Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 101/2017/05057/И |
Дугаар | 001/ХТ2018/00920 |
Огноо | 2018-06-12 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2018/00920
Ц.Э-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 487 дугаар магадлалтай,
Ц.Э-ийн нэхэмжлэлтэй
Л.Т-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 53.457.800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нямсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нямсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Ц.Э- хүнсний ногооны худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хүнсний ногооны лангуутай жижиг, дунд бизнес эрхлэгч худалдагч нарт хүнсний ногоог бөөний үнээр нийлүүлдэг. Л.Т- нь өмнө авсан барааны төлбөрөө төлөхгүйгээр Ц.Э-т амлалт өгч хэд хэдэн удаа хүнсний ногоог их хэмжээгээр авсан. Л.Т- нь өөрийн авсан ногооны төлбөрөө төлөх баталгааг гараар үйлдэж өгсөн. Энэхүү баталгаандаа Барс захад ногоо борлуулагч Цэцгээ эгчээс авсан ногооны бүх тооцоог миний бие Л.Т- байрны лизинг дуусангуут байраа банкинд тавьж зээл авч өгөх, хүүхэд ажилд оронгуут цуг төлөлцөнө, нийт тооцоо 38.457.800 төгрөг хэмээн гарын үсэг зурсан 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр үйлдсэн баталгаа байна. Үүний дараагаар 2016 онд дахин 15.000.000 төгрөгийн барааг баталгаа бичиж авсан. Л.Т-н авсан нийт хүнсний ногооны төлбөрийг бодоод үзэхэд 53.457.800 төгрөг байна. Гэтэл одоог хүртэл дээрх хүнсний ногооны өр төлбөрөөсөө огт хасалт хийхгүй байна. Л.Т- нь хүнсний ногооны худалдаагаа эрхэлж ашгаа олж байгаа мөртлөө өөрийн үйлдсэн баталгаандаа зааснаар төлбөрөө төлөхгүй байгаа тул худалдан авсан барааны нийт төлбөр болох 53.457.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Хариуцагч Л.Т- нь 2000 оноос хүнсний ногоо худалдах үйл ажиллагаа явуулсан бөгөөд нэхэмжлэгч Ц.Э-ээс эхэн үедээ бэлэн мөнгөөр, бөөний үнээр хүнсний ногоо авч байсан, 2011 оноос зээлээр бараа авч төлбөрийг дараа өгөхдөө дутуу өгч байсан тохиолдол байгаа. Гэхдээ нэхэмжилж байгаа үнийн дүнгийн хэмжээний өр төлбөр байхгүй. Нийт 80.802.200 төгрөг нэхэмжлэгчид төлсөн байна. Иймд нэхэмжлэгчид төлөх өр төлбөр байхгүй. Хариуцагч 2016 онд 2 удаа баталгаа бичиг үйлдсэн нь үнэн боловч талууд санхүүгийн үндсэн баримтаа тулгаж тооцоо нийлээгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/04120 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Т-гөөс 13.219.460 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40.238.340 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 425.239 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Т-гөөс 224.047 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э-т олгуулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 487 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/04120 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...13.219.460...” гэснийг, “...38.457.800...” гэж, “...40.238.340...” гэснийг “...15.000.000...” гэж, 2 дахь заалтын “...224.047...” гэснийг “...350.239...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсанд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Талууд худалдах, худалдан авах гэрээний дагуу 2016 оны 4 сарын 16-ны өдөр тооцоо нийлж, худалдан авагч Л.Т- нь нийт 38 457 800 төгрөгийг төлөхөөр тооцоо нийлсэн ба үүнээс хойш хариуцагч нь төлбөр төлсөн гэдгээ баримтаар нотлоогүй байх тул” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугээр зүйлйи 40.1 40.2-т заасныг зөрчиж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, үндэслэл болгосон баримтыг давж заалдах шатны шүүх буруу үнэлж үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Учир нь хариуцагч нэхэмжлэгчээс 2014, 2015 онд худалдан авсан барааныхаа үнийг тухайн цаг хугацаанд нь банкаар дамжуулан шилжүүлсэн боловч өөртөө тухайн баримтаа авч үлдээгүй байсан тул хариуцагчтай тооцоо нийлсэн 2016 онд харицагчаас нийлүүлсэн барааны үний дүн 38.457.800 төгрөг төлнө гэж баримт үйлдсэн нь үнэн. Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн харилцах банкны дансны хуулгыг гаргуулж 2016 оны тооцоонд хамруулаад байгаа 2014, 2015 оны худалдан авсан барааны төлбөрийг төлсөн болохыг анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэн зөв шийвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүй шийдвэрлэсэн. Иймд магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ц.Э-, хариуцагч Л.Т-гөөс нийлүүлсэн ногооны үнэ 53.457.800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, зохигчийн хооронд тооцоо нийлсэн 3 удаагийн тооцоо нийлсэн баталгаа бичгийг нэхэмжлэлийн үндэслэл болгосон байна.
Хариуцагч нь “...нэхэмжлэгчийн хүнсний ногоо нийлүүлсэн баримтыг мөнгө төлсөн баримттай харьцуулах шаардлагатай, ...төлбөр төлөгдсөн,... нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан мэтгэлцжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 13.219.460 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 38.457.800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.
2010 оны 12 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэл Л.Т-, Ц.Э-ээс хүнсний ногоо бөөний үнээр зээлээр худалдан авч, үнийг хэсэгчлэн төлж байсныг зохигч маргаагүй байна.
Зохигчийн хооронд үүссэн дээрх харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан ...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх худалдах-худалдан авах гэрээ буюу тухайн гэрээний нэг төрөл болох тодорхой хугацааны туршид үргэлжилсэн, бэлтгэн нийлүүлэх замаар худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулжээ.
Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж, гэрээ хүчин төгөлдөр болохыг хуульд нийцүүлэн дүгнэсэн байна.
Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч оролцохдоо нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа, хариуцагч тайлбар, татгалзлаа тус тус нотлох үүргийг хүлээнэ.
Зохигчийн хэн аль нь өөрийн тайлбараа нотлохоор нотлох баримтыг шүүхэд гаргасан, түүнчлэн хүсэлт гаргаж шүүхээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийлгэжээ.
Зохигчийн хэн алины төлөөлөгч хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд биечлэн оролцсон ба дээрх байдлаас иргэний хэрэг үүсгэснээс эхлэн хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн, шүүх талуудад мэтгэлцэх боломжийг хангасан байна.
Нэхэмжлэлийн үндэслэл болгосон төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулсан 3 удаагийн баримтыг хариуцагч үгүйсгэж, үндсэн баримтыг үндэслэж тооцоо хийгээгүй маргасан боловч татгалзлын үндэслэл нотлогдоогүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхдээ зохигчийн тооцоо нийлснээс өмнө төлөгдсөн төлбөрийг хасч тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.
Тус шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, зохигч 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тооцоо нийлэхэд хариуцагч 38.457.800 төгрөгийг төлөөгүй нь тогтоогдсон гэж үзснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Харин давж заалдах шатны шүүх энэхүү баримтыг үйлдснээс хойш буюу 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч ХААН банкаар дамжуулж нэхэмжлэгчид 324.000 төгрөг шилжүүлснийг төлбөрөөс хасч тооцоогүй нь буруу байна. Иймд энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 487 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “38.457.800” гэснийг “38.133.800” гэж, “15.000.000” гэснийг “15.324.000” гэж, “350.239” гэснийг “348.619” гэж тус тус өөрчлөн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 285.000 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ