Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 487

 

 

 

 

                                                        

 

 

 

 

Ц.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/04120 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Т-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 53 457 800 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Сарангэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э- хүнсний ногооны худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хүнсний ногооны лангуутай жижиг, дунд бизнес эрхлэгч худалдагч нарт хүнсний ногоог бөөний үнээр нийлүүлдэг юм. Ц.Э- нь хэд хэдэн байнгын үйлчлүүлэгчтэй бөгөөд тэдэнд хүнсний ногоог их хэмжээгээр үнийг дараа төлөх нөхцөлтэй худалдан борлуулдаг байсан. Ийм үйлчлүүлэгч нараас Ц.Э- нь хүнсний ногооны үнийн дүн мөн төлбөр төлөх хугацааг заасан баталгаа бичүүлж авдаг билээ. Гэтэл түүний үйлчлүүлэгч болох Л.Т- нь дээрх нөхцөлөөр хүнсний ногоог их хэмжээгээр худалдан авсан. Улмаар өмнө авсан барааны төлбөрөө төлөхгүйгээр Ц.Э-т амлалт өгч дахин хэд хэдэн удаа хүнсний ногоог их хэмжээгээр авсан байдаг. Л.Т- нь өөрийн авсан ногооны төлбөрөө төлөх баталгааг гараар үйлдэж Ц.Э-т өгсөн байдаг. Энэхүү баталгаандаа “Барс” захад ногоо борлуулагч Цэцгээ эгчээс авсан ногооны бүх тооцоог миний бие Л.Т- байрны лизинг дуусангуут байраа банкинд тавьж зээл авч өгөх, хүүхэд ажилд оронгуут цуг төлөлцөнө, нийт тооцоо 38 457 800 төгрөг хэмээн гарын үсэг зурсан 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр үйлдсэн баталгаа байна. Үүний дараагаар 2016 онд дахин 15 000 000 төгрөгийн барааг баталгаа бичиж авсан байдаг. Л.Т-н авсан нийт хүнсний ногооны төлбөрийг бодоод үзэхэд 53 457 800 төгрөг байна. Гэтэл Л.Т- нь одоог хүртэл дээрх хүнсний ногооны өр төлбөрөөсөө огт хасалт хийхгүй байна. Ц.Э-ийн үйл ажиллагааг алдагдуулаад зогсохгүй, эргэлтэд оруулах хүсний ногоогоо ч нийлүүлэгч нараасаа авах санхүүгийн чадамжгүй болсон байна. Л.Т- нь хүнсний ногооны худалдаагаа эрхэлж ашгаа олж байгаа мөртлөө өөрийн үйлдсэн баталгаандаа зааснаар төлбөрөө төлөхгүй байгаа тул худалдан авсан барааны нийт төлбөр болох 53 457 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л.Т- нь 2000 оноос хүнсний ногоо худалдах үйл ажиллагаа явуулсан бөгөөд нэхэмжлэгч Ц.Э-ээс эхэн үедээ бэлэн мөнгөөр, бөөний үнээр хүнсний ногоо авч байсан, 2011 оноос зээлээр бараа авч төлбөрийг дараа өгөхдөө дутуу өгч байсан тохиолдол байгаа. Гэхдээ нэхэмжилж байгаа үнийн дүнгийн хэмжээний өр төлбөр байхгүй. Нийт 80 802 200 төгрөг нэхэмжлэгчид төлсөн байна. Иймд нэхэмжлэгчид төлөх өр төлбөр байхгүй. Хариуцагч 2016 онд 2 удаа баталгаа бичиг үйлдсэн нь үнэн боловч талууд санхүүгийн үндсэн баримтаа тулгаж тооцоо нийлээгүй болно. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Т-гөөс 13 219 460 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40 238 340 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 425 239 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Т-гөөс 224 047 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э-т олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ц.Э- болон Л.Т- нарын хооронд хүнсний ногооны үлдэгдэл төлбөрийн талаар гурван удаа тооцоо нийлсэн акт байгаа. Энэ нь 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр, 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрүүдэд Л.Т- нь энэхүү тооцоо нийлсэн актыг Ц.Э-ийн хамт үйлдэж гарын үсэг зурж, төлөх нь үнэн гэсэн баталгааг үйлдсэн байдаг. Гэтэл Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хариуцагч нь 2015 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 20 999 000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн болох нь дансны хуулгаар нотлогдож байх ба нэхэмжлэгч энэ байдлыг маргаагүй” гэсэн байна. Л.Т-тэй хамгийн эцсийн байдлаар буюу 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тооцоо нийлэхэд 38 457 800 төгрөг байсан юм. Тэгэхээр анхан шатны шүүх 2015 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хийсэн хариуцагчийн төлөлтийг тооцох нь огт үндэслэлгүй байна. Харин талуудын хамгийн эцсийн байдлаар тооцоо нийлсэн өдөр болох 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш хийсэн төлөлтийг үндсэн өр төлбөрөөс хасах нь зөв юм. Л.Т-гийн 2015 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Ц.Э-т төлж байсан төлөлтийг үндсэн зээлийн төлбөрөөс хасалт хийж байсан нь 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр байгуулсан тооцоо нийлсэн актан дээр тусгагдсан байдаг. Мөн Л.Т- нь шинээр авсан хүнсний ногооныхоо төлбөрийг энэ хугацаанд өгдөг байсан. Тиймээс 20 999 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагад тусгайлан заасан 15 000 000 төгрөгийг баримтаар нотлогдохгүй байна хэмээн хэрэгсэхгүй болгосон. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд үзлэг хийлгэсэн дэвтэрт дээрх 15 000 000 төгрөгийн талаар Л.Т- нь баталгаа бичиж өгсөн, мөн 2016 онд дахин бичиж өгсөн. Л.Т- нь тухайн бичиглэлийг өөрийн бичиг мөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтуудыг үнэлэхгүй байгаа нь шударга бус үйлдэл болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Э- нь хариуцагч Л.Т-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 53 457 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид хүнсний ногооны худалдаа эрхэлдэг бөгөөд 2010 оноос эхлэн хариуцагч Л.Т- нь нэхэмжлэгч Ц.Э-ээс хүнсний ногоо худалдан авдаг байсан бөгөөд талууд 2016 оны 1 сарын 06-ны өдөр, 2016 оны 4 сарын 16-ны өдөр тус тус тооцоо нийлсэн үйл баримт тогтоогдсон байна. /1-р хх-ийн 6-7, 186-212, 214-221, 236-250, 2-р хх-ийн 1-19-р тал/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа 2016 оны 4 сарын 16-ны өдөр хариуцагч Л.Т-гийн бичиж өгсөн баталгаанд 38 457 800 төгрөг, 2016 онд дахин барааны баталгаа бичиж өгсөн 15 000 000 төгрөг, нийт 53 457 800 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд, хэргийн үйл баримтаас дүгнэхэд 2016 оны 1 сарын 6-ны байдлаар хариуцагч Л.Т- нь 40 072 460 төгрөгийг төлөх талаар тооцоо нийлсэн ба 2016 оны 4 сарын 16-ны өдөр /31,618,400 + 5,421,160 + 1,418,240/ 38 457 800 төгрөгийг төлөх талаар дахин тооцоо нийлжээ. /1-р хх-ийн 6-7/

Хариуцагч Л.Т- татгалзалдаа ногоо худалдах, худалдан авах гэрээний дагуу бүх төлбөрийг төлж дуусгасан гэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд 2016 оны 4 сарын 16-ны өдрөөс хойш тэрээр нэхэмжлэгч Ц.Э-т ямар нэгэн төлбөр төлсөн нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хариуцагчийг 20 999 000 төгрөг төлсөн, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй болно.

Талууд худалдах, худалдан авах гэрээний дагуу 2016 оны 4 сарын 16-ны өдөр тооцоо нийлж, худалдан авагч Л.Т- нь нийт 38 457 800 төгрөгийг төлөхөөр тооцоо нийлсэн ба үүнээс хойш хариуцагч нь төлбөр төлсөн гэдгээ баримтаар нотлоогүй байх тул хариуцагчаас 38 457 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцнэ.

Харин нэхэмжлэгч нь 2016 онд дахин барааны баталгаа бичиж өгсөн 15 000 000 төгрөгийг гаргуулна гэх шаардлага гаргасан боловч энэхүү шаардлага нь баримтаар тогтоогдоогүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. 

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/04120 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 13.219.460 ...” гэснийг, “38 457 800” гэж, “... 40.238.340 ...” гэснийг “15 000 000” гэж,

2 дахь заалтын “... 224.047 ...” гэснийг “350 239” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

              

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.БАТЗОРИГ

 

                                                ШҮҮГЧИД                                                    С.ЭНХТӨР

 

                                                                                                         Г.ДАВААДОРЖ