Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 206

 

Төрийн банкны  Дархан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01179/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч О.Нарангэрэл, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1369 дугаар шийдвэртэй,  

          Нэхэмжлэгч: Төрийн  банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Ч.О-, Х. C- нарт холбогдох, 

          “Зээлийн гэрээ цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 31,375,562.73 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

           Хариуцагч Ч.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тодхүүгийн давж заалдсан гомдлыг үндэслэн,

           2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганганмөргөн, хариуцагч Ч.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тодхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Төрийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Б.О-, Х.C- нар  Номин худалдааны төвийн хашаанд 9 давхар орон сууцны баруун талд байрлах обьектыг түрээслэн караоке  баар эрхлэн ажиллуулж байхдаа 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ЗГ-22/1 тоот зээлийн гэрээ, БГ-22/2 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж зээлийн барьцаанд Дархан-Уул аймаг, Дархан сум  8-р баг, 17-р хороолол, 6-р байрны 28 тоот, 29 мкв талбайтай 2 өрөө байрыг барьцаалж 40.000.000 / дөчин сая / төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 28,8 хувийн хүүтэй / сарын 2,4 хувь/ авч ашигласан. Зээл авснаас хойш  2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зээл хүүний төлбөрийг төлснөөс хойш дахин зээлийн төлбөр огт төлөөгүй бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 28.55.451.69 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 2.815.911.04 төгрөг, нийт 31.375.362.73 төгрөгийн зээл, зээлийн хүүний төлбөр төлөгдөөгүй байна.

Энэ нь зээлийн гэрээний 3.2.5 зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх гэсэн зүйл заалтыг ноцтой зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээл төлөхөөс удаа дараа зайлсхийж байгаа тул зээлийн гэрээний хугацааг цуцалж мөн зээлдэгч нараас зээл, зээлийн хүү,  тэмдэгтийн хураамж, нотариатын зардлыг  зээлийн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгө, бусад орлогын эх үүсвэрээр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.О- шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тодхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь Номин худалдааны төвийн өмчлөлийн байранд Караоке баар ажилуулахаар Төрийн банкнаас 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 40.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай авсан. Зээлээ авч баарныхаа засвар, тохижилтын ажлыг болон караокены зориулалттай зурагт хөгжим бусад тоног төхөөрөмжийг зээлийн хөрөнгөөсөө авч баараа ажилуулсан. Зээл авсан өдрөөс хойш 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл зээл, зээлийн хүүг хэвийн хэмжээнд төлж байсан.Гэтэл өнгөрсөн хугацаанд миний эхнэр Х.C- болон хүүгийн минь бие хүндээр өвдөж, бид нар удаан хугацаанд эмчилгээ хийлгэхээр урт богино хугацаагаар баараа хааж орхиод явж байсан ба эмчилгээний зардалд тодорхой хэмжээний мөнгө төлж байсан, ажилласан үед нийгмийг хамарсан эдийн засгийн хямралаас шалтгаалан манайхаар үйлчлүүлэгчдийн тоо эрс багассан зэргээс шалтгаалан орлогын хэмжээ багасч бид зээлийн төлбөр болон баарныхаа байрны түрээсийг төлж чадахгүй байдалд хүрсэн. “Номин тав трейд” ХХК-ийн удирдлагууд биднийг түрээсийн төлбөрөө төлж чадахгүй болмогц Төрийн банкнаас авсан зээлээр худалдаж авсан баарны тоног төхөөрөмжийг байрныхаа хамт хурааж авах зорилгоор манай ажлын байрыг лацдаж түгжсэн учраас бид байраа болон тоног төхөөрөмжөө аргагүйн эрхэнд түрээсийн төлбөрт хураалгасан. Бид энэ зээлийг өөрсдийн боломжоор богино хугацаанд төлж барагдуулах болно.Гэхдээ бидэнд тохиолдсон хүндрэл бэрхшээлийг ойлгож зээлийн хүүгийн төлөлтөөс  чөлөөлж өгнө үү гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1369 дугаар шийдвэрээр: 

            Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зохигчдын хооронд 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан ЗГ-22/2 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч хариуцагч Ч.О-, Х.C- нараас 31.375.362.73 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Дархан салбарт олгож,

 Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2003014968 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 17 дугаар хороолол, 6 дугаар байр 28 тоот, 29 мкв талбайтай орон сууцыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,826 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч нараас 314,826 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Дархан салбарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тодхүү давж заалдсан гомдолдоо:

Хүмүүсийн амьдрал болон бизнесийн үйл ажиллагаанд гарсан хүндрэл, өвчин зовлон зэргийг харгалзан үзээд зээлийн хүүгийн төлбөр 2.815.911.04 төгрөгөөс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч бидний хүсэлтийг хангаагүй. Хариуцагч нар зээлээ төлж барагдуулах чин хүсэл эрмэлзлэлтэй байгаа учир зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны  шүүх, Төрийн банкны нэхэмжлэлтэй, хариуцагч  Ч.О-, Х.C-  нарт холбогдуулан гаргасан “зээлийн гэрээг  цуцалж, гэрээний  үүрэгт  үндсэн зээлийн үлдэгдэл  28.559.451,69 төгрөг, хүү  2.815.911,04 төгрөг, нийт  31.375.362,73  төгрөг   гаргуулах,  үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах”-ыг  хүссэн  шаардлага бүхий  иргэний хэргийг шийдвэрлэхдээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй,  маргааны  харилцааг зохицуулсан хуулийг  зөв тайлбарлан хэрэглэж,  шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдсан гомдол  нь хуулийн  үдэслэлгүй байна  гэж  шүүх бүрэлдэхүүн  дүгнэлээ.

            Зохигчид  2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр  ЗГ-22\1 тоот зээлийн гэрээгээр   36  сарын хугацаатай, жилийн  28.8 хувийн хүүтэй, 40.000.000 төгрөг  зээлж, БГ-22\2 тоот  барьцааны гэрээгээр  Дархан сумын  8 дугаар баг, 17 дугаар хороолол,  6 дугаар байрны  28 тоот 29мкв талбай бүхий 2 өрөө  орон сууцыг барьцаалсан нь Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 165 дугаар зүйлийн 165.1  дэх хэсэгт  нийцсэн  байна.

Гэрээний дагуу  зээлдүүлэгч нь  мөнгөн хөрөнгийг  зээлдэгчид  шилжүүлэх, зээлдэгч нь  хугацаа  болмогц  мөнгөн хөрөнгийг  хүүгийн хамт буцаан  төлөх  үүргийг тус тус хүлээсэн.

 Зээлдэгч  нар  2016 оны  01 дүгээр сараас  тохирсон хуваарийн дагуу  сар бүр  төлөх төлбөрийг  зохих  журмын  дагуу төлөөгүй  байсан  тул  зээлдүүлэгчийн  зүгээс  2016 оны 01 дүгээр сарын  14, 03 дугаар сарын  15-ны  өдөр нэмэлт хугацаа  тогтоосон, гэвч    2016 оны  04 дүгээр  сараас  хойш  дахин  4 сарын   хугацааны  4 сар х 1.662.557 төгрөг=6.650.228 төгрөгийн   төлөлт  хийгээгүй  болох нь   хэрэгт авагдсан нотлох баримтаар  тогтоогдсон.

Хэдийгээр  зохигчдын  хооронд байгуулсан зээлийн гэрээний  хугацаа  2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр  дуусгавар  болох  байгаа боловч гэрээний нэг тал  үүрэг  зөрчсөн  тул нөгөө тал нь  Иргэний хуулийн  225 дугаар  зүйлийн  225.1 дэх  хэсэгт  зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

Хариуцагч  нар нэхэмжлэгчийн  гаргасан  гэрээ  цуцлаж, гэрээний үүрэгт  31.375.362,73  төгрөг  гаргуулж,  үүргийн гүйцэтгэлийг барьцааны эд хөрөнгөөс  хангуулах   шаардлагыг   үгүйсгээгүй,  нэхэмжлэлийн шаардлагыг  зөвшөөрөхгүй гэж татгалзаж  маргаагүй байна.

Харин хариуцагч  зээлийн гэрээний  үүрэг  буюу  зээлийн  хүү  2.815.911,04  төгрөгийн төлбөрөөс чөлөөлж  өгнө үү  гэж  хүсчээ.

Зээлийн хүү  гэдэг нь үндсэн зээлтэй уялдаа  холбоо бүхий  үндсэн  үүрэгт  хамаарах  бөгөөд  хүү  төлөх  үүрэг нь  талуудын  гэрээний тохиролцоонд  тулгуурладаг, мөн зээлийн хүү бол зээлийг ашигласан хугацаанд гэрээнд  заасан  хэмжээгээр  тооцсон зээлдэгчийн хариу төлбөр  буюу  зээлийн үнэ юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа зээлийн  хүү 2.815.911,04  төгрөг  нэхэмжилсэн бөгөөд  энэ нь  зээлдэгч  нарын  төлөх ёстой байсан   үндсэн  үүрэг учир  уг  үүргээс  чөлөөлөх боломжгүй   болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гаргасан давж заалдах гомдлын агуулгаас үзэхэд  дээрх  байдлаар буюу  зээлийн хүү  2.815.911,04  төгрөгийн  төлбөрөөс    чөлөөлж өгнө үү гэжээ.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар   гомдлын дагуу  хэргийг бүхэлд нь  хянаж  үзээд  зохигчдын  хооронд байгуулсан зээлийн гэрээ,  барьцааны гэрээ нь  хууль зөрчөөгүй,   гэрээ  цуцлах  шаардлагыг хариуцагч үгүйсгээгүй, зээлдэгчийг гэрээний үүргээ зөрчихөд  зээлдүүлэгчийн буруутай  үйл ажиллагаа  нөлөөлөөгүй  байх тул   хариуцагчийг  ямар  нэгэн хүндэтгэх  шалтгаангүйгээр   зээлийн хүүгийн   төлбөрөөс  чөлөөлөх  боломжгүй байх тул  давж заалдсан гомдлыг хангахгүй  орхих нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Давж заалдах гомдлыг хангаагүй тул  хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн мөнгийг төрийн сангийн  орлогод хэвээр  үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1369 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т  заасныг баримтлан  Ч.О-  давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид 60.100  төгрөг  төлснийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

           4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.АМАРСАНАА  

                                               ШҮҮГЧИД                                                 О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                                  С.ЭНХЖАРГАЛ