Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 592

 

                                             Э.Н-д холбогдох эрүүгийн

                                                      хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор М.Сансарсайхан,

            шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, 

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Н-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2008 00074 0053 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Э-н Н, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, Хас банкны 37 дугаар тооцооны төвд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .................../,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

Э.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .............. тоотод оршин суух өөрийн гэртээ 2019 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө эхнэр Л.Т-н цээж, шуу, дал, бугалган тус газруудад цохих, базах, түлхэх зэргээр түүний биед цээж, дал, бугалганд цус хуралт, тохойд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

    Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-н нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Л.Т нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Миний бие үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа минь үнэн. Мөн хувийн байгууллагад ажил хөдөлмөр эрхэлдэг, энэ нотлох баримт маань хавтаст хэрэгт авагдсан. Үүний зэрэгцээ ажлын хажуугаар өглөө 5 цагаас эхлэн такси үйлчилгээнд явж амьдралдаа нэмэр болдог.

Би 2020 оны 1 дүгээр сард нүдний болорын бүрэн цайлт оношоор болор солиулах хагалгаанд орсон бөгөөд 1 жилийн хугацаанд хагалгааны дараах гам барих шаардлагатай гэж эмч зөвлөсөн. Үүнд, 3 кг-аас дээш хүнд зүйл өргөж болохгүй, доргилт авч болохгүй, нүдэндээ шороо, тоос, бохир оруулж болохгүй гэх заалт байгаа. Одоогоор нүдэндээ эм дусаалга хэрэглэж, эмчийн хяналтад байгаа. Хэрэв гам сайн барихгүй бол суулгасан болор хөдлөх, унах зэрэг хагалгааны үр дүнд сөрөг нөлөөтэй.

Анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь миний ажил эрхлэх боломжийг хязгаарлаж, ажилгүй болгох хүртэл нөхцөл байдалд хүргэхээр байна. Миний бие одоо 54 настай, ажлаасаа халагдвал дахин ажил олдох боломж бололцоо хүнд байна.

Иймээс давж заалдах шатны шүүхээс миний эрүүл мэндийн байдал, урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэрэг хувийн байдлыг минь харгалзан үзэж, 240 цаг нийтэд тустай ажил хийх ялыг 500.000 төгрөгөөр торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Н-н өмгөөлөгч А.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Э.Н-н гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Э.Н нь 54 настай, Хас банкид жолоочоор ажилладаг. Тэрээр автомашины зээлтэй бөгөөд уг зээлээ ажлынхаа хажуугаар такси үйлчилгээнд явж төлдөг. Эрүүл мэндийн хувьд, 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр нүдний болор цайх оношоор хагалгаанд орсон. Э.Н нь ажилтай, орлоготой болох нь тогтоогддог бөгөөд нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэх тохиолдолд тэрээр ажлаа хийж чадахгүй, өр зээлээ төлж чадахгүйд хүрэх юм. Иймд Э.Н-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Э.Н-д эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлж, оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчлөх талаар гаргасан тайлбарын тухайд прокурорын хувьд татгалзах зүйлгүй. ...” гэв.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Э.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .....................тоотод оршин суух өөрийн гэртээ 2019 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө эхнэр Л.Т-н цээж, шуу, дал, бугалган тус газруудад цохих, базах, түлхэх зэргээр түүний биед цээж, дал, бугалганд цус хуралт, тохойд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

хохирогч Л.Т-н “...Манай нөхөр Э.Н нь баривчилгаанд яваад ирсэн. Тухайн хэрэг болдог өдөр Э.Н нь согтуу ирээд намайг хардаж “чи намайг баривчилгаанд явсан хойгуур хэнтэй уулзаж учирсан бэ” гэсэн. Мөн “чи намайг яах гэж баривчлуулсан бэ” гэж надтай хэрүүл хийсэн. ... Миний биед учирсан гэмтлүүдийг манай нөхөр Э.Н учруулсан. Э.Н нь гараа атгаж байгаад миний цээж рүү нэг удаа цохихоор нь би болиоч гээд өөрөөсөө холдуулаад түлхэх үед Э.Н миний зүүн гарын шуунаас базаад татсан. ...” /хх 19-20/,

насанд хүрээгүй гэрч Н.А-н “... Би дүүгийн хамт унтах гээд нөгөө өрөөнд байж байхад аав том дуугаар ээжтэй хэрэлдээд байсан. Би том өрөөнд ороход аав ээжийн хажууд нь зогсчихсон мөнгө төгрөг, машин гээд ээж рүү дайраад хэрүүл хийж байсан. ...” /хх 23/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Л.Т-н биед цээж, шуу, дал, бугалганд цус хуралт, тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 399 дугаартай дүгнэлт /хх 25-26/,

Аюулын зэргийн үнэлгээ /хх 52-53/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 54-57/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 941 дугаартай шийтгэвэр /хх 62/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх 66-67/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Э.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 Шүүгдэгч Э.Н-н өөрийн эхнэр Л.Т-г зодож, түүний биед цээж, дал, бугалганд цус хуралт, тохойд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын үндсэн зорилгод бүрэн нийцсэнээс гадна Э.Н-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

     Шүүгдэгч Э.Н-с “...хувийн байдал болон ажил хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан үзэж, торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. 

      Учир нь, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал болон шүүгдэгч Э.Н нь урьд 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 941 дугаартай шийтгэврээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 25 хоногийн баривчлах шийтгэл эдэлж  байсан зэрэг хувийн байдлаас үзэхэд түүнд шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

      Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Н-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.