Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2021/0288

 

 

 

 

 

 

 

Н-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 802 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Н-ын нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 802 дугаар шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12, 44 дүгээр зүйлийн 44.2, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10-д заасныг баримтын иргэн Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н-ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Уг анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлаж, түүндээ дүгнэлт хийсэн гэж дараах үндэслэлээр үзэж байна.

Монгол улсын хилийн боомтуудаар шинэ коронавируст халдвар зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдэж ирсэн байдаг бөгөөд энэ эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж хийхийг Улсын онцгой комиссоос Гаалийн ерөнхий газарт удаа дараалан шаардаж ирсэн.

Зарим хилийн боомт дахь гаалийн газрыг хүн хүчээр хангах зайлшгүй бодит шаардлага бий болсон тул энэ шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Н-ыг Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт ажиллуулахаар Гаалийн ерөнхий газрын даргын 2020 он 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/159 дүгээр тушаалаар томилсон.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлах ёстой байсан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар сэлгэн ажиллуулсан байна” гэж дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй юм.

Учир нь маргаан бүхий актаар нэхэмжлэгч Н-ыг сэлгэн болон шилжүүлэн ажиллуулах тушаал гараагүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийг энэ тохиолдолд хэрэглэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, гаалийн байгууллага нь төрийн тусгай албаны хувьд ажилтан албан хаагчид нь удирдах албан тушаалтны тушаалыг шууд биелүүлэх үүрэг хүлээдэг, дүрэмт хувцас, цол зэрэг хэрэглэдэг онцлогтой алба бөгөөд албан хаагчдыг хэрэгцээтэй газарт энэхүү Ковидын хүнд нөхцөл байдлыг арилтал тодорхойгүй хугацаагаар үүрэг гүйцэтгүүлэх буюу шууд томилох бодит хэрэгцээ шаардлага бий болсон юм.

Энэ нөхцөлд Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10 дахь заалт буюу шууд томилох эрх зүйн зохицуулалтыг сонгон хэрэглэх нь цаг хугацаа алдалгүй гаалийн албан хаагчийг хэрэгцээтэй газарт шууд томилон ажиллуулах чухал ач холбогдолтой байсан.

Төрийн албаны тухай хуульд заасан томилох зохицуулалт нь анх төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох иргэнд хамаарах зохицуулалт бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараах нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно” гэж зааснаас үзвэл бусад хуульд өөрөөр заагаагүй бол шаардлага хангасан иргэнийг төрийн албанд томилохоор, харин бусад хуульд өөрөөр заасан бол тэрхүү өөрөөр заасан хуулийг баримталж болох агуулгаар тодорхойлогдсон.

Гаалийн харилцааг нарийвчилсан зохицуулсан Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10-т гаалийн алба хаагчийг томилох эрхийг гаалийн байгууллагын удирдлагын бүрэн эрхийн хүрээнд тусгаж зохицуулсан ба уг заалтыг тухайн тохиолдолд хэрэглэх нь арга зүйн хувьд үндэслэлтэй юм.

Гэтэл шүүх дүгнэхдээ Гаалийн удирдах төв байгууллагын даргад гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10 дахь заалтаар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шууд томилох эрхийг нь сэлгэн ажиллуулах, шилжүүлэн ажиллуулах гэсэн бусад бүрэн эрхтэй нь хольж, ялган салгалгүй шүүхийн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл гаалийн улсын ахлах байцаагч Нтай холбоотой Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан сэлгэн ажиллуулах болон шилжүүлэн ажиллуулах тушаал Гаалийн ерөнхий газрын даргаас гараагүй бөгөөд гагцхүү Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10-т заасан ...томилон ажиллуулах... тушаал батлагдан гарсан болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 802 дугаар шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч  Н “Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх “...хариуцагч Гаалийн ерөнхий газрын дарга нь Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10-т заасан бүрэн эрхээр олгогдсон харилцааг хэрэгжүүлж шийдвэр гаргахдаа илүү нарийвчилсан Төрийн албаны тухай хуулийг буюу маргаан бүхий харилцааг зохицуулсан хуулийг үндэслээгүй нь буруу ... Н-д акт батлан гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсгох болон мэдэгдэх ажиллагааг хийж гүйцэтгэх ёстой байсан” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасантай нийцсэн байна.

1. Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/159 дүгээр тушаалаар Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 2711.1.10-т заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Н-ыг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн албан тушаалаас нь чөлөөлж, мөн өдрөөс Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч албан тушаалтан маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч Н-ыг эрхэлж байсан Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, өөр албан тушаалд томилсон үндэслэлээ “2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс Монгол Улсад Ковид-19 эрчимтэй тархаж, тархалттай холбоотойгоор Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт Европын орнуудаас олон улсын хэмжээнд тээвэрлэлт хийх машины хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Тэдгээр нутгуудад халдварт өвчлөл их байсан учир гаалийн газарт хяналт шалгалтын чиглэлээр мэргэшсэн дадлага туршлагатай хүмүүсийг томилж ажиллуулах шаардлага үүссэн тул Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10, 273 дугаар зүйлийн 273.2, 274 дүгээр зүйлийн 274.2-т заасны дагуу томилсон” гэж тодорхойлжээ.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д “... гаалийн байцаагч, ... мэргэжилтэн;” Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2-т “Гаалийн улсын байцаагч нь төрийн тусгай албан тушаалд хамаарна” гэж тус тус зааснаас үзэхэд гаалийн улсын байцаагчийн албан тушаал нь төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг тул төрийн жинхэнэ албан тушаалд хамаарч, гаалийн улсын байцаагчийн эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хууль болон Гаалийн тухай хуулиудаар зохицуулагдана.

Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1-д “Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 2711.1.10 “гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох”, 274 дүгээр зүйлийн 274.3-т “Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно” гэж зааснаар гаалийн алба хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, эсхүл сэлгэн ажиллуулах бүрэн эрхтэй боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ Гаалийн тухай хуулиар зохицуулаагүй тухайн харилцаанд Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримталахаар байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч Гаалийн ерөнхий газрын дарга маргаан бүхий захиргааны актаар гаалийн улсын байцаагч Н-ыг Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, тус газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар сэлгэн ажиллуулсан гэж үзэхээр байна.

Захиргааны байгууллага, албан тушаалтан Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно” гэж зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн зөвшөөрснөөр тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно.

Төрийн жинхэнэ албан хаагчийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын Гуравын 3.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн мэдлэг, ур чадварыг үр өгөөжтэй ашиглах, дадлага, туршлагыг нь бусдад эзэмшүүлэх, бусдын туршлагаас суралцуулах, ажил сайжруулах болон ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор өөр албан тушаалд сэлгэн ажиллуулна” гэж зааснаар өөр албан тушаалд сэлгэн ажиллуулах тохиолдолд мөн зүйлийн 3.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 44.2-т заасны дагуу өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр шийдвэрлэнэ. Төрийн жинхэнэ албан хаагчтай сэлгэн ажиллуулах талаар зөвшөөрсөн баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна” гэж заасны дагуу сэлгэн ажиллуулах талаар зөвшөөрсөн баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулах ёстой.

Хариуцагч албан тушаалтан дээрх ажиллагааг явуулаагүй, тодруулбал, Сэлэнгэ аймгийн гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллуулах тухай шийдвэрийг гаалийн улсын байцаагч Н зөвшөөрсөн нь тогтоогдоогүй, маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцээгүй байна.

2. Мөн захиргааны байгууллага, албан тушаалтан Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэрийг гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” гэж заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах тохиолдолд захиргааны акт чиглэгдсэн этгээдэд урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах учиртай.

Хариуцагч албан тушаалтан энэ ажиллагааг явуулаагүй нь хэрэгт авагдсан хариуцагч болон нэхэмжлэгчийн тайлбарууд, бусад баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь хуульд заасан дээрх зарчимд нийцээгүй байна.

Захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны актыг гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохдоо мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан арга хэлбэрээр явуулах ёстой.

Хэдийгээр хариуцагч албан тушаалтан “сэлгэх биш шууд томилж байгаа энэ тохиолдолд Наас санал, тайлбар авах шаардлагагүй байсан” гэх боловч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэлүүдэд хамаарахгүй, хариуцагчийн энэ талаар гаргасан “Н-ыг сэлгэн буюу шилжүүлэн ажиллуулах тушаал гаргаагүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийг энэ маргаанд хэрэглэх үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10-т заасан гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, ... өөр албан тушаалд ... сэлгэн ажиллуулах бүрэн эрх нь тэдгээрийг Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэл, журмаас гадуур төрийн албанаас чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах эрхийг олгоогүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 62 дугаар зүйлд зааснаар гаалийн улсын байцаагчид Гаалийн тухай хуулиас гадна Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа нэгэн адил хамаарна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 802 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                Н.ДОЛГОРСҮРЭН 

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ