Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00605

 

Мексик Улсын иргэн

Ж--ийн

Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02602 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2573 дугаар магадлалтай

Мексик Улсын иргэн Ж--ийн нэхэмжлэлтэй

“Х” ХХК-д холбогдох

Цалин хөлс, онгоцны тийзийн зардалд нийт 22 083 ам доллар буюу 53 051 095 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч П.Мөнхжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тэмүүлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь "Х" ХХК-д нисгэгчээр 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр компанийн зүгээс санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай саналыг тавьж, улмаар нэхэмжлэгч Ж-эд 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх цалин болон онгоцны тийзийн зардалд нийт 22 083 ам долларыг 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө графикийн дагуу төлж барагдуулахаар гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл “Х” ХХК нэхэмжлэгчид дээрх мөнгийг өгөөгүй. Би түүний өмнөөс дээрх мөнгийг нэхэмжилж өөрийн биеэр тус компанийн удирдлагуудтай хэд хэдэн удаа уулзсан боловч хариуцагчаас төлөхгүй гэдгээ мэдэгдсэн. Иймд гэрээнд заасан 22 083 ам доллар буюу 53 051 095 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн манай компанид хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан бөгөөд 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр түүний Монгол Улсад оршин суух хугацаа дууссан. 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж хөөн хэлэлцэх тусгай хугацааг заасан. Нэхэмжлэгч нь 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох тухай хэлцэлд гарын үсэг зурж, баталгаажуулснаас хойш хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаанд өөрийн цалин хөлсийн тухай шаардлага гаргаж байгаагүй, 3 сарын хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02602 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар “Х” ХХК-д холбогдуулан гаргасан цалин, онгоцны тийзийн зардал нийт 22 083 ам.доллар буюу 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1 ам долларыг Монгол банкны ханшаар 2 402.35 төгрөгөөр хөрвүүлснээр 53 051 095 төгрөг гаргуулахыг хүссэн Ж-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423 205 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2573 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02602 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Х” ХХК-иас 53 051 095 /тавин гурван сая тавин нэгэн мянга ерэн тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж-эд олгосугай” гэж,

2 дахь заалтыг “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас 423 205 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж-эд буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Мексик Улсын иргэн Ж-ийн цалин хөлс, онгоцны тийзийн зардалд нийт 22 083 ам доллар буюу 53 051 095 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий “Х” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02602 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 273 дугаар магадлал нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг зөрчиж байгаа тул энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.

“Х” ХХК нь 2012 онд үүсэн байгуулагдсан 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай, 250 гаруй ажилтантай, үндэсний агаарын тээвэрлэгч компани юм. Өнөөдрийн байдлаар манай компани нь нэг ч гадны боловсон хүчин, ажилтан, ажиллагсадгүй, ажиллах хүчний нөөцийг Монгол Улсын иргэдээс бүрдүүлсэн компани болсон. 2012 онд компани анх байгуулагдах үед мэргэшсэн боловсон хүчний нөөц дутмагаас үүдэн Мексик Улсаас хөдөлмөрийн гэрээгээр агаарын хөлгийн нисгэгч авч ажиллуулж байсан бөгөөд тэдний нэг нь иргэн Ж- байсан.

Талуудын хооронд Монгол Улсын хуулийн дагуу Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаар хөдөлмөрийн харилцаа үүссэн бөгөөд “Х” ХХК өндөр цалин хөлс бүхий гадны боловсон хүчнээс татгалзаж, дотоодын ажиллах хүчийг ажлын байраар хангах зорилгоор иргэн Ж-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцох байдлаар дуусгавар болгохоор шийдвэрлэсэн.

Улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай ажилтан, ажил олгогчийн харилцан тохиролцоог 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Т-14/190 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох албан захидлаар баталгаажуулсан байдаг.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ “... Зохигчдын хооронд 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсч, улмаар хариуцагчаас 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гэрээ цуцлах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч хүлээн авч, мөн сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, гэрээг цуцлах болон өр төлбөрийг төлөх нөхцөлийн талаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хэлцэл хийсэн байна. ... Иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ талууд биелүүлэх ёстой бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээгээр тохиролцсон төлбөр төлөхийг шаардах эрхтэй. Энэ үүргийн шаардах эрхийн хугацаа нь хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хугацаанд хамаарах тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна” хэмээн дүгнэсэн байна.

Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар хөдөлмөрийн харилцаа нь иргэний эрх зүйн харилцааны нэгэн хэсэг мөн боловч бие даасан хуулийн дагуу тусгайлан зохицуулагддаг эрх зүйн харилцаа билээ. Талууд ажилтан, ажил олгогч нар нь хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээг дуусгавар болгох тухай асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу харилцан тохиролцсон, ажилтны ажилласан цалин хөлсийг олгохтой холбогдох асуудлыг бичгээр баталгаажуулсан, ийнхүү баталгаажуулсан цалин хөлсийг олгохтой холбогдон үүсэх маргаан нь хөдөлмөрийн харилцаанаас үүссэн хөдөлмөрийн маргаан мөн юм.

Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээрх асуудлыг Иргэний хуулийн дагуу “гэрээ байгуулагдсан” хэмээн үзсэн нь маргааныг эрх зүйн үүднээс зөв дүгнээгүй, улмаар цалин, хөлс нэхэмжилсэн шаардлагыг “гэрээний төлбөр” хэмээн үзэж хангаж шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “...Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй...” гэж хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх тусгайлсан хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон байдаг. Хуулиар тусгайлан тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо Иргэний хуулийн 76 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүссэн үеэс, шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолно. Иймээс нэхэмжлэгчийн шаардах эрх 2014 оны 11 дүгээр сарын 25-наар дуусгавар болсон бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх хуульд заасан үндэслэлүүд байхгүй тул шаардах эрхээ алдсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2573 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Мексик Улсын иргэн Ж- нь “Х” ХХК-д холбогдуулан үүргийн гүйцэтгэлд 22 083 ам доллар буюу 53 051 095 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ж-нь 2012 оны 08 сараас “Х” ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр агаарын хөлгийн нисгэгчээр ажиллаж байсан, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.

Талуудын тохиролцоогоор “...хариуцагч “Х” ХХК-ийн Санхүүгийн асуудал болон нэхэмжлэгчийн визний хугацаа, оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан үндэслэлээр компанийн зүгээс гэрээг цуцлах хүсэлт гаргаж, нэхэмжлэгчид 2014 оны 07 сараас 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх цалин, мөн Мексик рүү буцах онгоцны тийзний /2 хүний/ үнэд нийт 22 083 ам долларыг 2014 оны 08 дугаар сарын 22-ний өдрөөс  төлөх үүрэг хүлээснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, талууд тохиролцоонд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Зохигчдын дээрх тохиролцоог талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж чадсан, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Анхан шатны шүүх талуудын хоорондох маргааныг хөдөлмөрийн эрх зүйн маргаан гэж дүгнэж, цалин хөлстэй холбоотой шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан 3 сарын хугацаанд гаргах үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. дахь заалтад нийцээгүй байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3.-т зааснаар 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан хэлцлээр тэдгээрийн өмнөх гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх тул нэхэмжлэлийн шаардлага нь хөдөлмөрийн эрх зүйн маргаанд хамаарахгүй.

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д зааснаар нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй, энэ тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2.-т зааснаар гурван жилээр тоолно.

Талууд 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хэлцэл хийж, хариуцагч нь үүрэг хүлээсэн бөгөөд нэхэмжлэгч 2017 оны 07 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн алдааг зөвтгөн засч, талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв дүгнэж, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэж, хариуцагчийн үүрэг хүлээсэн байдал, хөөн хэлэлцэх хугацааны талаар зөв дүгнэлт хийсэн, магадлал Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1., 75 дугаар зүйлийн 75.2.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2573 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч П.Мөнхжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 423 205 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                       Х.ЭРДЭНЭСУВД