| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2016/0542/И |
| Дугаар | 130/ШШ2016/00627 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 130/ШШ2016/00627
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч Б.Мангилик, К.Бүлдирген нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б 3 дугаар багт оршин суух, Ж овогт Шы Хн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б 3 дугаар багт оршин суух, Ж овогт Нын Ед холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Х, хариуцагч Н.Е, иргэдийн төлөөлөгч С.Б, орчуулагч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Хохирол 500000 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч Ш.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний ижил адуу Б Хөх хөтлийн давааг уруудаж явж байхад тус сумын 3 дугаар багийн иргэн болох хүү Хн Хн тууж явсан ижил адууг дайрч өнгөрсөн байна. Нэг гүү, нэг унага гэмтсэн. Унагыг айлд хүргэсэн боловч хүнд гэмтэл авсан тул эмчилгээ авахгүй үхсэн байна. Гүү маань урд талын хөлөнд бэртсэн. Унага маань эрэгтэй хурдан удамтай байсан. Гүү маань бас хурдны удамтай, ах нь болохоор хурдан морь одоо байна.
Унага маань одоогийн ханшаар 500000 төгрөг байна. Учир нь он гарч даага болох байсан юм. Энэ байдал 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр болсон ба энэ өдрөөс хойш хариуцагч Н.Е ямар нэгэн төлбөр өгөөгүй тул Н.Егаас унаганы мөнгө болох 500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Х шүүх хуралдаанд нэхэмжлэл талаар тайлбарлахдаа: Хүн бол ямар нэгэн зүйлийг заавал хуулийн дагуу биелүүлэх ёсгүй. Би настай хүний хувьд энэ залууд хэлсэн. Мал өөрөө гүйж ороод дайруулна гэж байхгүй. Замаас гараад баруун талд 3,4 метр газарт дайрсан. Түүнээс гадна эхийг нь гэмтээсэн. Тэр бол гэмтэл аваагүй, одоо эдгэрсэн. Тэр унага бол яс нь хугарч, дотор тал нь гэмтсэн. Тэгээд манай багт жинхэнэ тамга тэмдэгтэй малын эмч хийдэг хүн байхгүй. Тийм учраас би багийн Засаг даргыг газар дээр нь аваачиж үзүүлсэн.
Нэг л өдөр хөхөлгүй хэвтэж байгаад маргааш үхчихсэн. Энэ унага бол машинд мөргүүлснээс болж үхсэн. Хоёрдугаарт би хохирлоо төлж өгвөл боллоо гэж хэлсэн. Би 500000 төгрөг өг гэж хэлсэн. Гэхдээ заавал 500000 төгрөг биш 400000 төгрөг өгчих гэхэд би өгөхгүй, 200000 төгрөг өгнө. Авахгүй бол өгдөг газартаа өгөөрэй гэсэн.
Гэхдээ надад өгье гэсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Би хуулийн байгууллагад яагаад хандсан юм вэ гэхээр хугацаа өнгөрөх тусам хуулийн байгууллага авч хэлэлцдэггүй юм. Тийм учраас хугацаандаа багтаагаад шүүхэд хандсан. Энэ унага бол 2015 онд малын тооллогод ороод улс, аймагт унаганы тоонд ороод явж байгаа. Тэрний дагуу Төрийн сангийн төлөөлөгчөөс тодорхойлолт бичиж өгсөн. 200000-250000 төгрөгийн үнэтэй гарч байгаа. Одоо бол дага болох байсан. Би одоогийн үнийг нэхээгүй. Би улсаас тогтоосон үнийн дагуу нэхэмжилж байгаа. Одоо 500000 төгрөг нэхэмжилснээс багасгаад Төрийн сангийн төлөөлөгчөөс тогтоож өгсөн үнийн дагуу 250000 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Н.Е шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 2016 оны 6 дугаар сарын 19-ний шөнийн 02 цагийн үед Б Х давааг уруудаж тал газраар явж байхад Х гэгч мотоциклээр адууны ижил тууж ирээд миний машины туслах талд оруулж ирсэн юм. Адууны ижлийг миний машины туслах талд яагаад оруулж ирсэн бэ гээд Хгаас асуухад таныг зогсоох гээд таны машины туслах талд тууж ирээд оруулсан гэсэн.
Би тухайн үед унага дайрагдсаныг мэдээгүй. Машинаа зогсоогоод Х гэгчид учир байдлыг хэлсэн болно.
Тухайн үед унаганы гүү бэртээгүй байсан. Би албаар түүний унагыг дайраагүй, харин машинд дайрагдсан унаганы асуудал нь Х гэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон юм. Тухайн үе миний хажууд Б.Аргынбек гэдэг залуу байсан билээ. Нэхэмжлэгч Ш.Хд хурдан удмын адуу байхгүй юм. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Н.Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн үед унаганы үнийг төлж өгнө гэж хэлж байсан маань үнэн. Тухайн үед тэр хүмүүс мотоциклоор явж байсан. Би мориор явж байгаад дайрсан бол асуудал өөр байсан. Миний машин, техникийн эрхийг холбогдох байгууллагаас шалгасан. Тухайн үед мотоциклыг яагаад шалгаагүй юм вэ гэдэгт гайхаж байгаа. Мотоциклоор орж ирсэн хүмүүс өөрсдөө тухайн үед мэдээгүй байсан. Би машиныхаа хаалгыг онгойлгоод байж байтал тэр хүмүүс бас миний хажууд ирсэн байсан. Сая нэг зүйл дуугарах шиг боллоо. Дайрсан байх гэж харсан чинь хоёр метр газарт унага хэвтэж байсан. Тэгээд хэний унага болохыг асуухад Хгийн унага болохыг хэлсэн. Нэг унага юм байна, би төлөөд өгчихнө гэж хэлсэн. Улмаар маргааш нь энэ хүний гэрт нь очиход энэ хүн аль хэдийнээ мэдсэн, бас гомдолтой сууж байсан. Нэг унага юм байна, би төлж өгнө. 200000 төгрөг өгье. Эсвэл унагатай гүү өгье гэж хэлсэн боловч зөвшөөрөөгүй. Би өөрийнхөө хийсэн зүйлээ зөв гэж бодож байгаа. Минийх зөв байхад яагаад энэ хүний илүү нэхэмжилсэн мөнгийг төлж өгөх ёстой юм бэ гэж бодсон. Тийм учраас уг мөнгийг төлж өгөхийг зөвшөөрөхгүй байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч нарын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Ш.Х нь Н.Егаас хохирол 500000 төгрөг гаргуулж өгөхийг шаарджээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ унаганы үнийг 500000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж Н.Егаас 250000 төгрөг гаргуулж өгөхийг хүсжээ. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн талаар Н.Е нь 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Х нэртэй газар мотоциклээр тууж явсан адуун сүргээс зөрж өнгөрөх үед машинаар нэг унагыг мөргөж гэмтээсний улмаас уг унага үхсэн байх тул унаганы үнэ 250000 төгрөг нэхэмжилж байна гэжээ. Хариуцагч Н.Е нь Ш.Хгийн нэг тооны унагыг машинаар мөргөсний улмаас гэмтэж үхсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 5/370 дугаартай тогтоолд Н.Е нь Газ-53 маркийн **-** БӨА дугаартай тээврийн хэрэгслээр 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Х нэртэй газар тус багийн иргэн Ш.Хгийн мотоциклээр тууж явсан адуун сүргээс зөрж өнгөрөх үед нэг унагыг мөргөсний улмаас үхсэн болох нь Ш.Х, Н.Е, Д.Ө нарын тайлбар, **-** БӨА дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон гэж дурджээ.
-Гэрч Х.Т, Б.Е нарын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Ш.Хгийн гэрт очиход Е нь Хд би таны унагыг дайрч, үүний улмаас унаганы асуудал гараад байна, би танд унага буюу төлбөрийг төлж өгнө гэж байсныг сонссон юм гэх мэдүүлгүүд
-Б багийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Н.Е нь 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шөнийн 02 цагийн үед айл нүүлгэж буцахдаа Хөх хөтлийн давааг уруудаж байхад Ш.Хгийн хүү Хн тууж явсан ижил адууг дайрч өнгөрсөн. Нэг гүү, нэг унага гэмтсэн. Унагыг айлд хүргэсэн боловч хүнд гэмтэл авсан тул эмчилгээ авалгүй үхсэн болно гэх тодорхойлолт
-Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбар зэргээр тогтоогдсон байна.
Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа би албаар түүний унагыг дайраагүй, харин машинд дайрагдсан унаганы асуудал нь Х гэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон юм гэж тайлбарлаж байгаа боловч дээрх нотлох баримтуудыг үгүйсгэх, өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул уг тайлбарыг хүлээж авах боломжгүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж унаганы үнийг 250000 төгрөгөөр нэхэмжилсэн байх ба Б төрийн сангийн төлөөлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолтоос үзэхэд Б суманд 2016 оны 6 дугаар сарын байдлаар нэг насны унаганы үнэ 200000-250000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон байна. Нэгэнт нэхэмжлэгчээс уг тодорхойлолтод дурдсан 250000 төгрөгөөр нэхэмжилсэн байх тул тухайн үнээр унаганы үнийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлтэй байна.
Хариуцагчаас унаганы үнийг малын их эмчээс 130000 төгрөгөөр тогтоож өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул Б төрийн сангийн төлөөлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолтыг эргэлзээтэй, хэрэгт хамааралгүй нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Н.Егаас унаганы үнэ 250000 төгрөг гаргуулан Ш.Хд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Нын Егаас унаганы үнэ 250000 төгрөг гаргуулан Шы Хд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15650 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.Егаас 8150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Хд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК
ШҮҮГЧИД Б.МАНГИЛИК
К.БҮЛДИРГЕН