Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 140

 

 

 

 

 

 

   

 

      2020          02           10                                     140

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгаль,

хохирогч: Б.Бат,

шүүгдэгч: Г.Баяр  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугтан овогт Гэжээгийн Баяр т холбогдох эрүүгийн 1903 0127 10569 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, сард 1 000 000 төгрөгийн цалинтай, ам бүл 1, Баяр .

 

           Шүүгдэгч Г.Баяр  нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 7 цаг 30 минутын орчимд Баянгол  дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар хорин” худалдааны төвийн хойд замд өөрийн эзэмшлийн “Тоёота харрер” загварын, 78-97 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Жаргалсайханы жоолоодож явсан “Тоёота витз” загварын, 50-89 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Б.Батын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдэснээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Баяр  мэдүүлэхдээ:

Би 2013 онд жолооч болсон. Хэрэг болох үед хажууд явж байсан машиныг харж байгаад торомзоо андуурч хаазаа гишгэснээс энэ осол гарсан юм. Би өөрт байгаа боломжоороо хохирол төлбөрийг барагдуулсан. Хохирогч одоо надаас “2 500 000 төгрөг шилжүүлчих, тэгээд гомдол санал байхгүй гэж хэлье” гэсэн. Гэвч одоохондоо надад энэ мөнгийг өгөх боломжгүй байна. Хохирогчид нийт 2 250 000 төгрөг төлсөн. Мөн 1 200 000 төгрөгөөр хүүгийн нь автомашинд нь засвар хийлгэсэн. Мөн тухайн үед осол болоход мөргүүлсэн нэг машин нь зүгээр гээд мөнгө аваагүй, харин нэг машин нь арын гупер засах шаардлагатай гээд түүнд 700 000 төгрөг өгсөн. Би эхлээд хохирол, төлбөрийг боломжоороо барагдуулж байсан. Гэвч хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг төлөх бололцоо байгаагүй тул би “та шүүхээр ороод төлбөрөө шийдчих” гэж хэлсэн. Би бас амьдрах гээд хичээж л байна. Би боломжтой болохоороо хохирлын мөнгө өгдөг байсан. Надад хохирогчид туслах  бодол байгаа. Би цаашдаа энэ хүнийг орхихгүй, боломж бололцоогоороо дэмжинэ. тиймээс торгох ялыг багасгаж өгнө үү. Өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. Хойшид гарсан эмчилгээний зардлыг төлнө гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Б.Бат мэдүүлэхдээ:

Би 2019 оны 6 дугаар сарын 20-нд энэ зам тээврийн ослын улмаас гэмтэл авсан. Би хохирлын дүнд манай машины засвартай холбоотой шилжүүлсэн мөнгийг оруулж тооцохгүй байгаа. Надад нийт 1 600 000 төгрөг өгсөн. Сүүлд 2 500 000 төгрөг нэхэмжилсэн нь ямар учиртай вэ гэхээр би зээлтэй байсан. Байраа алдах дээрээ тулчихаад байсан болохоор Баяр аас гуйсан. Намайг эмнэлэгт хэвтэж байх үед Баяр  надтай нэг ч удаа утсаар яриагүй. Бүтэн 2 сар утсаа унтраагаад алга болсон. Өөрийн хүчээр би түүнийг олж аваад ажил дээр нь очиход “та ийм байдалтай ажил дээр ирэх юм бол надаас нэг ч төгрөг олж авч чадахгүй” гэж хэлсэн. Би үнэнээ хэлээд гуйсан. Надад мөнгө төгрөг өгнө гэж хэлж байсан болохоор итгээд хохиролтой холбоотой баримт цуглуулаагүй. Миний гар одоо их өвдөж байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Сүүлд 1 500 000 төгрөг өгсөн. Би оёдолчин хийдэг. Сард 1 000 000 төгрөгийн зээл төлдөг. Ажилгүйгээс болоод эдийн засгийн гүн хямралд орсон. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй боловч сэтгэл санааны хувьд гомдолтой байна гэв.

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Жаргалсайхан мэдүүлэхдээ:

2019 оны 6 дугаар сарын 20-ны өглөө 7 цаг 30 минутаас 08 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг “Хар хорин” захын хойно баруунаас зүүн тийш явах замд өөрийн эзэмшлийн “Тоёота волтз” загварын, 50-89 УБС улсын дугаартай автомашинтай зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байсан. Тухайн үед замын ачаалал ихтэй байсан. Тэгээд түгжрэлд зогсож байтал манай машины араас буюу баруун хойноос “Тоёота харрер” загварын, хар өнгийн 78-98 УНК улсын дугаартай автомашин гэнэт мөргөж, миний машиныг урагш түрж, би урд машинаа мөргөсөн. Тэгээд машинаас буугаад иртэл “Тоёота харрер” загварын автомашины жолооч “хоорондоо зохицъё” гээд гуйсан. Тэр үед миний машинд жолоочийн хойно буюу баруун хойно суудалд сууж явсан миний ээж Батын баруун гар өвдөөд гэмтсэн бололтой байсан. Тэгтэл “Тоёота харрер” загварын автомашины жолооч “машиныг чинь засуулж өгнө, ээжийг чинь гэмтлийн эмнэлэгт үзүүлээд хохирлыг барагдуулж өгье” гээд гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрч, хоорондоо зохицсон. Тэгээд ээж Батыг гэмтлийн эмнэлэг авч яваад гарын зураг, толгойн томографийн зураг авахуулсан. Миний машиныг засварын газарт өгч, засварын 1 400 000 орчим төгрөг засварын газарт мөргөсөн жолооч төлсөн. Тэр үед ээж Батын баруун гар хугаралтай байна гэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр гипсдүүлж, эмч нь “хяналтанд бай, одоогоор ор хүрэлцэхгүй байна” гэсэн. Ингээд 5, 6 хоног гэмтэл, гэр гэж явсан. Гэтэл ээжийн баруун гар бүр өвдөөд болохгүй болохоор нь гэмтэл дээр очоод хагалгаанд орсон. Гэмтлийн эмнэлэгт 16 хоног хэвтсэн. Тухайн үед мөргөсөн жолооч руу нөхцөл байдлыг хэлэхэд тэр өөр хүний дансаар 1 600 000 төгрөг эмчилгээний зардал гээд шилжүүлсэн. Осол гарсан үед цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй. Хоорондоо зохицсон. Мөргөсөн жолооч “зохицъё” гээд гуйгаад байхаар нь дуудлага өгөөгүй юм. Гарын гэмтлийг гайгүй байх гэж бодсон юм гэжээ. (хавтаст хэргийн 18-19 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13340 тоот дүгнэлтэд:

           1. Б.Батын биед баруун бугалга ясны хугарал, цээжний зүүн талд 5, 6 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

           5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэжээ. (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас)

 

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинээчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 593 тоот дүгнэлтэд:

1. 78-97 УНК улсын дугаартай, “Тоёота харрер” загварын автомашины жолооч Гэжээгийн Баяр  нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 11.14 дахь заалт “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. “Т.Волтз” загварын, 50-89 УБС улсын дугаартай автомашины жолооч Болд-Эрдэнийн Жаргалсайхан нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. “Т.Волтз” загварын, 50-89 УБС улсын дугаартай автомашины зорчигч Баттулгын Бат нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

4. Зам тээврийн осол нь замын эвдрэл, замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна гэжээ. (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Г.Баяр  нь ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 67 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Г.Баяр  нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 7 цаг 30 минутын орчимд Баянгол  дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар хорин” худалдааны төвийн хойд замд өөрийн эзэмшлийн “Тоёота харрер” загварын, 78-97 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Жаргалсайханы жолоодож явсан “Тоёота волтз” загварын, 50-89 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч, хохирогч Б.Батын эрүүл мэндэд баруун бугалга ясны хугарал, цээжний зүүн талд 5, 6 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Бат, гэрч Б.Жаргалсайхан нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13340 тоот дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 593 тоот дүгнэлт, өвчний түүх, мэс заслын өмнөх дүгнэлт, мэс заслын тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Тээврийн прокурорын газраас Г.Баяр ын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой 298 500 төгрөгийн баримт хэрэгт гаргаж өгчээ.

Шүүгдэгч нь эмчилгээний зардалд 1 500 000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба нийт 3 100 000 төгрөг төлснийг хохирогч хүлээн зөвшөөрч байна.

 

Хохирогч Б.Бат нь шүүхийн хэлэлцүүлэгт “одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй боловч сэтгэл санааны хувьд гомдолтой байна” гэж мэдүүлж байх  тул Г.Баяр  нь хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой эмчилгээний зардалыг төлсөн гэж үзэв.

 

Харин хохирогч Б.Бат нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй болно. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид эмчилгээний зардалыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Тугтан овогт Гэжээгийн Баяр ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Баяр ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Баяр  нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хохирогч Б.Бат нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Баяр  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Баяр т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН