Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 120

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,   

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,  

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Д   Г  холбогдох эрүүгийн 19100023270056 дугаартай 187/2020/0104/Э индекстэй хэргийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, ....настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, ам бүл ...., зэвсэгт хүчний ...... ажилтай, Баянгол дүүргийн .. дугаар хороо, ..... тоотод оршин суух хаягтай боловч Хан-Уул дүүргийн ....дүгээр хороо, ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б  овогт Д   Г   /РД:.........../  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа-2 хороолол 1008 дугаар байрны гадна өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Н заамдан авч нүүр рүү нь гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дух, баруун зүүн нүдний доод зовхи, зүүн гарт зулгаралтууд, баруун гар зүүн бугалга, баруун, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа-2 хороолол 1008 дугаар байрны гадна өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Н Б.Н гэр бүлээс гадуурх харилцаатай болсон гэх үндэслэлээр маргалдаж заамдан авч нүүр рүү нь гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дух, баруун зүүн нүдний доод зовхи, зүүн гарт зулгаралтууд, баруун гар зүүн бугалга, баруун, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Д.Г  гийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Би энхийг сахиулах ажиллагаанд оролцож Судан Улсад 3 жилийн турш ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сард Монгол Улсад ирсэн. Гэтэл эхнэр өөр хүнтэй харьцдаг болсон байсан. Эхнэр намайг Монгол Улсад ирсэн цагаас хойш надтай гэрлэлтээ цуцлуулахын тулд бүх аргыг хэрэглэж цагдаад удаа дараа гомдол гаргаж намайг зөрчлийн хуулиар шийтгүүлэхээр зорьдог байсан. Би 2020 оны 01 дүгээр сард эхнэртэйгээ гэрлэлтээ цуцлуулсан. Гэтэл эхнэр байр, машин зэрэг бүхий л эд хөрөнгийг надаас авсан. Би одоогоор ажлын газрын байранд амьдарч байгаа. Харин гэмт хэрэг машин дотор гарсан. Тухайн үед би уурандаа түүний биед хөнгөн гэмтэл учруулсан. Хэрэв би ялтан болсон тохиолдолд миний эрх зүйн байдал дордож дахиж энхийг сахиулах ажиллагаанд явах боломжгүй болно. Мөн би цаашид ур чадвар, цол зэргийг дээшлүүлэх зорилгоор ОХУ мэргэжил дээшлүүлэхээр суралцах хүсэлттэй байгаа боловч энэхүү асуудлын улмаас тэтгэлэгт хамрагдах боломжгүй болно... Би хүүхдүүдтэйгээ очиж уулзаж болгонд эхнэртэйгээ маргалддаг бөгөөд би архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Иргэний журмаар гэр бүлээ цуцлуулахад шүүх байр, машин зэргийг эхнэрийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Мөн би сар бүр хүүхдүүдийн тэтгэмжид 300.000 төгрөгийг төлж байгаа тул надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ 

            2. Хохирогч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр манай том хүү Эрдэнэсайхан нь хуучин гэрээсээ очиж цавуу авна гэж хэлээд би хоёр хүүхдийн хамт хуучин гэрийн гадаа буюу Буянт-Ухаа-2 хорооллын гадаа буюу Буянт-Ухаа 2 хорооллын гадаа очсон. Ингээд том хүү Эрдэнэсайхан маань гэрээс орж цавуугаа авна гээд орсон. Харин  байрны гаднах зогсоолд хаалгыг нь онгойлгоод бага хүүхдээ дотор нь суулгасан. Ингээд Г   рүү залгаж “машины илүү түлхүүрийг авмаар байна” гэж хэлсэн.  Гэтэл удалгүй Г   Эрдэнэсайхантай гэрээс гарч ирсэн бөгөөд “машины түлхүүр өгөхгүй, энэ миний машин” гэж хэлээд машин дотор суугаад хүүхдээ өвөр дээрээ авсан. Тэгээд машин асаагаад явах гэхээр нь би машины хаалгыг нь онгойлгоод кнопыг нь дарж унтраатал намайг машин дотроос заамдаж татаж өөрлүүгээ ойртуулаад гар мушгиж байгаад нүүрлүү 2 удаа цохьсон. Энэ үед би өөрийгөө хамгаалах гэж нүүрлүү нь түлхэж бас гарнаас нь татаж, гэдэсрүү нь түлхсэн. Энэ үед ганц нэг хумсны сорви болж зулгарсан байх. Ингээд би салчихаад гар утсаараа цагдаа руу залгах гэтэл Г   болиулах гэж утастай зууралдаж байгаад санамсаргүй миний утсыг газар унагасан. Бас зууралдаж байхад нүдний шил унасан. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-63/    

            3. Насанд хүрээгүй гэрч Г.Э-ны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр би ээж болон дүүгийн хамт Буянт-Ухаа 2 хороололд байдаг гэрээсээ халаадаг цавуугаа авахаар өглөө очсон юм. Гэхдээ би цагийг нь санахгүй байна аа ямар ч байсан өглөө л очсон. Тэгээд ээж дүү хоёрыг гэрийн гадаа үлдээгээд дотогш ороод гэрийн хаалга нүдсэн чинь аав хаалга тайлж өгсөн. Ингээд би гэрээс цавуугаа аваад байж байтал ээж аав руу залгаад “машины түлхүүрээ авмаар байна” гэж хэлж байсан. Тэгээд аав намайг дагуулаад гэрээс гарч аав ээжид хандаж “энэ миний машин, чи эндээс зайл” гэж хэлээд шууд машиндаа суугаад асаагаад явах гэтэл ээж хаалгыг нь онгойлгоод түлхүүрийг нь авах гэтэл аав уурлаад ээжийн мөрнөөс нь татаж өөрлүүгээ татаад гарыг нь мушгиад, бас нүүр лүү нь 2 билүү 3 удаа цохьсон. Энэ үед ээж өөрийгөө хамгаалах гэж аавыг “болиоч ээ” гэж хэлээд цаашаа түлхээд байсан. Ингээд ээж доошоо өвдгөөрөө газар тулаад унасан. Мөн ээж утсаа гаргаж ирээд цагдаа дуудах гэсэн чинь аав ээжийн утсыг аваад шидсэн... Ээж аавд гар хүрээгүй. Харин аав ээжийг цохиж байхад ээж өөрийгөө хамгаалах гээд урдаас нь биеэ хамгаалж гарыг нь тавиулах гээд цааш нь түлхэж байсан. Аав ээжийн гарыг мушгиад өөрлүүгээ татах үед ээж бас өөрийгөө хамгаалж цааш нь түлхэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-66/ 

          4. Аюулгүйн зэргийн үнэлгээгээр эрсдэлийн түвшин дунд гэж дүгнэсэн /хх-15/

          5. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-74-82/

          6. Гэрлэлтийн баталгааны хуулбар /хх-41/

          7. Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №11662 тоот шинжээчийн дүгнэлт: Б.Н-ын биед тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дух, баруун зүүн нүдний доод зовхи, зүүн гарт зулгаралтууд, баруун гар зүүн бугалга, баруун, зүүн өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 36/

          8. Шүүгдэгч Д.Г  гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Эхнэр Нармандах залгаад “машины түлхүүрээ авмаар байна” гэхээр нь би Эрдэнэсайханыг дагуулаад гэрээс гартал машины зогсоол дээр байсан машины хаалгыг Нармандах илүү түлхүүрээр онгойлгосон байсан. Мөн бага хүү Лувсанванчигийг дотор нь суулгаад өөрөө гадаа зогсож байхаар нь би очоод хүүгээ өвөр дээрээ аваад машин дотор суутал Нармандах машинаа авна гээд намайг хэл амаар доромжпоод байсан. тухайн үед миний уур хүрээд гарнаас нь татаад мушгисан чинь гарыгтавиулах гээд Нармандах толгой руу түлхээд сандал мөргүүлж гарыг самардсан. Би  Б.Н-ын нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90-91/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгч Д.Г нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №11662 тоот шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Д.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа-2 хороолол 1008 дугаар байрны гадна өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Н гэр бүлээс гадуурх харилцаатай болсон гэх үндэслэлээр маргалдаж заамдан авч нүүр рүү нь гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дух, баруун зүүн нүдний доод зовхи, зүүн гарт зулгаралтууд, баруун гар зүүн бугалга, баруун, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. 

Иймд шүүгдэгч Д.Г  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Г  г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн хх-93/, шүүгдэгч Д.Г  гийн хувийн байдал /...34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, ам бүл 1.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б  овогт Д   Г  г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй.    

            Харин шүүгдэгч Д.Г  гийн хувийн байдал /зэвсэгт хүчний 119 дүгээр ангид ажиллагааны ахлах офицер ажилтай, энхийг сахиулах ажиллагаанд /Судан Улс/-д 3 жилийн турш оролцсон, ажлынхаа байранд ганц биеэр амьдардаг/, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл /Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 189 дугаартай шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Өлзийтийн гудамж Буянт-Ухаа-2 хороолол 1008 дугаар байрны 29 тоот байр, 34-84 УНЯ улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг хохирогч Б.Нармандахад шилжүүлэн өгсөн мөн сар бүр хүүхдийн тэтгэмж 300.000 төгрөг төлдөг/ зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Д   Г  г ялаас чөлөөлж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.          

            Шүүгдэгч Д.Г  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б  овогт Д   Г  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б  овогт Д   Г  г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Д   Г  г ялаас чөлөөлсүгэй.       

            4. Д.Г  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

            7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Г  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР