Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2386

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2017/02386

 

 

Улаанбаатар хот

 

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Б.Б

            Хариуцагч: 10-р сургууль холбогдох

            Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б/ШТЭҮ-1960/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 2010 онд Улаанбаатар дээд сургуулийг, 2014 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг нягтлан бодогчийн мэргэжлээр тус тус төгссөн. 2015 оны 02 дугаар сарын  20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуульд няраваар ажилд орсон. 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс нягтлан бодогчоор тушаал дэвшин ажилласан. Ажиллаж байх хугацаанд бүх хичээл зүтгэлээ ажилдаа хандуулж, өөрийнхөө хэмжээнд хичээж ажилладаг байсан. Сургуулийн захиргаа, ажилчид намайг үнэлдэг, магтдаг, надад ажлаа хийж чадахгүй гэх асуудал байгаагүй боловч манай сургууль 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 10 жилийн ойгоо тэмдэглэх ажлын хүрээнд хандивыг нийт багш ажилчдаас цуглуулсан. Үүнийг хурал хийгээд өөрсдөө хураалгахаар зөршөөрсөн. Манай сургууль 10 жилийн турш ямар ч засвар хийгээгүй байсан учраас засвар хийсэн. Энэ тухай бүх эцэг эхчүүд хэлэх байх. Тухайн мөнгийг хураагаад бүх зарцуулалтыг сургуулийнхаа төлөө зарцуулсан. Төрийн сангийн дансанд байршуулаагүй нь миний буруу байсан. Ажлын туршлага муугаас ийм зүйл болсныг хүлээн зөвшөөрч байна. Зарцуулалт дууссаны дараа шалгалт ирсэн. Тэр үед шинээр няраваар ажилтан авсан байсан. Анхан шатны бичиг баримт дутуу, кассын тайлан гараагүй байсан. Үүнийг гаргахыг нярав хариуцдаг. Би нягтлан бодогчийн хувьд няравын ажилд хяналт тавьж зохистой шалгалт хийдэг байсан. Шалтгалтын үед няравын ажилд бичиг баримт дутуу байсан. Би 7 хоногийн дотор анхан шатны бичиг баримтыг бүрдүүлсэн. Үүнээс хойш дахиж намайг шалгаагүй. Би дахиж шалгах ёстой байсан гэж бодож байна. Дүгнэлт хэзээ гарсан гэдгийг мэдээгүй. 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр надад дүгнэлт гарсан гэж хэлсэн. Надад дүгнэлтийг гардуулаагүй, уншуулаагүй. Шинэ захирал н.Энхтуяа 2017 оны 03 дугаар сарын 30-ний өдөр захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилд томилогдсон. Сургууль энэ үед 1 сарын хугацаанд захиралгүй байсан. Би захирлын зөвшөөрлөөр цалинг тавьдаг байсан учраас миний ажил нэг сарын хугацаанд түр зогсонги байдалд байсан. 2017 оны 04 дүгээр сарын  03-ны өдөр н.Энхтуяа захирал өрөөндөө намайг дуудсан. Чи надтай ажиллах дургүй байгаа биздээ би ч гэсэн чамтай ажиллах дургүй байна гэж шууд тулгаж хэлсэн. Би хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгэхэд намайг өргөдлөө өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад гэж хэлэхэд Төрийн сангийн дансанд мөнгө байршуулаагүй энэ бол маш том шалтгаан гэж хэлсэн. Би өргөдлөө өгч чадахгүй, энэ ажилд мэргэшихийн тулд би үнэхээр их хичээсэн учраас чадахгүй гэж хэлсэн. Тэрнээс хойш удаа дараа намайг өрөөндөө дуудаж сэтгэл зүйн дарамтанд оруулсан. Би өөрөө өргөдлөө өгдөг ч юм билүү гэж бодоход хүргэж байсан. Гэхдээ надад зорилго байсан учраас өргөдлөө өгөхгүй тэссэн. 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр цалингаа гаргаад гарын үсэг зуруулах гээд ороход өргөдлөө өгөхгүй бол дотоод аудитаар шалгуулна чамайг ямар ч алдаа гарахгүй байна гэж байхгүй гэж намайг дарамталсан. Энэ үед тэвчээр үнэхээр барагдаж өрөөнд нь маргалдсан. Ингээд дотоод аудит оруулсан. Аудитын дүгнэлт үнэн гарсан. Би тэр үеэс ажлаа зоригтой хийж байсан. Тэгтэл 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр миний тушаал гаргах гэж байгаа гэдэг мэдээг дуулсан. Тэр өдөртөө бүх ажлаа цэгцэлсэн. 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр намайг ажлаас халах тушаалаа танилцуулаагүй байж Төрийн сангийн хүмүүст мэдэгдэж миний ажлыг хүлээж авахаар хүмүүс ирсэн байсан. Тэгэхээр нь би цагийг нь хойшлуулж өг, би дараагийн хүндээ ажлаа хүлээлгэж өгмөөр байна гэж хэлсэн. Гэхдээ би татгалзах зүйлгүйгээр 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тушаалаа авчихаад ажлаа хүлээлгэж өгсөн. Надад хүнтэй ашиг сонирхлын зөрчил байгаагүй. Би өнөөдрийг хүртэл хичээж ажилласан. н.Энхтуяа захирал өндөр албан тушаалд томилогдоод өөрийн ашиг сонирхлын төлөө намайг хүчээр ажлаас халсан гэж үзэж байгаа. Иймд н.Энхтуяа захирлын тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорыг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч “Ерөнхий боловсролын 107 дугаар сургууль” шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч 107 дугаар сургуулийн хариу тайлбарт Б.Б нь ажиллах хугацаандаа санхүү бүртгэлийн алдаа гаргасан, сургуулийн эд хөрөнгө дутаасан, ажилчдын 2017 оны үр дүнгийн мөнгөн урамшууллын хуваарилалтыг шударга бусаар өөрт давуу байдал үүсгэн албан тушаалаа урвуулан ашиглаж хангалттай хэлбэрээр олгосон, манаач нарын цалин хөлсийг санаатайгаар буруу бодсон зөрчил гаргасан болно гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт Б.Бг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/39 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх шалтгаан бол мэргэжлийн байгууллагуудаар тогтоогдсон үндэслэл бүхий нотлох баримттай шалтгаан байгаа. Б.Б нь багш, ажилчдаас хандивын мөнгө хурааж авсан. Түүнийгээ төрийн сангийн нэмэлт дансанд төвлөрүүлээгүй, уг мөнгийг зориулалтын дагуу бүрэн төгс захиран зарцуулаагүй. Б.Бгийн ажилд 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн дотоод аудитын албанаас санхүүгийн үйл ажиллагаанд шалтгалт хийсэн. Энэ шалтгалтаар санхүүгийн маш олон зөрчил илэрсэн. Мөн түүнчлэн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн захирал Ш.Цэрэннадмидад холбогдох гомдлын мөрөөр шалгалт хийсэн шалгалтын танилцуулга, Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын албаны 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн санхүүгийн шалгалтын танилцуулга, дотоод аудитын шалгалтын тэмдэглэл зэрэг санхүүгийн мэргэжлийн байгууллагуудаар Б.Бг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Б.Б нь багш, ажилчдаас хандивын мөнгө хурааж, түүнийгээ төрийн сангийн нэмэлт дансанд төвлөрүүлээгүй, түүнийг бүрэн төгс зориулалтын дагуу захиран зарцуулаагүй, багш ажилчдын 2016 оны 06 дугаар сарын цалингаас 2016 оны ээлжийн амралтыг цалинтай хамтатган бодож олгохдоо Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоол, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасан хувь хэмжээгээр олголгүй, нийгмийн даатгалын шимтгэлийг 9 дүгээр сарын цалингаас суутгаж авсан, ажилчдын ээлжийн амралтыг бодохдоо унаа хоолны хөнгөлөлтийг оруулж тооцон, мөнгийг олгохдоо 1.499.500 төгрөгийг илүү олгосноор ажилчдын 2017 оны 02 дугаар сарын цалингаас ээлжийн амралтын санд орсон унаа хоолны мөнгийг тооцон суутгаж авсан, ажилчдын нийгмийн даатгалын дэвтрийн 2016 оны 09 дүгээр сарын бичилт хийхдээ 20 орчим хүний дэвтэрт засвар оруулсан, манаач нарын цалин хөлс илүү цагийн цалинг бодохдоо “нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилчдыг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлж олгоно” гэж хуулинд заасан заалтыг зөрчиж 1,5 хувиар тооцож олгосон, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлд заасан төсвийн хөрөнгийн зарцуулалтын тайланг хагас бүтэн жилээр хамт олонд тайлагнаагүй, 2017 оны нэгдүгээр улирлын ажлын үр дүнгийн урамшууллыг тооцож олгохдоо 25 хувиас ихээр нэр бүхий багш нар буюу н.Оюунгэрэл, н.Ганхуяг, н.Сайханжаргал, н.Адъяа-Очир багш нарт 40-41 хувиар олгосон, нийгмийн даатгалын дэвтэрт алдаатай бичилт хийсэн, уг бичилтийг нярваар ажиллаж байхдаа бичсэн нь өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн, санхүүгийн үйл ажиллагааг үр ашигтай зарцуулаагүй, тул түүнийг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэв.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн  нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                Ү Н Д Э С Л Э Х  Н Ь:

            Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “Ерөнхий боловсролын 107 дугаар сургууль”-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан байна.

            “Ерөнхий боловсролын 107 дугаар сургууль”-ийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/39 дугаартай тушаалд Бага дунд  боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2 дэх заалт, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2 дах хэсэг, сургуулийн дотоод журмын 5.16 дах хэсэг, Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалын 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх хэсэг, Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын мэдэгдлийг үндэслэн нягтлан бодогч Болдбаатарын Болормааг санхүү бүртгэлийн алдаа гаргаж, сургуулийн ойг тэмлэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд багш ажилчдаас авсан хандивыг төрийн сангийн дансанд төвлөрүүлээгүй зарцуулсан, хандив авсан тухай холбогдох байгууллагад мэдээлээгүй, кассын няравт төвлөрсөн орлого, зарлагын баримт дутуу, хөрөнгө зарцуулсан тухай тайлан гаргаагүй, “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”-ыг зөрчсөн нь мэргэжлийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон тул 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, 2016 оны 09 дүгээр 01-ний өдрийн 83 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан байх ба нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхийн харъяалал болон гомдол гаргах хугацааг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Б болон түүний өмгөөлөгч нь нэхэмжлэгчийг  “Ерөнхий боловсролын 107 дугаар сургууль”-ийн захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Э.Энхтуяагийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/39 дугаартай тушаал хууль бус тул хүчингүй болгох үндэслэлтэй, 2016 онд тус сургуулийн 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд засвар тохижилтын ажилд сургуулийн багш, ажилчид, сурагчдаас хандив цуглуулан 10.469.746 төгрөгийн мөнгөн хөрөнгийн хуримтлал үүсгэж, сургуулийн засвар тохижилтын ажилд зарцуулсныг төрийн сангийн нэмэлт дансанд төвлөрүүлээгүй, энэ мөнгийг уг ажилд үр ашигтай зарцуулсан боловч санхүүгийн анхан шатны бичиг баримтын бүрдэл дутуу байсныг нягтлан бодогч Б.Б сургуулийн няравт шаардлага, даалгавар өгч, кассын тайланг гарган, бүрдлийг хангасан атал захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Э.Энхтуяагийн дарамт шахалтаар, түүний хувийн ашиг сонирхлын улмаас ажлаас халагдсан тул нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй гэж маргадаг.

Харин хариуцагч “Ерөнхий боловсролын 107 дугаар сургууль” нь хариу тайлбартаа нягтлан бодогч Б.Б нь ажиллах хугацаандаа санхүү бүртгэлийн алдаа гаргасан, сургуулийн эд хөрөнгө дутаасан, ажилчдын 2017 оны үр дүнгийн мөнгөн урамшууллын хуваарилалтыг шударга бусаар өөрт давуу байдал үүсгэн албан тушаалаа урвуулан ашиглаж хангалттай хэлбэрээр олгосон, манаач нарын цалин хөлсийг санаатайгаар буруу бодсон зөрчил гаргасан гэх тайлбарыг ирүүлсэн байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Б.Бг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн захирал Ш.Цэрэннадмидад холбогдох гомдлын мөрөөр шалгалт хийсэн шалгалтын танилцуулга, Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын албаны 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн санхүүгийн шалгалтын танилцуулга, дотоод аудитын шалгалтын тэмдэглэл, Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын мэдэгдэл зэрэг санхүүгийн мэргэжлийн байгууллагуудаар тогтоогдсон гэж марган мэтгэлцдэг.

Нэхэмжлэгч Б.Б нь 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс Сонгинохайрхан дүүргийн “Ерөнхий боловсролын 107 дугаар сургууль”-д нярваар, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс нярвын ажлаас чөлөөлөгдөн, тус сургуулийн нягтлан бодогчийн ажил албан тушаалд ажилласан,  ажил олгогч 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нягтлан бодогч Б.Бтай хөдөлмөрийн гэрээг байгуулж, албажуулан, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг гүйцэтгүүлэхээр сарын үндсэн цалинг 556393 төгрөгөөр, хөдөлмөрийн хэвийн нөхцөлтэйгээр хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулан талууд гарын үсэг зурж танилцуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог, энэ талаар зохигчид маргаагүй./ХХ-ийн 49 дүгээр хуудас, 62-63, 109-110/ 

Хариуцагч “Ерөнхий боловсролын 107 дугаар сургууль”-ийн захирлын 2017 оны О5 дугаар сарын 03-ны өдрийн Б/39 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийг хянавал хариуцагч нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл зүйл заалтыг баримталсан нь хууль зөрчөөгүй гэх боловч ажил олгогч “Ерөнхий боловсролын 107 дугаар сургууль”-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Энхтуяагийн гаргасан уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болох нь дараах байдлаар тогтоогдож байна. 

Тушаалын үндэслэлд дурьдсанаар ажилтныг авч ажиллуулах чөлөөлөх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэр гаргаж хэрэгжүүлэх нь Ерөнхий боловсролын сургуулийн 107 дугаар сургуулийн захирлын эрх хэдий ч тус сургуулийн захирал асан Ш.Цэрэннадмидын ажилтан Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Энхтуяа дүгнэн цуцалсан нь ажилтан Б.Бгийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах заалтын талаар тухайлан ажилтантай тохиролцсон тохиролцоог тусгаагүй, ерөнхий байдлаар 40 дүгээр зүйл гэх байдлаар заасан байх тул ажилтан Б.Б хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг мэдэх боломжгүй тэр тусмаа 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийг бичгээр заагаагүй тул мэдэх боломжгүй байна. Тиймээс 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан тохиолдлыг талууд харилцан тохиролцсон нь тодорхойгүй байхад хөдөлмөрийн гэрээгээр цуцалсан нь үндэслэлгүй юм.

Мөн тус сургуулийн дотоод журамд сахилгын шийтгэл хүлээлгэх, гэрээ цуцлах, ажлаас халах тухай заасан боловч ямар тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар нэг бүрчлэн тусгаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах заалттай холбоотой агуулга тусгагдаагүй байна. Иймд дотоод журмын заалтыг баримталсан нь үндэслэлгүй байна./ХХ-ийн 36-48 дугаар хуудас/

Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалын 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх хэсгийг баримталсан байх ба тус тушаалын хавсралтаар “Төсвийн Ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага шалгуур журам”-ыг баталсан төдийгүй уг журмын дагуу нягтлан бодогч Б.Б нь ахлах нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаагүй болох нь тогтоогддог. Хариуцагч нь анхнаасаа уг шалгуур шаардлагыг баримтлаагүй, Б.Бг байгууллагын дарга, нийслэлийн санхүү, төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөөгүй болох нь тогтоогддог./ХХ-ийн 74-81 дүгээр хуудас/

Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын мэдэгдэлд дурьдсан үндэслэл нь нягтлан бодогч Б.Бг ажлаас халах үр дагавар агуулсан албан ёсны шийдвэр бус юм./ХХ-ийн 21 дүгээр хуудас/

Иймээс хариуцагч байгууллагын ажилтан Б.Бг ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлийн хувьд Монгол улсын хууль тогтоомжид нийцээгүй болох нь тогтоогдож байна.

Хариуцагч байгууллагын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбарууд хоорондоо зөрчилддөг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Б.Бг ажлаас халах тухай тушаалын үндэслэлээр бус хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн захирал асан Ш.Цэрэннадмидад холбогдох гомдлын мөрөөр шалгалт хийсэн шалгалтын танилцуулга болон Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын албаны 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн санхүүгийн шалгалтын танилцуулга, дотоод аудитын шалгалтын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг үндэслэн мэтгэлцсэн нь үндэслэлгүй юм./ХХ-ийн 11-15, 18-20 дугаар хуудас/

Учир нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн захирал Ш.Цэрэннадмидад холбогдох гомдлын мөрөөр шалгалт хийсэн шалгалтын танилцуулга нь тус сургуулийн захирал Ш.Цэрэннадмидад холбогдуулан иргэн Д.Баатардорж, Ч.Урантогос нараас ирүүлсэн гомдлын дагуу хийгдсэн хяналт шалгалт байх ба нэхэмжлэгч Б.Бд холбогдуулсан гомдлын мөрөөр шалтгалт хийгээгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагч 107 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Энхтуяагийн ирүүлсэн хүсэлтийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын албаны 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр санхүүгийн хяналт шалгалтыг хийж, тус албаны шалгалтын танилцуулга, дотоод аудитын шалгалтын тэмдэглэл зэрэг дүгнэлт нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн шалгалтын үр дүн байх тул энэ хугацаанд нягтлан бодогчийн ажлыг дангаар Б.Б гүйцэтгээгүй, өөр санхүүгийн ажилтан ажил үүрэг гүйцэттгэж байх үеийг хамарсан болох нь тогтоогддог, үүний сацуу уг танилцуулга, тэмдэглэлийн дүгнэлт нь 107 дугаар сургуулийн санхүүгийн үйл ажиллагааны талаар зөвлөмжийн шинж агуулсан байх ба нягтлан бодогч Б.Бгийн ажил албан тушаалдаа тэнцэхгүй болон ажлаас халах санал зөвлөмжийг хүргүүлсэн агуулгагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй байна./ХХ-ийн 107 дугаар хуудас/

Түүнчлэн ажилтан Б.Бг нягтлан бодогчоор ажиллуулах тушаал гарснаас хойш 3 сар 15 хоногийн дараа зохигчид хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүрэг гүйцэтгүүлэхээр 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр эрх зүйн байдлыг баталгаажуулсан байх бөгөөд энэ хугацаанаас хойш нягтлан бодогчийн гаргасан сахилгын зөрчилд л хариуцлага тооцох үндэслэл бүрдэх юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар 2016 оны 5 дугаар сард алдаа зөрчил дутагдал гаргасан нь хариуцлага хүлээх үндэслэл болохгүй бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи үеийн зөрчил болох нь нотлох баримтаар зааглагдан тогтоогдох ёстой боловч игнэж тогтоогддоггүй. 

Ажилтан Б.Бг ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт, ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх ёстой боловч тохирдоггүй, мөн ажил олгогч мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтантай эд хөрөнгийн бүрэн болон хэсэгчилсэн хариуцлага хүлээлгэхээр гэрээгээр тохиролцсон эсэх нь тогтоогддоггүй.

Гэсэн атал Б.Бг мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх тайлбар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл бүрэн тогтоогдохгүй байхад үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурьдсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн гэм бурууг хууль хяналтын байгууллага тогтоогоогүй, мөн нягтлан бодогч Б.Бгийн гаргасан мөнгө хөрөнгө хариуцан ажиллахдаа гаргасан алдаа дутагдлын талаар хамт олны болон захирлын зөвлөлийн хурал, түүний тэмдэглэл, хурлаар хэлэлцсэн талаарх баримтууд, зөрчил гаргагчийн тухайн үед гаргаж байсан тайлбар зэрэг баримт, түүнчлэн гэрчийн мэдүүлэг, гомдол мэдээллийг шалган илрүүлсэн байдал, дүрс, дуу бичлэг болон бусад нотлох баримтуудаар давхар тогтоогдохгүй байх тул шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар дангаараа хариуцагчийн татгалзлыг бүрэн нотлох боломжгүй юм.

Тиймээс ажилтан Б.Б нь хариуцагч байгууллагыг мөнгө санхүүгийн хувьд доройтуулж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, эд хөрөнгө дутаасан болох нь тогтоогддоггүй, нэхэмжлэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурьдсан зөрчлийг хүлээн зөвшөөрсөн ч гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэргийн 16-17, 60, 65, 89, 92, 106, 108 дугаар хуудсанд авагдсан баримтууд хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэдийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг ирүүлсэн байх ба хавтаст хэргийн 64, 88 дугаар хуудсанд авагдсан нийгмийн даатгалын Д.Сайнтөгс болон М.Сүнжидмаа нарын нийгмийн даатгалын дэвтэрт 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи хугацааны бичилтэнд засвар орсон болох нь тогтоогддог ч “Улсын нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 1995 оны 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Нийгмийн даатгалын дэвтэр хөтлөх журмын тухай заавар”-ын 7, 8, 17-д нийгмийн даатгалын дэвтрийг үнэн зөв хөтлөх журмыг байгууллагын захиргаа болон нягтлан бодогч хариуцахаар заасан боловч Б.Бд харъяа дүүргийн болон Нийслэлийн нийгмийн даатгалын хэлтсээс аргачилсан зөвлөмжөөр хангаагүй байна./ХХ-ийн 83-87 дугаар хуудас/

Түүнчлэн “Ерөнхий боловсролын 107 дугаар сургууль” нь ажлаас халсан тушаалыг гардуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй байх боловч энэ талаар зохигчид маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хариуцагч нь ажилтан Б.Бд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасан ажлаас халах хэмжээний сахилгын зөрчил гаргаж, түүнд тохирсон шийтгэл хүлээлгэсэн эсэх нь мөн тогтоогддоггүй.

Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Б.Бг “Ерөнхий боловсролын 107 дугаар сургууль”-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг сүүлийн 3 сарын дундаж 2.421.990 төгрөг, 1 сарын 807.330 төгрөгөөр, 1 өдрийн цалинг 36.696,8 төгрөгөөр тооцон, ажилгүй байсан шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөсшийдвэр гарах хүртэл хугацааны 158 ажлын хоногийн олговорт 5.798.094,4 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Б.Бд олгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болно. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57..1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “Ерөнхий боловсролын 107 дугаар сургууль”-иас тэмдэгтийн хураамжид 107.719,5 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туха хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Бг “Ерөнхий боловсролын 107 дугаар сургууль”-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “Ерөнхий боловсролын 107 дугаар сургууль”-иас ажилгүй байсан хугацааны ажлаас буруу халсан үеийн олговорт 5.798.094,4 төгрөгийг гаргуулан Б.Бд олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмйин даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ерөнхий боловсролын 107 дугаар сургууль”-иас улсын тэмдэгтийн хураамжид 107.719,5 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б. БАЯРМАА