Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 130/ШШ2016/00636

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, Ж овогт Сы Хын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын Хүүхдийн 17 дугаар цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагч Х.Г, хариуцагчийн өмгөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ө сумын Хүүхдийн 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1060000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч С.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1999 онд Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн. Одоогоор Зохиомж дээд сургуульд Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр суралцаж байна.Сургуулиа төгссөнөөс хойш тодорхой хугацаанд сургуулиудад багшаар ажиллаж байсан.

2016 оны 3 дугаар сард Ө сумын нутаг дэвсгэрт шинээр 17 дугаар цэцэрлэг байгуулагдаж аймгийн Засаг даргын захирамжаар намайг тус цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллуулахаар хувиарласны дагуу цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ** дугаар тушаалаар бүлгийн багшаар авч ажиллуулсан.

Ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байхад цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5 дугаар заалтуудыг үндэслэн намайг мөн өдрөөс ажлаас чөлөөлсөн.Цэцэрлэгийн эрхлэгчийн дээрх шийдвэр хууль бус учир хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд ажлаас чөлөөлөх ёстой.

Намайг ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэл болгосон байна. Энэ дүгнэлт нь улсын байцаагчийн өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан дүгнэлт болохоос биш намайг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй болсныг тогтоосон албан ёсны шийдвэр биш юм.

Иймд Ө сумын 17 дугаар Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн намайг ажлаас чөлөөлсөн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ө сумын 17 дугаар Хүүхдийн цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эргүүлэн тогтоож,ажилгүй байсан 2 сарын хугацааны цалин 1060000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Х шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн талаар тодорхой бичсэн. Уг нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэлийн талаар товч ярихад миний бие Ө сумын хүүхдийн 17 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байсан. Гэтэл сургуулийн өмнөх боловсролын дипломгүй гээд ажлаас гаргасан. Одоо 12 дугаар сард төгсөөд дипломоо авах гэж байгаа. Тийм учраас хуучин ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна. Мөн хоёр сарын цалин буюу 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхэлж нэхэмжлэл гаргах хүртэлх цалингаа нэхэмжилсэн. Би сард 530000 төгрөг цалин авдаг байсан. Үүнийг 2 сараар бодоод 1060000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ө сумын Хүүхдийн 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч С.Хын нэхэмжлэлд дурдсан ...Ө сумын 17 дугаар Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн намайг ажлаас чөлөөлсөн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тушаалыг хүчингүй болгож, Өлгий сумын 17 дугаар Хүүхдийн цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан 2 сарын хугацааны цалин 1060000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Ажил олгогч нь 2016 оны 3 дугаар сарын 01-ны өдөр С.Хтай сайн дурын үндсэн дээр тохиролцсон ёсоор Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаатай буюу 2016 оны 6 дугаар сарын 01-ний хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. С.Хтай байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа нь 2016 оны 6 дугаар сарын 01-ны өдөр дуусгавар болсон боловч С.Х нь тус аймгийн сонгуулийн хороодод сонгуульт үүрэг гүйцэтгэж байсан учраас тухайн үед түүнийг ажлаас чөлөөлөх боломжгүй байсан. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Сонгуулийн хороодын ажилтан, албан тушаалтныг сонгуулийн холбогдолтой чиг үүргээ хэрэгжүүлж байх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно, 29.3-т Сонгуулийн хороодод ажиллаж байгаа төрийн албан хаагчид ажиллаж байгаа төрийн байгууллага нь цалинтай чөлөө олгоно гэсэн заалттай юм.

Хэрвээ ажил олгогч болох Х.Г би С.Хыг сонгуульт үүрэг гүйцэтгэж байгаа үед ажлаас чөлөөлсөн тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 29.7-д Энэ хуулийн 29.2, 29.3-д заасныг зөрчсөн нь төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно гэснээр өөрөө үүрэгт ажлаас халагдах эрсдэл бий болсон юм.

Ийм учраас С.Хыг тухайн үед ажлаас шууд чөлөөлөх боломжгүй байсан юм.

2. С.Хын сонгуулийн хэсгийн хорооны гишүүнээр ажилласан сонгуульт ажил нь 2016 оны 7 дугаар сарын 01-ны өдөр дууссан юм. Тэр үед тус цэцэрлэгийн бүх ажилтан нар ээлжийн амралттай өөрөөр хэлбэл цэцэрлэг ажиллахгүй байсан. Ингээд С.Х 2016 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр үүрэгт ажилд орсон ба түүнтэй өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах асуудлыг талууд тавиагүй учраас хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учраас үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний дөрвийн 4.2-т Гэрээний хугацаа дууссан тохиолдолд ажлын үзүүлэлтийг харгалзан аль нэг талын санаачлагаар гэрээг дуусгавар болгож болох бөгөөд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг сунгаж ажиллана гэж заасан юм. Ингэхээр ажил олгогчийн С.Хыг ажлаас чөлөөлсөн шалтгаан нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгаагүй явдалтай холбоотой гэж үзэж байна.

3.Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ний өдрийн №04-09-006\120 дугаар дүгнэлтэнд ...Аймгийн Боловсролын бодлогыг хэрэгжүүлэх Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга нь сургуулийн өмнөх боловсролын дагуу мэргэжил эзэмшээгүй, багшаар ажиллах эрхийн шалгалтанд ороогүй хүнийг цэцэрлэгийн багшаар авч ажиллуулах үүрэг болгосон нь боловсролын бодлогыг өөрсдөө зөрчсөн, энэ үүрэг чиглэлийн дагуу цэцэрлэгийн бүлгийн багш, туслах багш ажиллуулсан нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-р заалтыг, Цэцэрлэгийн үндсэн бүлгийн багш нар нь багшлах эрхгүй, багшаар ажиллах эрхийн шалгалт өгөөгүй байгаа нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А\305 тоот тушаалаар баталсан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам-ын 4 дүгээр бүлгийн 4.2-р заалтад Багш мэргэжлээр шинээр төгсөгч, боловсролын байгууллагад гурваас дээш жил ажиллаагүй багш Боловсролын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох зөвлөл-өөс зохион байгуулах шалгалтанд тэнцсэнээр боловсролын байгууллагад нэг жилийн хугацаатай ажиллах эрхтэй болно гэсэн заалтыг, Цэцэрлэгийн бүлгийн багшаар ажиллаж байгаа багш С.Хын төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12.1-д Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр дипломын болон түүнээс дээш зэрэгтэй багш ажиллана гэсэн заалтыг тус тус зөрчсөн тухай дурджээ.

Мэргэжлийн байгууллагын дээрх дүгнэлт нь С.Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах асуудлыг боломжгүй байдалд хүргэсэн гэж үзэж байна.

4. Ажил олгогч Х.Г би С.Хыг ажилд авах үед тэрээр цэцэрлэгийн бүлгийн багшаар ажиллах боломжгүй өөрөөр хэлбэл багшлах эрхгүй байсан гэдгийг мэдэж байсан боловч Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан Х.Д, аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга асан С.Е нар надад албан тушаалын байдлыг ашиглан дарамт шахалт үзүүлэн тэд Хэрвээ та С.Хыг ажилд авахгүй бол Та өөрөө ажлаас гарна, удахгүй сонгууль болох гэж байгаа тул Хыг ажилд авах хэрэгтэй гэж удаа дараа үүрэг даалгавар өгөхөөр би аргагүйн эрхэнд аймгийн дарга нараас айгаад С.Хыг цэцэрлэгийн бүлгийн багшаар бүр ажиллуулах боломжгүй байсан тул түүнтэй 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд томилсон юм. Тухайн үед аймгийн Засаг дарга болон аймгийн Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга нар ажил олгогч С.Г миний бүрэн эрхэд хөндлөнгөөс нөлөөлсөн гэдгийг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2016 оны 04-09-006\120 дугаар дүгнэлтээр нотлогдож байгаа юм. Хэрвээ аймгийн дарга нар надад хууль бус дарамт шахалт үзүүлээгүй байсан бол би С.Хыг ажилд авахгүй байсан юм. Иймд нэхэмжлэгч С.Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ө сумын Хүүхдийн 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Хыг манай 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж багшийн орон тоонд ажиллуулахыг тухайн үеийн дарга нар санал болгосон. Гэтэл энэ хүнд сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийн диплом байхгүй, багшлах эрх байхгүй учраас авч ажиллуулах боломжгүй гэдгээ дарга нарт хэлсэн. Гэвч дарга ямар ч байсан авч ажиллуул гэж шаардсан. Тиймээс түр тушаал болон харилцан тохиролцсоны үндсэн дээр 3 сарын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулсан. Энэ хугацаанд Мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирж С.Хыг багшлах эрх байхгүй учраас цэцэрлэгт ажиллах үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргасан. Улмаар ажлаас чөлөөлөхийг шаардсан.

Гэвч С.Х нь аймгийн Сонгуулийн хороонд ажиллаж байсан ба аймгийн Сонгуулийн хорооноос албан бичиг ирсэн. Сонгуулийн хороонд ажиллаж байгаа төрийн албан хаагчийн тус хугацаанд ажлаас чөлөөлөхийг хориглосон тогтоолын хамт хүргүүлсэн. Сонгуулийн дараа цэцэрлэгийн бүх ажилчид ээлжийн амралттай байсан. Ээлжийн амралт дуусаад ирэхээр нь 2016 оны 9 дүгээр сард түүнийг ажлаас чөлөөлсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Х нь Ө сумын Хүүхдийн 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1060000 төгрөг гаргуулж өгөхийг хүсжээ.

 

Нэхэмжлэгч С.Х нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хуулийн хугацаанд гомдлоо шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч С.Хыг Ө сумын Хүүхдийн 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийн 5.1, 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалт, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн туршилтын 3 сарын хугацаатай тус цэцэрлэгийн бүлгийн багшаар ажиллуулахаар хугацаатай гэрээ байгуулсан байна.

Баян-Өлгий аймгийн Ө сумын Хүүхдийн 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар С.Хыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5-д заасныг үндэслэн эзэмшсэн мэргэжил нь Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллах шаардлагыг хангахгүй байгааг тогтоосон Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын Улсын ахлах байцаагчийн 2016 оны 04-09-006/120 тоот дүгнэлт гарсантай холбогдуулан ажлаас чөлөөлсөн байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болохоор заажээ.

Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчлалын комисс болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр хамаарах ба хэрэгт авагдсан мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үйл баримтыг тогтоосон баримт гэж үзэх боломжгүй байна.

Ажил олгогч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын Улсын ахлах байцаагчийн 2016 оны 04-09-006/120 дугаар дүгнэлтийг үндэс болгож, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуульд зааснаар дуусгавар болгосон гэж тайлбарлах боловч энэ тохиолдолд мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийг хууль тогтоомжинд заасан эрх бүхий байгууллага /албан тушаалтан/ гэж үзэх боломжгүй байна. Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дээрх дүгнэлт нь иргэн Б.Бы өргөдлийг үндэслэн ажил олгогчийн хууль тогтоомжинд нийцээгүй үйл ажиллагааны талаар гаргасан дүгнэлт байна.

Хариуцагч тайлбартаа С.Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж дурджээ. Ажил олгогчоос С.Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 2016 оны 3 дугаар сарын 01-нээс 2016 оны 6 дугаар сарын 01-ний хүртэл 3 сар байхаар заасан ба Ө сумын Хүүхдийн 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар С.Хыг туршилтын 3 сарын хугацаатай тус цэцэрлэгийн бүлгийн багшаар ажиллуулахаар хугацаатай гэрээ байгуулсугай гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болохоор заасан байна. Энэхүү заалтаас үзэхэд туршилтын болон сургалтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болох талаар тухайн байгууллагын дотоод журамд тусгасан тохиолдолд хугацаатай байгуулахаар зохицуулсан бөгөөд хариуцагчаас байгууллагын дотоод журмыг гаргаж өгөөгүй тул С.Хтай туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй байна.

Мөн ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар буюу ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөхдөө мөн хуулийн 40.5-д зааснаар ажил олгогч нь ажилтанд нэг сарын өмнө мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байна. Мэдэгдэх гэдгийг хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлах тухайгаа ажил олгогч уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан байхыг ойлгоно. Нэхэмжлэгчидмэдэгдэх хуудсыг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсан талаар, хариуцагчаас нэг сарын өмнө мэдэгдсэн гэж тайлбарлажээ. Гэвч С.Хд хуульд заасан хугацааны өмнө хүлээлгэж өгсөн талаар нотлох баримтгүй байна.

Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч С.Х нь ажилгүй байсан хугацааны олговор 1060000 төгрөг гаргуулж өгөхийг хүсжээ. С.Хыг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлсөн байх ба ажлаас чөлөөлснөөс хойш С.Х нь өнөөдрийг хүртэл 9 дүгээр сард ажлын 7 хоног, 10 дугаар сард бүтэн, 11 дүгээр сард ажлын 2 хоног ажилгүй байсан байх тул уг хугацааны олговрыг Ө сумын Хүүхдийн 17 дугаар цэцэрлэгээс гаргуулан олгох нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх ба С.Хын дундаж цалин хөлстэйтэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын хэлтсээс гаргаж өгсөн цалингийн жагсаалтыг үндэслэн тооцоход С.Хын дундаж цалин 445188 төгрөг /192+706578+436988=1335566:3=445188/болж байна. С.Хын ажилгүй байсан хугацааны олговор 678381 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, илүү нэхэмжилсэн 381619 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд С.Хыг Баян-Өлгий аймгийн Ө сумын Хүүхдийн 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 678381 төгрөгийг тус цэцэрлэгээс гаргуулан олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Сы Хыг Ө сумын Хүүхдийн 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 678381 төгрөгийг Ө сумын Хүүхдийн 17 дугаар цэцэрлэгийн санхүүгээс гаргуулан С.Хд олгож, илүү нэхэмжилсэн 381619 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Х улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ө сумын Хүүхдийн 17 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 91031 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК