| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2016/0514/И |
| Дугаар | 130/ШШ2016/00630 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 130/ШШ2016/00630
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С дүүрэг, 6 дугаар хороо, Нэгдсэн үндэсний гудамж, МТ байрт байрлах, МТ Б ХХК /гүйцэтгэх захирал Ш.Б/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газар /дарга Х.Т/-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гэрч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Мнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газартай байгуулсан 106/13 тоот Газрын тоосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 5588270 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги болох 2794135 төгрөг, нийт 8382405 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч МТ Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газар-тай байгуулсан 106/13 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан болно. Энэхүү гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан барааны тооцоог сар бүрийн 5-ны дотор тооцоо нийлж акт үйлдэх ба акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор МТ Б ХХК-ийн Х банкан дахь **************тоот дансанд шилжүүлэх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл 5588270 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Төлбөрийн үлдэгдлийг төлж дуусгах талаар бидний зүгээс удаа дараа асуудал тавьж байсан боловч одоог хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд 106/13 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 5588270 төгрөгийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн алданги болох 2794135 төгрөг, нийт 8382405 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газар-аас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч МТ Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Манай компани нь Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газартай анх 2013 онд Гарын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Үүнээс хойш МТ Б ХХК нь гэрээний дагуу цаг тухайд нь Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газрыг хүссэн үед шатахуунаар хангаж байсан. Гэрээний дагуу 2013, 2014 онд нийт 69118680 төгрөгийн шатахууныг нийлүүлсэн байдаг. Тооцоогоор тухайн сард авсан шатахууны үнийг дараа сард төлөхөөр тохиролцож гэрээнд тусгасан. 2014 оны зун аймгийн ой боллоо гээд тухайн үед шатахууныг урьд нь авдаг байсан хэмжээнээс арай илүү хэмжээгээр авсан. Нийт 63263410 төгрөгийг төлсөн ба эхний он буюу 2013 оны үлдэгдэл болон 2014 оны төлөгдөөгүй зөрүү 5855270 төгрөгийг өнөөдөр хүртэл төлөөгүй. Тийм учраас нийлүүлсэн шатахууны үнийг авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өмнө нь Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газартай удаа дараа тооцоо нийлэхээр 3 удаа миний бие хотоос ирсэн боловч тооцоо нийлж чадахгүй буцаж байсан. Иймд нэхэмжилж байгаа үнийн дүн 5855270 төгрөг, алданги 2794135 төгрөг, нийт 8382405 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газраас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газрын дарга Х.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч МТ Б ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бы нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах тайлбарыг гаргаж байна. Манай байгууллага МТ Б ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах тухай 106/13 тоот гэрээг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулж энэ гэрээний дагуу авсан бензин, шатахууны үнийг МТ Б ХХК-ний гурван удаагийн нэхэмжлэлийн дагуу 9764900 төгрөгийг №241, 255, 271 тоот төлбөрийн хүсэлтээр Х банк дахь **************тоот дансанд шилжүүлсэн. Иймд МТ Б ХХК-ний нэхэмжилсэн 8382405 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн ЗДТГ-аас тухайн үед нэхэмжлэгч байгууллага болох МТ Б ХХК-аас шатахуун авч байсан нь үнэн. 2013 онд 9764900 төгрөгийн шатахуун авч байсан. 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 10 сая төгрөг төлсөн гэж байгаа боловч манайх тийм ямар нэгэн төлбөр төлөөгүй. 2013 оны 10 дугаар сараас эхэлж шатахуун авсан. 2013 онд 9764900 төгрөгийн шатахуун авч үүнийг бүрэн төлсөн. 2014 оны 43449760 төгрөгийн шатахуун авч үүнийг бас бүрэн төлж МТ Б ХХК-ний Баян-Өлгий салбарын нягтлантай тооцоо нийлээд дууссан байгаа. Хууль зүйн үндэслэл нь гэвэл МТ Б ХХК-аас манайд сар бүр зөвшөөрлийн бичигтэй нэхэмжлэх ирдэг. Үүний дагуу тухай бүр авсан шатахууны үнийг шилжүүлж байсан. Бид нэхэмжлэгч МТ Б ХХК-ний нэхэмжлэлийн дагуу тухай бүр шатахууны үнийг төлж байсан ба тус компани нь нэхэмжлэл ирүүлээгүй тул нэхэмжлэгч талын нэхэмжилсэн шатахууны үнэ болон алдангийн хамт төлөх боломжгүй. Зөвшөөрлийн бичиг нь илүү гараад байгаа гэсэн. Гэхдээ яагаад илүү гараад байгааг мэдэхгүй байна. Тооцоо нийлж байсан нягтлангийн тайлбарласнаар бид нар зөвшөөрлийн бичгийг давхар хуулбарлаж хот руу явуулж байсан гэж хэлж байгаа. Тийм учраас илүү гараад байгаа болов уу гэж бодож байна. Бид нар 10 сая төгрөг шилжүүлээгүй. 11 сард 9999600 төгрөгийн дизель түлш авсан гэж байна. Гэтэл манайд дизель түлш хэрэглэдэг машин байхгүй. Ямар баримтыг үндэслэж нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газраас 2013 оны 10 дугаар сараас 2014 оны 7 дугаар сар хүртэл нийт 69118680 төгрөгийн шатахуун авсан ба эхний оны үлдэгдэл болон 2014 оны төлөгдөөгүй зөрүү мөнгөний хамт нийт 5588270 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги болох 2794135 төгрөг, нийт 8382405 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, нэхэмжлэгч МТ Б ХХК болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын хооронд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 106/13 дугаар гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан ба уг гэрээг цуцалсан тухай ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй тул гэрээний хугацаа мөн хугацаагаар сунгагдсан байна гэж үзлээ.
Иймд зохигч нарын хооронд байгуулсан 106/13 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас 2013 онд 19764900 төгрөг төлсөн ба 1980150 төгрөгийн үлдэгдэлтэй, 2014 онд 43498510 төгрөг төлсөн ба 3875120 төгрөгийн үлдэгдэлтэй 2013-2014 онд нийт 5855270 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч талын нотлох баримтаар гаргаж өгсөн МТ Б ХХК-аас аймгийн Засаг даргын тамгын газар-ын картаар авсан шатахууны тооцоо (2013.10.01-2016.07.31), хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2013-2014 оны МТ Б ХХК-ний нэхэмжлэл, МТ Б ХХК-иас аймгийн Засаг даргын тамгын газар-ын картаар авсан 2013 оны 10 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 31, мөн 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх шатахууны тооцоо, 2013 онд 241, 255, 271 дугаартай төлбөрийн баримтууд, 2014 оны 01 дүгээр сарын 28-наас 01 дүгээр сарын 30-нд 4502410 төгрөг, 02 дугаар сарын 26-наас 02 дугаар сарын 28-нд 4727200 төгрөг, 3 дугаар сарын 26-наас 3 дугаар сарын 28-нд 6546300 төгрөг, 4 дүгээр сарын 28-наас 4 дүгээр сарын 30-нд 4487720 төгрөг, 5 дугаар сарын 26-наас 5 дугаар сарын 30-нд 5212000 төгрөг, 6 дугаар сарын 27-ноос 6 дугаар сарын 30-нд 7744920 төгрөгийг тус тус нэхэмжлэлээр тус компанийн Баян-Өлгий аймаг дахь 145 дугаар салбарын эрхлэгч М.Бд хүлээлгэж өгч байсан тухай баримт болон шүүх хуралдаанд гэрчээр оролцсон М.Бын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд бид нэхэмжлэгч МТ Б ХХК-ний нэхэмжлэлийн дагуу тухай бүр шатахууны үнийг төлж байсан ба тус компани нь нэхэмжлэл ирүүлээгүй тул нэхэмжлэгч талын нэхэмжилсэн шатахууны үнэ болон алдангийн хамт төлөх боломжгүй гэж маргажээ.
Гэтэл нэхэмжлэгч МТ Б ХХК-аас хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар нь 2013 оны 10 дугаар сараас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Н-80 маркаас 5000 литр, Р-92 маркаас 21966 литр, Дизель түлшнээс 9073 литр шатахуун авч байсан нь хавтаст хэрэгт авагдсан бензиний талон болон картаар олгож байсан шатахууны тооцоо, тус Тамгын газрын даргын цохолтоор олгож баримт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. /хх-ийн 13-38 дугаар хуудас/
Гэвч хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар нь 2013 оны 10 дугаар сараас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт Н-80, Р-92, дизель түлш зэрэг маркийн шатахуунаас хэдэн литр авч хэрэглэж байснаа нотлох баримтаар нотолж чадаагүй ба хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэх хуудасны дагуу төлж байсан ба дараа нь нэхэмжлэл ирүүлээгүй тул төлөх боломжгүй гэсэн тайлбараар төлбөр төлөхөөс чөлөөлөх үндэс болохгүй.
Мөн хариуцагч талаас 2013 онд Дизель түлшнээс 5128 литр шатахуун авч байгаагүй, бид МТ Б ХХК-д 10,000,000 төгрөг шилжүүлж байгаагүй гэж маргасан боловч нэхэмжлэгч МТ Б ХХК нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 10,000,000 төгрөгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Хариуцагч талын тухайн үед МТ Б ХХК-тай Баян-Өлгий аймаг дахь 145 дугаар салбартай тооцоо хийхдээ нэг өдрийн бензиний талоныг хоёр хуулбарлаж явуулснаас болж нэхэмжлэгч тал илүү мөнгө нэхэмжилж байгаа гэж маргасан боловч нэхэмжлэгч талын нотлох баримтаар гаргаж өгсөн бензиний талонд жолооч нарын нэр болон авсан литр бензиний шатахууны марк, литр зэрэг нь янз бүр байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэг өдрийн бензиний талон хоёр удаа хуулбарлаж олгогдсон гэж маргасныг хүлээн авах боломжгүй байна.
Иймд хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар нь МТ Б ХХК-аас 2013 оны шатахууны үнээс үлдсэн үлдэгдэл 1980150 төгрөг, 2014 оны шатахууны үнээс үлдсэн үлдэгдэл 3875120 төгрөг бүгд 5855270 төгрөгийг төлөөгүй байх ба нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаандаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж гэрээний гүйцэтгэлийн үлдэгдэл мөнгө 5588270 төгрөг гэж нэхэмжилсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид шатахууны үнийн тухайд ямар нэгэн маргаангүй гэснийг дурдаж, тэдний хооронд байгуулсан 106/13 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 7.2-т худалдан авагч нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгч байгууллагаас 2014 оны 7 дугаар сар хүртэл шатахуун авч байсан ба уг худалдаж авсан шатахууны үнийг хугацаандаа төлж барагдуулахаар гэрээний 5.2-д тодорхой тохирсон байх тул уг үүргээ зөрчиж 2014 оны 8 дугаар сараас тус шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нэхэмжлэгч МТ Б ХХК-аас авсан шатахууны үнээс үлдсэн мөнгийг төлөөгүй 381 хоног өнгөрсөн байна.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар нь 5588270 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул гэрээ дууссанаас хойших хугацаа буюу 381 хоногийн алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 10645521 төгрөг байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалттай нэхэмжлэгчийн шаардсан алданги 2794135 төгрөг гэж тооцсон нь хуульд нийцжээ.
Иймд хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгээс нийт 8382405 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МТ Б ХХК-д олгож, нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149070 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, хариуцагч байгууллагаас 149070 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгээс 8382405 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МТ Б ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч МТ Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгээс 149070 төгрөг гаргуулан МТ Б ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5 .Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ