Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 1369

 

Хэргийн индекс: 135/2016/01179/и

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, *** *** банкны Дархан-Уул салбар /утас ***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, *** тоотод оршин суух, Б*** н О*** /регистрийн дугаар ***/
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, *** тоотод оршин суух, Х*** С*** , /Регистрийн дугаар:*** / нарт  холбогдох,

" Зээлийн гэрээг цуцлаж, зээлийн төлбөр 31,382,562.73 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*** , хариуцагч Ч.О*** ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...иргэн Ч*** овогтой О*** / РД:*** / Х*** овогтой С*** /РД:*** / нар нь Номин Худалдааны төвийн хашаанд 9 давхар орон сууцны баруун талд байрлах обьектыг түрээслэн “ ***” паб караоке эрхлэн ажиллуулж байхдаа 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр *** тоот зээлийн гэрээ,*** тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж зээлийн барьцаанд Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, *** тоот, 29 мкв талбайтай 2 өрөө байрыг барьцаалж 40,000,000 / дөчин сая / төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 28,8 хувийн хүүтэй / сарын 2,4 хувь/ авч ашигласан. Зээл авснаас хойш хамгийн сүүлд 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зээл хүүний төлбөрийг төлснөөс хойш дахин зээлийн төлбөр огт төлөөгүй бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 28,55,451.69 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 2,815,911.04 төгрөг нийт 31,375,362.73 төгрөгийн зээл, зээлийн хүүний төлбөр төлөгдөөгүй байна. Энэ нь зээлийн гэрээний 3.2.5 “ Зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх ” гэсэн зүйл заалтыг ноцтой зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээл төлөхөөс удаа дараа зайлсхийж байгаа тул зээлийн гэрээний хугацааг цуцалж мөн зээлдэгч нараас зээл, зээлийн хүүний төлбөрийг, тэмдэгтийн хураамжийн зардлыг мөн нотариатын хөлсийг зээлийн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгө, бусад орлогын эх үүсвэрээр хангуулж өгнө үү гэжээ...”
Хариуцагч Ч.О*** нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т*** нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 
“...Би Дархан-Уул аймаг дахь Номин Худалдааны төвийн өмчлөлийн байранд Караоке баар ажилуулахаар *** банкнаас 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 40,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай авсан. Зээлээ авч баарныхаа засвар, тохижилтын ажлыг болон караокены зориулалттай зурагт хөгжим бусад тоног төхөөрөмжийг зээлийн хөрөнгөөсөө авч баараа ажилуулсан. Зээл авсан өдрөөс хойш 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл зээл, зээлийн хүүг хэвийн хэмжээнд төлж байсан. 
Гэтэл өнгөрсөн хугацаанд миний эхнэр С*** болон хүүгийн минь бие хүндээр өвдөж, бид нар удаан хугацаанд эмчилгээ хийлгэхээр урт богино хугацаагаар баараа хааж орхиод явж байсан ба эмчилгээний зардалд тодорхой хэмжээний мөнгө төлж байсан, ажилласан үед нийгмийг хамарсан эдийн засгийн хямралаас шалтгаалан манайхаар үйлчлүүлэгчдийн тоо эрс багассан зэргээс шалтгаалан орлогын хэмжээ багасч бид зээлийн төлбөр болон баарныхаа байрны түрээсийг төлж чадахгүй байдалд хүрсэн.
*** ХХК-ийн удирдлагууд биднийг түрээсийн төлбөрөө төлж чадахгүй болмогц *** банкнаас авсан зээлээр худалдаж авсан баарны тоног төхөөрөмжийг байрныхаа хамт хурааж авах зорилгоор манай ажлын байрыг лацдаж түгжсэн учраас бид байраа болон тоног төхөөрөмжөө аргагүйн эрхэнд түрээсийн төлбөрт хураалгасан.
Бидэнд итгэж хөрөнгө оруулалт хийсэн *** банкны зээл, зээлийн төлбөрийг гэрээний хугацаанд хийж чадаагүйдээ маш их харамсаж байна.
Бид энэ зээлийг өөрсдийн боломжоор богино хугацаанд төлж барагдуулах болно.
Гэхдээ бидэнд тохиолдсон хүндрэл бэрхшээлийг хүнийхээ хувьд ойлгон зээлийн хүүгийн төлөлтөөс биднийг чөлөөлж өгнө үү” гэжээ.


                                                             ҮНДЭСЛЭХ нь: 

    Нэхэмжлэгч *** банкны Дархан-уул салбар нь хариуцагч Ч.О*** , Х.С*** нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 31,375,362.73 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
    
    Хэрэгт авагдсан баримтаар 
    Хариуцагч Ч.О*** , Х.С*** нар нь *** банкны Дархан салбараас 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийг, жилийн 28,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болох нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ, дансны хуулга зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
Зээлдүүлэгч банк, зээлдэгч Х.О*** , Х.С*** нарын хооронд байгуулсан  зээлийн болон барьцааны гэрээнүүд нь хуульд заасан журмын дагуу хийгдсэн байна.
Урт хугацаатай зээлийн гэрээний хувьд гэрээний үүрэг зөрчсөн нь гэрээг цуцлах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан зөрчлийг арилгах буюу сануулах хугацаанд гэрээг цуцлаж болохыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нар нэхэмжлэгчээс зээлийн төлбөрийг төлөх талаар шаардлага тавьж байсан байна. 
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд  нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн  453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нар нь үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй болно.
Зохигчдын хооронд зээлийн гэрээ болон зээлийн төлбөрийн талаар маргаагүй боловч хариуцагч Ч.О*** нь “...Бид энэ зээлийг өөрсдийн боломжоор богино хугацаанд төлж барагдуулах болно. Гэхдээ бидэнд тохиолдсон хүндрэл бэрхшээлийг хүнийхээ хувьд ойлгон зээлийн хүүгийн төлөлтөөс биднийг чөлөөлж өгнө үү” гэсэн тайлбарыг гаргасан боловч энэ нь зээлийн хүүгээс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.
Хариуцагч Х.С*** т шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гардуулсан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч Х.С*** ийг мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасны дагуу  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Иймд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлаж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 28,559,451.69 төгрөг, түүний хүү 2,815,911.04 төгрөг, нийт 31,375,362.73 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч банкинд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын хооронд 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан*** тоот барьцааны гэрээгээр хариуцагч Ч.О*** , Х.С*** нар нь зээлийн барьцаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг *** тоот 29 мкв талбайтай орон сууц, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангирт *** тоот 29 мкв талбайтай хувийн сууц, Дархан сумын 15 дугаар баг Мангирт *** тоот 811 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан боловч  Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангирт *** тоот 29 мкв талбайтай хувийн сууц, 811 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг зэрэг үл хөдлөх хөрөнгө нь барьцаанаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын шүүх хуралдаан дээр гаргасан  тайлбараар тогтоогдож байна. 
Нэхэмжлэгч *** банкны Дархан салбар нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийнҮ*** дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг *** тоот 29 мкв талбайтай орон сууцаар хангуулах тухай шаардлагыг гаргасан болно.
 Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан Улсын бүртгэлийнҮ*** дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг *** тоот 29 мкв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх, хөдлөх  эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна. 
            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний  хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн  451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зохигчдын хооронд  2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр *** тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч хариуцагч Ч.О*** , Х.С*** нараас 31,375,362.73 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** банкны Дархан салбарт олгохоор 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийнҮ*** дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг *** тоот 29 мкв талбайтай орон сууцыг албадан  худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахаар
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,826 төгрөгийг *** сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 314,826 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** банкны Дархан салбарт  олгохоор

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлахаар 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    З.ТУНГАЛАГМАА