Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 703

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.С холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор М.Хэрлэнчимэг /томилолтоор/

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 415 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэгийн гаргасан эсэргүүцлээр Д.С холбогдох эрүүгийн 201725011082 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш хандынхан овогт Д.С, 1963 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Индэр суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч  мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, группэд байдаг, ...оршин суух хаягтай, ял шийтгэлгүй /РД:.../,

Д.С нь 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Олимп” хотхоны 426 дугаар байрны 106 тоотод оршин суух өөрийн төрсөн ах Д.Б гэрт бэр болох Г.О маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь хөөргөөр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.С үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд хандынхан овогт Д.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Алтанцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “... Хохирогч Г.О 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байх бөгөөд 6 хуудас бичгээр гаргасан гомдлыг хүлээн авсан дардаст 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр гомдол гаргасан болохыг баталгаажуулжээ. Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр шинжилгээ хийх тогтоол үйлдэн мөн өдөр №3232 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Г.О биед учирсан гэмтлийн зэргийг тогтоожээ. Тухайлбал хохирогч гомдол гаргахаас өмнө шинжилгээ хийлгэх тогтоол үйлдэж шинжээчийн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна гэжээ. Гэвч Цагдаагийн байгууллагын иргэдээс гомдол гаргахад цагдаагийн байгууллагын бүртгэл мэдээллийн ажилтны ажлын цаг дууссан, эсвэл амралтын өдөрт гомдол гаргасан тохиолдолд дараагийн өдрөөр гомдол мэдээллийг байгууллагын бүртгэлд авдаг бөгөөд иргэдээс ирсэн гэмт хэргийн шинжтэй гомдлыг тухайн өдөр үүрэг гүйцэтгэж буй албан тушаалтан /хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч/ хүлээн авч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.3.6 дахь хэсэгт заасан “... шинжээч томилж, дүгнэлт гаргуулах” хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг, шинж байдлыг тогтоох зорилгоор Шинжилгээ хийлгэх тогтоол үйлдэж, тогтоолыг үндэслэн шинжээч тусгай мэдлэгийнхээ хүрээнд дүгнэлт гаргадаг. Гэтэл шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийг хохирогч гомдол гаргахаас өмнө шинжилгээ хийлгэх тогтоол үйлдэж шинжээчийн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан байна. Учир шинжээч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг үндэслэн өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, гаргасан дүгнэлтээ өөрөө хариуцдаг. Гэтэл энэ журмын дагуу хуульд заасан үндэслэлээр гаргасан дүгнэлтийг шүүх үндэслэлгүй гэж үзсэн нь шүүх хэт нэг талыг барьсан, хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүх дүгнэхдээ “шинжилгээ хийлгэх үед Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт заасан эрхийг сэжигтэн, яллагдагчид эдлүүлээгүй, шинжилгээ хийлгэх тогтоолд сэжигтэн, яллагдагч гэж хэний гарын үсэг болох нь мэдэгдэхгүй, гарын үсэг байгаа ч хэзээ танилцуулсан нь тодорхойгүй, шүүгдэгчээр гарын үсэг нөхөн зуруулсан гэж үзэхээр байна” гэжээ. Хавтаст хэргийн материалыг хянахад хэргийн оролцогч нарт шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлтийг танилцуулж гарын үсэг зуруулсан байдаг, гарын үсэг гаргацгүй байгаа асуудлыг шүүх хуралдааны явцад оролцогч нарыг оролцуулан хэний гарын үсэг болохыг тодруулах байдлаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа гэж үзэж байна. Мөн шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлыг шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулах, шардлагатай бол шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд нэмэлт шинжилгээг хийлгэх боломжтой юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.5-д сэжигтэн яллагдагч, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцах эрхтэй талаар зохицуулсан боловч хэдий хугацаанд танилцуулахыг хуульд тусгайлан заагаагүй байна.

Шүүхийн тогтоолд “... хэрэгт Д.Л автомашины шил хагарсан гэх гомдол, мэдээллийг хүлээн авч шалган гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материал авагдсан ба .. Д.Л мэдүүлгээр хохирогч нь Д.С бусдын машины шилийг хагалсан гэж гүтгэж гомдол гаргуулсан гэж үзэхээр байна” гэжээ. Гэтэл шүүхийн тогтоол таамаглалд үндэслэж болохгүй бөгөөд гагцхүү хууль болон нотлох баримтад үндэслэх ёстой. Мөн Л машины шил хагарсан гэх хэрэг нь Д.С холбогдох эрүүгийн хэргээс тусдаа шалгагдсан бөгөөд Д.С холбогдох эрүүгийн хэрэгт Л нь хохирогч Г.О биед гэмт хэрэг үйлдэгдсэний дараа өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ил харагдах ямар гэмтэлтэй байсныг гэрчилдэг бөгөөд Д.Л нь хууль сануулж авсан мэдүүлэгт “хохирогч Г.О баруун талын нүдний хэсэг хөхөрсөн байсныг, мөн өчигдөр энэ хүмүүстэй гэртээ маргалдаж зодуулсан юм” гэж хэлж байсан гэдгийг гэрчилдэг. Шүүх цагаатгах тогтоолын үндэслэл болгож гэрч Д.О, Д.О нарын мэдүүлгийг үнэлсэн атлаа хэргийн талаар мэдүүлсэн гэрч Д.Л “... Миний машинд анх тэр эмэгтэй, эрэгтэй хүн суухад эмэгтэй хүнийх нь баруун талын нүдний хэсэг хөхөрсөн байсан. Тэр эмэгтэй, эрэгтэй хүн надад хэлэхдээ “өчигдөр энэ хүмүүстэй гэртээ маргалдаж зодуулсан юм” гэж хэлж байсан. Миний машиныг гэмтээсэн хүн тэр хоёр хүний ах дүүс юм шиг байна лээ ” гэх мэдүүлэг   

 Гэрч Д.Б “... О нь О шууд түлхээд сервант руу унагасан чинь дотор байсан шилэн эдлэлүүд хагараад тэгээд О хойшоо унахдаа их хүчтэй унасан, О “Чи яаж байгаа юм бэ?” гээд О хэлсэн чинь хажууд нь зогсож байсан С “мал, муу гичий чамаас болж байгаа юм ” гэж хэлээд миний өгсөн том цагаан шүрэн хөөргөөр О духны баруун хэсэгт хүчтэй нэг удаа цохисон” гэх мэдүүлэг. Хохирогч Г.О “... С намайг зүүн хөл рүү өшиглөсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлэхдээ хөлөө бол үзүүлээгүй. С нь миний духны баруун хэсэгт хүчтэй нэг удаа хөөргөөр цохисноос болж баруун хөмсөгний дээд хэсэгт овойж арьс зулгарч хөхөрч хавдсан. Одоо хөх нь арилж хатуурч овойсон хэсэг нь эдгээгүй байгаа” гэх мэдүүлэг. Шүүх эмнэлэгийн шинжээч эмч Ч.Э 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн №3232 дугаартай “Г.О биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байхаар шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэргийг огт үнэлээгүй нь шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Иймд Д.С холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 415 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор М.Хэрлэнчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.С үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэн эсэргүүцэл бичсэн. Нэмж хэлэхэд тухайн хэрэг болсны дараа хөндлөнгийн гэрч болох Л, Б нарын мэдүүлгүүдийг үнэлэлгүйгээр хэргийг хэт үгүйсгэх нөхцөл байдлаас шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, Д.С холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 415 дугаар цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, өөрөөр хэлбэл шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна.

Прокуророос Д.С үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүхээс Д.С үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх  прокурорын яллах дүгнэлтэнд дурдсан нотлох баримтыг бусад нотлох баримттай харьцуулаад хэрхэн яаж үгүйсгэж буй талаархи дүгнэлтийг огт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болдог бөгөөд Д.С холбогдох хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол хууль ёсны шаардлага хангаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг үндэслэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 415 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Д.С холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 415 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож Д.С холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл Д.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

                                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ