролцуулах зохицуулалт бөгөөд шууд утгаараа нэхэмжлэгч талын хариуцагч гэж тодорхойлсон этгээд өөрөө эсвэл хуульд зааснаар төлөөлөгчөө оролцуулах тухай зохицуулалт юм.
Гэтэл шүүх хариуцагч талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байна”, мөн зүйлийн 27.4.3-д “хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх”, 27.4.5-д “Итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах”, 27.5-д “Энэ хуулийн 27.4-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна” гэсэн заалтыг зөрчсөн хууль бус этгээдийг оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байгааг хэлсээр байхад шүүх тэднийг оролцуулж хууль зөрчсөн болно.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тэгш эрхтэй буюу тэгш боломжтой байх зарчмыг хангах нь шүүхийн үүрэг бөгөөд энэ тэгш эрхийн зарчмаас улбаалан тэгш боломжтойгоор мэтгэлцэх нөхцлийг бүрдүүлэх ёстой юм. Гэтэл шүүх хуралдааныг явуулахдаа нэхэмжлэгч талаас сануулсаар байхад дээрх хоёр зарчмыг зөрчин хууль бус оролцогч оролцуулсан байна.
Шүүхэд энэ талаар мэдэгдэж хариуцагч талыг эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нь оролцуулахгүй тухай хүсэлт гаргахад хүлээн аваагүй бөгөөд дээрх 2 зарчмыг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно. Татварын улсын байцаагчийн тэмдэг нь нотариатаар гэрчлүүлэх гэсэн хуулийн заалтыг өөрчлөх үндэслэл болохгүй бөгөөд Татварын ерөнхий газрын баталсан улсын байцаагчийн тэмдэг хэрэглэх журмыг зөрчих үндэслэл болохгүй билээ.
Хоёр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тухайд бидний энэ хэлэлцэж буй маргаан нь ямар ч нөхцөлд зөрчлийн хэрэг мөн үү, эсвэл эрүүгийн хэргийг нуун далдлах зорилгоор Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийг буруугаар ашиглан гэмт хэргийг нуун далдлах зорилготой гэмт хэрэг захиргааны шүүх хамтран оролцогч болж хууль бус үйлдэлд ашиглуулагч болж байна уу гэдэгт шүүх хууль зүйн бодит дүгнэлт хийсэнгүй.
Шүүгч нь Монгол Улсын төрийн тусгай албан хаагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хууль ба түүнд нийцсэн бусад хуулийг чандлан сахих үүрэгтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ” гэсэн заалтыг чандлан сахих үүрэгтэй.
Шүүх ямар учраас 2014-2016 оны татвараас зугтах гэмт хэргийг зөрчлийн хэрэг тэр тусмаа хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэрэг болгож буйд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.
Өөрөөр хэлбэл шүүх бүрэлдэхүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулиар шүүхийн шийдвэрт мэтгэлцсэн маргасан асуудлаар дүгнэлт хийх үүргээ зөрчсөн байна.
Мөн шүүх хууль бус оролцогчоос татварын хууль тогтоомжийн талаар илт худал хууль зүйн үндэслэлгүй тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байх бөгөөд хууль бус оролцогчийн үг шүүхийн мэтгэлцээн ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болохыг анхааран үзсэнгүй.
Мөн үндэслэх хэсэгт “... гомдол гаргагчийн хамаарал бүхий “ССЭИ” ХХК-иас анхан шатны баримт авсан хэдий ч энэ нь нэхэмжлэгчийг зөрчил гаргасныг үгүйсгэх ... шийтгэлийн хуудсыг үгүйсгэх үндэслэл болохгүй” гэсэн дүгнэлт хийжээ.
“ССЭИ” ХХК нь хамаарал бүхий этгээд биш тэгээд ч зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу оролцогч биш этгээдээс яг албан ёсны баримт авсан гэж манай шүүгч нар хаанаас олж мэдэж дүгнэлт хийгээд байна. Бид лав энэ баримтыг 2019 оны 7 дугаар сард Улсын дээд шүүхийн тогтоол гарснаас хойш олж авч чадаагүй болохыг шүүх анхааран үзсэнүй.
Шүүхийн шийдвэрт хууль бус оролцогч “төрийн албаны гутамшиг болсон” этгээдээс өгсөн худал тайлбарыг иш татах түүний мэдүүлэг нь нотолгооны ач холбогдолгүй байхад шүүх шийдвэрт “... хууль яаж хэзээнээс хэрэгжиж эхэлдэг гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байгаа зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, дахь заалтууд нь 2019 оны дүгээр сарын 29-ний өдөр хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл хүчингүй болсон хуулийн заалтыг баримталсан гэж маргаж байгаа юм байна. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр татварын тухай багц хуулиуд батлагдсан ... татварын ерөнхий хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө ...” гэж бичиж улмаар энэ илт худал мэтгэлцээн явуулж байхад хүчингүй болсон хуулийг баримтлан Монгол улсын татвараас зайлсхийсэн асуудлаар огт дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс шүүхийн өмнө худал мэдүүлэг өгдөг худалч төрийн албан хаагчтай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль бус оролцогчийн мэдүүлэг шүүхийн шийдвэрт орох ёсгүй түүнд дүгнэлт хийдэггүй шүүхтэй шүүгчтэй болсон гэсэн ойлголтыг бий болгож байна.
Шүүх зөрчлийн ба эрүүгийн хуулийн хэрэглээ ба шүүхийн давж заалдах ба хяналтын шатанд гомдох эрхийн талаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс гарсан дүгнэлтийн талаар огт судлаагүй шийдвэр гаргасан байна. Шүүгчийг би хүчингүй болсон хуулийг буцаан хэрэглэх талаар анхан шатны ойлголт байхгүй хүмүүс гэж ойлгохгүй бөгөөд энэ ажлыг ойлгохгүй чадвартай гэж шүүгчийн ажлыг хийдэг гэж ойлгодог гэтэл шүүх энэ талаар ямар ч дүгнэлт хийсэнгүй.
Мөн тодорхойлох хэсэгт болон шүүхийн мэтгэлцээнд татварын улсын байцаагч нар нь “ССЭИ” ХХК-иас 17 хавтас материал авч түүндээ тулгуурлан шийтгэл ногдуулсан болохыг анхан шатны өмнөх хуралдааны үед хариуцагч талын тайлбараас мэдсэн, “ЖПФ” ХХК санхүүгийн баримтыг Авлигатай тэмцэх газар хураан авсан байсныг нэхэмжлэгчийн төлөөлөгч би өөрөө 2019 оны 04 дүгээр сарын 29-нд очиж авсан ч ямар зөрчилд тулгуурлан шийтгэл ногдуулсан болохыг мэдэх боломжгүй байсан талаарх мэтгэлцээн ба шүүх хуралд тайлбарласан тайлбар, шинжлэн судалсан нотлох баримт, 2017 онд Улсын дээд шүхийн шийдвэрээр “ЖПФ” ХХК-ийг авсанаас хойших ямар ч баримт бичиг БНХАУ иргэн Жинжамин гэх этгээдийн “ССЭИ” ХХК-иас өгөөгүй талаарх тайлбар зэргийг шүүхийн шийдвэрт тусгаагүй, шийтгэлийн хуудсанд дурьдсан ямар ч тоо баримтын талаар шийтгэлийн хуудас гардуулах үед танилцуулаагүй талаарх нэхэмжлэгч талын тайлбар ба нотолгоог огт өгөөгүй мэтээр илт өрөөсгөл зүйлийг шүүхийн шийдвэрт бичсэн байна . Хариуцагч тал шүүх хуралдаан дээрх “ЖПФ” ХХК ямар ч баримт байхгүй байгаа зүйл нь шаардлага хангахгүй байсан талаар мэдүүлсэн зүйлийг тодорхойлох хэсэг тэмдэглэсэн боловч хятадын эрх ашиг үйлчлэх Монгол Улсын шүүгчид огт тоосонгүй.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2014-2016 онд ашигт матмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах үнэлгээг буруу тооцсоны улмаас 35.649.518.500 төгрөгт ноогдох 1.782.475.900 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тайлагнасан гэсэн байх энэ БНХАУ иргэн Ж гэх этгээдийн татвараас зугтаах гэмт хэргийг нуух зорилгоор улсын байцаагч нар нь эрүүгийн гэмт хэргийг зөрчлийн хэрэг мэтээр түүнийгээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болж байгаад огт дүгнэлт хийх түүний талаар шүүхийн шийдвэрт огт дурдсангүй.
Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх 7.820.082.600 төгрөгт ноогдох 782.008.657.20 төгрөг гэдэг нь мөн 2014-2016 онд хамаарах БНХАУ иргэн Ж үйлдсэн гэмт хэрэг байгаа юмаа.
Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...гаалийн төв лабораторийн дүгнэлт болон Ашигт малтмалын газрын тосны газраас тухайн жилүүдийн Уулын ажлын тайланг, мөн 2014-2015 оны санхүүгийн баримтыг “ССЭИ” ХХК-иас гаргуулсан ...” гэх тайлбартай Авилгатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газарт хандан уг зөрчилд хамаарах эсэхтэй холбоотой хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг ...” авсан гэсэн дүгнэлт хийжээ.
Гэтэл хавтас хэрэгт 2019 оны 04 дүгээр сарын 24-нд уг баримтыг “ЖПФ” ХХК нь Авлигатай тэмцэх газар авсан гэсэн баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад байхад ямар сэтгэхүйгээр ийм дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.
Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан. Гэвч ийм дүгнэлт хийгээгүй байна.
Гурав: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зөрчсөн тухай: Татварын ерөнхий газрын улсын байцаагч Д.Г, Ц.Б нар нь 0302853 дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд хууль зүйн үндэслэлээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг үндэслэл болгосон. Энэхүү 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гэсэн заалт бөгөөд хуульд эсхүл гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж ... гэж тодорхой заасан байхад шүүгч төрийн албан хаагчид нь бичиг үсэг тайлагдаагүй мэт худал тайлбар гаргаж шүүх нь хүлээн авч Монгол төрийн албыг гутаасан шийдвэр гаргадаг болжээ. Тухайлбал 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 3619010003 тоот томилолт авч шалгалт эхэлсэн бөгөөд 3 өдрийг 90 өдөр болгож байгааг зөв гэж үзэх төрийн албан хаагчид болон шүүгч огт байж болохгүй билээ. Ийм байдлаар хууль дээдлэх ёсыг зөрчсөн шийдвэр гаргажээ.
Гэтэл мөн шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “шалгалт 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 41 хоног хийгдэж зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т зааснаар ... шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн байна” гэсэн дүгнэлт хийжээ.
Гэтэл 2015 оны Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1-д “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого,” бол 50 сая төгрөгөөс дээш бол 2002 оны эрүүгийн хуулийн татвар төлөхөөс зайлсхийх мөн их хэмжээ буюу 38.4 сая төгрөг байсан тул энэ илт гэмт хэрэг байсаар байхад төрийн албан хаагч болон шүүгч огт тоосонгүй. Өөрөөр хэлбэл татварын байцаагчид гэмт хэргийг зөрчлийн хуулиар шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй бөгөөд хууль дээдлэх ёсыг зөрчсөн байхад шүүх анхаарсангүй.
Мөн шүүх үндэслэх хэсэгтээ “... түүнчлэн илэрхий үйл баримтаас үзвэл 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Татварын багц хуулиуд батлагдсанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, дахь заалтууд нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүчингүй болж, татварын зөрчил, санхүү тооцооны зөрчил хоёрыг тусад нь шалгаж шийдвэрлэх болсон ... 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхээр байна ...” гэсэн дүгнэлт хийжээ.
Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2 заалт хүчингүй болсон байхад шүүхээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн заалт мэтээр өөр хууль иш татан худал үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
Мөн зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол” хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх бөгөөд “ЖПФ” ХХК-ийн шинээр томилогдсон С.О, Б.П нар зөвшөөрөхгүй байхад 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 0302853 дугаартай шийтгэлийн хуудсыг үйлджээ.
Тэдний 3.1 дүгээр зүйлдийн 2.7-д өөрийн, эсхүл хууль ёсны ”төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах” мөн зүйлийн 2.8-д “нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх” мөн зүйлийн 2.9-д “зөрчлийн хэрэгтэй танилцах” эрхийг эдлүүлээгүй байгаа болохыг шүүх анхаарсангүй.
Иймд Татварын ерөнхий газрын улсын байцаагч Д.Г, Ц.Б нарын үйлдсэн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0302853 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Д.Г, Ц.Б нар Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 36190100003 дугаар томилолт, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу “ЖПФ” ХХК-ийн 2014 оноос 2018 оны татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийж, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0302853 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасныг баримтлан нийт 5 төрлийн 51,601,768,836.47 төгрөгийн зөрчил илрүүлж 3.970.825.960,40 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсанд гомдол гаргагчаас эс зөвшөөрч дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байна.
Харин хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан”, 1.2-т “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн” гэж заасан ба хариуцагч нарын зүгээс гомдол гаргагч нь Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18.1-д “Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ”, 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.2-т “татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх”, 18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү,аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах”, 18.1.13-д “татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч хамрагдах” гэж заасныг зөрчсөн зөрчлүүд гаргасан гэж тайлбарлаж байна.
Маргаан бүхий актад баримталсан хуулийн заалт нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Татварын ерөнхий хууль батлагдсанаар хүчингүй болсон боловч Татварын ерөнхий хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д “Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.”, Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө татварын хууль тогтоомж зөрчсөн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл хэвээр үйлчилнэ.”, 3 дугаар зүйлд “2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулиар хяналт шалгалтыг эхлүүлсэн бол уг хяналт шалгалтыг 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн дагуу үргэлжлүүлэн, хянан шийдвэрлэнэ”, 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө.”, 8 дугаар зүйлд “Энэ хуулийн 3, 4 дүгээр зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртэлх хугацаанд 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.” гэж тус тус заажээ.
Дээрхээс үзвэл 2019 оны 01 дүгээр сараас эхлэн хяналт шалгалт явуулсан шалгалтаар илэрсэн зөрчилд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасныг баримталсныг буруутгах үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглээгүй байх ба харин шийдвэрийн үндэслэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1 гэсэн заалтыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэмээн буруу бичсэн нь хууль хэрэглээний механик алдаа боловч шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Хэрэгт авагдсан баримтуудаар “ЖПФ” ХХК нь дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй болох нь татварын байгууллагаас ирүүлсэн тус компаний татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн холбогдох баримт, дансны хуулга, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн дүгнэлтүүд, тус лабораторийн шинжилгээний дүнгүүд болон Ашигт малтмал, газрын тосны газраас тухайн жилүүдийн “Уулийн ажлын тайлан” болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул анхан шатны шүүхийн “... татварын хяналт шалгалтаар гомдолд дурьдагдсан зөрчил үйлдэгдсэн нь тогтоогдсон байх тул хариуцагчаас шийтгэл оногдуулах арга хэмжээ авагдах нь зүй ёсны...” гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болсон гэж үзлээ.
Хэдийгээр гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс хэргийн бус оролцогч болох “ССЭИ” ХХК-иас татварын тайлан, тайлбар болон бусад баримтуудыг гаргуулсан нь үндэслэлгүй гэж байгаа боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг шүүх цугуулах үүрэгтэй бөгөөд гурван удаагийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу боломжит нотлох баримтуудыг цуглуулсан, нотлох баримт гаргуулахтай холбоотой ажиллагааг тодруулан эцэслэж шалгасан байна.
Нөгөөтэйгүүр Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 4.3-д “Гүйцэтгэх үе шатанд татварын улсын байцаагч дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ”, 4.3.3-д “хяналт шалгалтын явцад зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн мэдээ, мэдээллийг татвар төлөгчөөс тодруулах, тооцоо нийлэх, баримтын тулгалт хийх, нэмэлт баримт бичиг, тооцоо судалгаа гаргуулах, шаардлагатай тохиолдолд гуравдагч этгээдээс баримт материал гаргуулан авч зөрчлийг нотлох, тогтоох ажиллагааг гүйцэтгэх” гэж зааснаар “ЖПФ” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийж байхад тус хуулийн этгээдийн санхүүгийн баримтуудыг шалгах боломжгүй болсон тохиолдолд гуравдагч этгээд “ССЭИ” ХХК-ийн холбогдох санхүүгийн баримтуудаар “ЖПФ” ХХК-ийн зөрчлийг илрүүлэх нь хариуцагч татварын улсын байцаагч нарт олгогдсон эрхийн хүрээнд нотлох баримт цуглуулан шийдвэр гаргасан үйлдэл байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Б.Санчирсүрэнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй” гэж зааснаар худал мэдүүлэг өгсөн бол хуулийн хариуцлага хүлээхийг ойлгуулан “Шинжээч, орчуулагч, хэлмэрч, гэрчид эрх, үүрэг тайлбарлах тухай” баримтад 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гарын үсэг зуруулсан байх ба Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд зааснаар худал мэдүүлсэн болохыг шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүйн зэрэгцээ анхан шатны шүүхийн шийдвэрт гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгоогүй байгааг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д заасныг дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа үндэслэх хэсэгт хангалттай тусгасан байх тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Үүнээс гадна гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолдоо Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 2.3 дахь хэсэгт “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх” гэж зааснаар гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж шийдвэрлэх ёстой байтал 3 сарын дараа шийдвэрлэсэн хэмээн тайлбарлаж байх боловч энэ нь эрх бүхий албан тушаалтан зөрчлийг илрүүлсэн бол хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх эсэх шийдвэр гаргахыг ойлгох учир 3 хоногийн дотор хянан шийдвэрлэж дуусах байдлаар хуулийг тайлбарласан нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, татварын улсын байцаагч нар хууль, журамд заасан үүргийн дагуу аж ахуйн нэгжид татварын хяналт шалгалтыг хийж, нэгтгэн дүгнээд 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч нар шалгалтын баримт бичиг, бусад нотлох баримтын дагуу холбогдогчийн төлөөлөгч нараас авсан мэдүүлгээр дээрх зөрчлийг илрүүлсэн тул “Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл” үйлдэж, үүнээс 2 хоногийн дараа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасан зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол гэх үндэслэлээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон гэж үзэхээргүй бөгөөд гомдол гаргагчийн зөрчлийг холбогдогч хүлээн зөвшөөрөөгүй, хугацаа хэтрүүлж шалгасан гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Мөн гомдол гаргагчийн төлөөлөгч С.О болон тус хуулийн этгээдийн нягтлан бодогч Б.П нар 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлэг өгч гарын үсэг зурсан байх тул “ЖПФ” ХХК нь татварын тайлан төлөлттэй холбогдуулан шалгалт хийж байгааг бүрэн мэдсэн, төлөөлөгч нар мэдүүлэг тайлан өгсөн ба 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шийтгэлийн хуудасны хувийг гардуулсан баримтад Б.Пагамсүрэн гарын үсэг зурж “...татгалзаж байна” гэсэн тэмдэглэл үйлдсэн байх тул уг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8, 2.9 дэх хэсэгт заасан ажиллагаанд биечлэн оролцох, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, зөрчлийн хэрэгтэй танилцах зэрэг холбогдогчийн эрхүүдийг эдлүүлээгүй гэж үзэхээргүй байна.
Маргаан бүхий акт нь татвараас зугтаах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нуун дарагдуулсан гэх тайлбарын тухайд захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д зааснаар захиргааны байгууллагын буруутай үйлдэл эс үйлдэхүй иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэхийг шалган шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд харьяалан шийдвэрлэнэ.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасан татварыг Татварын байгууллагад төлөх үүрэгтэй бөгөөд энэхүү үйл ажиллагаанд татварын улсын байцаагч нар хяналт тавьж, төлөөгүй буюу зөрчил гаргасан бол илрүүлж, нөхөн төлүүлэх ажиллагаа явуулах эрх, үүргийг эдлэх ба энэхүү тохиолдолд “ЖПФ” ХХК-ийн татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, өмнөх онуудад төлөгдөөгүй татварыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаа явагдсантай холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх журамтай.
Харин гэмт хэргийн шинжтэй Эрүүгийн хуульд заасан үйлдэл байгаа эсэхийг тогтоох эрхгүй бөгөөд гомдолд дурьдсанчлан өмнөх улирдлагын буруутай үйл ажиллагааг холбогдох хууль хяналтын байгууллагаар хянан шийдвэрлүүлж, түүний буруутай үйл ажиллагаанаас компанид хохирол учирсан бол харьяалан шийдвэрлэх захиргааны байгууллагад хандах эрх нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй.
Эцэст нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох этгээдийн итгэмжлэлд тавигдах шаардлагыг заасан бөгөөд Х.Э, Я.А нарт 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч нараас дээрх хуульд заасан шаардлагыг хангуулан маргаан, хугацаа, эрх үүргийг тодорхой заан төлөөлүүлэгч нар гарын үсэг зурж, тэмдэг дарж итгэмжлэл олгосон байх ба энэ тохиолдолд зайлшгүй нотариатаар гэрчлүүлсэн байх хуулийн шаардлага байхгүй тул анхан шатны шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариуцагчийн хамтаар оролцсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа болохгүй, энэ талаарх гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүх хуралдаанд биечлэн оролцуулсан болно.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА