Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 705

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Д.Уянга /томилолтоор/,

Ялтан Б.Б-н өмгөөлөгч Д.Энхтунгалаг,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 25-ний өдрийн 388 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Баянзүрх дүүргийн ерөнхий прокурор О.Алтангэрэлийн гаргасан  эсэргүүцлээр Б.Б-д холбогдох эрүүгийн 201725010337 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овогт Б.Б, 1993 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой гэх боловч энэ талаар баримтгүй, мэргэжилгүй, Жонон Дагдан Миндолин хийдийн хурлын лам ажилтай, ам бүл 9, эхнэр, ах, эгч, дүү нарын хамт, ... тоотод оршин суух хаягтай боловч одоогоор ... тоотод оршин суудаг,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж хянан харгалзсан /РД:.../,

Б.Б нь тэнсэн хянан харгалзах хугацаанд буюу давтан удаа 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь- Эхийн дунд буудалд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, шалтгаангүйгээр хохирогч Ж.Х-г зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж тэнсэн хянан харгалзах, ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн  181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх хэсэгт зааснаар  зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялын заримыг буюу 1 сарын хорих ялыг 240 цагаар сольж нэмж нэгтгэн, шүүгдэгчийн нийт ялыг 720 цагаар тооцож  шийдвэрлэжээ.

                Дээд шатны прокурор О.Алтангэрэл эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан бол 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн  58.1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байгаа бол шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно ” гэж тус тус заасан байна. Хуулийн энэхүү заалтуудаас үзвэл  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль гэж үзэх үндэслэлтэй байхад анхан шатны шүүх 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтласныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэлээ гэж үзэхээр байна. 2015 оны Шинэчилэн  найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болох... мөн тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногтой тэнцүүлж тооцохоор тус тус заасан байхад ялтанд урьд оногдуулсан шийтгэх тогтоолын зарим болох 1 сар хорих ялыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялтай тэнцүүлж тооцсон нь буруу байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 388 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив ...” гэжээ.

Прокурор Д.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2002 оны Эрүүгийн хууль хэрэглэх нь хөнгөн ялтай гэж үзээд байгаа учир нь хөнгөн ялыг хүндэд нь багтаана гэсэн ба тэгэхээр өмнөх хорих ял хүнд болоод сүүлд оногдуулсан ял нь хөнгөн болж байна. Гэтэл өмнөх хүнд ялын зарим болох хөнгөн ялтай нэгтгэсэн нь буруу гэж прокурор үзсэн. Хэрэв Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгээр зүйлчилсэн бол сүүлд оногдуулсан хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар дүйцүүлэн оногдуулах ёстой. Ингэж хэрэглэсэн бол хууль хэрэглээний хувьд зөв болох байсан. Гэхдээ сүүлд оногдуулсан ял нь нийтэд тустай ажил хийлгэх ял болсон учир өмнөх хорих ялыг тэгшитгэж мөн нийтэд тустай ажил болгож нийт цагийг нэмж нэгтгэх байсан. Гэтэл огт нэмж нэгтгэхгүйгээр 3 жилийн хорих ялаас 1 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөн гэмт хэрэгт нэгтгэж байгаа нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна гэв.

Ялтны өмгөөлөгч Д.Энхтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шүүгдэгчид ашигтай, үндэслэлтэй гарсан. 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд зааснаар зүйлчилсэн нь тэгшитгэлд орох боломжтойгоор заавал хүндрүүлэхгүйгээр шийдвэрлэсэн учраас давж заалдах гомдол гаргаагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлыг болон ял шийтгүүлсэн этгээд давж заалдах гомдол гаргасан эсэхийг харгалзахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Б нь тэнсэн хянан харгалзах хугацаандаа буюу давтан удаа 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь- Эхийн дунд буудалд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, шалтгаангүйгээр хохирогч Ж.Х-г зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

   хохирогч Ж.Х-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 1 дүгээр сарын 3-ны орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн дунд буудал дээр дэлгүүрээс юм авах гээд явж байхад ардаас нэг үл таних эрэгтэй хүн гүйж ардаас ирээд толгой руу цохисон,...тэгэхээр нь би эргэж хараад гайхтал урдаас тэр залуу мөргөсөн. Тэгээд уруул сэтлээд 4 шүдийг маань хөдөлгөсөн, тэгэхээр нь би “...та хүн андуураад байна” гэж хэлтэл намайг сонссон мөртлөө тоохгүй мөргөөд л дайраад байсан ба би тухайн хүнд “...би тэр хүн чинь биш байнаа” гэж хэлээд байхад тоохгүй байсан, тэгэхээр нь би хүчээр мултарч зугтаагаад шууд такси бариад хойшоогоо ганцын буудал дээр байдаг цагдаагийн хэсэг дээр яваад очтол эргүүлийн цагдаа машинтайгаа явж байсан. Тэгэхээр нь би тэр цагдаатай хамт буцаад хэрэг болсон газарт очтол нөгөө залуу чинь хэрэг болох үед тэнд зогсож байсан залуучуудтай хамт зогсож байсан. Тэгэхээр нь би таниад заагаад цагдаа нар барьсан ба угаасаа тэр залуугийн чих, шанаа нь миний амнаас гарсан цусанд бохирдоод цус болсон байсан. Угаасаа намайг мөргөх үед нь миний уруул сэтрээд язраад амнаас цус ихээр гарсан ба үүдэн нэг шүд нь бүр мултраад гараад ирсэн байсан ба миний хувцас энгэр хэсэгтээ нил цус болчихсон, куртик сугаараа урагдсан байсан..., тэгээд цагдаатай хамт ирсэн..., хүмүүстэй андуураад зодсон юм шиг байна лээ..., маргалдаагүй, юу ч яриагүй, эхэндээ бол юунаас болж зодож байгааг нь ойлгоогүй, сүүлдээ тэр гүйж байсан хүмүүсийг хөөж байгаад андуураад байна гэж бодоод андуураад байна гэж хэлсэн боловч тэр хүн намайг тоогоогүй, тавихгүй мөргөөд л өшиглөөд байсан..., зүгээр байж байгаад зодуулж уруул, ам болон шүдээ ийм болгуулсандаа гомдолтой байна... Намайг зодох үед нь миний үүдэн 3 шүд хөдөлгөөнтэй болоод суларсан бөгөөд тухайн суларсан байсан 1 шүд буюу зүүн талын нэгдүгээр шүд бүр унах гээд байхаар нь би гараараа цааш нь шахаж байгаад зуучихсан юм. Тэгсэн одоо тэр цааш шахаж байгаад зууж бэхжүүлсэн шүд маань шарлаад үхжээд байх шиг байна..., 2 сая төгрөг нэхэмжилж байгаа шалтгаан гэх юм бол одоо миний хөдлөөд шаралсан байгаа, уг үхжсэн шүдийг эмнэлэг дээр аваад оронд нь эмплант шүд суулгахад нэг шүд нь 2 сая төгрөгөөр суулгадаг цаад ясанд нь суулгадаг шүд хийнэ гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

            Б.Б-н сэжигтнээр өгсөн “...2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Д гэж найзтайгаа хамт нэг том савтай 2.5 литрийн пиво Д-н гэрт нь хуваан уусан. Тэгээд ууж дуусаад гэрээс нь гараад харих гээд автобусны буудал дээр утсаа гаргаад цаг хараад зогсож байтал үл таних хүмүүс ардаас хүрч ирээд намайг юу юугүй зодоод эхэлсэн. Тэгэхээр нь би зодуулчихаад босоод шууд араас нь хөөгөөд гүйсэн ба намайг зодсон залуучууд 4,5 уулаа байсан ба би тэр хүмүүсийг хөөгөөд зугтаасан чигт нь ардаас нь хөөгөөд гүйж байтал тэр хүмүүс булан эргээд гүйсэн. Тэгсэн урд нэг улбар шар өнгийн куртиктэй эрэгтэй ганцаараа явж байсан ба тэгэхээр нь би тэр хүнийг намайг зодсон хүмүүсийн нэг байна гэж бодоод тэр хүнийг шууд барьж аваад нэг удаа толгой руу нь гараараа цохиод нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

            гэрч Я.Т мөрдөн байцаалтанд өгсөн: “...согтуу танхайрсан гэх дуудлагын дагуу очиж шалгахад тус Баасандорж гэх хүн нь байсан..., маргалдаад зууралдаад байж байсан ба тэр хүнийг Б ардаас нь хөөж ирээд намайг зодсон хүн мөн үү гэж хэлээд л зодсон юм шиг байна лээ, энэ намайг зодсон хүн мөн байхаа гэж Баасандорж нь согтуу согтуурхаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

            гэрч Э.У мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б нь захиргааны хяналтанд байдаг, сар бүрийн 4,5-нд ирж бүртгэгддэг юм. Баасандорж бүртгүүлэхээр ирсэн ба ирэхдээ нүд нь хөхөрсөн, гар хөл нь шалбарсан байдалтай байсан ба яасан талаар асуухад хүнд зодуулсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/, урьд шийтгэгдсэн  шүүхийн шийтгэх тогтоол /хх-ийн 43-45/,         

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1401 дүгээр шинжээчийн “...Ж.Х-н биед үүдэн дээд баруун 1, зүүн 1,2 дугаар шүдний сулрал, уруулын шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 19/ болон  бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн зүйлчлэл зөв байна.

Харин ялтанд ял оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялын заримыг буюу 1 сарын хорих ялыг 240 цагаар сольж нэмж нэгтгэн, шүүгдэгчийн нийт ялыг 720 цагаар тогтоож  шийдвэрлэжээ.

 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан  “танхайрах” гэмт хэргийн шинж нь  2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн  хуулиар гэмт хэргийн бүрэлдэхүүнээс хасагдсан, 2002 оны Эрүүгийн хуулиар хорих ялыг тэнсэж хянан харгалздаг байсан бол шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх болсон тул шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар Б.Б-н урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх шаардлагагүй болсон байна.

2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт 3-с дээш 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах заалттай бөгөөд уг ялын заримыг буюу бүгдийг нэмж нэгтгэхдээ хорих ялыг цагаар сольж, нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж шийдвэрлэх заалт 2002 оны Эрүүгийн хууль болон  2015 оны Эрүүгийн хуульд  байхгүй,  өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 сарын хугацааг хуульд байхгүй аргаар цагт шилжүүлж энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай нэмж нэгтгэн  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, прокурор О.Алтангэрэлийн гаргасан эсэргүүцлийн зарим буюу “эрүүгийн хууль буруу хэрэглэсэн” талаар гаргасан  хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 388 дугаар шийтгэх тогтоолын:

 

 тогтоох хэсгийн “4” дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгож,

 

тогтоох хэсгийн 5 дахь заалтын  “...720 /долоон зуун хорь/ цаг...” гэснийг “...480 /дөрвөн зуун ная/ цаг...”  гэж өөрчилж,

 

тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

 

О.ЧУЛУУНЦЭЦЭГ