Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/00192

 

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/00192

 

П.Өлзийхишигийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/02092 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П.Өлзийхишигийн нэхэмжлэлтэй хариуцагч Ерөнхий боловсролын 49 дүгээр сургуульд холбогдох

 

Ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/40 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/40 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Боловсролын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д заасныг тус тус үндэслэсэн боловч 40 дүгээр зүйлийн аль заалтыг баримталж байгаагаа тодорхой бичээгүй. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах ба П.Өлзийхишигтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг яг аль үндэслэлээр дуусгавар болгосноо тушаалдаа тодорхой бичээгүй байна. Б/40 тоот тушаалын үндэслэх хэсэгт ...П.Өлзийхишиг нь 2017 оны улсын шалгалтын сэдэв даалгаврын тухай нууцлалын баталгааг гаргаж батлуулсан боловч сэдэв даалгавартай холбоотой нууцлалыг задруулсан тул ажлаас чөлөөлсөн гэж дурдсан. Нууцлалын баталгаа тус сургуулийн захирал Ж.Баярмаа болон П.Өлзийхишиг нарын хооронд байгуулагдаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчсөн. П.Өлзийхишиг нь ажлаас халагдах үедээ 10 сартайгаас 3 нас хүртэлх насны хүүхдүүдтэй байсан. Мөн нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа үүнд яригдаагүй байдаг. 2017 оны улсын шалгалтын нууцлалын асуудал нь сэдэв даалгавраас гадна шалгалтын хариу, тестийн хариу задруулсан асуудал, мөн улсын шалгалтын дараагийн өдрүүдэд зөвхөн математикийн шалгалтаас гадна нийгэм, монгол хэл, англи хэлний хичээлийн хувьд улсын шалгалтын сэдэв задарсан асуудлууд ч гарч байсан. Энэ асуудлыг шалгах, эцсийн шийдвэр гараагүй байхад түүнийг ажлаас халах шийдвэр гаргасан нь тухайн үеийн буруутай үйл ажиллагааг хэн нэгэн хүнд тохох, ажилдаа хариуцлагагүй хандсан хүн рүү онилж, түүнийг буруутгах гэсэн хандлага байсан. П.Өлзийхишиг нь ажилдаа хариуцлагагүй хандсан үйл баримт байгаа боловч түүний гар дээр тухайн шалгалтын тестийн хариу ирэхээс өмнө шалгалтын тестийн хариу задарсан байсан. Үүнийг талууд аль аль нь мэдэж байсан. Ажилтныг ноцтой зөрчил гаргасан гэдгийг хөдөлмөрийн гэрээгээр тохирдог. Энэ тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд ажлын байр, гүйцэтгэх албан тушаалын онцлог, гүйцэтгэх ажил үүрэгт холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож уг зөрчлийг тухай бүрт нь хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заана гэж заасан байдаг. Гэвч энэ асуудалд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэх хэсэгт яг нууцлалын тухай энэ асуудал хэсэгчлэн байхгүй байгаа. Хариуцагчийн тайлбараас үзэхэд хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил хэсэгт хамаарах хэсгийг хэлэхэд 5.6.1, 5.6.6-г дурдсан байгаа. 5.6.1 нь Боловсролын тухай болон сургуулийн хэмжээнд бүрдүүлэхээр гаргасан тушаал, заавар, журмыг зөрчин гажуудуулж, гэмт хэргийн шинж чанартай үйл ажиллагаа явуулсан бол үүнийг ноцтой зөрчил гэж байгаа. Иймд П.Өлзийхишиг нь сургуулийн хэмжээнд мөрдөгдөх ямар нэгэн эрх зүйн баримт бичгийг зөрчөөгүй, гэмт хэрэгт холбогдоогүй. Мөн хөдөлмөрийн гэрээний 5.6.6-д заасан үндэслэлийг үндэслэсэн байдаг. П.Өлзийхишигийн зүгээс өөрт олгогдсон албан тушаалыг урвуулан ашиглаагүй, эд хөрөнгийг гажуудуулж ашиг олж явсан зүйл байхгүй. Яг энэ асуудал тухайн үед П.Өлзийхишигийн нэр хүндэд маш сөргөөр нөлөөлсөн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүрээр ярьсан бөгөөд асуудлын голыг тодруулаагүй байж цагдаагийн байгууллагаар шалгасан. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс тухайн асуудал нь гэмт хэргийн шинж агуулаагүй байна гэж үзсэн. П.Өлзийхишигийн хийсэн үйлдлээс болж улсын шалгалт хойшлогдоогүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар ч тодорхой байгаа. Иймд хөдөлмөрийн харилцаа дуусах үйлдэл болохгүй учир Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 49 дүгээр захирлын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/40 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Улсын шалгалт нь тодорхой дүрэм, журмын дагуу явагддаг. 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр улсын хэмжээгээр ерөнхий боловсролын бүрэн дунд боловсролын 12 дугаар ангийн сурагчдын математикийн улсын шалгалт явагдсан. Улсын шалгалт явагдахын өмнө Боловсролын үнэлгээний төвөөс Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байсан. Ингээд Боловсролын хэлтсийн дарга нар бүх ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн менежерүүдтэй нууцлалын баталгаа гаргуулан хамтран ажилласан. 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль тус дүүргийн бүх ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн менежерүүдтэй нууцлалын баталгаа байгуулсан. Манай сургуулийн ахлах менежер П.Өлзийхишиг энэ нууцлалын баталгааг байгуулсан. П.Өлзийхишиг нь 2017 оны улсын шалгалтын боловсролын үнэлгээний төвөөс ирүүлсэн ажлын удирдамж болон өгсөн чиглэлийн хүрээнд өөрийн ажиллаж байгаа бага, дунд суурь боловсрол эзэмшиж байгаа төгсөх ангийн сурагчдын мэдлэг, чадварын түвшин, боловсролын чанарыг үнэн зөв дүгнэх шалгалтын сэдэв, даалгавар, засалтын нууцыг төрийн албан хаагчийн болон багшийн ёс зүй, өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн дагуу чандлан хамгаалахаар энэхүү нууцлалын баталгааг байгуулсан. Хэрэв П.Өлзийхишиг нь өөрт хариуцуулсан улсын шалгалтын сэдэвт даалгавар, засалттай холбоотой нууцлалыг задруулсан, задруулах нөхцөлийг бүрдүүлсэн бол Боловсролын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Байгууллагын нууцын тухай хуулийн 9, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 131 дүгээр зүйл болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээх бөгөөд нууцлалын баталгааг 2 хувь үйлдэж талууд гарын үсэг зурсан байдаг. Улсын шалгалт өглөө 9 цагаас эхэлсэн боловч шалгалтын материал задарсан шалгалтаа зогсоо гэж Боловсролын үнэлгээний төвөөс над руу утсаар ярьсан. Ингээд П.Өлзийхишиг рүү утсаар ярьж юу болсон бэ, сая үнэлгээний төвөөс утасдаад улсын шалгалтаа зогсоо гэж байна гэхэд П.Өлзийхишиг зогсоолоо гэсэн бөгөөд манай сургуультай холбоотой зүйл байхгүй биз дээ гэхэд тэрээр байхгүй гэсэн. Боловсролын үнэлгээний төвийн дарга н.Ган-Эрдэнэ, захиргаа хуулийн хэлтсийн дарга н.Шижир-Эрдэнэ, математикийн бодлого хариуцсан арга зүйч, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн н.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс ирж, П.Өлзийхишигийг дууд гэсэн. П.Өлзийхишиг над дээр орж ирээд яанаа захирлаа би ...задалчихлаа, уучлаарай, миний буруугаас ийм юм боллоо гэж хэлсэн. Ингээд хүмүүс орж ирээд П.Өлзийхишиг гэж чи юу гэж асуусан бөгөөд чи яагаад улсын шалгалтын материал задалсан юм бэ гэж асуусан. Нууцлалын баталгааны дагуу зөвхөн ахлах ангийн менежер л шалгалтын материалын кодыг мэдэж байсан. Бүх сургуулиудын ахлах ангийн менежерүүдийн кодыг шүүн үзээд Өлзийхишигийг сэдэв задруулсан байна гэдгийг тогтоосон. П.Өлзийхишиг нь өөрийн фэйсбүүк чатаар шалгалтын сэдэв даалгаврыг явуулсан байсан. П.Өлзийхишигээс өөрийнх нь саналыг сонссон. Ингээд бид зөрчлийн тэмдэглэл хөтөлсөн бөгөөд тэмдэглэлийг хэрэгт хавсаргаж өгсөн. П.Өлзийхишиг буруугаа хүлээж, нууцлалын баталгаагаа зөрчсөн. Тэрээр улсын шалгалтын материалын сэдэв буюу даалгаврын зургийг утсаараа авч, 5 дугаар сургуулийн өөрийн дүү рүү чатаар явуулсан гэдгээ хүлээсэн. Ингээд дүүгийнхээ утасны дугаар, анги, ангийн багшийн нэр, бүлгээ бүгдийг нь үнэн зөвөөр хэлж, 5 дугаар сургуулийн улсын шалгалтыг зогсоогоод дахин шалгалт авсан. Цагдаагийн байгууллагаар шалгагдсан боловч эрүүгийн хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг нь хаагдсан. Иймд П.Өлзийхишигийн гаргасан зөрчил нь Хөдөлмөрийн гэрээний 2.1, 5.6.1, 5.6.6-д заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа учраас ажлаас халах шийдвэр гаргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.14-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халах шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар сахилгын шийтгэл оногдуулж байгаа асуудал учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 49 дүгээр сургуульд холбогдох тус сургуулийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/40 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай П.Өлзийхишигийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т тус тус зааснаар П.Өлзийхишигийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч П.Өлзийхишигээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүх шийдвэр гаргахдээ хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй, бөгөөд хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг үнэлээгүй, улмаар шүүх хуралдааны явцад хэлэлцэгдээгүй нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч Өлзийхишигийн гаргасан зөрчил нь нууцлалын багалгааг задруулсан гэж холбогдох тушаалд заасан байхад шүүх уг асуудлыг "Боловсролын тухай болон сургуулийн хэмжээнд мөрдөгдөхөөр заасан тушаал, заавар журмыг зөрчсөн гэж өөрийн үзэмжээр тогтоож шийдвэрлэсэн байна. "Ноцтой зөрчилд" тооцох талаарх Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.6.1 "Боловсролын тухай болон сургуулийн хэмжээнд мөрдөгдөхөөр заасан тушаал, заавар журмыг зөрчин гажуудуулах гэснийг шүүх үндэслэхдээ ямар эрх зүйн баримт бичиг, ямар хуулийн ямар заалтыг зөрчсөнийг тодорхой бичээгүй байна.

Хөдөлмөрийн гэрээний 5.6.6 дахь заалтыг шүүх үндэслэхдээ уг заалтын агуулгыг буруугаар тайлбарлаж шийдвэр гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн тогтоолын 15.4.2 дах хэсэгт заасан агуулгаар хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтын агуулгыг талууд тохирсон. Гэрээний 5.6.6 дах заалт нь эд хөрөнгийн хариуцлагатай холбоотой зөрчлийг заасан байх бөгөөд харин нэхэмжлэгч Өлзийхишиг энэ төрлийн зөрчлийг ерөөс гаргаагүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Хэрэгт авагдсан нотлох баримт болох Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны холбогдох ажлын хэсгийн дүгнэлтэд нэхэмжлэгч Өлзийхишигт хариуцлага тооцохдоо асуудлыг бүрэн тогтоолгүйгээр нэг хүнд хариуцлага тооцсон бөгөөд энэ нь Боловсролын үнэлгээний төвийн эрх бүхий албан хаагчдын буруутай ажиллагаа байсныг тогтоосон байна. Шүүх гэм бурууг тогтоох зорилгоор асуудлыг бүрэн шинжлэн судлаагүй байна. Мөн ажлын хэсгийн дүгнэлтээр энэхүү сэдэв, даалгавар, засалтын нууцлал нь Боловсролын үнэлгээний төвөөс өмнө нь задруулсан болох нь тогтоогдсон талаар хэрэгт авагдсан баримтад заасан байхад шүүх энэхүү нотлох баримтыг үнэлэлгүй, нэхэмжлэгчийг буруутайд тооцож байгаа нь хэргийг тал бүрээс нь үнэн бодитой тогтоож чадаагүйг илтгэж байна. Өлзийхишиг нь тушаал гарах хугацаанд 3 хүртэлх насны 2 хүүхэдтэй байсан бөгөөд хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг ажил олгогч зөрчсөн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх зохигчдын хоорондын хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч П.Өлзийхишиг нь хариуцагч Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 49 дүгээр сургуультай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тус сургуулийн ахлах ангийн сургалтын менежерээр ажиллаж байгаад хариуцагч байгууллагын захирлын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/40 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба шүүхэд дээрх тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/40 дугаар тушаалаар 2017 оны улсын шалгалтын сэдэв, даалгаврын тухай нууцлалын баталгаа гарган батлуулсан боловч сэдэв, даалгавартай холбоотой нууцыг задруулсан үндэслэлээр нэхэмжлэгч П.Өлзийхишигийг ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Боловсролын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т тус тус заасныг баримталсан байна. /хэргийн 29 дүгээр тал/

 

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Боловсролын үнэлгээний төвөөс ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдаас авах улсын шалгалт зохион байгуулах, шалгалтын сэдэв, даалгаврын нууцлалыг хамгаалах зорилгоор Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэстэй 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 01/216 тоот хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нь 49 дүгээр сургуулийн сургалтын менежер П.Өлзийхишигээс нууцын баталгаа гаргуулан авч, менежер П.Өлзийхишиг нь тусгай эрхээр тус яамны мэдээллийн нэгдсэн системээс шалгалтын сэдэв даалгаврыг татан авч, улсын шалгалтыг зохион байгуулсан үйл баримт тогтоогдсон байна. /хэргийн 24, 25/

 

Нэхэмжлэгч П.Өлзийхишиг нь ажил үүргийн дагуу болон дээрх нууцын баталгаанд заасны дагуу өөрт нь хариуцуулсан 2017 оны улсын шалгалтын сэдэв, даалгавар, засалтын нууцлалыг чанд хадгалж, хамгаалах үүргээ зөрчиж 12 дугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалтын сэдэв, даалгаврыг өөрийн дүү Б.Бумжаргалд өгсөн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогджээ. /хх-ийн 20-22/

 

Нэхэмжлэгч П.Өлзийхишиг нь ажил олгогчийн дээрх тушаалыг эс зөвшөөрч буй үндэслэлээ ...хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 зүйлийн аль үндэслэлээр дуусгавар болгосноо тушаалдаа тодорхой бичээгүй, нууцлалын баталгаа тус сургуулийн захирал Ж.Баярмаа болон П.Өлзийхишиг нарын хооронд байгуулагдаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчсөн, ажилдаа хариуцлагагүй хандсан үйл баримт байгаа боловч түүний гар дээр тухайн шалгалтын тестийн хариу ирэхээс өмнө шалгалтын тестийн хариу задарсан байсныг талууд аль аль нь мэдэж байсан гэж тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч П.Өлзийхишигийн гаргасан дээрх үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.6.1, 5.6.6-д заасан зөрчилд хамаарах бөгөөд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцсэн, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/02092 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ