| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Гансүх |
| Хэргийн индекс | 106/2016/0461/э |
| Дугаар | 765 |
| Огноо | 2017-11-02 |
| Зүйл хэсэг | 096.2.1, |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 765
Г.Гэрэлт-Ундрамд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Мөнхцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 714 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Баярхүүгийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Г.Г-д холбогдох 2015 2603 1233 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
О овгийн Г-н Г, 19 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, ,,,, боловсролтой, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, ,,,,,,,,,,,, хамт ............... дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол, .. дүгээр байрны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.............................../;
Г.Гэрэлт-Ундрам нь 2015 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 04 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” баарны гадна, автомашины зогсоол дээр иргэн Д.Бат-Өлзийтэй маргалдан түүний толгойн тус газар нь гараараа цохин, зодож, эрүүл мэндэд нь “зүүн дух яс, зүүн ухархайн дээд ханын хугарал, зүүн дух хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, суурийн хөндийн цус хуралдалт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Г.Г-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэт шалгаагүй тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 13125 дугаартай өвчний түүхэд “...баруун дух орчимд хавантай арьсны хөхрөлттэй” гэж тэмдэглэгдсэн /1хх-46/ байхад шинжээчийн 220, 241 дугаартай дүгнэлтүүдэд энэ талаар огт тусгагдаагүй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй гаргасан 241 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үзлэгийн хэсэгт: “...баруун нүдний ухархайн дээд хананаас дээш дух яс руу үргэлжилсэн хуучин шугаман хугаралтай гэж тэмдэглэгдсэн байхад дүгнэлтэд: Д.Б-н биед “духны зүүн хэсгээс ухархайн дээд хана руу үргэлжилсэн хугарал, духны зүүн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндий цус хуралт зүүн зовхины цус хуралт гэмтлүүд учирсан” гэж үзлэгийн болон дүгнэлт хэсэг хоорондоо эсрэг агуулга бүхий эргэлзээтэй үндэслэлээр анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр удаа дараа буцааж байсан ба Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаартай тогтоолд “хохирогчид учирсан гэмтлийн талаар гарсан шинжээчийн дүгнэлтүүд харилцан зөрүүтэйгээс гадна сүүлчийн шинжилгээ хийсэн шинжээчдийн бүрэлдэхүүний үзлэгийн болон дүгнэлт хэсэг хоорондоо эсрэг агуулга бүхий зөрүүтэй тул нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг зөрчсөн талаар зааж нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаажээ /2хх-138-144/.
Гэтэл 2017 оны 6 дугаар сард “Дахин шинжилгээ хийх, шинжээч томилох тогтоол” үйлдэхдээ уг тогтоолыг хэдний өдөр үйлдсэн нь тодорхойгүй төдийгүй, шинжээчид тавигдсан асуултууд нь хавтаст хэрэгт авагдсан эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодруулж чадаагүйн улмаас хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 775 дугаартай шинжээчийн дүгнэлт нь урьд гаргасан 220, 241 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй гэх ерөнхий дүгнэлт хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан эргэлзээ бүхий байдлыг тодруулж чадаагүй байна.
Тодруулбал: Хохирогч Д.Б нь 2015 оны 12 дугаар сарын 22-30-ны өдрийн хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан ба 13125 тоот өвчний түүхэнд “...баруун дух орчимд хавантай арьсны хөхрөлттэй” гэж тэмдэглэгдсэн /1хх-46/ байхад 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан шинжээчийн 220 дугаартай дүгнэлтийн үзлэг болон дүгнэлт хэсэгт энэ талаар тусгагдаагүй, мөн бүрэлдэхүүнтэй гаргасан 241 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Үзлэгийн” болон “Дүгнэлт” хэсэг нь хоорондоо эсрэг агуулгатай байхад ямар үндэслэлээр урьд гаргасан 220, 241 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байна.
Иймд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаартай тогтоолд заасан ажиллагааг бүрэн хийгээгүй буюу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй үндэслэлээр хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.
Прокурор Б.Баярхүүгийн бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд прокурор Д.Мөнхцэцэг гаргасан дүгнэлтэд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Хохирогч Д.Б-д учирсан гэмтлийн талаар хоёр ч удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан.
Тухайлбал: Шинжээчийн 220 дугаартай дүгнэлтэд: “хохирогч Д.Б биед зүүн дух яс, зүүн ухархайн дээд ханын хугарал, зүүн дух хэсгийн хатуу хальс дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралдалт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг, хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэж,
хавтаст хэргийн материалаар давтан гаргасан 241 дугаартай шинжээч эмч нарын дүгнэлтэд: “Д.Б- духны зүүн хэсгээс ухархайн дээд хана руу үргэлжилсэн хугарал, духны зүүн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралт, зүүн зовхины цус хуралт гэмтэл байна. Эдгээр гэмтлүүд нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэл буюу нэг удаа гараар цохиход үүсч болно. Дух ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэж,
мөн хохирогч Д.Б- нь өөрийн зүүн нүдэн тус газар гэмтэл учирсан талаараа мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд байнга тогтвортой мэдүүлдэг бөгөөд үүнийг гэрч нарын мэдүүлэг давхар нотолсоор байхад баруун нүдний ухархайн дээд хананаас дээш дух яс руу үргэлжилсэн хуучин шугаман хугаралттай гэж дүгнэлтэд тусгаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхэнд баруун дух орчимд хавантай, арьсны хөхрөлттэй гэж тэмдэглэгдсэнийг хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөх мэтээр ойлгож буцаах үндэслэл болгож байгаа нь ойлгомжгүй байна.
Учир нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт тус тус зааснаар шинжээч нь үзлэгийн хэсэгт өвчний түүх, мөн учирсан бусад гэмтлийн талаар дурдана гэсэн заалтын дагуу үзлэгийн хэсэгт энэ талаар дурдсан нь үзлэгийн болон дүгнэлт хэсэг зөрүүтэй байна гэх шалтгаанаар шинжээчийн 220, 241, 775 дугаартай дүгнэлтүүдийг үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт шүүх, прокурор, мөрдөгч нь шинжээч томилж болно гэсний дагуу шүүх эрх мэдлийнхээ хүрээнд шаардлагатай гэж үзвэл дахин шинжээч томилох бүрэн боломжтой. Гэтэл шүүх энэ эрхээ хэрэгжүүлэлгүйгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хэрэгт авагдсан бусад нотлох баримтад тулгуурлалгүйгээр хэт нэг талыг барьсан нь буруу гэж үзэж байна.
Хохирогч Д.Б- нь мөрдөн байцаалтын шатанд 3 удаагийн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ гэнэт л зодож цохиод эхэлсэн хэмээн тогтвортой мэдүүлдэг, энэ талаар гэрчүүд давхар баталж мэдүүлсээр байхад Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн огт үндэслэл нотолгоогүй мэдүүлгийг ишлэл болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтад тулгуурлалгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг буцаасан. Г.Г үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцлээр хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл /Нотолбол зохих байдал/-ийн 1.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ.”-г үнэн зөв эргэлзээгүй тогтоох шаардлагатай байна.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаартай тогтоолд:
“Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319. 2 дахь хэсэгт заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад нэгийг нь авч нөгөөг нь бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг загаагүй бол хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж ...үзэхээр заасан.
... Хохирогчид учирсан гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлтүүд харилцан зөрүүтэйгээс гадна сүүлчийн шинжилгээ хийсэн шинжээчдийн бүрэлдэхүүний үзлэгийн болон дүгнэх хэсэг хоорондоо эсрэг агуулга бүхий зөрүүтэй байх тул нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн гэж дүгнэв. Тухайлбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гаргасан 241 дүгээр дүгнэлтийн үзлэгийн хэсэгт: “баруун нүдний ухархайн дээд хананаас дээш дух яс руу үргэлжилсэн хуучин шугаман хугаралтай”, мөн хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 220 дугаар шинжээчийн дүгнэлтэд Д. биед зүүн ухархайн дээд ханын шинэ хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учирсныг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хохирогчид учирсан гэмтлийн талаар эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн бөгөөд үүнийг нэг мөр тодруулаагүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн гэж үзэхээр байна,” гэж дүгнээд “...шинжээчийн дүгнэлтийн эргэлзээтэй нөхцөл байдлыг арилгуулах”-аар Г.Г-д холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
Нэмэлт мөрдөн байцаалтаар гэрч Н.А-с дахин, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр Х.Б гэгчээс шинээр мэдүүлэг авч, Г.Г-г яллагдагчаар дахин байцааж, ШШҮХ-ийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 775 дугаартай шинжээчийн давтан дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагаа хийж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч эдгээр ажиллагаа нь дээрх хохирогчид учирсан гэмтлийн талаархи эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулаагүй, нэмэлт ажиллагаа нь шүүхийн тогтоолд заасан шаардлага хангаагүй байх тул “...Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаартай тогтоолд заасан ажиллагааг бүрэн хийгээгүй буюу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй...” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 714 дугаартай захирамжийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 24-ний 105 дугаартай тогтоолын заалтыг бүрэн хангахын тулд доор дурьдсан мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзнэ. Үүнд:
1/ хохирогч Д.Б-г Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээн авч 13125 дугаартай өвчний түүхийг хөтөлсөн эмчлэгч эмч н.Энхтүвшинд 1 дүгээр хавтаст хэргийн 41-48 дугаар хуудсанд авагдсан хохирогч Д.Б-н өвчний түүхийг танилцуулж, өвчний түүхийн 2 дугаар хуудсан дахь өвчтний биеийн байдал хэсэгт “зүүн нүд хөхөрч няцарсан хаван, өвчин эмзэглэлтэй” гэж, 4 дүгээр хуудсан дахь клиникийн оношийн үндэслэл хэсэгт “зүүн нүд хөхөрч хавдсан, хавдартай” гэж, 5 дугаар хуудасны эмчийн үзлэгийн тэмдэглэл хэсэгт “зүүн нүдний склерт цус хурсан, нүд орчмын зөөлөн эд хөхөрч хавдсан” гэж, 7 дугаар хуудсан дахь ГССҮТ-ийн компьютер томографийн эмч Ц.О 2015 оны 12 дугаар сарын 30-ны дүгнэлтэд “Д.Б нас 25/ эр ... зүүн нүдний ухархайн хана болон дух яс руу үргэлжилсэн шугаман хугаралтай” гэж тус тус тэмдэглэгдсэн байхад 5 дугаар хуудсан дахь таны үзлэгийн хэсэгт “баруун дух орчим хавантай, арьсны хөхрөлтэй.” гэсэн нь гэж тэмдэглэсэн нь ямар учиртай болох, энэ нь үндэслэлтэй эсэх, бичиглэлийн алдаа мөн, эсэх талаар гэрчийн мэдүүлэг авах,
2/ нэгдүгээр хавтаст хэргийн 24 дүгээр хуудсан дахь ШШҮХ-ийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 241 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үзлэгийн /удиртгал/ хэсэгт: “2016.02.05. Толгойн компьютер томографийн шинжилгээнд: ... Баруун нүдний ухархайн дээд хананаас дээш дух яс руу үргэлжилсэн хуучин шугаман хугаралтай. Хамар ясны баруун хажуу хана бага зэргийн зөрүүтэй хуучин хугаралтай...” гэсэн онош гаргасан эмч Мөнхбаатарын дүгнэлт, баримтыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хуулбарлан авч хэрэгт хавсаргах, уг дүгнэлт нь хохирогч Д.Б гэмтэлтэй холбоотой түүнд холбогдох, дүгнэлт мөн эсэхийг тогтоох шаардлагатай.
Энэ үндсэн дээр эмч н.Мөнхбаатарын дээрх толгойн компьютер томографын шинжилгээний дүгнэлт баримт болон 1 дүгээр хавтаст хэргийн 24 дүгээр хуудсан дахь ШШҮХ-ийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 241 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шинжээч эмч Ц.Ганболд, Т.Сэлэнгэ, С.Чулуунсүх нарт танилцуулж, тэдний дүгнэлтийн дүгнэлт хэсэгт “Д.Б-д духны зүүн хэсгээс ухархайн дээд хана руу үргэлжилсэн хугарал, духны зүүн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралт, зүүн зовхины цус хуралт гэмтэл учирсан” гэж дүгнэсэн атлаа үзлэгийн хэсэгт нь : “2016.02.05 Толгойн компьютер томографын шинжилгээнд: ... Баруун нүдний ухархайн дээд хананаас дээш дух яс руу үргэлжилсэн хуучин шугаман хугаралтай. Хамар ясны баруун хажуу хана бага зэргийн зөрүүтэй хуучин хугаралтай ... хамар ясны баруун хажуу хана бага зэргийн зөрүүтэй хуучин хугаралтай. Хамрын таславч дунд 1/3 хэсгээр зүүн тийш бага зэргийн мурийлттай” гэж зөрүүтэй тэмдэглэсэн нь ямар учиртай болох, энэ нь үндэслэлтэй эсэх, чухам хаана байгаа, ямар баримтыг үндэслэн уг дүгнэлтэд энэ талаар тэмдэглэсэн болох, ШШҮХ –ийн баримтад тухайн баримт байгаа эсэх, энэ нь бичиглэлийн алдаа эсэх талаар тэднээс гэрчийн мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай ба эдгээр нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.
Дээрх нөхцөл байдлууд нэмэлт мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй байхад дахин шинжилгээ хийлгэх, шинжээчид нэмэлт асуулт тавих, шинжээчийн давтан дүгнэлт гаргуулах, хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд заасанчлан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гаргасан 241 дүгээр дүгнэлтийн үзлэгийн болон дүгнэлтийн хэсгийн зөрүү болон хохирогчид учирсан гэмтлийн талаарх эргэлзээтэй нөхцөл байдлыг нэг мөр тодруулах боломжгүй байгааг тэмдэглэж байна.
Иймд Г.Г-д холбогдох эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаартай тогтоолд заасан ажиллагааг бүрэн хийгээгүй буюу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй үндэслэлээр прокурорт буцаасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 714 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.