Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 732

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн “3” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Д” ХХК.  

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.С ,  Х.Н нар.  

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчдын тавьсан 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003801 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б , хариуцагч Ц.С , Х.Н , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уранжаргал нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн захирал Ч.Ж ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын улсын байцаагч Ц.С , Х.Н нар 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Д” ХХК-ийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг шалгаж үзээд, 0003801 тоот татварын улсын байцаагчийн акт гаргасан. 

Нийт 4,720,989.3 мянган төгрөгийн зөрчил илэрч, Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-т заасныг тус тус үндэслэж 472,098.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 141,629.7 мянган төгрөгийн торгууль, 62,128.2 мянган төгрөгийн алданги, нийт 675,856.8 мянган төгрөг төлөхийг даалгасан акт гаргасан. 

Энэ актыг нэхэмжлэгчийн зүгээс бодит бус, хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь Байцаагч нар бодит байдлыг бодитоор үнэлээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож, худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө гэх хуулийн заалтыг баримтлах ёстой байсан. 

Харин байцаагч нар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.2.3, 47.3.1, 47.3.2, 47.4, мөн Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д тус тус заасан татварын тайлан тушаах хугацааг тухайн жилийн татварын хуулиар тогтоох ба эцсийн тайлагнах хугацаа адилгүй байна. Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 322 тоот тушаалаар батлагдсан Уул уурхайн экспортын борлуулалтын үнэлгээг тооцох аргачлалын 2.6 дугаар хэсэгт экспортын бүтээгдэхүүн дэлхийн зах зээлийн үнийг төгрөгт шилжүүлэхдээ Монголбанкны төгрөгтэй харьцах тухайн сарын дундаж ханшид үндэслэнэ гэсэн зүйл, заалтыг баримтлан, Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэсэн. 

Энэ асуудлыг бодит бус гэж үзэж байгаа шалтгаан нь жоншны хүдэр гэдгээр акт гаргачихсан. Шинэчлэн баталсан стандарт дээр баяжмал нь нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гэж тогтоосон. Тухайн үед будлилсан шалтгаан нь аж ахуйн нэгжүүд шалгуулахдаа хуучин стандартад хүдэр гэж байсан. Монгол улсын шинэчилсэн стандартаар нэмүү өртөг шингэсэн байгаа учир эцсийн бүтээгдэхүүн болж байгаа юм.  

Нэмүү өртгийг эдийн засгийн онолоор хөрөнгө, хүн, хөдөлмөр шингэсэн бол нэмүү өртгөөр тооцдог. Хүдрийг худалдаж авсан, ажиллагаа хийгдэж байгаа. Тодруулбал хүдрийг машинаар татаж аваад, худалдаж авч хамтарч ажиллаж байсан Г.Ганбагана жонш нийлүүлж байсан “Д ХХК”-ны жонш ашиглагдах боломжгүй байсан гэдийг Монгол-Рос Цветментийн маргаан болон бусад баримтуудаар нотлогдсон. Тийм учраас өөр газраас жонш худалдан авч, жижиглэж, бутлаад, стандартад нийцүүлээд, экспортод гаргадаг. Экспортод гаргах явцдаа дор бүр нь ачилт хийгддэг ба нэмүү өртөг бий болдог.

Тэгэхээр нэмүү өртөг бий болсон эцсийн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны татвар тооцох нь бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байна. Үүнийг нотолсон Улсын Дээд шүүхийн хэд хэдэн шийдвэрүүд байдаг. 

Татварын байцаагчид гаалиар гарсан мэдээг авч шалгасан нь харьцуулсан бодит бус, Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд зааснаар шалгаагүйгээс үүдэлтэй юм. Тийм учраас актыг бодит бус гэж үзэж байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэн төлөх вэ гэдэг асуудал гарч ирдэг. Үүнийг ашигт малтмалын нөөцийг олборлож байгаа этгээд төлнө гэж хуульд тодорхой заасан. Бодитой бус гэж үзэх шалтгаан нь жишиг үнэ юм. Жишиг үнэ нь бодит байдалд яагаад нийцэхгүй гэхээр Хятадын жишиг үнийг барьж Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолоор батлагдсан жишиг үнийг барьсан. Өөрөөр хэлбэл жишиг үнийг барьж болохгүй шалтгаан нь эх үүсвэр нь буруу юм. 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас жонш боловсруулаад, ганц нөхцөлөөр гаргаж байгаа. Гэтэл Хятадын жишиг үнэ барьж байгаа Монгол улсын Сангийн яамны 39 дүгээр тогтоол, 88 дугаар тогтоолыг үндэслэхдээ Хятадын Тьянжин хотоос Америкийн Сан-Франциско хотын далайн боомт хүртэлх тээврийн хөлсний гэрээт үнээр жишиг үнэ тогтоогоод байгаа нь бодит байдалд нийцэхгүй байгаа юм.  Монгол Улсын Иргэний хуулийн 13 зүйлийг баримтлан шийдсэн. Иргэний эрх зүй дээр 39, 88 дугаар тогтоолууд хууль зөрчсөн гэдгийг тогтоосон. Засгийн газрын тогтоол хуульд нийцсэн байх ёстой. Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.12, 38 дугаар зүйлд зааснаар тусгайлан эрх олгосон үед Засгийн газрын тогтоол гарсан байх ёстой. Хавтаст хэрэгт 39 дүгээр тогтоолыг авч хэлэлцсэн баримт авагдсан байгаа. 

Төмөрлөг, хүдэртэй холбоотой маргаан дээр тухайн үед үйлчилж байсан Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгосон. Тэр үед Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 хүчинтэй байсан. Хууль шүүхийн өмнө адилхан эрх тэгш, үүрэгтэй байх ёстой. 

Ашиг малтмалыг тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.12 дугаар заалтыг тусгайлан эрх олгоогүй байх үед 39 дүгээр тогтоолыг шийдвэрлэдэг нь буруу гэсэн Улсын дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 473 тоот шийдвэр гарсан. Патентын хуулийг хүчингүй болгосон шалтгаан нь НӨАТ болон ашигт малтмалын нөөц ашигласны татвараас бултаад байсан учраас удаа дараа гомдол гаргасан. Татвар төлөгч Засгийн газрын 220 дугаар тогтоолоор байгуулагдсан сумын Засаг даргын захирамжаар тодорхой 3 га хүртэлх газар эзэмшдэг нөхөрлөлөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгдөх ёстой байсан.  Тийм учраас субъектийг буруу тодорхойлсон байгаа юм” гэв.

Хариуцагч  Ц.С , Х.Н нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д” ХХК-ийн 2010 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт шалгалт хийхэд тус компани 21 сая тонн жонш экспортод гаргаж борлуулсан. Үүнээс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөөгүй байна гэсэн акт гаргасан. Нэхэмжлэгч нь гаргасан актыг хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг яагаад баримтлаагүйг дараах гурван үндэслэлээр тайлбарлая. 

Ашиг малтмалыг тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж заасан. 

Нэхэмжлэгч талаас олборлолт хийгээгүй, нөхөрлөлүүдээс худалдаж авсан гэдэг. Гэтэл худалдаж авсан гэх баримт байхгүй, 2 нөхөрлөлтэй гэрээ хийсэн баримтаа явуулсан. Шалгалтын явцад “Д” ХХК-ийн захирал Ч.Ж д шалгалт хийх болсноо мэдэгдэж, баримтаа материалаа авчирч өгнө үү гэсэн боловч тухайн үед тэрээр өвчтэй гэх шалтгаанаар шалгалтын явцад ирж уулзаагүй. “Д” ХХК-ийн нягтлан бодогч нь хэдэн бичиг баримт авчирч өгсөн. Түүн дээр үндэслэн шийдвэр гаргах боломжгүй байсан учир бид Гаалийн ерөнхий газарт хандан “Д” ХХК хэдэн тонн жонш экпортод гаргасан, хүдэр нь төмрөөр юм уу, бүтээгдэхүүнээр юм уу гэдэг мэдээллийг  гаргуулж авсан. 

2012 онд 21000 тонн жоншийг экпортод гаргасан. Үүнтэй холбоотой баримтуудыг гаалийн ерөнхий газраас ирүүлсэн. Хүдрийн шаардлага хангаж байгаа дүгнэлтийг ирүүлсэн. Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор хүдэр үү, баяжмал уу гэдэг шаардлагыг тогтоож өгсөн. Түүний дагуу бид ялгаж хүдрээр ашигт малтмалын татвар ногдуулах нь зөв гэсэн дүгнэлтэд хүрсэн. 

Биржийн үнэ заасан 88, 139 дүгээр тогтоолуудыг хүчин төгөлдөр бус гэдэг. Тухайн акт гаргах үед энэ тогтоол шийдвэрүүд нь хүчин төгөлдөр хэрэгжиж байсан. Тиймээс нэхэмжлэгчийн гаргаж байгаа гэрээний үнийг биш, харин 88, 139 дүгээр тогтоолд заасан биржийн үнийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын сайт дээр зарлаад, тэр үнийг авч хэрэглэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулдаг. 

Нэхэмжлэгч талыг бичил уурхайчдаас худалдаж авсан гэдгээ нотло гэхээр хэдэн тонныг хаанаас авсан зэрэг тооцоолол, материалуудыг гаргаж өгөөгүй. Тэгэхээр энэ компани Хэнтий аймгийн Дархан суманд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөлтэй этгээд ашигт малтмалын нөөц ашигласны үнийг төлөх ёстой юм. 

Бичил уурхайтай хийсэн 2 төрлийн нөхөрлөлийн гэрээ байдаг. Гэрээнд бичил уурхайчид биш, ашигт малтмалыг худалдаж авсан этгээд өөрсдөө төлнө гэж зохицуулалт хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл “Д” ХХК төлнө гэж гэрээ хийгдсэн байгаа юм. Бичил уурхайчид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө төлсөн гэдэг. Гэтэл бичил уурхайчид огт төлөлт хийгээгүй, төлөх үндэслэл байхгүй. Бичил уурхай олборлох 2010 оны 308 дугаар тогтоолд зааснаар гурван талт гэрээ байгуулан, бичил уурхай олборлож байгаа орон нутгийн төсөвт орлогыг тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ эрхэлснээр 53,000 мянган төгрөг төлөхөөр заасан зохицуулалт байдаг. Тэгэхээр бичил уурхайчид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр огт төлөөгүй. 

Веннийн конвенцод холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Венийн конвенц, давхар гэрээнүүдэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авдаггүй, зөвхөн орлого хөрөнгийг татвар авдаг. Тиймээс үүнтэй холбож үзэх боломж байхгүй гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А  2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 88 дугаар тогтоолын хүчингүй болсон хэсэг нь зөвхөн 2 дугаар хэсгийн 3-т заасан хэсэг юм гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б : Бид 88 дугаар тогтоолыг ярьж байгаа шалтгаан нь Веннийн конвенцод нэгдэж орсон улс юм. Нэгдэж орно гэдэг нь бид нөхцөлүүдийг нь хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Хариуцагч талын гаргасан акт дээр хамаагүй жишиг үнэ, гэрээний үнэ тодорхойгүй тохиолдолд үүнийг баримтлах хэрэгтэй. Гэтэл тэр үнэ дээр үндэслээд хамгийн дээд үнийг гаргаж Тянжинээс              Сан-Франциско хүртэлх үйл ажиллагааны үнийг гаргаж ирэхээр ямар ч татвар төлөгч төлж чадахгүй байдалд оруулах нөхцөлийг бий болгож байна. 

Тиймээс гэрээний үнийг барих ёстой гэж бодож байна. Стандарт хэмжил зүйн газрын буруутай ажиллагаанаас болж Оросын металл үйлдвэрлэлийн стандартыг орчуулахдаа баяжмал, үйлдвэр 2-ын ялгааг гаргахгүй орчуулж, бусдыг хохироосон. 55-аас дээш агууламжтай болохоор баяжмал болж байгаа юм. Баяжмал нь хүдрээс өөр юм. Баяжмал нь хөрөнгө, хөдөлмөр, мөнгө 3 шингэсэн учраас нэмүү өртөгтэй болж байгаа юм. 

2010 оны 12 сарын 01-ний өдрийн 308 дугаар тогтоолоор бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бичил уурхай, нөхөрлөлүүдээс жонш худалдаж авсан нь баримтуудаар нотлогдож байна. 

Гэрээ хуульд нийцсэн байх ёстой. Татварын улсын байцаагч нар аймагт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг шингээж авах ёстой. Байцаагч нар орон нутгийн 3 га газар эзэмшиж байгаа нөхөрлөлүүдээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авахгүй байна гэдэг нь Татварын ерөнхий хуулийг зөрчиж байгаа юм” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчдын тавьсан 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003801 тоот актыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.     

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.      

          Татварын ерөнхий газрын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 0003801 тоот актаар “2012 онд жонш борлуулсны орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцсон 4,720,989.3 мянган төгрөгийн зөрчил”-д Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-т заасныг үндэслэн 472,098.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 141,629.7 мянган төгрөгийн торгууль, 62,128.2 мянган төгрөгийн алданги, нийт 675,856.8 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг, нэхэмжлэгч “Д” ХХК-иас “гэрээний үнэ баримтлаагүй, давхар татварын хэлэлцээрийн дагуу уг орлогод Монгол Улсад татвар ногдуулахгүй, уурхайн эдэлбэрээс олборлож худалдаагүй тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэг хүлээхгүй, тусгай зөвшөөрөлтэй этгээдээс олборлосон жоншийг нь тогтоосон цэгт худалдаж аваад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож экспортолсон, жоншны жишиг үнийг тогтоосон хуулиас давсан Засгийн газрын тогтоол, Татварын ерөнхий газрын шийдвэр, журмуудыг баримтлан акт тогтоосон” гэх үндэслэлүүдээр маргажээ. 

 Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “татварын хууль тогтоомжийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласнаас татвар төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээд татвар төлөгч байна”, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг”, 47 дугаар зүйлийн 47.1-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь “...өөрийн уурхайн эдэлбэрээс олборлолт хийгээгүй, бичил уурхайгаас худалдан авч баяжуулсан...” гэж тайлбарлаж, Хэнтий аймгийн Норовлин, Баян-Адрага, Хэрлэн сумдын нөхөрлөлүүдээс 2012 онд худалдан авсан хайлуур жоншны гарал үүслийн бичгийн  жагсаалт, тус сумын Засаг дарга нараас 2012 онд олгосон гарал үүслийн бичиг зэргийг ирүүлснийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2001 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4-д “анхан шатны баримт гэж ажил гүйлгээ гарсныг нотолж, бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоо” гэж зааснаар үзэх үндэслэлгүй бөгөөд “Д” ХХК нь өөрийн тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас олборлолт хийгээгүй, бусдаас худалдан авсныг нотлохоор хэмжээний баримт биш байна. 

Татварын улсын байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003801 дугаар акт тавигдах үед өөр бусад этгээдүүдээс худалдан авсныг нотолсон  баримтуудыг шаардсан байх бөгөөд нэхэмжлэгчээс энэ талаарх нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байна. 

Мөн шүүхэд “... тухай үед манай компанийн жоншны экспорт, импорт хийх гаалийн бүрдүүлэлт хийдэг байсан ажилтан Г.Ганбаганад анхан шатны баримтууд байгаа” гэж тайлбар гаргасан бөгөөд тухайн хүнийг гэрчээр асуухад “тухайн үед холбогдох бичиг баримтыг бүгдийг нь Ч.Ж  захиралд өгсөн. Надад гаргаж өгөх бичиг баримт байхгүй” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд жоншны баяжмалыг бусдаас худалдаж авсан  болох нь  нотлогдохгүй, улсын байцаагчийн акт Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж заасантай нийцжээ.

 Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг дарга, татварын улсын байцаагч, жонш олборлогч нөхөрлөл, жонш худалдан авагчийн хооронд хийсэн “Хамтран ажиллах гэрээ”-ээр “Д” ХХК нь бусдаас худалдаж авсан бүтээгдэхүүний АМНАТ-ыг төлөхөөр тохиролцсон байна. 

 Харин Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараах хэмжээтэй байна. ”47.3.2-т “..энэ хуулийн 47.3.1, 47.3.3-т заасан Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтнаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувьтай тэнцүү” гэж заасан байна. “Д” ХХК-ийн 2012 онд экспортолсон ФК75%-92%-ийн агууламжтай бүтээгдэхүүн нь Монгол улсын Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ын “Хоёр” зүйлийн 2.2.6-д заасан хайлуур жоншны хүдэр, тэр дундаа баяжмал гэсэн ангилалд хамаарч байна. 

Стандартчилал, хэмжил зүйн газрын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 04/1044 дүгээр албан бичгээр тодорхойлсны дагуу нэхэмжлэгчийн экспортолсон бүтээгдэхүүн болох хайлуур жонш нь бүтээгдэхүүн мөн боловч Засгийн газрын 2010 оны 286 дугаар тогтоолоор батлагдсан “Уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн”-ий жагсаалтад хамаарахгүй байна. Өөрөөр, хэлбэл, хайлуур жоншны хүдрийн 95%-аас дээш агууламжтай бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүний жагсаалтад оруулсан байдлаас үзэхэд “Д” ХХК нь 2012 онд ФК75%-92%-ийн агууламжтай байсанд талууд маргадаггүй бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан “экспортод гаргасан  жоншны шинжилгээний дүгнэлт”-ээр нотлогдож байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараах хэмжээтэй байна. “47.3.2-т “энэ хуулийн 47.3.1, 47.3.3-т заасан Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтнаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож, худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувьтай тэнцүү” гэж зааснаар татвар ногдуулахаар байхад Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 хэсгийн 8-д заасан “Жоншны баяжмал” /флотацын баяжмал/-д фторт кальцийн агууламж 95-аас дээш хувьтай бүтээгдэхүүнд ногдуулах татварын хувь хэмжээгээр ногдуулсан нь буруу байна. 

Иймд “Д” ХХК-ийн 2012 онд жонш борлуулсны орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцсон зөрчилд тавьсан 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Татварын улсын байцаагчийн 0003801 дугаар актын  төлбөрийн хэмжээг багасгах нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл Татварын улсын байцаагч Ц.С , Х.Н нарын  “Д” ХХК-ийн 2012 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн шалгалтаар нийт 4,720,989.3 мянган төгрөгийн зөрчил илэрч, 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 0003801 дугаартай актаар 472,098.9 мянган төгрөгийн нөхөн татварын төлбөрөөс Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “Д” ХХК-ийн гаалийн бүрдүүлэлт хийсэн жагсаалтаар “Жоншны баяжмал”-д ФК75%-92%-ийн агууламжтай металлургийн баяжмал байх тул борлуулалтын үнэлгээний 10 хувиар биш 5 хувиар татвар ногдуулна гэж үзэж 236.049.45 мянган төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ. 

 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль (цаашид Өршөөл үзүүлэх тухай хууль гэх)-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна”, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Хууль тогтоомжийн дагуу хувь хүн, хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ”, 74 дүгээр зүйлийн 74.2-т “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” 74.3-т “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” хэмээн тус тус заажээ. 

Дээрх хуулийн заалтаар “Д” ХХК-д татварын улсын байцаагчийн 0003801 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 141,629.7 мянган төгрөгийн торгууль, 62,128.2 мянган төгрөгийн алдангийг өршөөх нь зүйтэй гэж үзлээ.

 

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6, 106.3.13-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3.2, Анхны ардчилсан  сонгууль болж  байнгын ажиллагаатай  парламент байгуулагдсаны 25 жилийн  ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.3 дахь  хэсэгт заасныг тус тус баримтлан “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчдын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003801 тоот актаар тогтоосон 472,098.9 мянган төгрөгийн нөхөн татварын төлбөрөөс 236,049.45 мянган төгрөгийн төлбөрийг хасч, 141,629.7 манган төгрөгийн торгууль, 62,128.2 мянган төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж, төлбөрийн хэмжээг 236,049.45 мянган төгрөгөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн тавин хувь буюу 35100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.   

 

  

   

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЧАНЦАЛНЯМ          

                            ШҮҮГЧ                      Г.МӨНХТУЛГА      

                  ШҮҮГЧ                      Ц.МӨНХЗУЛ