Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00917

 

П.Ө-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/02092 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192 дугаар магадлалтай,

П.Ө-ийн нэхэмжлэлтэй

Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын **- дүгээр сургуульд холбогдох,           

Ерөнхий боловсролын **- дүгээр сургуулийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/40 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.С, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч П.Ө-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...миний бие 2014 онд Ерөнхий боловсролын **- дүгээр сургуульд ахлан ангийн сургалтын менежерийн ажилд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд захирлын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/40 дугаар тушаалаар ажлаас халагдсан. Ажлаас чөлөөлсөн Б/40 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Боловсролын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д заасныг тус тус үндэслэсэн боловч 40 дүгээр зүйлийн аль заалтыг баримталж байгаагаа тодорхой бичээгүй. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах ба П.Ө-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг аль үндэслэлээр дуусгавар болгосноо тушаалдаа тодорхой бичээгүй байна. Б/40 тоот тушаалын үндэслэх хэсэгт ...2017 оны улсын шалгалтын сэдэв даалгаврын тухай нууцлалын баталгааг гаргаж батлуулсан боловч сэдэв даалгавартай холбоотой нууцлалыг задруулсан тул ажлаас чөлөөлсөн гэж дурдсан. Нууцлалын баталгаа тус сургуулийн захирал Ж.Баярмаа болон П.Ө- нарын хооронд байгуулагдаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчсөн. П.Ө- нь ажлаас халагдах үедээ 10 сартайгаас 3 нас хүртэлх насны хүүхдүүдтэй байсан. Нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил бүрэн тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Иймд хөдөлмөрийн харилцаа дуусах үйлдэл болохгүй учир Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын **- дүгээр захирлын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/40 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбарт: ...П.Ө- нь ажил үүргийн хүрээнд 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтсийн даргад нууцын баталгаа гарган, 2017 оны улсын шалтгалтын үйл ажиллагааны нууцлалыг Боловсролын үнэлгээний төвөөс ирүүлсэн ажлын удирдамж болон дүүргийн боловсролын хэлтсээс өгсөн чиглэл, эрх үүргийнхээ хүрээнд хадгалах, хамгаалах үүргийг хүлээсэн боловч энэ үүргээ үл биелүүлэн, 12 дугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалтын сэдэвтэй холбоотой нууцыг задалж, улсын хэмжээнд дахин шалгалт авахад хүргэж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан. Түүний гаргасан ноцтой зөрчилд нь сахилгын арга хэмжээ авч, ажлаас халсан бөгөөд Боловсролын сайд, Боловсролын үнэлгээний төв, Нийслэлийн боловсролын газраас сургалтын менежерийг ажлаас нь халах чиглэл өгсөн.  П.Ө-ийн гаргасан үйлдэл нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1.13, 5.6.1, 5.6.6-т заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлд хамаарч байсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэл болгож шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй. Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөх тушаалд Боловсролын тухай хуулийн 48 дугаар зүйлийг дурдсан боловч уг заалтын дагуу ямар нэгэн торгуулийн болон бусад арга хэмжээ аваагүй. П.Ө-т Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулж байгаа асуудал бөгөөд үүнийг Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах шийдвэрээс ялгаатай авч үзэх учиртай. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/02092 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын **- дүгээр сургуульд холбогдох тус сургуулийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/40 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай П.Ө-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т тус тус зааснаар П.Ө-ийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч П.Ө-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/02092 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...2017 оны улсын шалтгатын өдөр математикийн шалгалтын сэдвийг дөнгөж хүлээгээд авч байхад, шалгалтын материалын тестийн хариу зохион байгуулагчийн гар дээр ч ирээгүй байхад сурагчид шалгалтын хариуг худалдаж аваад, цээжилж байсан. Энэ байдал зөвхөн энэ жил ч биш сүүлийн жилүүдэд байнга гарч байгаа бөгөөд мөнгөтэй айлын хүүхэд өндөр оноо авах шударга бус байдал жилээс жилд бий болж байгаатай санал нэгдээгүй тул шалгалтын тестийн сэдвийг тараасан байдаг. Дээрх сэдвийн материал задалсан үйлдэлд хариуцлага тооцож, мөн өдөр буюу 2017 оны 5 сарын 25-нд сургуулийн захирал Ж.Б нь П.Ө-ийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Гэвч тушаал гарах үед П.Ө- нь 3 хүртэлх насны 2 хүүхэдтэй байсан бөгөөд П.Ө-ийг ажлаас чөлөөлөх үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна. Тус асуудлыг анхан шатны шүүхийн шүүхийн 2017 оны 11 сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/02092 дугаар шийдвэрт “Хариуцагчийн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль хэсэг, заалтыг үндэслэн ажлаас халах тушаал үйлдэснийг заагаагүй боловч энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд хамаарч байна гэж үзэж ажлаас халах тушаалыг үндэслэлтэйд тооцсон. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “нэхэмжлэгч гаргасан тайлбараа нотолж чадаагүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн” нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тодруулбал, ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэд нь “нууцлалын баталгаа зөрчсөн” гэх үндэслэл бөгөөд үүнийг хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж тодорхойлоогүй. Шүүх хөдөлмөрийн гэрээний 5.6.1, 5.6.6-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь нотлох баримтыг бодитой үнэлээгүй гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасныг зөрчөөгүй байхад ажлаас халах тушаал гаргасан нь 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг зөрчсөн. П.Ө-ийн гаргасан зөрчил нь нууцлалын баталгааг задруулсан гэж холбогдох тушаалд заасан байхад уг асуудлыг шүүх ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээний 5.6.1-т заасан “Боловсролын тухай болон сургуулийн хэмжээнд мөрдөгдөхөөр заасан тушаал, заавар журмыг зөрчин гажуудуулсан” гэж үзсэн нь ямар эрх зүйн баримт бичиг, ямар хуулийн ямар заалтыг зөрчсөнийг тодорхойлоогүй байна. Хөдөлмөрийн гэрээний 5.6.6-т заасныг үндэслэн шүүх нууцлалын баталгааг задруулсан үйлдлийг ноцтой зөрчилд тооцжээ. Гэвч, энэхүү 5.6.6 дахь заалт нь эд хөрөнгийн хариуцлагатай холбоотой зөрчлийг заасан бөгөөд харин нэхэмжлэгч П.Ө- нь энэ төрлийн зөрчлийг гаргаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. П.Ө- нь зөвхөн сэдвийн даалгавар задруулсан үйлдэлд буруутай болохоос шалгалтын хариуг огт задлаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтад тодорхой байгаа. Сэдвийн хариу тест нь П.Ө-т ирээгүй байсан нь хэргийн үйл баримтаас тодорхой байдаг. Тестийн хариу өмнө нь задарсан талаарх нотолгоог хэрэгт авагдсан нотлох баримт болох “Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 14/9943 тоот албан бичгээр ирүүлсэн холбогдох ажлын хэсгийн дүгнэлтийн 3, 4 дүгээр хуудаст тодорхой бичигдсэн байгаа. Өөрөөр хэлбэл, тестийн хариу задалсан иргэний талаарх мэдээлэл тодорхой байгаа. Боловсролын үнэлгээний тов нь “нууц” гэж үзэж байгаа мэдээллээ өөрөө түрүүлж задалсан үйл баримтыг төрийн эрх бүхий байгууллага нь тогтоогоод байхад уг ил болсон мэдээллийг нууц гэж тайлбарлан, нууц задруулсан гэж нэг хүнээс л хариуцлага нэхэж байгаа нь шударга нийгмийн дүр түрх болж чадахгүй гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын **- дүгээр сургуулийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 25-ны Б/40 тоот тушаалаар тус сургуулийн ахлах ангийн сургалтын менежер П.Ө-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан ба тушаалд заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

П.Ө- эрхэлсэн ажил, үүргийн дагуу 2017 оны ерөнхий боловсролын сургууль төгсөх улсын шалгалтын сэдэв, даалгаварын нууцлалын баталгаа гаргаж Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэстэй 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 01/216 тоот хамтран ажиллах гэрээ байгуулж, өөрийн тусгай эрхээр яамны мэдээллийн нэгдсэн системээс шалгалтын сэдэв, даалгаварыг татан авсан боловч тухайн нууцлалыг чанд хамгаалах үүргээ зөрчиж, 12 дугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалтын сэдэв, даалгаварыг өөрийн дүү Б.Бумжаргалд дамжуулан өгсөн нь хэргийн баримтаар нотлогдсон байна. Энэ үйл ажиллагаанаас шалтгаалж тухайн улсын шалгалтыг хүчингүй болгож, дахин явуулсан үйл баримт тогтоогджээ.

Ажил олгогч нэхэмжлэгч П.Ө-ийг ажлаас халсан тушаалдаа ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг ерөнхийлөн үндэслэсэн, хөдөлмөрийн гэрээний зохих зохицуулалтыг баримтлаагүй нь буруу боловч, П.Ө- тушаалд заасан үйлдлийг гаргасан, энэхүү үйлдэл нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.6.1, 5.6.6-д заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул ажлаас халсан шийдвэрийг агуулгын хувьд хуульд нийцээгүй гэж үзэхгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгчийн гомдолд дурдсан ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчиж, ажлаас халсан гэсэн нь үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар ажил олгогч ...гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглодог ба нэхэмжлэгч П.Ө-ийг ноцтой зөрчил гаргасан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас халсан тул хуулийн дээрх зохицуулалт зөрчигдөөгүй гэж үзнэ.

Иймд хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/02092 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлүийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ