Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2021/0312

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын сургуулийн А корпус, биеийн тамирын заалны засварын БСШУЯ/202001129 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны өмгөөлөгч А.С нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын сургуулийн А корпус, биеийн тамирын заалны засварын БСШУЯ/202001129 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-аас аймгийн Засаг даргад болон Алтанцөгц сумын сургуулийн А корпус, биеийн тамирын заалны засварын БСШУСЯ/202001129 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Алтанцөгц сумын сургуулийн А корпус, биеийн тамирын заалны засварын БСШУСЯ/202001129 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, шийдвэрийг, аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1-01/114 тоот мэдэгдлийг, аймгийн Засаг даргын “Л” ХХК-д эрх олгох тухай шийдвэрийг, Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон ЛХХК-ийн хооронд байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгож, “К” ХХК-тай гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн төлөөлөгч А.Е давж заалдах гомдолдоо: “...Захиалагчийн хувьд ЗТБХБ-ын Сайдын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны 18 тоот, 2012 оны 181 дүгээр тушаалаар батлагдсан төсөв зохиох дүрмийн дагуу тооцсон төсөв ирүүлэхийг шаардсан байхад уг дүрмийг зөрчсөн төсөв ирүүлээгүйг зөрчилд тооцохгүй байх, тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан гэж зөвтгөх үндэслэл огт байхгүй байхад шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр “Л” ХХК-ийн тендерийг шаардлага хангасан гэж үзсэн байна

... “Л” ХХК нь шаардлага хангаагүй төсөв ирүүлсэн байхад үнэлгээний хороо шаардлага хангасан гэж үнэлж, улмаар шүүх ... хууль тогтоомжийг илт зөрчсөн дүгнэлтийг хийсэн.

Манай компани нь ажиллах хүчний зардалд 71,095,432 төгрөгийг төсөвт тусгасан байхад “Л” ХХК нь 37,498,324 төгрөгийг төсөвлөсөн нь илт зөрүүтэй байгаа ба энэ нь ажлын чанарт ноцтой сөрөг үр дагавар үүсгэнэ. Шүүх үүнд огт үнэлэлт, дүгнэлт хийгээгүй.

... “Л” ХХК-ийн Ерөнхий инженер гэх С.Ержан нь нэгдмэл сонирхолтой, үндсэн ажилтан биш, ... “О Д” ХХК-ийн компанийн инженер, Барилга захиалагчийн албаны инженерээр тус тус ажилладаг нь, тус компанийн захирал С.Б-тай төрсөн ах дүү болох нь тогтоогдсон. Энэ нь 2 компани ашиг сонирхол нэг, нэгдмэл сонирхолтой гэж үзнэ.

Иймээс Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг огт хэрэглэхгүйгээр нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзэхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй.

Захиалагчаас огт байхгүй тоног төхөөрөмж шаардсаныг үндэслэлгүйгээр зөвтгөсөн. Угсралтын агергат нь монгол хэл дээрх нэр томьёо биш, хариуцагч энэ талаар тодорхой мэдээлэл, ойлголтгүй, зайлшгүй шаардлага болох нь тогтоогдоогүй тохиолдолд манай компанийн тендер шаардлага хангаагүй гэж үзэх боломжгүй. 2020 оны ашиглалтад оруулсан ажлыг 2019 онд ажил гүйцэтгэсэн гэж үнэлсэн нь үндэслэлгүй.

“Л” ХХК нь 2018, 2019 онд ажил гүйцэтгэсэн гэж үзэхгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг бүрэн судалж, үнэлэхгүйгээр зөвхөн хариуцагчийг зөвтгөх баримтуудыг үнэлж, үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Эцэст дүгнэхэд үнэлгээний хороо болон захиалагч нь маш олон шаардлагыг хангахгүй байгаа “Л” ХХК-ийн тендерийг шаардлага хангасан гэж буруу үнэлж, чанаргүй ажил гүйцэтгүүлэх гэж байгаа ба манай компанийн шаардлага хангасан, чанартай ажил гүйцэтгэхээр хүргүүлсэн тендерийг шалгаруулаагүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “К” ХХК-аас “Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын сургуулийн А корпус, биеийн тамирын заалны засварын БСШУСЯ/202001129 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, шийдвэр, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1-01/114 дүгээр мэдэгдэл, “Л” ХХК-д эрх олгох тухай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон “Л” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгож, “К” ХХК-тай гэрээ байгуулахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 68 дугаар захирамжаар “К” ХХК-аас гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/245 дугаар захирамжаар байгуулагдсан Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын сургуулийн А корпус, биеийн тамирын заалны засварын БСШУСЯ/202001129 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо /цаашид “Үнэлгээний хороо” гэх/-ны ““К” ХХК-ийн тендерт үнэлгээ хийж, дүгнэлт гаргахыг даалгах” агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Үнэлгээний хороо хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан Үнэлгээний хороо 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаан[1]-аар уг тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерт үнэлгээ хийж, “техникийн болон бусад шаардлагыг хангасан” гэж үзэн хорооны гишүүдийн олонхийн саналаар “Л” ХХК-д уг тендерийг гүйцэтгэх эрх олгох тухай 20 дугаар дүгнэлт[2] ийг захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад хүргүүлжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.1.3-д “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага гэж тус тус зааснаар Үнэлгээний хороо тендерийг сонгон шалгаруулахдаа тендер тус бүр нь тендерийн бичиг баримтад заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж, бүх нөхцөлийг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзэх, шаардлагад нийцээгүй гэж үзвэл уг тендерээс татгалзах”-аар заасан бөгөөд захиалагчаас Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 5.2-ын 10-д “ТОӨЗ-ны 5.1-5.10-д дурдсан нөхцөл хангаагүй бол тендерээс татгалзах үндэслэл болно” гэж заажээ.

Гуравдагч этгээд “Л” ХХК тендерийн баримт бичгийн төсөвтөө Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 5.2-ын 11-д “Зураг, ажлын тоо хэмжээний тооцсон төсөвтэй, зураг төсвийг зохих хууль журмын дагуу баталгаажуулсан байна. Ажиллах хүчний зардлыг тооцохдоо Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны 18, 2012 оны 181 дүгээр тушаалаар батлагдсан төсөв зохиох дүрэмд заасан “ажиллах хүчний зардлыг ажилчдын үндсэн цалин дээр 17, инженер техникийн ажилчдын цалинг 37 хувиар тус тус үржүүлэн тооцож, нэмэгдэл цалинг тооцох, төсвийн нийт цалин нь дээрх ажилчдын үндсэн цалин, инженер техникийн ажилчдын цалин, нэмэгдэл цалингийн нийлбэр байх”-аар тусгаагүй нь баримтуудаар тогтоогдсон ч энэ нь ТОӨЗ-ны 5.2-ын 10-д зааснаар тендерээс татгалзах үндэслэл болохгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийжээ.

Тодруулбал, тухайн ажиллах хүчний зардлыг зөвхөн үндсэн цалингаар буюу уг дүрмийн дагуу тооцож ирүүлээгүй нь тухайн тендерийн ажлын гүйцэтгэлийн чанарт нөлөөлнө гэж шууд дүгнэх боломжгүй.

Иймд нэхэмжлэгчийн “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 5.11-д заасныг зөрчсөн байтал “захиалагчийн тогтоосон нөхцөл шаардлагыг зөрчсөн гэж үзэх учир дутагдалтай” гэж хууль тогтоомжийг илт зөрчсөн дүгнэлт хийсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д “сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үйлчилгээ, тэдгээрийн үнийн дүн, хугацаа болон худалдан авагчдын жагсаалт, шаардлагатай бол бараа, үйлчилгээний гүйцэтгэлийн талаархи өмнөх худалдан авагчдын тодорхойлолт” гэж заасны дагуу үнэлэхээр зохицуулжээ.

Хариуцагч Үнэлгээний хороо тендерт оролцогчийг Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 (д)-д “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо сүүлийн 5 жил /2015, 2016, 2017,02018, 2019 он/” гэсэн туршлагатай байхыг шаарджээ.

Гуравдагч этгээд “Л” ХХК Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын конторын 785.800.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий барилгын ажлыг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гүйцэтгэж, дууссан нь тус компанийн цахимаар ирүүлсэн тендерийн баримт бичигт авагдсан “Л” ХХК Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газартай 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ДЛ-ЗДТГ-2018/01 дугаар гэрээ, Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албаны 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 46/20 дугаар тодорхойлолт, хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 3/59 дүгээр тодорхойлолт[3], Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 14/2020 дугаар дүгнэлт[4] зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

“Л” ХХК-ийн 2019 онд гүйцэтгэж дууссан дээрх барилга байгууламжид Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2020 оны 06 дугаар сард үзлэг шалгалтыг хийж дүгнэлт гаргасан нь “Л” ХХК Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 (д)-д заасан шаардлагыг хангаагүй гэх, дүгнэлтэд комиссын эрх бүхий хоёр албан тушаалтан гарын үсэг зураагүй нь уг барилгын ажлыг “Л” ХХК  гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн “2020 онд ашиглалтад оруулсан ажлыг үнэлсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Үүнээс гадна “Л” ХХК-ийн цахимаар ирүүлсэн тендерийн баримт бичигт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, компанийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/01 дүгээр тушаал, хэрэгт авагдсан “мэргэжлээрээ 10 жил ажилласан” талаарх тус компанийн Хүний нөөцийн судалгаа, инженер, техникийн ажилтнуудын жагсаалт зэрэг баримтуудаас харвал С.Е нь тус компанийн үндсэн ажилтан бөгөөд Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3 (г) хэсэгт заасан “...ерөнхий инженер нь ... тухайн компанийн үндсэн ажилтан байх ба ажилласан туршлагатай байх хугацаа 5-аас дээш жил” ажилласан байх шаардлагыг хангасан байна.

Иймд энэ талаар “С.Е нь “Л” ХХК-ийн үндсэн ажилтан биш” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Гуравдагч этгээд “Л” ХХК тендерт оролцоход шаардлагатай тендерийн ажлын зураг төслийг “захиалагчийн хүсэлт болон “Р-Н” ХХК-тай хийсэн гэрээ, зургийн даалгавар” зэргийг үндэслэн “Р-Н” ХХК гүйцэтгэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.1.1-д зааснаар тендерт оролцогч нь бараа, ажил, үйлчилгээний зураг төслийг бэлтгэсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой болох нь тогтоогдсон бол энэ нь тендерт оролцогчийн ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд захиалагч мөн зүйлийн 27.4-д зааснаар оролцогчоос ирүүлсэн тендерээс татгалзах учиртай.

“Л” ХХК-ийн ерөнхий инженер тус компанийн тендерийн ажлын зураг төслийг гүйцэтгэсэн “Р-Н” ХХК-ийн туслан гүйцэтэгчээр ажилласан “О Д” ХХК-ийн гишүүн болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон боловч энэ нь түүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасан “нэгдмэл сонирхолтой этгээд” гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд “Л” ХХК-ийн ерөнхий инженер тус компанийн тендерийн ажлын зураг төслийг боловсруулахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.15-д заасан гүйцэтгэгчээс зураг төсөл боловсруулах, тусгай мэдлэг, ур чадварын үндсэн дээр үзүүлж байгаа мэргэжлийн “зөвлөх үйлчилгээ” үзүүлсэн “О Д” ХХК гишүүн байснаараа “нэгдмэл сонирхолтой этгээд” болохгүй.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3 (в)-д ачааны автомашин-1 байхаар шаардсан, тоног төхөөрөмж, технологийн хүчин чадлын судалгаанд ... өөрөө буулгагч машин 5 тн гэж тусгасан, 2383 БӨТ улсын дугаартай ЗИЛ 4505 өөрөө буулгагч машины техникийн тодорхойлолтоор гуравдагч этгээд “Л” ХХК тухайн шаардлагыг хангасан байна.

Захиалагч нь тендерт оролцогчдоос “угсралтын агрегат” гэх тоног төхөөрөмжийг тендерийн баримт бичигт тусган шаардсан, энэ нь 2 давхар барилгын ажлыг хийхэд зайлшгүй шаардлагатай угсрах шат болох нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр тогтоогджээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Тендерт оролцогч тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын таваас доошгүй хоногийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болно” гэж, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 10.1 дэх хэсэгт “захиалагчаас тендерийн бичиг баримттай холбоотой тодруулга авах” гэж заасан бөгөөд тендерт оролцогч нь дээрх заалтуудыг үндэслэж “угсралтын агрегат” гэх тоног төхөөрөмжийн талаар тодруулга, мэдээлэл авах эрхтэй.

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн тухайд тендерийн баримт бичигт тусгасан захиалагчийн “нөхцөл, шаардлага ойлгомжгүй, тодорхойгүй байна” гэж үзэх тохиолдолд дээрх байдлаар хуульд заасан эрхийн хүрээнд тухайн нөхцөл байдлыг тодруулах боломжтой.

Нэхэмжлэгч энэ эрхээ хэрэгжүүлэлгүйгээр захиалагчаас шаардсан тоног төхөөрөмжийн шаардлагыг тендерт ирүүлээгүй нь тогтоогдсон энэ тохиолдолд захиалагч нэхэмжлэгчийн тендерээс татгалзах үндэслэл болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д “энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно” гэж заасан.

Хариуцагч Үнэлгээний хороо хуульд заасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийн баримт бичгүүдийг шалгаж, хамгийн бага санал ирүүлсэн “Л” ХХК-ийг тухайн тендерийн ажлыг гүйцэтгүүлэхээр шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчимд нийцжээ.

Нөгөөтээгүүр, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3 /үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах/-д заасны дагуу Үнэлгээний хорооноос ирүүлсэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 20 дугаар дүгнэлтийг үндэслэн захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга “тухайн тендерт “Л” ХХК шалгарсан” талаар нэхэмжлэгч “К” ХХК-д мэдэгдсэн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1-01/114 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Эдгээр нөхцөл байдлуудаас үзвэл хариуцагч нар тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан нөхцөл шаардлагуудыг хангасан “Л” ХХК-ийг шалгаруулсан, харин тухайн нөхцөл шаардлагуудыг бүрэн хангаагүй нэхэмжлэгч “К” ХХК-ийн тендерээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцсэн, анхан шатны шүүх эдгээрт үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “К” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                   Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

 

 

[1] 1 дэх хавтсын 31 дэх тал.

[2] 1 дэх хавтсын 24 дэх тал.

[3] 1 дэх хавтсын 97 дахь тал.

[4] 1 дэх хавтсын 98 дахь тал.