Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 081

 

МТ Баянгол ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгчид М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 217 дугаар шийдвэртэй, МТ Баянгол ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газартай байгуулсан 106/13 тоот Газрын тоосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 5588270 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги болох 2794135 төгрөг, нийт 8382405 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Манай компани Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газартай байгуулсан 106/13 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан болно. Энэхүү гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан барааны тооцоог сар бүрийн 5-ны дотор тооцоо нийлж акт үйлдэх ба акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор МТ Баянгол ХХК-ийн Хаан банкан дахь 5028036836 тоот дансанд шилжүүлэх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл 5588270 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Төлбөрийн үлдэгдлийг төлж дуусгах талаар бидний зүгээс удаа дараа асуудал тавьж байсан боловч одоог хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд 106/13 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 5588270 төгрөгийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн алданги болох 2794135 төгрөг, нийт 8382405 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газраас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч МТ Баянгол ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайханы нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах тайлбарыг гаргаж байна. Манай байгууллага МТ Баянгол ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах тухай 106/13 тоот гэрээг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулж энэ гэрээний дагуу авсан бензин, шатахууны үнийг МТ Баянгол ХХК-ний гурван удаагийн нэхэмжлэлийн дагуу 9764900 төгрөгийг №241, 255, 271 тоот төлбөрийн хүсэлтээр ХААН банк дахь 5028036836 тоот дансанд шилжүүлсэн. Иймд МТ Баянгол ХХК-ний нэхэмжилсэн 8382405 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 217 дугаар шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас шатахууны үнэ 5588270 ( таван сая таван зуун наян найман мянга хоёр зуун далан) төгрөгийг гаргуулан МТ Баянгол ХХК-д олгож, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-г баримтлан нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн алданги 2794135 (хоёр сая долоон зуун ерэн дөрвөн мянга нэг зуун гучин таван) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 217 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрөн гомдол гаргаж байна.

Манай байгууллагаа МТ Баянгол ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах тухай 106/13 тоот гэрээг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулж энэ гэрээний дагуу авсан бензин, шатахууны үнийг МТ Баянгол ХХК-ний гурван удаагийн нэхэмжлэлийн дагуу 9764900 төгрөгийг №241, 255, 271, тоот төлбөрийн хүсэлтээр ХААН банкан дахь 5028036836 тоот дансанд шилжүүлсэн ба 2014 оны 43449760 төгрөгийн шатахуун авч үүнийг бас бүрэн төлж "МТ Баянгол" ХХК-ний Баян-Өлгий салбарын нягтлантай тооцоо нийлээд дууссан байгаа.

Нэхэмжлэгч "МТ Баянгол" ХХК-иас манайд сар бүр зөвшөөрлийн бичигтэй нэхэмжлэх ирдэг ба үүний дагуу тухай бүр авсан шатахууны үнийг төлж байсан ба тус компани нь нэхэмжлэл ирүүлээгүй тул нэхэмжлэгч талын нэхэмжилсэн шатахууны үнийг төлөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч тал маань зөвшөөрлийн бичиг нь илүү гараад байгаа гэсэн. Яагаад илүү гараад байгааг мэдэхгүй байгаа ба "МТ Баянгол" ХХК-ний тооцоо нийлж байсан нягтлангийн тайлбарласнаар бид нар зөвшөөрлийн бичгийг давхар хуулбарлаж хот руу явуулж байсан. Мөн МТ Баянгол" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралд тайлбарлахдаа Баян- Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газартай тооцоо нийлэхээр удаа дараа миний бие хотоос ирсэн боловч тооцоо нийлж чадахгүй буцаж байсан гэсэн байна, Дээрх тайлбаруудаас харахад нэхэмжлэгч тал маань хуурамч бичиг баримт бүрдүүлэн илүү шатахууны мөнгө нэхэмжилж байгаа гэж үзэх үндэслэлтэй байна, Учир нь нэхэмжлэгч тал маань анхан шатны шүүх хурал дээр Баян-Өлгий аймгийн ЗДТГазар манайхаас дизель түлш авч байсан гэж тайлбарласан байна . Гэтэл манайд дизель түлш хэрэглэдэг машин байхгүй ба ямар бичиг баримтыг үндэслэл болгож нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн нэхэмжлэгч тал болон хариуцагч талын анхан шатны шүүх хурал дээр гаргаж өгсөн нотлох баримт нь зөрүүтэй, нэхэмжлэгч талын нотлох баримтаар гаргаж өгсөн бензиний талонд жолооч нарын нэр болон авсан литр бензиний шатахууны марк, литр зэрэг нь янз бүр байгаа, мөн анхан шатны шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн жолооч нарын гарын үсэг зурсан жагсаалт нотлох баримтын шаардлагыг хангахгүй, хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэхээр байна. Учир нь уг жагсаалтан дээр байгаа гарын үсэг манай ЗДТГ-ын жолооч нарын гарын үсэг биш байна.

Мөн хавтаст хэрэгт гэрчээр асуусан Бекболд гэдэг хүний гэрчийн мэдүүлэг дээр ЗДТГ-ын аж ахуйн тасгийн даргаар ажиллаж байсан Бейбитхан гэдэг хүн утсаар яриад тийм машин явуулчихлаа, тухайн машин бензин өгөөрэй гэж хэлдэг байсан. Дараа нь талон байхгүй учраас урьдах талонуудыг давхар хуулбарлаж явуулдаг байсан гэж мэдүүлэг өгсөн байдаг.

Тийм учраас зарим талонууд нь давхар гарч ирж байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Жишээ нь Болд гэдэг хүн 50 литр бензин авлаа гэхэд дахиад 50 литрийн талоныг давхар явуулаад нэхэмжилж байгаа юм болов уу гэсэн хардалт үүсээд байгаа юм. Тийм учраас нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй байна. Шатахуун авсан жолооч нарын гарын үсэгтэй жагсаалтын дээр байгаа 2899, 3429, 1031, 0021, 8000, 1872, 0250, 2998 гэсэн дугаартай машинууд манайд байхгүй. Тийм учраас нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. МТ Баянгол" ХХК-иас авсан шатахууны тооцоог нийлээд бүх мөнгийг төлж барагдуулсан. Мөн дизель түлшний мөнгийг нэхэмжилж байгаа гэж ойлгож байгаа. Манайд бас дизель түлш хэрэглэдэг машин байхгүй. Бүх машинууд бензинээр явдаг учраас дизель түлшний төлбөр болох 9999600 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 217 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

 

МТ Баянгол ХХК нь Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын газарт холбогдуулан Засаг даргын Тамгын газартай байгуулсан 106/13 тоот Газрын тоосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 5588270 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги болох 2794135 төгрөг, нийт 8382405 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл МТ Баянгол ХХК-наас Н-80 маркийн бензин 1л 1720 төгрөгөөр 5000л буюу 8599070 төгрөг, Р-92 маркийн бензин 1л 1950 төгрөгөөр 21966л буюу 42811759 төгрөг, Д-түлш 1л 1950 төгрөгөөр 9073л буюу 17707850 төгрөгийн бүгд 69118680 төгрөгийн шатахуун авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын Газар нь нийт авсан шатахууны үнэ болох 69118680 төгрөгөөс 63263410 төгрөгийг МТ Баянгол ХХК-д төлсөн ба нийт шатахууны үнэ 69118680 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 63263410 төгрөгийг хасахад үлдэгдэл 5855270 төгрөг гарч байгаа боловч нэхэмжлэгчийн шатахууны үлдэгдэл үнэ гэж 5588270 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэстэй байна.

МТ Баянгол ХХК болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар нь 106/13 дугаартай Газрын тоосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээнд үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцэж байгаа боловч гэрээний хугацаа 2013 оны 12 сарын 31-ний өдөр дууссан байхад мөн гэрээний 9.1-д зааснаар ...дахин гэрээ байгуулах, цуцлах зэргээр шийдвэрлэнэ гэж заасан байх тул уг гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсан гэж үзэх боломжгүй. Иймээс нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүрэгт анз шаардах эрхгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Зохигчид Газрын тоосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн боловч анхан шатны шүүх мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 217 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 217 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

Д.КӨБЕШ