Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 0183

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа хөтлөн,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1141/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Х овогт Эын Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Эын Н нь Монгол Улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, “...”-ны 37 дугаар тооцооны төвд  жолоочоор ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон (РД:ШБ66112015).

 

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Э.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... тоотод оршин суух өөрийн гэртээ 2019 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө эхнэр Л.Тын цээж, шуу, дал, бугалган тус газруудад цохих, базах, түлхэх зэрэг үйлдлүүдээр түүний биед цээж, дал, бугалганд цус хуралт, тохойд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

1.Хохирогч Л.Тын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн:

“... Би Нтай 2002 онд нэг гэрт орсон, гэрлэлтийн баталгаатай. Дундаасаа 9, 15 настай хоёр охинтой. ...2019 оны 12 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед нөхөр Н гэртээ согтуу ирсэн. Над руу агсраад, намайг хардаж, “чи намайг баривчилгаанд явсан хойгуур сайхан амьдарсан уу, намайг байхгүй хугацаанд хэнтэй утсаар ярьж, мессэж бичсэн, гар утасныхаа дэлгэрэнгүй лавлагааг гаргаж өгөөрэй” гэж хэлсэн. Би нөхрийн урдаас хэрүүл хийхгүй чимээгүй зогсож байхад “чи яагаад надтай дуугарахгүй байгаа юм бэ” гэж хэлээд, гараа атгаж байгаад миний зүүн гарын булчин руу 2-3 удаа цохиж, базаад сэгсэрсэн. Тэр үед том охин Анударь нөгөө өрөөнөөс орж ирээд “ааваа болиоч” гээд араас нь татахад “чамд хамаагүй, чи өрөөндөө ор” гэж хэлсэн. Маргааш өглөө нь ажил дээр байж байхад нөхөр Н над руу согтуу залгаад “ажлаасаа гараад ир, би яваад очъё” гээд ажил хийлгэхгүй байхаар нь би төрсөн ээж Отгонбадам руу залгаад “та цагдаад дуудлага өгчих, Нг эрүүлжүүлэхэд өгмөөр байна, над руу согтуу залгаад ажил хийлгэхгүй байна” гэсэн. ...Миний биед учирсан гэмтлүүдийг Н учруулсан. Н гараа атгаж байгаад миний цээж рүү нэг удаа цохихоор нь би болиоч гээд өөрөөсөө холдуулаад түлхэх үед миний зүүн гарын шуунаас базаад татсан. Тэгээд зүүн гараа хойш татах үед тохойгоороо хана руу цохисон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

 

2. Насанд хүрээгүй гэрч Н.Анужингийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 15-ны орой ээж, охин дүүгийн хамт гэртээ байж байхад аав Н 22 цагийн үед гаднаас архи уусан халамцуу орж ирсэн. Би дүүгийн хамт унтах гээд нөгөө өрөөнд ...байж байхад аав ээжтэй хэрэлдээд байсан. Том өрөөнд ороход аав ээжийн хажууд зогсоод мөнгө төгрөг, машин яриад ээж рүү дайраад байсан. Аав дээр очоод та одоо унтаж амар гэж хэлэхэд аав “чамд хамаагүй, чи өрөөндөө ороод унтаж амар” гэж хэлээд миний мөр рүү түлхээд намайг гаргасан. ...Манай аав надад гар хүрч, цохиж зодсон асуудал байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар тал),

 

3. Шүүгдэгч Э.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн:

“... Би эхнэр Ттай 2002 онд нэг гэрт орсон. Бид хоёр гэрлэлтийн баталгаатай, дундаасаа 9, 15 насны хоёр охинтой. ...2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр найзуудын хамт салхинд гараад явж байхад эхнэрийн хуучин ажлын захирал над руу “танай эхнэр хаана байна, гар утсаа авахгүй байна, ажлын газрыг нь зааж өг” гээд мессэж бичээд байсан. Би орой нь гэртээ харих замдаа гэрийн ойролцоо байдаг пабад орж 0.5 литрийн гурван шил пиво уугаад, гэртээ 22 цагийн үед орсон. Эхнэртээ захирлаас нь ирсэн мессэжийг үзүүлээд “чи яагаад захиралтайгаа ярихгүй байгаа юм бэ, энэ хүн намайг дарамтлаад байна” гэж хэлэхэд надад өр төлбөр байхгүй гээд маргалдахаар нь захиралтайгаа утсаар ярь гээд эхнэрийн зүүн гарын булчингаас 2-3 удаа базаад, угзраад татахад эхнэр гараа хойш нь татсан. Тэр үед охин Анужин нөгөө өрөөнөөс орж ирээд “та яагаад байгаа юм бэ” гэхээр нь “миний охин нөгөө өрөөндөө орж амар” гэж хэлэхэд охин гараад явсан. ...Эхнэр ажлаасаа гарахаас өмнө тооллого хийгээд 10 гаруй сая төгрөгийн өрөнд ороход нь би өөрийн унаж байсан Приус 20 маркийн машиныг 9.000.000 төгрөгөөр тооцуулаад өрийг нь хааж өгсөн. Тэгээд өр зээл нь дуусаагүй юм байна лээ. Захирал нь над руу “Тыг олж өг, үлдсэн мөнгийг нь гаргаж өг” гэж мессеж бичээд байдаг. Хэрэг болдог өдөр дээрх шалтгааныг хэлж, хэрүүл маргаан болж, эхнэртээ гар хүрсэн. 2019 оны 7 дугаар сард уг шалтгаанаас болж хэрүүл маргаан хийгээд, дундын өмчийн эд хөрөнгө устгаж сүйтгэсэн гэх шалтгаанаар 2019 оны 10 дугаар сард шүүхээр орж 25 хоногийн баривчилгаанд явсан. Охиндоо гар хүрч, цохиж зодож, хэл амаар доромжилсон асуудал байхгүй. Эхнэр Тэшжаргалын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 399 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Цээжний зүүн урд дээд хэсэгт зүүн хөхний дотор дээд хэсэгт 10х4 см хөхөлбөр өнгийн захаараа шаргал туяатай цус хуралттай, зүүн шууны гадна хэсэгт 10х4 см, 5х4 см, 3х2 см, зүүн шууны гадна дунд хэсэгт 3х2 см, 1х1 см, хүрэн улаан өнгийн цус хуралттай, баруун далны дээр 1х1 см, баруун бугалганы гадна дээр 1х1 см хөхөлбөр өнгийн цус хуралттай, баруун тохойд 1х1 см улаан ягаан өнгийн зулгаралттай.

Дүгнэлт “...Л.Тын биед цээж, шуу, дал, бугалганд цус хуралт, тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /Шинжээч Н.Туяа/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

 

5. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 60-61 дүгээр тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 54-59 дүгээр тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 52-53 дугаар тал),

 

6. Шүүгдэгч Э.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 51 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 941 дугаар шийтгэвэр (хавтаст хэргийн 62 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар тал), эд хөрөнгө бүртгэлтэй тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 44 дүгээр тал), 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар хүртэлх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дугаар тал), гэрлэлтийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр тал), “...”-ны тодорхойлолт (хавтаст хэргийн 45 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Нд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ... тоотод оршин суух гэртээ 2019 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө эхнэр Л.Тын цээж, шуу, дал, бугалган тус газруудад цохих, базах, түлхэх зэрэг үйлдлүүдээр түүний биед цээж, дал, бугалганд цус хуралт, тохойд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан;

-шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэрээс шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар, шүүгдэгч Э.Н нь гэм буруугийн талаар тус тус маргаагүй.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Э.Нд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Хэргийн үйл баримт, гэрлэлтийн лавлагаанаас үзвэл шүүгдэгч Э.Н, хохирогч Л.Т нар нь 2000 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсон, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчид байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “Гэр бүлийн хамаарал бүхий этгээд”-д эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор хуульчилсан ба, шүүгдэгч Э.Н, хохирогч Л.Т нар нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна.

 

Шүүгдэгч Э.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ... тоот гэртээ 2019 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө тухайн үед үүссэн гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр Л.Тын цээж, шуу, дал, бугалган тус газруудад гараараа цохих, базах, түлхэх зэрэг үйлдлүүдээр түүний биед цээж, дал, бугалганд цус хуралт, тохойд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:

-хохирогч Л.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед нөхөр Н гэртээ согтуу ирсэн. Над руу агсраад, намайг хардаж, “чи намайг баривчилгаанд явсан хойгуур сайхан амьдарсан уу, намайг байхгүй хугацаанд хэнтэй утсаар ярьж, мессеж бичсэн бэ, гар утасныхаа дэлгэрэнгүй лавлагааг гаргаж өгөөрэй, ... “чи яагаад надтай дуугарахгүй байгаа юм бэ” гэж хэлээд, гараа атгаж байгаад миний зүүн гарын булчин руу 2-3 удаа цохиж, базаж, сэгсэрсэн. ...биед учирсан гэмтлүүдийг Н учруулсан. Н гараа атгаж байгаад миний цээж рүү нэг удаа цохисон, зүүн гарын шуунаас базаад татсан. Тэгээд зүүн гараа хойш татах үед тохойгоороо хана руу цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

-насанд хүрээгүй гэрч Н.Анужингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...аав ээжтэй хэрэлдээд байхаар нь том өрөөнд ороход аав ээжийн хажууд зогсоод мөнгө төгрөг, машин яриад ээж рүү дайраад байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар тал),

-шүүгдэгч Э.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Эхнэртээ захирлаас нь ирсэн мессэжийг үзүүлээд “чи яагаад захиралтайгаа ярихгүй байгаа юм бэ, энэ хүн намайг дарамтлаад байна” гэхэд надад өр төлбөр байхгүй гээд  маргалдахаар нь ...эхнэрийн зүүн гарын булчингаас 2-3 удаа базаад, угзраад татахад эхнэр гараа хойш нь татсан. ...Хэрэг болдог өдөр дээрх шалтгааныг хэлж, хэрүүл маргаан болж, эхнэртээ гар хүрсэн. ...Тэшжаргалын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр тал),

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 399 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 60-61 дүгээр тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 54-59 дүгээр тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 52-53 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Э.Н нь гэр бүлийн харилцаатай эхнэр Л.Тыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

Ийнхүү шүүгдэгч Э.Нгийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.Тыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх гэмт хэргийн шинжийг  хангасан гэж үзнэ.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглэн, согтуурсан байдал, улмаар гэр бүлийн таарамжгүй харилцаа, үл ойлголцол зэргээс гэмт хэрэг гарчээ.

Иймд шүүх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Нг дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Э.Н нь хохирогч Л.Тын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Л.Т нь хохирол нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тогтоолд дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас дүгнэлтдээ “шүүгдэгч Э.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Өмгөөлөгч А.Буяндэлгэрээс “Э.Нгийн урьд үйлдсэн гэмт хэрэг нь 2009, 2015 оны Өршөөлийн үзүүлэх тухай хуульд хамрагдсан учир түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасны дагуу урьд үйлдсэн гэмт хэрэг нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй. Э.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан түүнд 800.000 төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Э.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар нэг удаа ял шийтгүүлж байсан байх боловч, уг ялыг эдэлж дууссан, хуульд зааснаар нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүгдэгч Э.Нд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Э.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүхээс шүүгдэгч Э.Нгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Харин улсын яллагч, өмгөөлөгчийн гаргасан торгох ялын санал, дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч нь эрхэлсэн ажилтай, цалин хөлсийн талаарх холбогдох байгууллагаас тодорхойлолтыг ирүүлсэн хэдий ч хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Э.Н нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Л.Тын хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, хуваарьт болон дундын өмчийн хөрөнгөө эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхэд халдсан буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 941 дугаар шийтгэвэрээр 25 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан байх боловч энэхүү байдалдаа дүгнэлт хийгээгүй, дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хувийн байдлыг нь харгалзан түүнийг торгох ял шийтгэх боломжгүй гэж шүүх дүгнэсэн болно.

 

3.Бусад асуудлаар:

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Х овогт Эын Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нгийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн ... тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Л.Т нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА