Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 139

 

Б.Бүрэнманлайгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2016/00787 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Бүрэнманлайгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Цэндмаад холбогдох

 

Гэм хорын хохиролд 595 500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Б.Бүрэнманлай,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэндэлгэр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Бүрэнманлайгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2015 оны 6 дугаар сарын 23-ны орой манай таазан дээрээс их хэмжээний ус гоожиж коридорын өрөөний тааз, хана даган ус алдсан. Хувин сав тосоод дээд айлдаа хэлэхээр очтол хүн байгаагүй тул слесарь дуудаж эгнээний 9 айлын усыг хаалгасан. Маргааш өглөө нь хорооноос утасны дугаар олж 67 тоотод мэдэгдсэн. Дээд айлын эзэд гэх 2 эмэгтэйг дуудан ирүүлж ус алдсан байдлыг харуулсан. Слесарь н.Мөнхбат, н.Энхбат нар ирж усыг нээсэн байсан. Энэ өдөр цахилгаанчин ирж үзлэг хийгээд гал тогооны өрөөний гэрлийг 7-9 хоног, ТҮ-г 7 хоног асаахгүй байлгахыг зөвлөсөн. 24-ний орой дахин ус алдаж үйл явдал давтагдсан. Тэр орой слесарь н.Мөнхбат, н.Энхбат нарт хандсан 67 тоотын хүн байдлыг нүдээрээ харсан. Энэ үеэс 67 тоот байрандаа засвар хийж эхэлсэн бөгөөд 29-ний орой дахин ус алдсан. 7 дугаар сарын 31-ний орой 67 тоотын эздэд хохирлыг барагдуулж өгөхийг шаардахад зөвшөөрөөгүй тул шүүхэд хандахад хүрсэн. Манайх засвар хийхэд 1 300 000-1 500 000 төгрөг шаардагдах тул бидэнд 400 000 төгрөгийг Г.Цэндмаагаас гаргуулж өгнө үү. Энэ хэрэг хүчингүй болж, дахин шийдвэрлүүлэхээр ирсний дараа нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлсэн. Хэрэгт шинжээч томилж үнэлгээний “Лэндс” компани хана, таазанд учирсан хохирлыг 547 000 төгрөг гэж үнэлсэн. Үнэлгээ хийлгэхийн тулд би урьдчилгаа болгон “Лэндс” компанид 40 000 төгрөг төлсөн, байрны гэрчилгээг нотариатаар батлуулахад 2500 төгрөг итгэмжлэл хийлгэхэд 6000 төгрөг төлсөн. Би 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 400 000 төгрөг дээр эвлэрэх санал гаргахад хариуцагч зөвшөөрөөгүй. Би Хаан даатгалаас 109 750 төгрөг авсан нь үнэн. Өмнө нь 2012 онд даатгалаас авсан 90 660 төгрөг нь өнөөдрийн энэ асуудалтай огт хамааралгүй юм.

Иймд 67 тоот байрыг засварлахад шинжээчийн үнэлгээгээр тогтоогдсон 547 000 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 40 000 төгрөг, нотариатын зардалд төлсөн 8 500 төгрөг нийт 595 500 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Цэндмаагийн шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие энэ байрыг 1 жилийн өмнө худалдан авсан. Миний өмнөх айл удаа дараа ус алдаж байсан гэсэн. Тэр үеийн хохирлыг би хариуцахгүй. Намайг эзгүй байхад 1 удаа ус алдсан байсан. Би байрандаа 2015 оны 6 дугаар сарын 26-нд засвар хийж эхэлсэн, засвар хийж байх үед галын өрөөнөөс ус алдсан нь үнэн. Слесарь дуудаад янзлаад явсан даруйд нь ахин ус алдсан. Слесарь ажлаа дутуу хийснээс нэг газраас ахин ахин ус алдаж байсан. Б.Алимаа бүтэн байрны засвар гэж мөнгө нэхэмжилсэн байна. Ус алдсанаас засах шаардлагатай болсон газрынх нь хэмжээг гаргаад нэхэмжилж болно шүү дээ. Нэхэмжлэгч даатгалаас 2012 онд 90 660 төгрөг, 2015 онд 109 750 төгрөг авчихаад түүгээрээ байраа засахгүй яагаад дахин надаас нэхэмжлээд байгаа юм. Би даатгалд мөнгө төлдөг. Шинжээч хэт өндөр үнэлсэн байна. Ус алдахад коридор болон том өрөөний обой солих шаардлагагүй, нэхэмжлэгч даатгалаас мөнгө аваад дахин мөнгө нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Би 250 000 төгрөг дээр эвлэрэх санал тавьсан боловч нэхэмжлэгч 400 000 төгрөг дээр эвлэрэх боломжтой гэснийг зөвшөөрөхгүй. Шинжээчийн гаргасан засварчдын ажлын хөлс, материалын зардал нь өндөр байгаа нь шинжээчдийг нэг талд үйлчилсэн гэж үзэж байна. Айлд үнэлгээ хийхдээ үнэлгээний компаниуд 25 000 төгрөгөөр хийдэг байхад “Лэндс” компани 99 000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй. Нэхэмжпэгч байраа 595 500 төгрөгөөр засварлана гэж байгаа нь байраа бүхэлд нь засах мөнгө байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Г.Цэндмаагаас 428 750 төгрөг гаргуулж Б.Бүрэнманлайд олгож, нэхэмжлэлээс 126 750 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1., 54.1.2. дах хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлс 99 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж 59 000 төгрөгийг нь “Лэндс” ХХК-д, 40 000 төгрөгийг нь нэхэмжлэгчид тус тус олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 740 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Цэндмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 13 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бүрэнманлайд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн давж заалдах гомдолд: Нэхэмжлэгч нь анх 400 000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Лэндс” ХХК хохирлын үнэлгээ хийсэн бөгөөд үнэлгээгээр 547 000 төгрөгийн зардлын тооцоо гаргасан ба зөвхөн ажлын хөлсөнд 99 000 төгрөг нэхэмжилсэн нь хэт өндөр үнэлгээ байна. Шүүх энэ үнэлгээгээр хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч 2012, 2015 онд даатгалын байгууллагаас засварын мөнгө гэж удаа дараа авч байсан бөгөөд энэ хугацаанд засвар үйлчилгээ хийгээгүй, урьд урьдах зураг, хана, таазаа үзүүлээд л дахин өргөдөл гаргаж даатгалаас мөнгө авч байсан хүн юм. Гэхдээ хариуцагчийн зүгээс тодорхой хэмжээний хохирол учруулсан гэж үзээд 200 000-250 000 төгрөг өгье гэж эвлэрэх хүсэлт тавьж байсан. Гэтэл үнэлгээний компанийн өндөр үнэлсэн үнэлгээгээр шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. Шүүх бодит байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.   

 

ХЯНАВАЛ:

           

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, талуудын гаргасан нотлох баримт хуулиар тогтоосон шаардлага хангасан байх боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Бүрэнманлай гэм хорын хохиролд 595 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г.Цэндмаа эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Г.Цэндмаагийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 18 дугаар байрны 67 тоот орон сууцны гал тогооны өрөөнөөс 2015 оны 6 дугаар сарын 23, 29-ний өдрүүдэд ус алдаж, доод айл буюу нэхэмжлэгч Б.Бүрэнманлайгийн өмчлөлийн 63 тоот орон сууцны галын болон коридорын өрөөний шохой, тааз, эмульс, ханын цаас хуулрах, шарлах зэргээр гэмтсэн байх ба хариуцагч Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг дэх өмчлөгчийн, “бусдын хууль буюу гэрээгээр олгогдсон өмчлөх эрхийг нь зөрчихгүй байх” үүргээ зөрчсөн гэж үзэх үндэстэй.

 

Хариуцагч Г.Цэндмаагийн дээрх гэм буруутай /эс/ үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.Бүрэнманлайгийн эд хөрөнгөд хохирол учирсан болох нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 8 дугаар төвийн ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоосон дүгнэлт, тус компанийн рапортын дэвтэрт бичигдсэн тэмдэглэл, дуудлагаар төлбөртэй үйлчлэх хуудас, “Лэндс” ХХК-ийн дүгнэлт тайлан, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч Б.Бүрэнманлай Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн гэм хорын хохиролд 546 988 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа боловч хариуцагч тал ус алдахад галын өрөө, коридорын өрөөнд гэмтэл учирсан тул үүнтэй холбоотой гэм хорын хохирлыг хариуцна гэж маргасныг буруутгах хуулийн үндэслэлгүй, уг татгалзал нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм буруутай этгээд зөвхөн өөрийн учруулсан гэм хорыг арилгах зохицуулалтад нийцнэ.  

 

            Тухайн орон сууцанд өмнө нь 2012 онд ус алдаж,  даатгалын байгууллагаас 90 660 төгрөгийн нөхөн төлбөр авч байсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон бөгөөд  шүүхээс шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК орон сууцыг  бүхэлд нь сэргээн засварлахад шаардагдах материалын зардал, ажлын хөлсийг тооцон нийт зардлыг 546 988 төгрөгөөр тогтоосон нь буруу биш. Харин шүүх дээрх дүгнэлтийг хэргийн бусад нотлох баримтууд буюу хариуцагчийн буруугаас гэм хор учирсан орон сууцны хэсэгтэй харьцуулан дүгнэж үзэлгүй шинжээчийн тогтоосон үнэлгээний хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

 

            Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 8 дугаар төвийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоосон дүгнэлтэд “галын өрөө, коридорын өрөөнд гэмтэл учирсан” гэж тусгагдсан байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй тул галын болон коридорын өрөөг сэргээн засварлахад шаардагдах зардлыг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамтай нийцнэ.

 

            Шинжээч нь засвар хийх шаардлагатай өрөө тус бүрийн талбайн хэмжээнд шаардагдах материалын хэмжээ, үнэ, ажлын хөлсний үнийг нэг бүрчлэн тооцож нийт үнэлгээг гаргасан байх тул уг аргачлалын хүрээнд гал тогооны болон коридорын өрөөг сэргээн засварлах зардлыг тооцоход нийт 252 014 төгрөг шаардагдахаар байна.   

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд тэрээр 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Хаан даатгал” ХХК-иас нөхөн төлбөрт 109 750 төгрөг авсан байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгчид төлөгдөх 252 014 төгрөгөөс даатгалын байгууллагаас нөхөн төлбөрт авсан 109 750 төгрөг хасагдах үндэслэлтэй ч хариуцагч нь анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаас 250 000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр 8500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

  

            Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхээс хэргийн үйл баримтын талаар үндэслэлгүй дүгнэлт гаргаж орон сууцыг бүхэлд нь засварлах зардал гаргасан гэх гомдлыг хангах үндэслэлтэй, харин шинжээч засварын зардлыг хэт өндөрөөр тогтоосон, шинжээчийн ажлын хөлс өндөр байгааг анхаарч үзээгүй гэх нөхцөл байдал баримтаар нотлогдоогүй тул энэ талаарх гомдлыг хангахгүй орхив.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2016/00787 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “428 750 төгрөг” гэснийг “252 014 төгрөг” гэж, ”126 750 төгрөгийн” гэснийг “343 486 төгрөгийн” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлсний үлдэгдэл 59 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж “Лэндс” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.Цэндмаагийн төлсөн 13 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                               ШҮҮГЧИД                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                    А.МӨНХЗУЛ