Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00916

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2017/02386 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 285 дугаар магадлалтай,

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

Ерөнхий боловсролын *** дугаар сургуульд холбогдох,           

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б-, өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Сонгинохайрхан дүүргийн *** дугаар сургуульд 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр няраваар ажилд орж, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс нягтлан бодогчоор тушаал дэвшин ажилласан. Гэтэл захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Энхтуяа 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/39 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халсан. 2016 онд сургуулийн ой тохиох гэж байгаатай холбогдуулан хэд хэдэн ажлыг төлөвлөж, хэрэгжүүлэхээр зорилт болгон ажилласны дотор сургуулийн засвар тохижилтын ажил байсан. Мөн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор багш ажилчдын нэгдсэн хурал хийж, уг хурлаар багш, ажилчид 2 дугаар улирлын үр дүнгийн мөнгөн урамшууллаа хандивлахаар санал гарсан. Уг саналын дагуу багш, ажилчдаас нийт 10.469.746 төгрөг цугларч цугларч сургуулийн тохижилтын ажлыг хийсэн. Өөрөөр хэлбэл хандивын мөнгийг төрийн сангийн нэмэлт дансанд төвлөрүүлээгүй дутагдал байгаа ч мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулахад анхаарч ажилласан. Э.Энхтуяа нь 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон бөгөөд энэ өдрөөс эхлэн сэтгэл зүйн дарамт үзүүлж, чамтай хамтарч ажиллахгүй, өргөдлөө өг гэж удаа дараа дарамтлах болсон. Тиймээс Э.Энхтуяа захирал нь хувийн ашиг сонирхлын үүднээс намайг ажлаас халсан. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Б.Б- нь ажиллах хугацаандаа санхүү бүртгэлийн алдаа гаргасан, сургуулийн эд хөрөнгө дутаасан, ажилчдын 2017 оны үр дүнгийн мөнгөн урамшууллын хуваарилалтыг шударга бусаар өөрт давуу байдал үүсгэн албан тушаалаа урвуулан ашигласан. Б.Б- нь багш, ажилчдаас хандивын мөнгө хурааж авснаа төрийн сангийн нэмэлт дансанд төвлөрүүлээгүй, уг мөнгийг зориулалтын дагуу бүрэн төгс захиран зарцуулаагүй. 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн дотоод аудитын албанаас санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Энэ шалгалтаар санхүүгийн маш олон зөрчил илэрсэн. Мөн түүнчлэн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тус сургуулийн захирал Ш.Цэрэннадмидад холбогдох гомдлын мөрөөр шалгалт хийсэн шалгалтын танилцуулга, Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын албаны 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн санхүүгийн шалгалтын танилцуулга, дотоод аудитын шалгалтын тэмдэглэл зэрэг санхүүгийн мэргэжлийн байгууллагуудаар Б.Б-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Багш ажилчдын 2016 оны 6 дугаар сарын цалингаас 2016 оны ээлжийн амралтыг цалинтай хамтатган бодож олгохдоо Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоол, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасан хувь хэмжээгээр олголгүй, нийгмийн даатгалын шимтгэлийг 9 дүгээр сарын цалингаас суутгаж авсан, ажилчдын ээлжийн амралтыг бодохдоо унаа хоолны хөнгөлөлтийг оруулж тооцон, мөнгийг олгохдоо 1.499.500 төгрөгийг илүү олгосноор ажилчдын 2017 оны 02 дугаар сарын цалингаас ээлжийн амралтын санд орсон унаа хоолны мөнгийг тооцон суутгаж авсан, ажилчдын нийгмийн даатгалын дэвтрийн 2016 оны 9 дүгээр сарын бичилт хийхдээ 20 орчим хүний дэвтэрт засвар оруулсан, манаач нарын цалин хөлс илүү цагийн цалинг бодохдоо нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилчдыг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлж олгоно гэж хуулинд заасан заалтыг зөрчиж 1.5 хувиар тооцож олгосон, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлд заасан төсвийн хөрөнгийн зарцуулалтын тайланг хагас бүтэн жилээр хамт олонд тайлагнаагүй, 2017 оны нэгдүгээр улирлын ажлын үр дүнгийн урамшууллыг тооцож олгохдоо 25 хувиас ихээр нэр бүхий багш нарт 40-41 хувиар олгосон, нийгмийн даатгалын дэвтэрт алдаатай бичилт хийсэн, уг бичилтийг нярваар ажиллаж байхдаа бичсэн нь өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн, санхүүгийн үйл ажиллагааг үр ашигтай зарцуулаагүй, тул түүнийг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2017/02386 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Б-г Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн нягтлан: бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Ерөнхий боловсролын *** дугаар сургуулиас ажилгүй байсан хугацааны ажлаас буруу халсан үеийн олговорт 5.798.094,4 төгрөгийг гаргуулан Б.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ерөнхий боловсролын *** дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 107.719,5 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 285 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2017/02386 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107.719 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчиж хэт нэг талыг барьж хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн тайлбар, нотлох баримтыг үнэлээгүй, давж заалдах шатны шүүх хэргийн материалд байхгүй нотлох баримтыг магадлалын хянах хэсэгтээ оруулсан, мөн шүүх өөрөө нотолсон зүйлээ магадлалд үгүйсгэсэн, хавтас хэрэгт 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн СХД-ийн дотоод аудитын албанаас санхүүгийн шалгалт хийсэн нотлох баримтыг үнэлээгүй, шийдвэр магадлалдаа тусгаагүй нь зөвхөн нэхэмжлэгчид давуу байдлаар шийдвэрлэсэн. Б.Б- нь 2017 оны 03, 04 дүгээр сард ажиллаж байх хугацаандаа санхүү, бүртгэлийн алдаа дутагдал гаргаж байсан гэдгээ шүүх хуралдаан дээр өөрөө хэлсэн ба нэхэмжлэл дээрээ мөн дурьдсан байхад шүүгч нэхэмжлэгчээс хөтөлсөн асуулт буюу нэхэмжлэгч та Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-г мэдэх боломжгүй байсан биз дээ гэж асууж хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Энэ нь шүүх хуралдааны камерын бичлэгт бичигдсэн гэж бодож байна. Хэргийг шийдвэрлэхдээ *** дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Энхтуяа нь өмнөх захиралтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхгүй мэтээр шүүх дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээг 2016 онд өмнөх захиралтай байгуулахдаа гэрээнд тусгагдсан бүх зүйлийг хүлээн зөвшөөрсөн хэмээн үзэж баталгаажуулж гарын үсэг зурсан байхад түүнийг хөдөлмөрийн гэрээтэй танилцаагүй хуулийн заалтыг мэдээгүй байсан хэмээн үзсэн, мөн Хөдөлмөрийн хуулинд дотоод журмыг боловсруулахдаа уг хуулийн 40.1.5 дах хэсгийг заавал тусгана гэсэн заалт байхгүй байхад уг заалтыг дотоод журамдаа тусгаагүй байна хэмээн үзсэн нь хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж дүгнэхэд хүргэсэн болно. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Дотоод Аудитын албанаас хийсэн шалтгалтыг зөвхөн өмнөх захирал Ш.Цэрэннадмидад холбогдуулж хийсэн шалгалт болохоос нягтлан бодогчийн ажлыг шалгаагүй гэж дүгнэсэн нь шүүгч хэргээ бүрэн ойлгоогүй, шалгалтын удирдамж, танилцуулгатай танилцаагүй ба уг шалгалтын танилцуулгад олон хуулийн хэрэгжилтийг шалгах, тэр дундаас Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах асуудал хамрагдсан байхад түүнийг үгүйсгэж шийдвэрлэсэн, шалгалтаар илрүүлсэн санхүүгийн маш олон зөрчлийг зөвхөн Ш.Цэрэннадмид гэдэг хүнд хамаатай, Б.Б-д хамаагүй, өөр ажилтан хамтран оролцсон байсан хэмээн үзсэн нь төрийн байгууллагаас хийсэн хяналт шалгалтыг үгүйсгэсэн нэхэмжлэлд дурьдагдаагүй асуудлыг шүүх хэлэлцсэн. Нягтлан бодогч Б.Б-гийн ажлын байрны тодорхойлолтын "Ажлын байрны зорилго” хэсэгт нягтлан бодогч нь байгууллагын санхүүгийн асуудлыг бүрэн хариуцна хэмээн тодотгож өгсөн байхад түүнийг үнэлээгүй энэ ажлыг давхар өөр хүн хариуцна гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгч Б.Б- нь нягтлан бодогчоор ажиллахаас өмнө ажилчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж, уг бичилт нь санхүүгийн маш их алдаатай, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж байсныг харуулсан нотлох баримтыг гаргаж өгсөн боловч түүнийг үнэлээгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулинд хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдах” гэсэн тохиолдолд шууд цуцлахаар зохицуулсан байхад хууль буруу хэрэглэж мөн хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар сахилгын шийтгэл оногдуулсан байхыг шаардсан нь буруу байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч нь нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа санхүүгийн зөрчил гаргасан нь тодорхой байх тохиолдолд түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан аль тохирох сахилгын шийтгэлийг оногдуулах учиртай хэмээн хянасан нь мөн хуулийн 40.1.5 дах хэсгийг үгүйсгэсэн ойлгомжгүй зүйл болжээ. Мөн магадлалд 2016 оны 12 сарын 27-ны өдрийн санхүүгийн шалгалтаар илэрсэн зөрчилд нэхэмжлэгчид арга хэмжээ аваагүй бөгөөд удаа дараагийн шалгалтаар хийсэн зөрчил дутагдал, өөрөөр хэлбэл 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн дотоод аудитын дүгнэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг тал бүрээс нь шинжлэн судална гэснийг зөрчсөн байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ерөнхий боловсролын *** дугаар сургуульд холбогдуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх Б.Б-гийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Ерөнхий боловсролын *** дугаар сургуультай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр нягтлангийн ажил, үүрэг эрхэлж байгаад тус сургуулийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/39 тоот тушаалаар ажлаас халагдсан байна.

Б.Б-г ажлаас халсан тушаалд “ажиллах хугацаандаа санхүү бүртгэлийн алдаа гаргаж сургуулийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд багш, ажилчдаас  авсан хандивыг төрийн сангийн дансанд төвлөрүүлээгүй зарцуулсан, хандив авсан тухай холбогдох байгууллагад мэдээлээгүй, кассын няравт төвлөрсөн орлого, зарлагын баримт дутуу, хөрөнгө зарцуулсан тухай тайлан гаргаагүй, Төсвийн байгууллагын мөнгөн касын ажиллагааны журам зөрчсөн нь мэргэжлийн байгууллагын шалтгалтаар тогтоогдсон гэж, уг зөрчлийн хууль зүйн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, хөдөлмөрийн гэрээний 6.2 дахь хэсэг болон бусад холбогдох хууль, тушаалыг баримталжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох”-ыг заажээ.

Хариуцагч Ерөнхий боловсролын *** дугаар сургууль нэхэмжлэгч Б.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тус сургуулийн захирал Ш.Цэрэннадмидад холбогдуулан гаргасан гомдлын дагуу хийсэн шалгалт, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн дотоод албанаас хийсэн санхүүгийн шалгалтын танилцуулга, дотоод аудитын шалгалтын тэмдэглэл, Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын мэдэгдэл зэргийг үндэслэсэн боловч эдгээр баримт нь Б.Б-г ажил олгогчийн итгэлийг алдагдуулсан, цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүйд хүргэсэн, эд хөрөнгийн шинжтэй, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй буюу тушаалд заасан зөрчил гаргасныг нотлоогүй талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Харин анхан шатны шүүх шийдвэртээ, “...захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Э-г ажилтныг ажлаас халах эрх бүхий этгээд биш тул түүний гаргасан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай шийдвэр хуульд нийцээгүй, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан үйлдэхүйн улмаас ажлаас халах агуулгатай зохицуулалт байхгүй, талууд энэ талаар тохиролцоогүй...” гэх агуулгатай  дүгнэлтийг хийсэн нь хуульд нийцээгүй боловч энэ алдаа нь шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна.

Хоёр шатны шүүх Б.Б-г ажлаас халсан тушаалд заасан үндэслэлийн хүрээнд хэргийн баримтад тулгуурласан дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2017/02386 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 285 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 107.719 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ