Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2020/0802

 

 

 

 

2020 оны 12 сарын 21-ний өдөр                    Дугаар                       Улаанбаатар хот

           128/ШШ2020/0802

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Б би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Т

Хариуцагч: Гаалийн ерөнхий газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “... Гаалийн ерөнхий газрын даргын Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Миний бие гаалийн албанд орж ажилласнаас хойш 28 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Албан тушаалын туслах түшмэл зэрэг дэвтэй. ТТ-12-5 ангилалд хамрагддаг, холбогдох хууль, дүрэм журмыг ягштал биелүүлж, жил бүрийн ажлын үр дүнгийн гэрээний хэрэгжилтээр маш сайн буюу “А” үнэлгээтэйгээр дүгнэгдэж ирсэн.

Гаалийн ерөнхий газрын дарга 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Б-159 дүгээр тушаал гаргаж, Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалтай намайг 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн албан тушаалаас чөлөөлж, мөн өдрөөс Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон.

Дээрх тушаалын хувьд цалин, албан тушаал бууруулахгүйгээр Сэлэнгэ аймгийн Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон хэдий ч удирдлагын зүгээс төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд сэлгэн ажиллуулахдаа түүнтэй тохиролцсон байх, өөрийнх нь зөвшөөрлийг авах хуулийн заалтыг зөрчсөнөөс гадна захиргааны актын мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийхгүйгээр төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн томилсон нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Иймд миний бие уг шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаснаар, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 01/992 дугаар шийдвэрээр уг тушаалыг дахин нягталж, холбогдох хууль журамд нийцүүлэн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд хариу ирүүлэхийг үүрэг болгосон боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй болно.

Төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн бол ажлаас чөлөөлж томилох биш өөр албан тушаалд сэлгэн ажиллуулах тухай шийдвэр гаргах ёстой байсан.  Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах мөн хуулийн 46 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалаас нь чөлөөлөх зэрэг ойлголтууд нь утга агуулгын болоод эрх зүйн үндэслэлүүдийн хувьд ялгаатай зохицуулалттай байхад шийдвэр гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа нь төрийн албан хаагч миний Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан хөдөлмөрлөх, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах зэрэг эрхэд минь ноцтойгоор халдаж байна гэж үзэж байна.

 Гаалийн ерөнхий газрын удирдлага нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд “Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулах” асуудлыг шийдвэрлэхдээ хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй. Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэг “Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно” гэж заасан. Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны А-106 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад дурдсан Гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах журмын 2.3-т гаалийн улсын байцаагчийн тусгай мэргэшил, ажлын онцлогийг харгалзан Гаалийн удирдах төв байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгжийн саналыг харгалзан сэлгэн ажиллуулах албан тушаалтны мэргэшлийг нарийвчлан заасан бөгөөд үүнд миний албан тушаалын ангилал хамааралгүй болно.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахдаа уг шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлыг тогтоосон байх, 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар “захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй байгаа талд урьдчилан мэдэгдэж, тайлбар хийж, миний санал хүсэлт, амьдрал ахуй хэрхэн өөрчлөгдөж, ар гэрт хэрхэн хүндрэл учрах зэрэг хамаарал бүхий асуудлыг хэлэлцээгүй нь Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б-159 дүгээр тушаалыг хууль бус гаргасан болохыг нотолж байна.

Миний бие Гаалийн ерөнхий газрын даргын Б-159 дүгээр тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд бичгээр гомдол гаргасан. Гомдлын хариу ирэхгүй байсан тул итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А Төрийн албаны зөвлөл дээр очиж лавлахад Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 01/992 дугаар албан бичиг гарсан тухай мэдээлэл өгч уг албан бичгийн хуулбарыг өгсөн ба эх хувийг бичиг хэргээс Н.Т шуудангаар удахгүй илгээнэ гэж мэдэгдсэн. Гэтэл уг албан бичгийн хувийг өнөөдрийг хүртэл гардаж аваагүй байгаа.

Иймд Гаалийн ерөнхий газрын даргын Б-159 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Н.Т нь Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхад нь Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б-159 дүгээр тушаал гарч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон. Тус тушаалын хууль зүйн үндэслэлийг хянан үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйл зэрэг заалтуудыг баримталсан нь үндэслэлгүй байна. Төрийн албан хаагчийг өөр албан тушаал томилох тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн сэлгэн ажиллуулах, шилжүүлэн томилох зэргийг баримтлан ёстой. Гаалийн ерөнхий газар бол төрийн байгууллага. Төрийн албаны тухай хуульд захирагдах ёстой.  Н.Т зөвшөөрөл авалгүйгээр гэнэт Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон. Өмнө нь 2019 оны 12 дугаар сард яг адилхан Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхад нь чөлөөлж Сэлэнгэ аймаг дах гаалийн улсын ахлах байцаагчаар томилж байсан. Тэр үед анхан болон давж заалдах шатны шүүхээр хянуулж ажилдаа буцаж томилогдож байсан. Гэтэл одоо жил хүрэхгүй хугацаанд дахин нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн шийдвэрийг хариуцагчийн зүгээс гаргаж байна. Гарсан тушаал хууль зүйн үндэслэлгүй. Цалин хөлсний тухайд маргах зүйл байхгүй. Ангилал зэрэглэл хэвээр байгаа. Төрийн албаны тухай хууль, өөрсдийн баталсан журмыг баримтлах ёстой гэж үзэж байна. Төрийн албаны зөвлөл нь хууль маргаан бүхий актыг хууль тогтоомжид нийцээгүй Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн Төрийн албаны тухай хуулийг баримтлах ёстой гэж үзсэн. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал хуульд тодорхой заана гэсэн хуулийн шаардлага байгаа. Маргаан бүхий захиргааны актад яагаад Н.Т ажлаас чөлөөлж Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт томилж байгаа гэдэгт хууль зүйн үндэслэл байхгүй. Өмнөх удаагийн Сэлэнгэ аймаг уруу томилж байсан тушаалд ерөнхий заалтуудыг баримталсан тушаал гаргасан байсан. Энэ нь 2 дахь удаагаа давтагдаж байна. Тиймээс энэ удаагийн тушаал хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “нэхэмжлэгчийн тавьж байгаа асуудлаар эхлээд төрийн албаны удирдах төв байгууллага болох Төрийн албаны зөвлөлөөр шийдвэрлүүлэх ёстой. Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны Б-159 дүгээр тушаал нь гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах, шилжүүлэх бус албан тушаалд шууд томилох тушаал тул Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны А/106 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримтлах шаардлагагүй. Энэ асуудлаар өмнө нь тушаал гарч байсан гэж ярилаа. Тэр бол сэлгэн ажиллуулах тушаал байсан. Гэтэл энэ удаагийн тушаал бол 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б-159 дүгээр тушаал нь Н.Т албан тушаалд томилсон тушаал юм. Өмнөх асуудал бол сэлгэн ажиллуулахдаа нэхэмжлэгчийн саналыг харгалзаагүй гэх үндэслэлээр эгүүлэн томилох шийдвэр гарч тушаалыг хүчингүй болгож байсан. Энэ удаагийн тушаал бол Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.10 заалтыг баримталж Н.Т албан тушаалд томилсон шийдвэр байгаа. Н.Т нь нэхэмжлэлдээ намайг шилжүүлсэн юм уу, сэлгэн ажиллуулсан бол сонсох ажиллагаа хийж, миний саналыг авах байсан гэж дурдсан байна. Гэтэл энэ тушаал бол шууд томилсон тушаал юм. Гаалийн ерөнхий газар Төрийн албаны тухай хуулийг баримтална. Үндсэн үйл ажиллагаандаа баримталж ажилладаг. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийг баримталж гаргасан тушаалууд манай байгууллагад байгаа. Сэлгэх болон шилжүүлж байгаа бол нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй санал нэг байна. Гэтэл шууд томилсон тушаал гарсан учраас нэхэмжлэгчээс санал авах ямар ч шаардлага байхгүй. Яагаад гэвэл Н.Т Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа цалингийн ТТ-12-5 шатлалаар ажилладаг байсан. Туслах түшмэл, тэргүүн зэрэг дэвтэй, 25 хувийн нэмэгдэл авдаг, төрийн алба хаасан хугацааны 25 хувийн нэмэгдэл, албан ажлын онцгой нөхцөлийн 10 хувь, хил дээр ажиллаж байгаа 25 хувийн нэмэгдэл авдаг. Энэ бүх нэмэгдлийг гаалийн байгууллага нэг ч төгрөг дутаагаагүй бүгдийг олгож байгаа. Сэлэнгэ аймагт ажиллах хугацааны 2 өрөө байраар хангасан. Өвлийн хангалтын хувцсыг өгсөн. Сэлэнгэ аймаг, Замын-Үүд аль нь ч ялгаа байхгүй адилхан Монгол Улсын хил. Нэг нь Хятад улстай, нөгөө нь ОХУ-тай хиллэдэг. Н.Т нь өөрийн удирдлага дор 10 байцаагчтайгаар Замын-Үүд дэх гаалийн газар ажилладаг шиг Алтанбулагийн боомт дээр ажиллаж байгаа. Алтанбулагийн сумын төвөөс ажилдаа ирэх очих үед унаагаар хангасан. Эрх зүйн байдал дордоогүй. Сөрөг үр дагавар бүхий захиргааны акт биш учраас Н.Т санал авах шаардлагагүй гэж үзсэн. Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн эрх зүйн байдал дордсон бол бид саналыг авна. Гэтэл тушаал ямар ч сөрөг үр дагавар байхгүй. Тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийг үндэслэсэн. Мөн Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2, 274 дүгээр зүйлийн 274.2-т заасныг тус тус баримтлан сэлгэн, шилжүүлэх биш шууд томилох тушаал гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй цалин мөнгийг бууруулж, ажлаас халж, өөр орон нутаг уруу шилжүүлэх зэргээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй. Харин ч 2 өрөө байраар хангаж, 4 ээлжийн хангалтын хувцас өгсөн. Н.Т нь төрийн тусгай албан хаагч юм. Тусгай алба гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Улс эх орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой зайлшгүй нөхцөл байдалтай холбоотойгоор байцаагч нарыг томилох асуудал гарч ирсэн. Ингэж учирч болох эрсдэлээс сэргийлдэг. Гаалийн албанд улсын байцаагчаар ажилд анх орохдоо газар орон, хилийн боомт, цэг салбар бүрд очиж ажиллахдаа татгалзах зүйлгүй гэж тангараг өргөдөг. Тиймээс бид мөрдэстэй, удирдлагаас өгсөн шууд шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Тиймээс гаргасан шийдвэр хууль бус шийдвэр биш юм. Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10-т заалт нь гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох гэсэн 6 харилцааг зохицуулсан заалт байгаа.Таслалаар зааглагдсан бол өөр утгыг агуулна. Бид үүний томилох гэдэг заалтыг баримталсан. Сэлгэх, шилжүүлэх гэх тушаалыг гаргасан тохиолдолд Гаалийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг баримталж байгаа. 2019 оны тушаалд Н.Т сэлгэн ажиллуулах тушаал гэж гараад холбогдох зохицуулалтаа баримтлаагүй гэж шүүхийн шийдвэр гарсны дагуу хүлээн зөвшөөрч түүнийг Замын-Үүд дэх гаалийн газарт эгүүлэн 1 жил 6 сар ажиллуулсан. Одоогийнх бол томилох тушаал юм гэдгийг сайтар ойлгоосой гэж хүсэж байна. Төрийн албаны зөвлөл гарсан тушаалыг буруу гэж үзсэн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрт ашигтай байдлаар тайлбарлаад байна. Төрийн албаны зөвлөл сэлгэсэн, шилжүүлсэн бол Н.Т санал аваагүй байна зөв болго гэсэн албан тоот ирсэн. 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр сэлгэн ажиллуулах тушаал биш Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10-д заасныг баримтлан шууд томилсон тушаал гарсан учраас томилсон гэж хариу тайлбар явуулсан. Гэтэл өмнө явуулсан албан тоотоо үгүйсгэж төрийн албаны зөвлөлийн шууд шийдвэрлэх асуудал биш гэж хариу ирүүлсэн. Хилийн цэг гэж харвал Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар Замын-Үүд дэх гаалийн газар адилхан. Замын-Үүд дэх гаалийн газар нь Хятад улстай хиллэдэг учир маш эрсдэлтэй. Байцаагч нар авлига их авдаг гэдгийг Авлигатай тэмцэх газар тогтоосон. Замын-Үүд дэх гаалийн газар өнгөрсөн 3 жилийн хугацаанд улсын 3 ахлах байцаагч, 1 хэлтсийн дарга, 15 гаалийн улсын байцаагч авлига авч ял эдэлсэн. Гэхдээ үүнийг Н.Т холбож ярих гээгүй. Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар уруу томилдог нь магадгүй эдгээрээс урьдчилан сэргийлсэн, мөн ажлын хүнд нөхцөлөөс эрүүл мэндийг нь хамгаалсан байж болно. Энэ бол манай хүний нөөцийн бодлого. Н.Т шууд томилсон Б-159 дүгээр тушаалыг Гаалийн ерөнхий газрын дарга бүрэн эрхийн хэмжээнд гаргасан. Үүнийг Н.Т миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэн шүүхэд хандсан гэж үзэж байна. Хөдөлмөрлөх эрх гэдгийг ажлыг нь хийлгэхгүй, ажлаас халсан, ажиллах нөхцөлийг дордуулсан зэргийг ойлгоно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Т шүүхэд хандан “...Гаалийн ерөнхий газрын даргын Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй байна.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд сэлгэн ажиллуулахдаа түүнтэй тохиролцсон байх өөрийнх нь зөвшөөрлийг авах талаарх хуульд заасан журмыг зөрчсөн, хуулийн хэрэгжилтийг хангуулах нэрийдлээр хуульд заасан тодорхой үндэслэлгүйгээр, Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр нэхэмжлэгчийг ажил, албан тушаалд томилсон нь үндэслэлгүй, шилжүүлэн сэлгэн томилсон нь хууль бус” гэж тайлбарлан маргасан бол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “маргаан  бүхий тушаал нь шилжүүлэн томилсон, сэлгэн ажиллуулсан тушаал бус харин шууд томилсон тушаал ба Гаалийн ерөнхий газрын дарга нь шууд томилсон тушаал гаргасан учраас нэхэмжлэгчийн саналыг авах шаардлагагүй, сөрөг үр дагавар бүхий захиргааны акт биш, нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордоогүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

Шүүх, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар  зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актад дүгнэлт өгч, нэхэмжлэгч Н.Т гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.Т нь Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан ба түүнийг уг албан тушаалаас чөлөөлж, Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Албан тушаалд томилох тухай” Б/159 дүгээр тушаалаар Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилжээ.

Энэхүү Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны Б/159 дүгээр тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дахь хэсэг: “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл: “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг”, 57 дугаар зүйлийн 57.2.3: “тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны ... нэмэгдлээс”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3: “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох”, Гаалийн тухай хуулийн 271дүгээр зүйлийн 2711.1.10: “гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох”, мөн хуулийн 273 дугаар зүйлийн 273.2: “Гаалийн улсын байцаагч нь төрийн тусгай албан тушаалд хамаарна”, 274 дүгээр зүйлийн 274.2: “гаалийн улсын байцаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээс гадна дараах үүрэг хүлээнэ” гэх заалтуудыг үндэслэн гарсан ба энэхүү тушаалыг нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж байна.

Хариуцагч тушаалыг гаргахдаа холбогдох хуульд заасан хариуцагч захиргааны байгууллагын бүрэн эрх тэр дундаа агентлагийн даргын хувьд, төсвийн шууд захирагчийн хувьд хуулиар олгогдсон бүрэн эрхийн заалтуудыг үндэслэсэн, үүгээрээ хуульд заасан хариуцагчийн энэхүү бүрэн эрх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан хуульд үндэслэх, 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах болон Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан хууль ёсыг сахих зарчимд нийцсэн байдлаар хэрэгжих учиртай байна.

Нөгөө талд нэхэмжлэгчийн эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3: “төрийн тусгай албан тушаал”, 10.3: “энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1: “төрийн тусгай албан тушаалд ... үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараах албан тушаал хамаарна”, 13.1.6: “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, ... гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн” гэж зааснаар тодорхойлогдож, түүний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой харилцаа нь Төрийн албаны тухай хуулийн дагуу нарийвчлан зохицуулагдахаар байна.

Шүүх, хариуцагч өөрийнх нь бүрэн эрхэд шууд хамааралтай Гаалийн тухай хуулийн 271дүгээр зүйлийн 2711.1.10: “гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах ...”, мөн хуулийн 273 дугаар зүйлийн 273.2: “гаалийн улсын байцаагч нь төрийн тусгай албан тушаалд хамаарна” гэх заалтыг тушаалдаа үндэслэж, тухайн заалтын хүрээнд нэхэмжлэгчийг Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар шууд томилохдоо илүү нарийвчилсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг үндэслээгүй нь буруу байна гэж, харин төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, төрийн тусгай албан хаагчийн цалин хөлсний зохицуулалтыг заасан заалтыг тушаалын үндэслэлдээ оруулсан нь маргааны зүйлд хамаарах нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн харилцааг шууд зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн заалтад хамаарахгүй байна гэж үзлээ.

Тодруулбал, төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан тухайлбал, төрийн жинхэнэ албан тушаалд томилох, сонгон шалгаруулж томилох, төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, албан тушаал бууруулах, төрийн албан тушаалаас нь халах зэргээр Төрийн албаны тухай хуульд нарийвчлан зохицуулсан байхад энэ хуулийн холбогдох заалтыг үндэслээгүй байна, “нэхэмжлэгчийг шууд томилсон”, “уг тушаал гарснаар Н.Т эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдал үүсэхгүй, хилийн нэг гаалийн газраас нөгөө гаалийн газарт шууд томилсон нь сэлгэн ажиллуулах, шилжүүлэн ажиллуулах гэдэгт хамаарахгүй”, “үндэсний аюулгүй байдалтай холбоотой зайлшгүй нөхцөлөөр байцаагч нарыг томилох асуудал гарсан” гэж тайлбарлаж байгаа нь хэдийгээр нэхэмжлэгчийг чиг үүргийн хувьд хамааралгүй өөр албан тушаалд томилоогүй, төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад томилоогүй гэж харагдах боловч хэтэрхий дур зоргын, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т: “төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд ... сэлгэн ажиллуулж болно ...”, Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-д: “гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно” гэж тус тус нарийвчлан зохицуулсныг маргаан бүхий захиргааны актадаа үндэслээгүй, газар нутгийн өөр өөр байршилд орших гаалийн нэг газраас нөгөө газарт ажиллуулахаар шийдвэрлэснийг шүүх  шилжүүлэх, сэлгэн ажиллуулах харилцаагаар зохицуулахгүй гэж үзэх боломжгүй, нэгэнт төрийн жинхэнэ албанд томилогдсон байгаа төрийн тусгай албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн нарийвчилсан заалтыг хэрэглэхгүйгээр шууд томилсон томилгоо хийсэн гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай, Гаалийн тухай хуулийн 271дүгээр зүйлийн 2711.1.10-д заасан бүрэн эрхээр олгогдсон харилцааг хэрэгжүүлж шийдвэр гаргахдаа илүү нарийвчилсан Төрийн албаны тухай хуулийг буюу маргаан бүхий харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг үндэслээгүй нь буруутай байна. 

Энэ утгаараа хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх захиргааны үйл ажиллагааны хамгийн гол зарчмыг хангаагүй, тэрчлэн төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх талаарх Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасан зарчим зөрчигдсөн, үүгээрээ маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б/159 дүгээр тушаал гарсантай холбоотойгоор Н.Т акт батлагдан гарахаас өмнө сонсгох болон мэдэгдэх ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагагүй” гэж тайлбарласныг шүүх үндэслэлгүй байна гэж үзлээ. Яагаад гэвэл, захиргааны байгууллагаас захиргааны акт тэр дундаа сөрөг агуулгатай акт гаргаж буй тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эрх нь хөндөгдөж байгаа оролцогчийг сонсох, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, мэдэгдэх гэхчлэн нарийн дэс дараалалтай, үргэлжилсэн шинжтэй ажиллагааг авч хэрэгжүүлэх байсан байна. Хариуцагчаас цалин хөлс, зэрэг дэв буураагүй, эрх зүйн байдлыг дордуулаагүй гэж байгаа боловч маргаан бүхий захиргааны актыг яагаад гаргах болсон нөхцөл байдлыг тогтоож баримт цуглуулаагүйг тэмдэглэж, Захиргааны ерөнхий хууль зөрчигдсөн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэж, маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 40 дүгээр зүйлийг тус тус үл хангаж гарсныг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн  44.2, Гаалийн тухай хуулийн 271дүгээр зүйлийн 2711.1.10-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Т нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Т урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Т олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          У.Б