Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 620

 

Д.Г-д холбогдох эрүүгийн

                                                                             хэргийн тухай                      

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Туяа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцлээр Д.Г-д холбогдох эрүүгийн 19100023270056 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Д.Г-, 1986 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, ам бүл 1, ял шийтгэлгүй,

            Д.Г- нь 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн үед, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа 2” хороолол 1008 дугаар байрны гадна өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Нармандахыг заамдан авч нүүр лүү нь гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дух, баруун зүүн нүдний доод зовхи, зүүн гарт зулгаралтууд, баруун гар зүүн бугалга, баруун, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж шийдвэрлэжээ.

            Дээд шатны прокурор О.Алтангэрэл тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэхийг зохицуулсан бөгөөд уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай заалт нь шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр ялаас чөлөөлөх, тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх гэсэн хуулийн зохицуулалт юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл ... эсхүл ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж...” гэж заасан байна. Гэтэл шүүхээс ял оногдуулаад, чөлөөлж байгаа нь хуулийг буруу хэрэглэж, улмаар прокуророос яллагдагчтай ял тохиролцохдоо ялаас чөлөөлөх талаар заасан хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй байдлыг бий болгож байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн.” гэжээ.

            Прокурор Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтдаа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг” буюу ерөнхий зохицуулалтыг баримталсан байгаа. ” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Д.Г-г 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн үед, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа 2” хороолол 1008 дугаар байрны гадна өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Нармандахтай автомашинаа булаацалдан маргалдаж, улмаар түүнийг заамдан авч нүүр лүү нь гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дух, баруун, зүүн нүдний доод зовхи, зүүн гарт зулгаралтууд, баруун гар зүүн бугалга, баруун, зүүн өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан тогтоож шүүгдэгч Д.Г-гийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч энэ гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлсөн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад зааснаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болов. Учир нь:

1. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулах нь учир дутагдалтай.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгасан агуулгаар ойлгох бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тодорхойлсон.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай байдаг.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Б.Нармандахын “...2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Г- рүү залгаж “Автомашины илүү түлхүүрийг авмаар байна” гэж хэлсэн. Удалгүй Г- том хүү Эрдэнэсайхантай гарч ирсэн бөгөөд “Автомашины түлхүүр өгөхгүй, энэ миний автомашин” гэж хэлээд автомашин дотор суугаад хүүхдээ өвөр дээрээ авсан. Тэгээд автомашинаа асаах гэхээр нь би хаалгыг нь онгойлгоод хөдөлгүүрийн унтраатал намайг заамдаж өөр лүүгээ татаж ойртуулаад гар мушгиж, нүүр лүү 2 удаа цохисон. Энэ үед би өөрийгөө хамгаалах гэж нүүр лүү нь түлхэж бас гараас нь татаж, гэдэс рүү нь түлхсэн. Энэ үед ганц нэг хумсны сорви болж зулгарсан байх. ...” /хх 14/,

- насанд хүрээгүй гэрч Г.Эрдэнэсайханы “...аав намайг дагуулаад гэрээс гарч ирээд ээжид “Энэ миний автомашин, чи эндээс зайл” гэж хэлээд шууд автомашиндаа суугаад асаагаад явах гэтэл ээж хаалгыг нь онгойлгоод түлхүүрийг нь авах гэсэн. Аав уурлаад ээжийн мөрнөөс нь татаж өөр лүүгээ татаад гарыг нь мушгиж, нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Энэ үед ээж өөрийгөө хамгаалах гэж аавыг түлхээд байсан. Ингээд ээж өвдгөөрөө газар тулаад унасан. ...” /хх 64-66/,

- гэрч Б.Лхагвабямбын “...Г-, Нармандах хоёр 2007 онд танилцаж нэг гэрт орсон. 2008 онд том хүү Эрдэнэсайхан, 2017 онд бага хүү Лувсанваанчиг нар мэндэлсэн. Энэ хоёр хааяа л нэг маргадаг байсан. Учиргүй зодож, дарамталж байгаагүй. Сүүлд л ингээд зодсон байна. ...” /хх 67-68/,

- шүүгдэгч Д.Г-гийн “...Нармандах “Автомашинаа авна” гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед уур хүрээд Нармандахын гараас нь татаад мушгисан чинь гарыг тавиулах гээд миний биед санамсаргүй гэмтэл учруулсан. Би Нармандахын нүүрэн тус газар нь гараараа ганц нэг удаа цохисон. Хоёр хүүхдийнхээ ээжид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хх 59-60, 91/ гэсэн мэдүүлгүүд,    

- хохирогч, шүүгдэгч тус бүрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 732 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 27-28/,

- гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн түвшин “бага” болохыг тодорхойлсон аюулын зэргийн үнэлгээ /хх 69-72/ зэрэгт дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад;

Д.Г- нь 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн үед, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа 2” хороолол 1008 дугаар байрны гадна өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Нармандахтай автомашинаа булаацалдан маргалдаж, улмаар түүнийг заамдан авч гарыг нь мушгих, нүүр лүү нь гараараа цохих зэргээр зодож  эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дух, баруун, зүүн нүдний доод зовхи, зүүн гарт зулгаралтууд, баруун гар зүүн бугалга, баруун, зүүн өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Харин Д.Г- нь гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг далимдуулан эхнэр Б.Нармандахыг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд халдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Энэ талаарх нотлох баримт хэрэгт цуглараагүй болно.

Өөрөөр хэлбэл, хохирогчийг байнга зодож, дарамталсан, хүчээр давамгайлж байсан гэх шинжгүй, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн түвшин бага, гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч буй хоёр хүний хоорондын таарамжгүй харьцаанаас улбаатай ахуйн суурьтай маргааны улмаас хэн аль нь хөнгөн зэргийн гэмтэл авсан байх тул Д.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж хүндрүүлэн үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж … болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Д.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэв.

2. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;”-ийг энэ зүйл, хэсэг, заалтад заасан шаардлагыг хангасан шүүгдэгчид хорих ялыг хөнгөрүүлэх, хорихоос өөр бусад төрлийн ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах байдлаар хэрэглэдэг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-гийн анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн /зэвсэгт хүчний 119 дүгээр ангид ажиллагааны ахлах офицер ажилтай, энхийг сахиулах ажиллагаанд 3 жилийн турш оролцсон, ажлынхаа байранд ганц биеэр амьдардаг/ зэрэг хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл /Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 189 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, хамтран өмчлөх дундын хөрөнгийг Б.Нармандахад шилжүүлж өгсөн, сар бүр хүүхдийн тэтгэмж төлөх болсон/, хохирогч Б.Нармандахаас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсноо илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, ялаас чөлөөлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Гэвч ийнхүү шийдвэрлэхдээ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсны дараа ялаас чөлөөлсөн, ялаас чөлөөлөхдөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу ерөнхий зохицуулалт баримталсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

            Түүнчлэн хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 39/-аар Д.Г- нь 1986 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн болох нь тогтоогдсон байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэг, шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт төрсөн огноог “1986 оны 10 дугаар сарын 10-ны өдөр” гэж буруу тэмдэглэж хайнга, хариуцлагагүй алдаа гаргасныг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хан-Уул дүүргийн прокурорын газраас Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г-г ялаас чөлөөлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.ЗОРИГ

                         ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

                         ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН