Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 602

 

Л.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Г.О, Б.Ц, шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 441 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 931 дүгээр магадлалтай, Л.М-д холбогдох 1905015760521 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Сант Маргад” ХХК-д менежер ажилтай, урьд Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Х овогт Л-ын М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х овогт Л-ын М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.М-ыг цагаатгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч болон прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд прокурор Н.А бичсэн эсэргүүцэлдээ  “... Эсэргүүцлийн хууль зүйн үндэслэл:

Цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.6 дугаар зүйлийн 1-д заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Учир нь хавтас хэрэгт цугларсан хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтууд болох 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн /нэмэлт/ 867 дугаартай ”талийгаачид илэрсэн зүрхний зүүн ховдлын ханын задарч урагдсан шарх, уушигны хураагуур судасны зүрхнээс гарах хэсгийн урагдсан шарх, зүрх чихэлдэлт, үнхэлцэг хальс, уушигны угийн холбоосны цус хуралт, уушигны дэлбэнгийн цус хуралт, өвчүү ясны 2-р хавиргатай үелэх хэсгийн хугарал, зүүн бөөрний хальсны цус хуралт, нурууны зулгаралт цус хуралт гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу бусдад цохигдох, өшиглөгдөх үед үүсэх боломжтой, зүүн шилбэний шарх, ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр мөчдийн зулгаралт, цус хуралт нь цохилт, унах ойчих нидрэгдэх үед үүсэх боломжтой ба хүний өөрийн гар хүрч болох түвшин байна ... хүзүүний зулгаралт боож багалзуурдах үед үүссэн байх боломжтой далны цус хуралт цохигдох үед үүссэн байх боломжтой, 2. Талийгаачид учирсан зүрхний зүүн ховдлын ханын задрал, урагдал өвчүүний хугарал нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжгүй ба хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайлбал цохих, дэвсэх, өшиглөх зэрэг үйлдлээс үүсэх боломжтой, зүрх чихэлдэлт гэдэг зүрхний зүүн ховдлын ханын урагдал гэмтлийн хүндрэл бөгөөд урагдсан зүрхэн доторх цус үхэлцэгийн хөндийрүү гарч зүрхийг тал бүрээс нь шахаж чихэлдүүлэн зүрх агшиж тэлэх боломжгүй болохыг хэлнэ, “... зүүн хөлийн шилбэний гадна болон дотор хэсгийн зах ирмэг тэгш шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хатгагдаж зүсэгдсэн шарх байна. Талийгаач хүнд зэргийн согтолттой уурласан байсан нь зүүн ховдлын ханы задрал урагдал өвчүүний хугарал үүсэхэд хүргэхгүй, мөн хүнд зэргийн согтолттой байсан нь нас барахад нөлөөлөөгүй байна ...” гэх дүгнэлтээр амь хохирогч Н.Жанчивдоржийн биед гадны хүчин зүйлийн нөлөөгөөр түүнд гэмтэл учирч цээжний битүү гэмтэл зүрхний булчин судасны задралын улмаас үнхэлцгийн хөндийд цус хурж зүрх чихэлдэлт болж нас барсан нь тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтанд зааснаар дүгнэлтэнд “... онцгой ач холбогдол нотлох баримт...бүхий аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэх тухай үндэслэлийг заагаагүй бол ...” анхан шатны тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Тухайлбал шүүхээс шүүгдэгч Л.М-ын бусдыг цохиж амь насыг хохироосон гэж яллах боломжгүй юм ... учир нь шинжээчийн дүгнэлтэнд цохих, дэвсэх, өшиглөх зэрэг ... гэсэн энэ 3 механизмаас өөр бусад үйлдлээр амь хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтэл үүссэн байхыг үгүйсгэхгүй байх ба шүүгдэгч Л.М-ыг амь хохирогч Н.Жанчивдоржийг цохисон, зодолдсон гэж дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн байна.

Шүүхийн уг дүгнэлт хэрэгт авагдсан үйл баримтуудаар үгүйсгэгдэж байна. Тодруулбал, Шинжээчийн ... талийгаачид илэрсэн зүрхний зүүн ховдлын ханын задарч урагдсан шарх, уушигны хураагуур судасны зүрхнээс гарах хэсгийн урагдсан шарх, зүрх чихэлдэлт, үнхэлцэг хальс, уушигны угийн холбоосны цус хуралт, уушигны дэлбэнгийн цус хуралт, өвчүү ясны 2-р хавиргатай үелэх хэсгийн хугарал, зүүн бөөрний хальсны цус хуралт, нурууны зулгаралт цус хуралт гэмтлүүд хатуу мохо зүйлийн үйлчлэлээр буюу бусдад цохигдох, өшиглөгдөх үед үүсэх боломжтой, зүүн шилбэний шарх, ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр мөчдийн зулгаралт, цус хуралт нь цохилт, унах ойчих нидрэгдэх үед үүсэх боломжтой ба хүний өөрийн гар хүрч болох түвшин байна ... хүзүүний зулгаралт боож багалзуурдах үед үүссэн байх боломжтой далны цус хуралт цохигдох үед үүссэн байх боломжтой, 2. Талийгаачид учирсан зүрхний зүүн ховдлын ханын задрал, урагдал өвчүүний хугарал нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжгүй ба хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайлбал цохих, дэвсэх, өшиглөх зэрэг үйлдлээс үүсэх боломжтой, зүрх чихэлдэлт гэдэг зүрхний зүүн ховдлын ханын урагдал гэмтлийн хүндрэл бөгөөд урагдсан зүрхэн доторх цус үхэлцэгийн хөндийрүү гарч зүрхийг тал бүрээс нь шахаж чихэлдүүлэн зүрх агшиж тэлэх боломжгүй болохыг хэлнэ ... гэх дүгнэлт, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 815 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Л.М-ын мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар амь хохирогч, шүүгдэгч Л.М- нарын хооронд “салаавч өгч, эд зүйл эвдэж” гэмтээсэн гэх шалтгаанаар харилцан хэрүүл маргаан үүсгэж, зодоон гарсан баримт авагдсан болно.

Тодруулбал, шүүгдэгч Л.М- амь хохирогч Н.Жанчивдорж нарын дунд хэрүүл маргаан үүсгэсний дараа, тэдгээр зууралдах ноцолдох, зодолдох явцдаа Л.М- хохирогчийн эрүүл мэндэд халдаж, түүнд өвчүүний үелэх хэсгийн хугарал, зүүн шилбэний шарх, хүзүү, мөчид, нурууны зулгаралт, цус хуралт, зүүн бөөрний хальсны цус хуралт, зүүн ховдлын булчингийн ханын задарсан шарх, цус хуралт, зүрхний зүүн чихний уушигны хураагуур судасны задрал, зүрх чихэлдэлт бүхий гэмтэл учруулж, хүнийг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.

Мөн шүүхээс хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон нөхцөлөөс өөрөөр буюу шүүгдэгч Л.М-ыг бусдыг цохиж амь насыг хохироосон гэж яллаж буй нь үндэслэлгүй юм гэжээ.

Гэвч шүүхийн уг дүгнэлт нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, шинжээч нарын мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон яллах нотлох баримтыг ямар нотлох баримтуудаар хэрхэн үгүйсгэж байгаа эсэх тодорхой заагаагүй хууль зүйн үндэслэл муутай болжээ.

Түүнчлэн шүүгдэгч Л.М- нь 2019 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 24 дүгээр байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Ариг” нэртэй үсчний газарт “салаавч өгч, эд зүйл эвдэж” гэмтээсэн гэх шалтгаанаар иргэн Н.Жанчивдоржийн цээжин тус газар нь цохиж, улмаар цээжний битүү гэмтэл зүрхний булчин, судасны задралын улмаас үнхэлцгийн хөндийд цус хурж зүрх чихэлдэлт болж амь насыг хохироосон буюу хүнийг алсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, амь хохирогчийн биед халдаж түүнийг алсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмчийг байцаасан тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүгдэгч Л.М-ын хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэсэн илтэд үндэслэлгүй дүгнэлт хийсэн, түүнчлэн харилцан бие биенийхээ үйлдпийн эсрэг хийсэн идэвхтэй үйлдлийг Л.М-ын хийсэн дээрх хүнийг цохиж, унагааж алсан гэмт хэргийг аргагүй хамгаалалт гэж түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна гэж үзэж байна.

Түүнээс гадна шүүгдэгч Л.М-ын бусдын амь насыг хохироосон үйл баримт нь түүний гэм бурууг үгүйсгэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

Шүүгдэгч, амь хохирогч нар нь хэн алиныхаа эрүүл мэндэд идэвхтэй, санаатай үйлдлээр халдсан үүний улмаас хүний амь нас хохирсон байдал нь хор уршиг нь хүний амь насыг хохироох болсон Л.М-ын хийсэн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой гэж үзэж байна. Түүнд холбогдох хэргийг “Аргагүй хамгаалалт”-ын шинжтэй үйлдэл гэж үзэж хэрэгсэхгүй болгож цагаатгаж байгаа нь шударга ёсны зарчмыг алдагдуулсан, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, буруу практик тогтоосон шийдвэр болсон, бусдад ял завшуулах боломжийг олгосон гэж үзнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.М-ыг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар зөвхөн шүүгдэгч Л.М-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т болон 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан шаардлагыг бүрэн хангаагүй байна.

Тухайлбал, 1. хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 7-18-р хуудас/

2. Хохирогч Б.Мягмаржавын “... манай бага хүү надад хэлэхдээ Жанчивдорж ах эхнэрийнхээ ажил дээр нас барчихсан гэж хэлсэн ... талийгаач хүү маань урд нь гэр бүлтэй байгаагүй бөгөөд 2015 оноос хойш Баярцэцэг гэдэг эмэгтэйдээ 4 жил гаруй хугацаанд хамтран амьдарч байна. Миний мэдэж байгаагаар хүүгээ Баярцэцэгийг зодож байгааг огт харж мэдэж байгаагүй ...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 50-52-р хуудас/

3. Гэрч Б.Бийн “... тэгэхэд гадаах хаалганы хажуу талын шилийг хагарахаар нь сэрэхэд миний нөхөр Жанчивдорж ална гэж орилж хашгираад байхаар нь хаалга эвдээд ороод ирэх болов уу гэж айсандаа хамт үсчнээр ажилладаг Алимаа эгчийн нөхөр Бадаанайгийн утас руу залгаад та хүрээд ирээч манай нөхөр ирээд хамаг зүйл хагалаад ална гэж хэлээд байна гэдгийг хэлэхэд одоо гэрээсээ гарлаа гэж хэлээд утсаа салгасан Бадаанайгийн гэр нь манай үсчний газартай ойрхон 65 дугаар байранд амьдардаг. Жанчивдорж үсчний гадаах хаалгыг эвдээд байхаар нь хаалгыг эвдчихлээ гэж бодоод айсандаа 00-ийн өрөөн дотор орж хаалгаа цоожлоод сууж байхдаа Бадаанай ахруу утсаар залгаад Жанчивдоржийг хаалга эвдлээд ороод ирлээ гэж хэлэхэд удалгүй Жанчивдорж ОО-ийн хаалгыг 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед Бадаанай ах юу болоод байгаан гэсэн шаардлага тавихад Жанчивдорж хэн юм бэ пизда минь үзэх үү гэж хэлэх сонсогдохоор нь ОО-ийн өрөөнөөс гарсан ... тэгэхэд буйдангийн урд талд Жанчивдорж доошоо хараад хэвтсэн байдалтай Бадаанай ах гуя хэсэгт нь суугаад зүүн гарыг нь нурууны ар хэсэгт хайч барьсан баруун гарыг нь шуу хэсгээрбарьсан байдалтай байсан. Бадаанай ах Жанчивдоржийг ОО-ийн өрөөний урд талд чинь хайч барьсан зогсож байсан гэж хэлээд хамрынхаа баруун талыг заагаад миний энд хайчаар Жанчивдорж зүсчихлээ гэж хэлэхээр нь харахад тэр хэсэг нь цус гарсан харагдсан. ... Жанчивдорж хэсэг орилж байгаад тайвширхаар нь унтсан юм байх гээд Бадаанай ах дээрээс нь босоод намайг цагдаа руу дуудлага өгсөн юм уу гэхэд удалгүй хоёр цагдаа гаднаас орж ирээд Жанчивдоржийг үзээд түргэн тусламж дуудсан ... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 53-58-р хуудас/

4. Шинжээч Т.Амартүвшингийн “... талийгаачийн биед учирсан зүүн шилбэний арын шархыг ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хүзүү, мөчдийн болон нурууны цус хуралт зулгаралтууд нь хатуу биетэд цохих, цохигдох, унах, нэдрэгдэх, шахагдах, дарагдах, үйлчлэлийн улмаас үүсгэгдэх боломжтой тэгэхдээ дээрх гэмтлүүд нь талийгаачийн үхэлд нөлөөлөөгүй...харин талийгаачийг нас барахад хүргэсэн зүрхний булчингийн задрал судасны задралын улмаас үнхэлцгийн хөндийд цус хурж, зүрх чихэлтэнд гэмтэл нь цээжний хэсэгт хүчтэй дарж унах, цээжрүү нь хүчтэй ханаруу шахаж түлхэх цохих үед үүсгэгдэх боломжтой. Талийгаачийн биед учирсан гэмтэл нь цээжний хэсэгт хүчтэй дарж унах, цээж рүү нь хүчтэй хана руу шахаж, түлхэх цохих үед үүсгэгдэх боломжтой ...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 89-р хуудас/

5. 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 815 дугаартай ”талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр зүрхний зүүн ховдлын булчингийн ханын задарсан шарх, цус хуралт, зүрхний зүүн чихний уушигны хураагуур судасны задрал, зүрх чихэлдэлт, үнхэлцэг хальс, уушигны угийн холбоосны цус хуралт, уушигны дэлбэнгийн цус хуралт, өвчүү ясны үелэх хэсгийн хугарал, зүүн шилбэний шарх, хүзүү мөчид, нурууны зулгаралт, цус хуралт, зүүн бөөрний хальсны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачид учирсан зүүн ховдлын булчингийн ханын задарсан шарх, цус хуралт, зүрхний зүүн чихний уушигны хураагуур судасны задрал, зүрх чихэлдэлт зэрэг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар хүнд зэрэгг, өвчүүний үелэх хэсгийн хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт, зүүн шилбэний шарх, хүзүү, мөчид, нурууны зулгаралт, цус хуралт, зүүн бөөрний хальсны цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...талийгаач нь цээжний битүү гэмтэл зүрхний булчин судасны задралын улмаас үнхэлцгийн хөндийд цус хурж зүрх чихэлдэлт болж нас баржээ” гэх дүгнэлт, /хх-ийн 94-95-р хуудас/,

6. 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн /нэмэлт/ 867 дугаартай “... талийгаачид илэрсэн зүрхний зүүн ховдлын ханын задарч урагдсан шарх, уушигны хураагуур судасны зүрхнээс гарах хэсгийн урагдсан шарх, зүрх чихэлдэлт, үнхэлцэг хальс, уушигны угийн холбоосны цус хуралт, уушигны дэлбэнгийн цус хуралт, өвчүү ясны 2-р хавиргатай үелэх хэсгийн хугарал, зүүн бөөрний хальсны цус хуралт, нурууны зулгаралт цус хуралт гэмтлүүд хатуу мохо зүйлийн үйлчлэлээр буюу бусдад цохигдох, өшиглөгдөх үед үүсэх боломжтой, зүүн шилбэний шарх, ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр мөчдийн зулгаралт, цус хуралт нь цохилт, унах ойчих нидрэгдэх үед үүсэх боломжтой ба хүний өөрийн гар хүрч болох түвшин байна...хүзүүний зулгаралт боож багалзуурдах үед үүссэн байх боломжтой далны цус хуралт цохигдох үед үүссэн байх боломжтой, 2. Талийгаачид учирсан зүрхний зүүн ховдлын ханын задрал, урагдал өвчүүний хугарал нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжгүй ба хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайлбал цохих, дэвсэх, өшиглөх зэрэг үйлдлээс үүсэх боломжтой, зүрх чихэлдэлт гэдэг зүрхний зүүн ховдлын ханын урагдал гэмтлийн хүндрэл бөгөөд урагдсан зүрхэн доторх цус үхэлцэгийн хөндий рүү гарч зүрхийг тал бүрээс нь шахаж чихэлдүүлэн зүрх агшиж тэлэх боломжгүй болохыг хэлнэ... зүүн хөлийн шилбэний гадна болон дотор хэсгийн зах ирмэг тэгш шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хатгагдаж зүсэгдсэн шарх байна. Талийгаач хүнд зэргийн согтолттой уурласан байсан нь зүүн ховдлын ханы задрал урагдал өвчүүний хугарал үүсэхэд хүргэхгүй, мөн хүнд зэргийн согтолттой байсан нь нас барахад нөлөөлөөгүй байна” гэх дүгнэлт, /хх-ийн 99-101-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан яллах нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, үндэслэлгүйгээр няцаан үгүйсгэх, эсхүл шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харьцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолжсанаатай гэмтэл учруулах амь насыг хохироосон нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй бөгөөд бусдын амь насыг хохироосон буюу хүнийг алсан байхад аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн хүний үйлдэл санаатай өдөөн хатгалтын шинжийг агуулж гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн эсэхийг үнэлж, хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэв.

Хэргийн үйл баримтуудаар амь хохирогч Н.Жанчивдоржийн хийсэн үйлдлийн улмаас шүүгдэгч Л.М- болон гэрч Б.Б нарын эрүүл мэндэд хохирол учраагүй болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн өөрийн эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй талаар хуульчилсан боловч дээрх үйлдэлд амь хохирогчийн бусдад гэмтэл учруулж, амь насыг хохироох аюултай нөхцөл байдал бий болгоогүй байхад, улмаар харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулах амь насыг хохироосон нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй бөгөөд хохирол учруулаагүй үйлдэлд учрах байсан мэтээр хүний амь насыг хохироосон байхад аргагүй хамгаалалт гэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь бодит байдалд нийцээгүй.

Тодруулбал, шүүгдэгч Л.М- амь хохирогчийг хэрүүл маргаан үүсгэсэн, надруу дайрсан, салаавч өгч, эд зүйл эвдэж гэмтээсэн гэх шалтгаанаар бусдын биед халдаж амь насыг хохироосон буюу хүнийг алсан байхад аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Л.М-ад холбогдох хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01- ний өдрийн 441 дугаартай цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ДШМ/931 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.О, Б.Ц нар хамтран гаргасан гомдолдоо “... Анхан шатны шүүхээс “... Шүүгдэгч Л.М-ын хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хууль бус халдлагаас өөрийгөө, бусдыг хамгаалах аргагүй хамгаалалтын явцад халдагч этгээдийн амь насыг хохироосон, түүний санаатай идэвхитэй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит байдлаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалтын үйлдэл мөн ... Н.Мөнхбат нь ... цээжин тус газар нь цохиж амь насыг хохироосон гэх үйл баримт тогтоогдоогүй. ... амь хохирогчийг цохисон, амь хохирогчтой зодолдсон гэж дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж ...”

Давж заалдах шатны шүүхээс “... амь хохирогч Н.Жанчивдорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Б.Бийг ална гэж айлган сүрдүүлж, ... хаалга эвдлэн ... эд зүйлийг гэмтээн ... Б.Бийн тусламж гуйн дуудсан Л.М- руу хайч барин дайрч, улмаар шүүгдэгч Л.М- нь Н.Жанчивдоржийн үйлдлийг таслан зогсоох зорилгоор түүний дээрээс даран унаж ... амь насыгхохироосон үйлдлийг аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн... үргэлжилсэн довтолгооны үед халдагч этгээдийн зүгээс дахин халдлага үйлдэх нь бодитойгоор бүрдэж түүний нийгэмд аюултай хууль бус үйлдлийн улмаас өөрийн эсхүл бусдын амь нас эрүүл мэндэд аюул учрах нь нэгэнт тодорхой болсон тохиолдолд халдагч этгээдээс дахин довтолгоон эхлүүлэхийг хүлээх нь аргагүй хамгаалалтыг хэрэгжүүлэх боломжит цаг хугацаа магадлалыг бууруулдаг ... зөв дүгнэлт хийсний үндсэн дээр өрсөж хамгаалалт хийж буй үйлдлийг аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн гэж үзнэ ...” гэж

Тус тус дүгнэхдээ Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т заасан “... Шүүх ... хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ ...”, 3-т “... Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана ...” гэж заасныг бүрэн хэрэгжүүлж чадаагүй улмаас хэрэгт авагдсан баримтанд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, тус зүйлийн 3 дахь хэсгийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Хэрэгт амь хохирогчийг тухайн цаг хугацаанд шүүгдэгч болон гэрчийн амь нас, эрх чөлөөнд шууд халдсан, аргагүй хамгаалалт хэрэглэх шаардлага бүхий довтолгоо хийж байсныг тодорхойлсон нотлох баримт байхгүй.

Гэрч Б.Б “... Нойлын хаалгыг 2-3 өшиглөсөн ... юу болоод байгаан ... гэсэн дуу гарахад ... нойлоос гарсан ...” буйдангийн урд шалан дээр доошоо хараад хэвтсэн байдалтай, Бадаанай ах гуя ... хэсэгт суугаад зүүн гарыг нь нурууны ар хэсэгт ... хайч барьсан гарыг баруун шуу хэсгээр нь барьсан ... хэсэг орилж байгаад тайвширсан ... удалгүй цагдаа ороод ирсэн ...” хэрүүл зодоон сонсоогүй ... намайг хайчаар зүсчихлээ гэхээр харсан чинь хамарных нь дээд хэсгээс цус гарсан байдалтай ... хэрвээ талийгаач хайч барьсан байсан бол намайг бие засах өрөөнөөс гарч ирэхээс өмнө гарнаас нь тухайн хайчийг нь авсан.

шүүгдэгч: “... цааш нь түлхээд ... баруун гар цохих гээд ороод ирэхэд хойш гэдийхэд хайч харагдсан ... тэгэхээр нь баруун гарыг нь биед нь наалдуулаад хойноос нь тэврээд өөрийгөө хамгаалах маягтай хойноос нь дараад газарт унагасан. Надад дарагдахгүй гээд хэсэг тийчилсэн. Би дээр нь сууж байгаад ... хүүхэн гарч зугтаасан ... цагдаа байхад доошоо хараад байж байснаа дээшээ хараад яраглаж дуугарч байсан ...”,

гэрч Б.Нямдорж “... нэг залуу дээшээ хараад түүний хажууд махлаг бор залуу зогсож байсан ... харин цаад талын өрөөнөөс нэг эмэгтэй гарч ирж байсан...толгойн дээд хэсэгт нэг хайч байсан ...”,

гэрч Б.Жаргалмөнх “... нэг залуу дээшээ хараад түүний хажууд махлаг бор залуу зогсож байсан ... харин цаад талын өрөөнөөс нэг эмэгтэй гарч ирж байсан ... хайч барьчхаад нойлын хаалга нүдээд байсан ... агсараад байхаар нь би хайчийг нь булааж аваад дээр нь гараад суусан гэж хэлж байсан ...” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд шүүхийн дүгнэсэн шиг үйл явдлыг гэрчилсэн ямар ч дүгнэлт байхгүй.

Гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар амь хохирогчийн гарт хайч байсан, түүнийг шүүгдэгч булааж авсан гэх үйл баримт огт тогтоогдохгүй байх бөгөөд гарт нь байсан гэх хайчийг эд мөрийн баримтаар тооцсон, амь хохирогчийн гарт нь байсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг ямар ч баримт байхгүй байхад шүүх зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэж гартаа хайч барьж шүүгдэгч руу дайрсан, булаажаваад газарт унагааж хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор дээр нь гарч суусан гэж дүгнэсэн.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9-т “... хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй ...”, 16.3 дугаар зүйлийн 3-т “... мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй ...” гэж заасан

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлттэй огт тохирдоггүй.

Тухайлбал: Амь хохирогчийн биед удаа дараагийн үйлчлэлээс олон тооны гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Үүнд:

Зүүн ховдлын булчингийн ханын задарсан шарх, цус хуралт, зүрхний зүүн чихний уушигны хураагуур судасны задрал, зүрх чихэлдэлт: /Гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд үхлийн шалтгаан болсон. Хүчтэй дарж унах, цээжрүү хүчтэй ханаруу шахах, түлхэх, цохих үед үүснэ. Амь хохирогч өөрөө унах үед үүсэх боломжгүй, энэ гэмтлийг авсан цаг хугацаанд шууд үхэлд хүргэнэ. Амьсгаа авах, хэсэг хугацаанд амьсгалж болно, үйл хөдлөл хийх боломжгүй:

үнхэлцэг хальс, уушигны угийн холбоосын цус хуралт,  уушигны дэлбэнгийн цус хуралт, өвчүү ясны үелэх хэсгийн хугарал: /Гэмтлийн хүндэвтэр зэрэг/, зүүн шилбэний шарх /Хөнгөн гэмтэл- ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ/, хүзүү, мөчид нурууны зулгаралт /Зүүн бөөрний хальсны цус хуралт: Хөнгөн гэмтэл- хатуу биетэд цохих, цохигдох, унах, нэдрэгдэх, шахагдах, дарагдах зүйлчлэлийн улмаас үүсгэгдэх/.

Дээрх гэмтлүүд нь мохоо болон иртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ гэж гарсан.

Мөн хэрэгт авагдсан нэмэлт шинжилгээгээр: Зүүн ховдлын булчингийн ханын задарсан шарх, цус хуралт, зүрхний зүүн чихний уушигны хураагуур судасны задрал, зүрх чихэлдэлт, үнхэлцэг хальс, уушигны угийн холбоосын цус хуралт, уушигны дэлбэнгийн цус хуралт, өвчүү ясны үелэх хэсгийн хугарал нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу бусдад цохигдох, өшиглөгдөх үед үүсэх боломжтой, иртэй зүйлийн үйлчлэлийн улмаас үүсэх боломжгүй, хатуу мохоо зүйлийн нэг удаагийн болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайлбал: цохих, дэвсэх, өшиглөх зэрэг үйлдлээс үүсэх боломжтой.

Зүүн шилбэний шарх: Ирмэгтэй зүйлийн нэгудаагийн үйлчлэлээр, хүзүү, мөчид нурууны зулгаралт, зүүн бөөрний хальсны цус хуралт нь цохилт, унах ойчих, нидрэгдэх үед үүсэх, хүзүүний зулгаралт: боож багалзуурдах, далны цус хуралт: цохигдох үед тус тус үүсэх боломжтой болох нь тогтоогдсон.

Иймд амь хохирогчид учирсан гэмтлийг 3 өөр төрлийн үйлчлэлийн удаа дараагийн үйлдлээр үүсгэсэн байдаг. Үүнд дэвсэх, цохих, дарах, боох, зүсэх гэх мэтээр, энэ гэмтлүүдийг амь хохирогч өөртөө учруулах боломжгүй болно.

Шүүгдэгч мэдүүлэгтээ амь хохирогчийг доошоо харж, дарж унасан гэж мэдүүлж байгаа боловч амь хохирогчид учирсан гэмтэл нь идэвхитэй олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн, хүзүү хоолойг боох, ар нуруу, зүүн бөөр хэсгээр цохих, нудрах, дэвсэх зэрэг хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байгаа тул мэдүүлэг нь нотлогдохгүй хайч барьж дайрсны хариуд дарж унагасан гэх үйл баримт байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж үзэж байна.

Мөн шүүхээс шүүгдэгчийг аргагүй хамгаалалтыг хийсэн гэж дүгнэхдээ амь хохирогчийн ямар идэвхитэй үйлдлээс болж хэнд бодит аюултай нөхцөл үүссэн байсан болох нь тодорхойгүй, үйл баримтыг нотолсон ямар ч баримт байхгүй байгаад үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй.

Гэрч Б.Бийн хувьд цоожтой хаалганы цаана, болсон явдлыг хараагүй байх бөгөөд хайч барьж дайрсан, шүүгдэгч руу довтолгоо хийсэн болохыг хараагүй байдаг.

Мөн шүүгдэгч нь амь хохирогчийг хайч барьж дайрсны дараагаар дарж унагаасан гэх мэдүүлгийг өгдөг. Гэтэл нийгэмд аюултай халдлага, өөрөөр хэлбэл хүч хэрэглэсэн довтолгоон эхэлсэн буюу эхлэх гэж байгаа нь тодорхой болсон тэр цаг үед аргагүй хамгаалалт хийгдсэн байхыг шаарддаг. Түүнээс довтолгоон төгссөн хойно хийсэн хариу үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэл болохгүй.Хэрэв халдлага бодитой хийгдээгүй бол энэ нөхцөлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 441 дугаартай цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 931 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэргийг буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хоёр шатны шүүх хэргийг хянан шийдвэрлээд дүгнэхдээ шүүгдэгч Л.М- нь хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хууль бус халдлагаас өөрийгөө болон бусдыг хамгаалах үйлдэл хийж хохирогчийн цээжин тус газар нь дарж унасны улмаас бусдын амь насыг хохироосон буюу “аргагүй хамгаалалт” хийсэн байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад нийцээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Амь хохирогчийг нас барах цаг хугацаанд шүүгдэгч, гэрч нарын амь нас, эрх чөлөөнд шууд халдсан, аргагүй хамгаалалт хэрэглэх шаардлагагүй довтолгоо хийж байсныг тодорхойлсон нотлох баримтууд огт байдаггүй. Гэрч нарын мэдүүлэг бусад дүгнэлтээр үйл явдал болсны дараа хүмүүс орж ирсэн байдаг. Хайч барьсан, хайч толгой хэсэгт байсан, доошоо харж унасан байдалтай, дээшээ харж унасан байдалтай байсан зэрэг гэрч нар зөрүүтэй мэдүүлдэг. Амь хохирогч гартаа хайч бариад түүнийг шүүгдэгч булааж аваад дарж унасан гэдгийг нотлох үйл баримт байхгүй. Зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэж дүгнэсэн. Шүүгдэгчийн мэдүүлэг нь амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд, шинжээчийн дүгнэлттэй огт тохирдоггүй. Амь хохирогчийн биед учирсан гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй, өөрөөр хэлбэл боох, цохих, дэвсэх, дарах, зүсэх зэрэг үйлчлэлээр үүснэ гэж тодорхой дүгнэлт гарсан. Шүүгдэгчийг аргагүй хамгаалалт хийсэн гэж дүгнэхдээ амь хохирогчийн ямар идэвхитэй үйлдэл байсан эсэх, хэнд аюултай ямар нөхцөл байдал үүссэн талаар дүгнээгүй. Халдлага бодитой хийгдээгүй тохиолдолд аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэл болохгүй юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.О шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээч дүгнэлтээ үгүйсгэсэн. Нэг удаагийн үйлчлэлээр ийм гэмтэл үүсч болно гэж мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр хүнд зэргийн согтолттой байсан хүн төдий хэмжээний эсэргүүцэл үзүүлэх үү гэдгийг шүүх анхаарч үзээгүй. Анхан шатны шүүх шийдвэртээ шүүгдэгч Л.М-ыг цагаатгасан хууль зүйн үндэслэлээ тодорхой дурдаагүй, няцаагаагүй учир хохирогчийн хувьд маш их гомдолтой байна” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.М-ад холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хоёр шатны шүүх аргагүй хамгаалалт хийсэн буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүгдэгч Л.М-ын мэдүүлэгт үндэслэж тухайн хэрэг шийдвэрлэгдээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримт буюу дуудлагаар очсон цагдаагийн хоёр ажилтны мэдүүлэг, Л.М-ын утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг зэргээр үсчний дотор эд зүйл эмх замбараагүй байдалтай байсан болох нь тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Л.М-ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Яллагдагч Л.М-ыг прокуророос 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Ариг” нэртэй үсчний газар салаавч өгч эд зүйл эвдэж, гэмтээсэн гэх шалтгаанаар иргэн Н.Жанчивдоржийн цээжин тус газар нь цохиж, улмаар цээжний битүү гэмтэл зүрхний булчин, судасны задралын улмаас үнхэлцгийн хөндийд цус хурж чихэлдэлт болж амь насыг хохироосон үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Л.М нь иргэн Н.Ж-ийн амь насыг хохироосон үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан ... амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ... болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл бөгөөд хууль зүйн мөн чанарын хувьд Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн, түүнчлэн уг хуулиар хамгаалагдсан ямар ч хохирол, хор уршигт хүргэж болох боловч гэмт хэрэгт тооцдоггүй, гэмт хэргийг үгүйсгэдэг онцгой нөхцөл байдал юм.

Халдагч этгээдийн зөвхөн тулгарсан довтолгооноос гадна үргэлжилсэн довтолгоон, халдлагын үед өөрийн боломжит үедээ өөртөө хамгаалалт хийсэн болон бусдын зүгээс халдлага, довтолгоо хийгдэх нь энгийн ухамсрын хүрээнд ойлгомжтой болсон, аюул занал бодитой оршиж халдлага үргэлжилж буй үед өрсөж хамгаалах нь аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн хууль ёсны үйлдэлд тооцогдоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулан өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалах эрхийг иргэнд хуулиар зөвшөөрсөн бөгөөд энэхүү тохиолдолд аргагүй хамгаалалт хийсэн хүний санаа сэдэл, учруулсан хохирол нь бодит агуулгаараа нийгэмд ашигтай буюу гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үгүйсгэдгээрээ чухал ач холбогдолтой байдаг. Үргэлжилсэн довтолгооны үед довтолгооны аль ч цаг хугацааны хэсэгт хамгаалалт хийж болох ба цаашид халдлага үргэлжлэх нь тодорхой, хүний амь нас эрүүл мэндэд аюул занал бодитой оршин байсаар буй бол ээлжит тулгарсан халдлагыг хүлээхийг хамгаалагчаас шаардах байдлаар иргэний аргагүй хамгаалалт хийх эрхийг хязгаарлах нь аргагүй хамгаалалтын үр нөлөөг багасгаж хамгаалагчийн амь нас, эрүүл мэндийг илүү эрсдэлд оруулах сөрөг нөлөө бий болгоно.

Өөрөөр хэлбэл, үргэлжилсэн довтолгооны үед халдагч этгээдийн зүгээс дахин халдлага үйлдэх нь тухайн нөхцөл байдалд бодитоор бүрдэж, түүний нийгэмд аюултай, хууль бус үйлдлийн улмаас өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учрах нь нэгэнт тодорхой болсон тохиолдолд халдагч этгээдээс дахин довтолгоон эхлүүлэхийг хүлээх нь аргагүй хамгаалалтыг хэрэгжүүлэх боломжит цаг хугацаа, магадлалыг бууруулдаг бөгөөд объектив нөхцөл байдалд зөв дүгнэлт хийсний үндсэн дээр өрсөж хамгаалалт хийж буй үйлдлийг аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн гэж үзнэ.    

Түүнчлэн халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ нь хамгаалалтын шинж чанар, хэр хэмжээтэй тохирсон байх талаар ямар нэгэн шаардлага, хязгаарлалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй болно.

Хэрэгт авагдсан баримт, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар амь хохирогч Н.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Ариг” үсчний газрын хаалгыг эвдэн орж өөрийн эхнэр Б.Бийг айлган сүрдүүлж, түүнд бодитой аюул учрах эрсдэл бий болсон, мөн өөр рүү нь хайч барин дайрч Н.Жанчивдоржийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор Л.М- нь дээрээс даран унаж, цээжний битүү гэмтэл зүрхний булчин, судасны задралын улмаас үнхэлцгийн хөндийд цус хурж зүрх чихэлдэлт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж амь насыг нь хохироосон үйлдлийг аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Тодруулбал, Н.Ж нь бусдын амьд явах халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эхэлсэн цаг мөчөөс Л.М-ын амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал бодитой бий болсон бөгөөд тэрээр Н.Жавчивдоржийн довтолгооныг таслан зогсоох явцдаа амь хохирогчид хүнд гэмтэл учруулж амь насыг нь хохироосон болох нь гэрч Т.Баярцэцэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээч Т.Амартүвшингийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд хэлсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар үзэхэд Л.М-ын үйлдлийг хуулиар зөвшөөрөгдсөн үйлдэл гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өөрийн амь нас, эрүүл мэндийг хууль бус халдлагаас хамгаалж довтлогч этгээдэд хүнд хохирол учруулсан Л.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт мөн бөгөөд Н.Жавчивдоржийн үйлдэл нь бусдын амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулж байгаа, хууль бус, тухайн цаг хугацаанд бодитойгоор хэрэгжиж байгаа довтолгоо байсан ба энэхүү үйл явдал хоромхон зуурт болоод өнгөрсөн тул тухайн тулгарсан аюултай нөхцөл байдлыг шүүгдэгч нь өөр арга  хэрэгслээр зогсоох нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Иймд Л.М-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан бусдын амь насыг хохироосон гэмт хэргийн объектив шинж болох үр дагавар, хор уршгийг агуулсан байх боловч түүний үйлдэлд гэм буруугийн субьектив шинж үгүйсгэгдэж байгаа, өөрөөр хэлбэл, тэрээр хуулиар зөвшөөрөгдсөн үйлдэл хийж, өөрийн амь нас, эрүүл мэнд аюулд тулгарсан дотволгооныг эсэргүүцэх үедээ уг хор уршигт хүргэсэн байх тул түүний үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй учир прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.О, Б.Ц нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  05 дугаар сарын 01-ний өдрийн 441 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 931 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.О, Б.Ц нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                    ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                               С.БАТДЭЛГЭР

                                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН