Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 282

 

 

 

 

 

 

 

 

   2020           3           25                                   282    

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Бат-Эрдэнэ, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батнасан,

шүүгдэгч: О.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хд холбогдох эрүүгийн 1905 0501 20332 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн Х.

 

О.Х нь 2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рамбовлет” нэртэй рестораны гадна байрлуулсан иргэн Э.Болор-Эрдэнийн эзэмшлийн 37-38 УНХ улсын дугаартай БМВ-525 /BMW-525/ маркийн автомашины урд салхины шилийг хууль бусаар гэмтээн хагалж, 913 200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-О.Х мэдүүлэхдээ:

Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Цаашдаа дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэсэн. Улсын яллагчийн санал болгосон 500 000 төгрөгөөр торгох ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Энэ торгуулийн мөнгийг цалингаасаа 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлнө гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Б мэдүүлэхдээ:

Би 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн зүүн талд “Рамбовлет” нэртэй франц ресторанд ажлын хамт олонтойгоо шинэ жилийн баярыг тэмдэглэхээр өөрийн эзэмшлийн БМВ-5 сери загварын, хар хөх өнгийн 37-38 УНХ улсын дугаартай автомашинтай очсон юм. Тухайн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн учраас машинаа зогсоолд үлдээгээд маргааш нь 11 цагийн орчимд хүрч ирээд машинаа авах гэтэл миний автомашины салхины шил нь хагарчихсан байсан. Тэгээд хяналтын камерын бичлэгийг үзэхэд хоёр залуу ноцолдож байгаад нэг залуу салгахаар оролдож байх үед ноцолдож байсан хоёр залуугийн нэг нь салхины шилийг маань хагалчихсан нь бичигдсэн байсан. Би өөрийн автомашины шилийг 2 929 300 төгрөгөөр үнэлж байгаа. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан бөгөөд үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Учир нь БМВ автомашиныг албан ёсоор засварладаг “Bavaria mоtors” нь 2 929 300 төгрөгөөр засварлана гэж нэхэмжлэл бичиж өгсөн.

2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ийн автомашины үнэлгээтэй танилцлаа. Тус дүгнэлтэд миний автомашины урд салхины шилний үнэ болон солих үйлчилгээг 913 200 төгрөгөөр тогтоосон байх ба тус үнэгээний дүгнэлттэй маргах зүйлгүй. О.Х надад учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 8-10, 51, 73 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.М мэдүүлэхдээ:

Би 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “iloft” нэртэй бааранд Бадралт, Золбоо, Энхтүвшин, Далай нарын хамт байж байгаад өөрийнхөө Х нэртэй найзыг дуудаад тэндээ 0.75 литрийн “Эдэн” нэртэй архи 1 ширхэгийг хувааж уугаад тэндээсээ Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плазагийн зүүн талд Бадрал бид хоёрын ажилладаг “Рамбовлет” нэртэй ресторанд тэнд байсан хүмүүсийн хамт очоод Бадралт “явлаа” гэж хэлээд яваад өгсөн. Харин Далай, Золбоо нар унтчихсан. Энхтүвшин, Х бид гурав нийлээд 0.75 лиртийн “Эдэн” нэртэй архи нэг ширхэгийг хувааж уугаад хоёр дахь архиа задалсан боловч Х, Энхтүвшин хоёр хоорондоо маргалдаад Бадралт гаднаас орж ирээд Бадралт, Х, Энхтүвшин бид дөрөв лифтэнд суугаад доош буухад Х Энхтүвшин рүү дайраад байсан бөгөөд Бадралт харин Хг хориод хоорондоо ноцолдоод байсан. Тэгээд Бадралт Х хоёрыг лифтнээс буулгаад Энхтүвшинг буцааж ресторан дотор оруулж түлхүүрээ өгөөд бууж 1 давхарт ирсэн. Гэтэл нэг давхарын хаалганы том цонхыг хагалсан байсан. Тэгэхээр нь би харуултай уулзаад ресторанд ажилладаг талаараа хэлээд маргааш нь шилийг хийхээр болоод Хг аваад гарсан юм. Гэтэл Х тус барилгын гадна гарч ирээд зогсоол дээр байсан хөх өнгийн БМВ загварын автомашины урд салхины шилийг нэг удаа цохисон. Тэгээд такси бариад Хг аваад явсан. Би тэр автомашиныг салхины шилийг хагарсан гэж бодоогүй гэжээ. (хэргийн 13-14 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Бадралт мэдүүлэхдээ:

Би 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “iloft” нэртэй бааранд М, Золбоо, Энхтүвшин, Далай нарын хамт байж байхад М Хг дуудаад тэндээ 0.75 литрийн “Эдэн” нэртэй архи 1 ширхэгийг хувааж уугаад тэндээсээ Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плазагийн зүүн талд Бадрал бид хоёрын ажилладаг “Рамбовлет” нэртэй ресторанд тэнд байсан хүмүүсийн хамт М, Х, Далай, Золбоо, Энхтүвшин нарыг үлдээж гарч явчихаад буцаж орж ирээд М, Х нарыг авч явах гэтэл Х Энхтүвшинтай маргалдаад байсан. Тэгэхээр нь би лифт рүү авч ороод бид хоёр маргалдаад би Хтэй ноцолдоод лифтнээс буугаад манай ресторанаас гарахдаа шилэн хаалганы шилийг хагалчихаар нь гадаа маргалдаад хоорондоо ноцолдож байтал М Хгийн араас тэврээд байж байтал Х БМВ 525 загварын автомашины урд талын салхины шилийг цохиод хагалчихсан. Би тухайн үед “автомашины шил хагалчихлаа” гэж Хд хэлсэн гэжээ. (хэргийн 22 дугаар хуудас)

 

Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

"Техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 913 200 төгрөг гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

 

Хяналтын камерын бичлэгт 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд:

Тус бичлэгийн эхлэлд ертөнцийн зүгээр баруун зүгт харсан хаалганаас 3 эрэгтэй хүн гарч ирж шатаар бууж ирээд хоорондоо ноцолдож байх ба шатны доод хэсэгт автомашины зогсох зориулалт бүхий зогсоол дээр ертөнцийн зүгээр баруун зүгт харуулж тавьсан хар хөх өнгийн 2 ширхэг автомашин байх ба БМВ загварын хар хөх өнгийн автомашин дээр хоёр залуу ноцолдож байгаад хажууд нь очиж зогсоод ноцолдож байсан хоёр залуугийн нэг нь урд салхины шилийг цохиж хагалж цааш зам гарч байгаагаар бичлэг дуусав гэжээ. (хэргийн 36 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

О.Х ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 54 дүгээр хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч О.Х нь 2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рамбовлет” нэртэй рестораны гадна байрлуулсан хохирогч Э.Болор-Эрдэнийн эзэмшлийн 37-38 УНХ улсын дугаартай, БМВ-525 /BMW-525/ загварын автомашины урд салхины шилийг хууль бусаар гэмтээж, 913 200 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Болор-Эрдэнийн мэдүүлэг, гэрч Б.М, Г.Бадралт нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хяналтын камерын бичлэгт 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас О.Хд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлж хохирогчийг хохиролгүй болгосон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч Э.Б нь “2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ийн автомашины үнэлгээтэй танилцлаа. Тус дүгнэлтэд миний автомашины урд салхины шилний үнэ болон солих үйлчилгээг 913 200 төгрөгөөр тогтоосон байх ба тус үнэгээний дүгнэлттэй маргах зүйлгүй. О.Х надад учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдлаа. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Баян-Өндөр овогт Оюунчимэгийн Хг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Хг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Х нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай. 

 

4. Шүүгдэгч О.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Хд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН