Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 0031

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Ц.Ариунтуяа, хохирогч П.О, түүний өмгөөлөгч О.Аззаяа, шүүгдэгч Ш.М, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д овгийн Ш.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02966 1070 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д овогт Ш.М, Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, боловсролгүй, мэргэжилгүй, “MGL aqua” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл гурав, Төв аймгийн Эрдэнэсант сум, 5 дугаар баг, Улаанхудагийн 3-14 дүгээр байрны *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаагийн 15 дугаар гудамжны ***тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд:

   - Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял шийтгүүлж, 2008 оны 11 дүгээр 14-ний өдөр суллагдсан,

   - Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, Хэнтий аймгийн сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д овгийн Ш.М нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт “иргэн М гэгчтэй маргалдахад дундуур нь орж салгалаа” гэсэн шалтгааны улмаас иргэн П.О-г нүүр хэсэг рүү нь тоосгоор нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “баруун хацарт зулгаралт, дээд уруул, уруулын дотор салстад шарх, зулгаралт, доод уруулд зулгаралт, дотор салстад шарх, 1 шүдний сулрал, 1 шүдний эмтрэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Д овгийн Ш.М нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт “иргэн М гэгчтэй маргалдахад дундуур нь орж салгалаа” гэсэн шалтгааны улмаас иргэн П.О-г нүүр хэсэг рүү нь тоосгоор нэг удаа цохиж, бие махбодод нь “...баруун хацарт зулгаралт, дээд уруул, уруулын дотор салстад шарх, зулгаралт, доод уруулд зулгаралт, дотор салстад шарх, 1 шүдний сулрал, 1 шүдний эмтрэл...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ш.М-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлэг өгсөн бөгөөд яллах дүгнэлтэд үнэн зөв тусгагдсан байх тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтэд тусгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч П.О-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр манай байгууллага зугаалганд явсан юм. Тэгээд зугаалганаас тараад орой нь ирэхдээ Мөнхбаатарыг би хүнтэй маргалдаж байхаар нь салгасан чинь М намайг цохичихсон юм. Би 300,000 төгрөгийн хохирол бэлнээр хүлээн авсан. М нь үлдэгдэл 3,839,330 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар бид хоёр харилцан тохиролцсон...” гэв.

3. Хохирогч П.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ... манай ажлын М гэдэг залуу М гэдэг залуутай маргалдаад байхаар нь би дундуур нь орж салгах гэсэн чинь М миний нүүр лүү нэг удаа тоосгоор цохих шиг болсон. Тэгсэн чинь миний уруулаас цус гарчихсан байсан. Тэгээд манай ажлын залуу А намайг гэрт хүргэж өгөөд явсан. Маргааш нь би гэртээ байж байхад М манай гэрт ирээд надад эм тариа авч ирж өгөхөөр нь би “өчигдөр чи намайг цохиод миний уруулыг ийм болгочихлоо” гэсэн чинь “би чамайг гэж мэдээгүй, намайг зодох гээд ирсэн юм байна гэж бодоод л цохьчихсон юм” гэж байсан. Миний дээд, доод уруул гэмтэж 6 оёдол тавиулан дотор талын 2 шүд гэмтсэн. Нэг нь булгарч, нөгөө нь эмтэрсэн байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхэд нэг шүд нь эмтэрсэн, нөгөө нь унаагүй буйлан дээрээ тогтсон байсан. Үзүүлсэний маргааш орой нь хоол идэж байсан чинь уначихсан юм. Манай ажлын М гэдэг залуутай маргалдаж байхад нь би дундуур нь орж салгасан чинь намайг цохиод авсан. Би архи уучихсан байсан гэхдээ эрүүл ухаантай байсан. Шүдээ үзүүлсэн чинь шүд суулгахад 1,800,000 төгрөг болно гэсэн. Эхлээд уруулынхаа хавдрыг буулгаж зургийг нь авч байгаад эмчилгээ хийлгэнэ гэж хэлж байсан. Шүдээ бүрэн гүйцэд эмчлүүлмээр байна..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 7дугаар хуудас),

- ...Эмнэлэгт үзүүлсэн чинь унасан гэх шүдийг шинээр хийлгэхэд 2,000,000 төгрөг болно, харин хугарсан гэх шүдийг засах боломжгүй авч байж шинээр дахиж шүд хийлгэнэ гэж байсан. Тэр шүд нь бас 200,000 төгрөг болно гэсэн. Мөнгөгүй болохоор шүдээ бүрэн эмчлүүлж чадахгүй яваад байна. Хоёр шүдээ янзлуулж авмаар байна. Нийт 4,000,000 төгрөг нэхэмжилж байна. Надад одоогоор 4,000,000 төгрөгийн баримт байхгүй. Шүдний эмнэлэгт үзүүлэхэд наад захын ханш нь гэж надад хэлсэн. Би шүүх хуралд сууна. Миний хохирлыг барагдуулаад өгчихвөл гомдол байхгүй..." гэж дахин өгсөн мэдүүлэг (хх-ийн 9 дүгээр хуудас);

5. Гэрч А-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вояажийн үйлдвэрийн гадна ирээд автобуснаас буугаад замын хажууд урд талд тамхи татаад зогсож байхад М, О хоёр хоорондоо маргалдаад байна гэхээр нь би очиж хоёр тийш нь салгаад явж байсан чинь О намайг М цохичихлоо гэж хэлэхээр нь яваад очсон чинь О-гийн амнаас нь цус гарч байсан. Тэгэхээр нь би цусыг нь тогтоож байгаад гэрт нь хүргэж өгөөд гэр рүүгээ явсан. М-ыг О рүү чулуу шидэж байхыг хараагүй, салгаад буцаад явж байхад араас О намайг цохичихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаж очсон чинь амнаас нь цус гарж байсан. Юунаас болж маргалдсаныг нь би мэдэхгүй, юугаар цохисныг нь ч мэдэхгүй байна….Намайг очиход М, О хоёр маргалдаж байсан...О-гийн уруул нь хавдсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй. М, О хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ямар нэгэн зүйл гартаа барьсан байсныг нь анзаарч хараагүй. М нь ажилдаа сайн ямар нэгэн илүү дутуу зангүй, архи дарс хэрэглэхээрээ ямар нэгэн ааш авир гаргаад байдаггүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 дугаар хуудас);

6. Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вояажийн үйлдвэрийн гадаа ирээд автобуснаас буугаад М-тай хальт таараад өнгөрснөө санаж байна. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор зарим нэг зүйлээ сайн санахгүй байна. Маргааш нь ажлынхантайгаа уулзсан чинь М О-г зодсон гэж байсан. М бид хоёр хоорондоо зодолдож маргалдсан зүйл байхгүй надтай маргалдах гээд байхаар нь би явчихсан. М, О хоёрыг хоорондоо зодолдсоныг би хараагүй сүүлд нь сонссон юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15 дугаар хуудас);

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг, шинжилгээний газрын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6694 дугаартай: “... П.О-гийн биед баруун хацарт зулгаралт, дээд уруул, уруулын дотор салстад шарх, зулгаралт, доод уруулд зулгаралт, дотор салстад шарх, 1 шүдний сулрал, 1 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 21 дугаар хуудас);

8. Дүгнэлт гаргасан шинжээч П.Н-ийн “...Хохирогч шүүх эмнэлэгт үзүүлэх үед хохирогчийн баруун дээд нэгдүгээр шүд эмтэрсэн, нэг шүд суларсан байсан байна. Намайг үзэхэд унасан шүд байгаагүй. Харин хоол идэж байгаад суларсан шүд унах боломжтой...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 87 дугаар хуудас);

9. Шүүгдэгч Ш.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 52 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 35 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 37-48 дугаар хуудас);

10. Шүүгдэгч Ш.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр манай ажлын залуу О бид хоёрын дундуур орж ирээд та хоёр боль гэхээр нь би О-г цаашаа байж бай гэсэн чинь цаашаа явахгүй дахиад дундуур орж ирээд байсан. Тэгэхээр нь би газраас чулуу аваад О рүү шидсэн чинь нүүрийг нь оночихсон юм. Би О-г цаашаа байж бай Мөнхөө бид хоёр учраа олчихно гэсэн чинь дундуур орж ирээд уур хүргээд байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 33-34 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.О-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Ш.М-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч П.Оргилсүрэнгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ш.М-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Гэмт хэргийн хор уршиг”-ийн талаар заасан бөгөөд тус зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мөнхбаатарын үйлдлээс хохирогч П.О-гийн биед учирсан хохирол нь “...нэг шүдний сулрал, нэг шүдний эмтрэл...” гэсэн хөнгөн хохирол, тус хохирлоос үүсэн үр дагавар нь “...суларсан нэг шүдний булгарал...” гэсэн хор уршиг болох нь хохирогч П.О-гийн мэдүүлэг (хх-ийн 7, 9, 86), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6694 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 21), дүгнэлт гаргасан шинжээч П.Н-ийн “...Хохирогч шүүх эмнэлэгт үзүүлэх үед хохирогчийн баруун дээд нэгдүгээр шүд эмтэрсэн, нэг шүд суларсан байсан байна. Намайг үзэхэд унасан шүд байгаагүй. Харин хоол идэж байгаад суларсан шүд унах боломжтой...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 87) зэргээр нотлогдсон байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг нэг шүд булгарсан нөхцөл байдлаар нь тодорхойлов.

Шүүгдэгч Ш.М нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд 300,000 төгрөг төлсөн байх ба үлдэгдэл 3,839,330 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, мөн энэ төлбөрийн талаар хэрэгт хангалттай баримт авагдаагүй байх тул төлбөрийн асуудлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэхгүй орхиж, хэрэв шүүгдэгч Ш.М тохиролцсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол хохирогч П.О нь үлдэгдэл төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ш.М-ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд заасны дагуу 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгч хохирогчид нийт 300,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 3,839,330 төгрөгийг төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн байна. Иймд хохирогч нь дээрх үнийн дүнг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.М нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч М-ын хувьд урьд 2 удаа ял шийтгүүлж байсан хэдий ч сүүлийн 6 жилийн хугацаанд тохитой томоотой байж, тогтвортой ажил хөдөлмөр эрхэлж ирсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлоос хохирогчид 300,000 төгрөг төлсөн. Мөн хохирогчийн мэдүүлгээс харахад хохирогчийг эмнэлэгт байх хугацаанд нь эргэж, ойр зуурын эд зүйлийг дөхүүлж өгдөг байжээ. Тэгээд цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү. Миний үйлчлүүлэгч бүтэн цагийн ажил эрхэлдэг бөгөөд сард 610,000 төгрөгийн цалин авдаг боловч 300,000 төгрөгийг зээлдээ төлдөг. Иймд 450,000 төгрөгийн торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож өгнө үү...” гэв.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, орлогод нийцүүлэн таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Д овгийн Ш.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-т оногдуулсан торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Ш.М-т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.М нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчид 300,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 3,839,330 (гурван сая найман зуун гучин ес гурван зуун гуч) төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч П.О нь үлдэгдэл хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ш.М-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА