Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2021/МА2021/0151

 

О.Х-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч О.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч М.Т, хариуцагч 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдааныг даргалагч Б.Ж нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч О.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу О.Х-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан даргалагч, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдааныг даргалагчид тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Х-аас Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд болон Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан даргалагчид холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний, 2019 оны 10 дугаар сарын 16-ны, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрүүдийн хуралдаанууд, мөн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит бус 7 дугаар хуралдаан болоогүй болохыг тогтоох” шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Х-аас Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдаан даргалагчид холбогдуулан гаргасан “Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдааны 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, 11 дүгээр зүйлийн 11.1, 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.7, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1.2, 102 дугаар зүйлийн 102.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаар “Хурлын даргыг чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгож, ажилгүй байсан 12 сар 3 хоногийн цахин 15.375.279 төгрөгийг Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн хэсэг болох Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 68 дугаар тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 72 дугаар тогтоол, 73 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоох, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит 7 дугаар хуралдааны 01, 02, 03, 04, 05, 06, 08, 09, 10, 11, 12, 13, 14 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо. “... Анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 68 дугаар тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 72 дугаар тогтоол, 73 дугаар тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоох, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит 7 дугаар хуралдааны 01, 02, 03, 04, 05, 06, 08, 09, 10, 11, 12, 13, 14 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн мөртлөө Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаас баталсан хурлын дарга О.Х-ийг сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хууль ёсны гэж түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор олгож байгаа нь эсрэг тэсрэг утгатай шийдвэр гэж үзэж байна.

О.Х 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон боловч тэрээр сум ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрхийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэн ажиллах чадваргүй этгээд болох нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 4 сарын хугацаанд тодорхой болсон.

О.Х нь Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан зарласан тогтоолд нь гарын үсэг зурсан мөртлөө уг хуралдааныг даргалахаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан, хуралдааныг ашиг сонирхлын зөрчилтэй хэсэг төлөөлөгчдийн хамт орхин гарсан нь хурлын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс татгалзсан үйлдэл гэж үзэж байна.

О.Х нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, төрийн жинхэнэ албан хаагч Х.Дөрбетханд хууль бус шаардлага тавьж, Х.Дөрбетханы хууль бус шаардлагыг хүлээж аваагүйн хариуд түүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоол гаргаж байгаа нь бас түүний хууль зөрчсөн ажиллагаа гэж үзэж байна.

Анхан шатны шүүх О.Х-ийн ажилгүй байсан хугацааны гэх цалин хөлсний нөхөн олговор төгрөгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс олгож байгаа нь хэрхэвч шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь О.Х нь сумын хурлын байгууллагын төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийг үйл ажиллагаанд ягштал нарийн чанд сахин биелүүлэх үүрэгтэйгээс гадна өөрийн ажиллаж буй төсөвт элдэв дарамт үүсгэхгүй байх, төсвийг хэмнэлттэй зарцуулах зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох хэрэгтэй байна. Гэтэл өнөөдөр О.Х нь үүрэгтэй ажлаа хийхээс татгалзсан мөртлөө өөрийн удирдаж буй их хэмжээний мөнгө авахаар улайрч байгаа явдалд харамсаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн “... нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаар “Хурлын даргыг чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгож, ажилгүй байсан 12 сар 3 хоногийн цахин 15.375.279 төгрөгийг Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож” гэсэн хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч О.Х шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо. “... Анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, 25 дугаар зүйлийн 25.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хувьд тухайн орон нутгийн нийгмийн болон эдийн засгийн аливаа асуудлыг бие даан шийдвэрлэх ба ийнхүү шийдвэр гаргахдаа олонхийн зарчмыг баримтлахыг хуульчилсан байх бөгөөд энэхүү маргааны хувьд нэгэнт олонхи буюу 15 төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсон тохиолдолд Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит бус 7 дугаар хуралдааныг болоогүй гэж үзэх үндэслэл байхгүй байна” гэж буруу тайлбарласныг зөвшөөрөх боломжгүй байна. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 15 төлөөлөгч цугларч хурал хийгээгүй, тухайн өдөр ямар нэгэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд болоогүй болох талаар хэрэгт нотлох баримтууд байсаар байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч миний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 18 цаг 58 минутад хийгдсэн видео бичлэгт бүх зүйл тодорхой байгаа.

Мөн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэрэгт хариуцагчаар оролцож байгаа Д.Е, хурлын нарийн бичгийн дарга Х.Д нар нь Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон хуучин тамгыг ашиглан өөрсдийнхөө 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан мэтээр хэвлэсэн хууль бус тогтоолуудыг баталгаажуулсан юм. Х.Д-ыг хүчингүй болж, хэрэглээнээс хасагдсан тамгыг ашиглан шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлсэн асуудлаар аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа болно. Мөн анхан шатны шүүхийн олонхи буюу 15 төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсон тохиолдолд Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хийгдсэнээр тооцно гэсэн тайлбар нь хуулийг буруу ойлгож тайлбарлаж байгаа гэж үзэж байна. Учир нь 15 төлөөлөгч манай сумын хувьд олонхи хэдий ч ямар нэгэн хуралдааныг хийхдээ хуульд зааснаар товлон зарлаж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталж, бусад төлөөлөгчдөд хуульд заасан хугацааны өмнө тарааж өгч, мөн товыг урьдчилж мэдэгдсэнээр хийгдэх ёстой. Гэтэл энэхүү 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаан болсон гэж хэд хэдэн хуурамч тогтоол гаргаж ирж байгаа боловч ямар ч хуралдаан болоогүй, аль нэг танхимд цуглраагүй, ямар ч асуудал хэлэлцээгүй мөртлөө Д.Е, хурлын нарийн бичгийн дарга Х.Д нар хүчингүй болж хэрэгцээнээс гарсан тамгыг ашиглан хэд хэдэн тогтоолыг хуурамчаар үйлдэж миний эрхийг ноцтой зөрчсөн. Хурлын нарийн бичгийн дарга Х.Д нь намайг хурлын даргаас чөлөөлсөн хуурамч тогтоол гаргаж улмаар өөрийнхөө эхнэр н.Аманжолыг хурлын дарга болгосон мэт хуурамч тогтоолыг дахин үйлдэж ашиглан миний авах ёстой цалин хөлсийг өөрөө авсан ба харин Д.Е нь Цагаануурын захирагчийн сонгуулийг хууль бусаар зарлах, мөн хууль бусаар өөрийнхөө тойрогт мөнгө хуваарилж авахын тулд ийм хууль бус арга хэрэглэж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан. Хуралдаан даргалагчаар Д.Е-г сонгосон гэх 02 дугаар тогтоолд зурагдсан төлөөлөгчдийн заримынх нь гарын үсэг нь хуурамч байсаар байхад анхан шатны шүүх үүнийг шалгаагүй, бодит байдлыг дутуу тогтоож, хариуцагчид ашигтай байдлыг бий болгосон гэж үзэж байна.

Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 67, 68, 72, 73 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоох талаар шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шүүх шийдвэртээ тусгаагүйд гомдолтой байна.

Д.Е, С.Д, Х.Д, М.Ө, И.Б нар нь Тэргүүлэгчдээс хасагдсан байхад тэднийг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаж 67, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 68, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 72, 73 дугаартай тогтоолуудыг гаргасан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь Д.Е, С.Д, Х.Д, М.Ө, И.Б нар нь Тэргүүлэгчдэд биш бөгөөд тэдний гаргасан тогтоолыг хурлын дарга би баталгаажуулаагүй, тухайн хуурамч тогтоолыг ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон хуучин тамгыг ашиглан өөрсдийгөө Тэргүүлэгчид хэмээн Д.Е, С.Д, Х.Д, М.Ө, И.Б нар гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудыг хуульчилсан байх ба 2019 оны 09 дүгээр сарын 09, 2019 оны 10 дугаар сарын 16, 2019 оны 23-ны өдрүүдэд тэргүүлэгчдийн хуралдаан огт болоогүй, Хурлын дарга хуралдааныг зохион байгуулаагүй, мэдэгдээгүй, удирдаагүй, гарын үсэг зурж баталгаажуулаагүй, түүнд дарагдсан тамга нь хуурамч байсан мөн Тэргүүлэгчид биш хүмүүс Тэргүүлэгчдийн тогтоолд гарын үсэг зурсан тул захиргааны актыг бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, утга агуулгын илэрхий алдаатай, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоох ёстой атлаа анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхээс 07 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба үлдсэн тогтоолуудыг нэхэмжлэгчийн шаардлагаар хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгосон ба үүнийг нэхэмжлэгч миний өөрийнх нь субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тайлбарласан. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ямар ч хуралдаан болоогүй байхад хуурамчаар нөхөж үйлдсэн тогтоолуудыг шүүхээс энэ үндэслэлээр хэвээр үлдээж, хууль бус үйлдлийг дэмжиж байгаа явдалд гомдолтой байна. Би хурлын даргын хувьд тухайн тогтоолуудыг гаргах үед байлцах, хянах, таслах эрхтэй оролцох ёстой бөгөөд миний энэхүү эрх ашгийг зөрчиж, хууль бус тогтоолуудыг бичгийн хэлээр гаргасныг зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгох ёстой гэж үзэж байна.

Хариуцагчаар оролцож байгаа Д.Е, хурлын нарийн бичгийн дарга Х.Дөрветхан нар нь шүүхэд 03 дугаар тогтоолыг хуурамчаар үйлдэж, шүүхэд нотлох баримтаар өгсөн байсан юм” гэв.  

ХЯНАВАЛ :

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 110\ШШ2021\0002 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Д.Е-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, нэхэмжлэгч О.Х нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг хянав.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасны дагуу хэргийг бүхэлд нь хянав.

 Нэхэмжлэгч О.Х нь эцсийн байдлаар  дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан, дэмжсэн  байх бөгөөд анхан шатны шүүх шаардлага тус бүрт нь дүгнэлт хийж, үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн байна.

 

Д/д

Нэхэмжлэлийн шаардлага

Шийдвэрлэсэн

1.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдааныг болоогүй болохыг тогтоолгох

ЗХШХШ тухай хуулийн 54.1.1, 109.2 хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон

2.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааныг болоогүй болохыг тогтоолгох

ЗХШХШ тухай хуулийн 54.1.1, 109.2 хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон

3.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааныг болоогүй болохыг тогтоолгох

ЗХШХШ тухай хуулийн 54.1.1, 109.2 хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон

4.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааныг болоогүй болохыг тогтоолгох

ЗХШХШ тухай хуулийн 54.1.1, 109.2 хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон

5.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн

6.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 68 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн

7.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 72, 73 дугаар тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн

8.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаас гарсан бүх тогтоолуудыг хүчингүй болгуулах

-Зарим хэсгийг хангасан. Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019.10.31-ний өдрийн 07 дугаар “Хурлын даргыг чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгож,

-Үлдэх 01, 02, 03, 04, 05, 06, 08, 09, 10, 11, 12, 13, 14 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон

9.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдааны 03 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

10.

Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоох

Хэрхэн шийдвэрлэсэн талаар ТОГТООХ хэсэгт заагаагүй

11.

2019.11.01-2020.11.04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цаин хөлсийг гаргуулах

Ажилгүй байсан 12 сар 3 хоногийн 15.375.279 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.

 

Давж заалдах гомдолд ... “нэхэмжлэгч О.Х-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хамгаалж түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 15,375,279 \арван таван сая гурван зуун далан таван мянга хоёр зуун далан есөн\ төгрөгийг Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгосон хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна” гэжээ. Иймд юуны өмнө давж заалдах гомдлын энэхүү үндэслэлд дүгнэлт хийх нь зүйтэй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно”, 25 дугаар зүйлийн 25.1-т “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж заасан. Хуулийн дээрх заалтын агуулгаас үзэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хувьд тухайн орон нутгийн нийгмийн болон эдийн засгийн аливаа асуудлыг бие даан шийдвэрлэх ба ийнхүү шийдвэр гаргахдаа олонхийн зарчмыг баримтлахыг хуульчилсан байх бөгөөд энэхүү маргааны хувьд нэгэнт олонхи буюу 15 төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсон тохиолдолд Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит бус 7 дугаар хуралдааныг болоогүй гэж үзэх үндэслэл байхгүй юм. Энэ талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийсэн байна гэж үзэв. Нэгэнт хуралдаан хуульд нийцсэн ирцтэй явагдсан гэж үзсэн нь түүнээс гарсан тогтоол хуульд нийцэж гарсан гэсэн үг биш юм.

Тодруулбал, нэхэмжлэгчийг Хурлын даргын ажлаас чөлөөлсөн 07 дугаар тогтоол нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, цалин авах эрх нь зөрчигдсөн эсэх талаар дүгнэх шаардлагатай.

Тухайн хуралдаан болон түүнээс гарсан тогтоолын талаар 2 янзаар тайлбарлан маргадаг, гэрчүүд мэдүүлдэг, тогтоол өөрөө 2 өөрөөр ойлгогдохоор байгаа боловч анхан шатны шүүхээс хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулж, хууль нийцүүлэн дүгнэлт хийж шийдвэрлэжээ. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”,  24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж хуульчилжээ. Гэтэл Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын тухайд Тэргүүлэгчдийн хуралдаанаас баталсан хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Хурлын даргыг ажлаас чөлөөлөх асуудлыг тусгаагүй, зөвхөн хуралдааны үеэр төлөөлөгчдөөс энэ саналыг оруулж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан Тэргүүлэгчдийн хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар тогтоол, хуралдааны тэмдэглэл, төлөөлөгчдийн ... ажлын албанаас хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг урьдчилж мэдэгдээгүй, танилцуулаагүй, ... Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хуралдааны үеэр хэлэлцсэн гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогджээ.

Иймд хуульд заасан шаардлагыг хангахгүйгээр, өөрийг нь байлцуулж тайлбар гаргах боломж олгохгүйгээр нэхэмжлэгчийг Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Хурлын хуралдааны 07 дугаар тогтоол нь хуулийн холбогдох заалтуудтай нийцээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй.

Нэгэнт нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас ажлаас чөлөөлөгдөж улмаар цалин авах эрхээр хохирсон нь тогтоогдож байх нийт 15,375,279 /арван таван сая гурван зуун далан таван мянга хоёр зуу далан есөн/ төгрөгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч О.Х шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн эс зөвшөөрч /давж заалдах гомдолд дурдсанаар/ гаргасан гомдлыг хянаад уг гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулах боломжгүй байна.

Давж заалдах гомдолд “урьд давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа магадлалд дурдсан үндэслэл ... зөрчлийг арилгахгүйгээр хэргийг дахин шийдвэрлэсэн гэж үзэж байна” гэжээ. Анхан шатны шүүхээс хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой бүх баримтыг цуглуулж, өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэргийг шийдвэрлэжээ. Өөрийн эрх ашигт нийцээгүй мэдүүлэг өгсөн гэрчийн мэдүүлэг болон нотлох баримт хэрэгт авагдсан нь ямар нэгэн зөрчил биш бөгөөд дан ганц нэхэмжлэгч талыг, түүний нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг цуглуулах ёстой гэж үзэж боломжгүй.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүдийг харьцуулан судалж үзээд  “... Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт 27 төлөөлөгчийн 15 төлөөлөгч буюу Д.Е, С.Д, М.Ө, И.Б, К.Х, Х.Д, Х.Ж, Б.Гүлжаукар, А.Т, Ш.Х, Н.Т, Д.С, Т.С, Ж.Г, С.А нар нь ээлжит бус 7 дугаар хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болсон, маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үргэлжилсэн, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу асуудлуудыг хэлэлцэж баталсан гэж мэдүүлсэн бол, Б.И, У.С, С.Х, С.Т, А.С, Х.Ш, Р.А нарын 7 төлөөлөгч нь ... хуралдааны талаар огт мэдээгүй, бидэнд мэдэгдээгүй гэж, 5 төлөөлөгч буюу О.Х, А.М, Ж.З, Б.О, Х.Ж нар нь ... тухайн өдөр Хурлын ээлжит бус хуралдаан болоогүй, Тэргүүлэгчдийн хуралдаан болох байсан гэж тус тус мэдүүлжээ” хэмээн дүгнэсэн байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил биш юм.

Хэдийгээр нэхэмжлэгчээс ... Хурлын нарийн бичгийн дарга нь хэсэг төлөөлөгчидтэй хуйвалдаж, хуурамч тогтоолуудыг үйлдсэн, хуралдаан болсон мэтээр тэмдэглэл хөтөлсөн гэж маргаж байгаа боловч хуралдаанаас батлан гаргасан тогтоолууд нь хуурамчаар үйлдэгдсэн талаар эрх бүхий байгууллагаас шалган тогтоосон, гэм буруугийн асуудал шүүхээр нотлогдсон зүйлгүй байх тул зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарласнаар ... хуурамчаар үйлдэгдсэн бичиг баримтууд гэж шүүхээс үзэх боломжгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч өөрийн төрийн алба хаах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзээд, улмаар сэргээн тогтоолгох зорилгоор, нэхэмжлэл гаргаж, харилцан уялдаа холбоо бүхий олон шаардлагыг гаргажээ. Тухайлбал нэхэмжлэгчээс ”Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоох шаардлага” гаргасан байна. Үүнтэй уялдан ИХГ тэргүүлэгчдийн хурлын хуралдаан болон хуралдаанаас гаргасан тогтоолуудыг хүчингүй болгох шаардлагууд гарсан байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй /сэргэх эрх байхгүй/ гэж үзсэн тул түүнтэй холбоотой нэхэмжлэлийн бусад шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ. Түүнчлэн нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагууд дотор өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд  нь хамааралгүй тогтоол байгааг дурдах нь зүйтэй.

 Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгон нь үндэслэлтэй болжээ. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид Хурал гэх/-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд ээлжит бус сонгуулиар байгуулагдсан Хуралд энэ хугацаа хамаарахгүй”, 9.8-т “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно”, 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж тус тус заасан.

Орон нутгийн 2016 оны сонгуулийн үр дүнгээр сонгогдсон Төлөөлөгчид нь Хурлын даргаар О.Х-ийг сонгосон, О.Х-ийн төлөөлөгчийн болон Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа хуулийн дээрх заалтаар 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн анхдугаар хуралдаанаар дуусгавар болох ба Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хуралдаж, 01 дүгээр тогтоолоор төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн, 05 дугаар тогтоолоор Хурлын даргыг сонгосон үйл баримтууд тогтоогдож байх тул Хурлын даргад эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.  

Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан боловч шийдвэрийнхээ Тогтоох нь хэсэгт энэ талаараа дурдаагүй, орхигдуулсан, техникийн чанартай алдаа гаргасан байх тул зохих өөрчлөлтийг оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 3 дахь заалтын 7 дугаар хуралдааны 01, 02, 03, 04, 05, 06, 08, 09, 10, 11, 12, 13, 14 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах гэсний дараа “Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоолгох” гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Е-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, нэхэмжлэгч О.Х нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

       ШҮҮГЧ                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

              ШҮҮГЧ                                                Н.ДОЛГОРСҮРЭН

              ШҮҮГЧ                                                Э.ЗОРИГТБААТАР