Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1064

 

 

 

 

 

 

 

 

Ш.Мт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Ш.М, түүний өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулж,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 1979 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Ариунтуяагийн бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ш.М холбогдох эрүүгийн 1908029661070 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, 1986 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, боловсролгүй, мэргэжилгүй, "МGL aqua" ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 3, эхнэр, эхийн хамт Төв аймаг, Эрдэнэсант сумын 5 дугаар баг, Улаанхудагийн 3-14 дүгээр байрны 62 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-Лаагийн 15 дугаар гудамжны 15 тоотод оршин суудаг гэх, /РД: /,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял шийтгүүлж, цагдан хоригдсон 121 хоногийг ял эдэлсэн хугацаанд тооцож, 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр суллагдсан,

Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, Хэнтий аймгийн Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 157 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 3 хоногийн өмнө буюу хугацааны өмнө суллагдсан;

 

Ш.М нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт "иргэн Мөнх-Эрдэнэ гэгчтэй маргалдахад дундуур нь орж салгалаа" гэсэн шалтгааны улмаас иргэн П.Оргилсүрэнгийн нүүр хэсэг рүү нь тоосгоор нэг удаа цохиж эрүүл мэндэд нь "баруун хацарт зулгаралт, дээд уруул, уруулын дотор салстад шарх, зулгаралт, доод уруулд зулгаралт, дотор салстад шарх, 1 шүдний сулрал, 1 шүдний эмтрэл" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ш.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...хэрэгт авагдсан шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд П.Оргилсүрэнгийн биед баруун хацарт зулгаралт, дээд уруул, уруулын дотор салстад шарх, зулгаралт, доод уруулд зулгаралт, дотор салстад шарх, 1 шүдний сулрал, 1 шүдний эмтрэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон гэжээ.

Харин шүүх хуралдаанд хохирогч П.Оргилсүрэн гэмтлийн улмаас суларсан шүд маань хоол идэж байх үед мултарч унасан хэмээн мэдүүлж, унасан шүднийхээ ормыг оролцогч нарт харуулж, мөн эрүүний ясанд суулгадаг хиймэл шүдний үнэ болох 4.000.000 төгрөгийг нэхэмжилсэн.

Түүнчлэн, хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан хохирогчоос дахин авсан мэдүүлгийн тэмдэглэлд П.Оргилсүрэн суларсан шүд нь унасан талаар мэдүүлсэн байх боловч мөрдөгч энэ талаар тодорхой ажиллагаа явуулаагүй, мөн прокурор яллах дүгнэлтдээ хохирогчийн 1 шүд суларсан хэмээн эрүүл мэндийн хохирлын шинж чанар, хэр хэмжээг эргэлзээ бүхий тодорхойлсон байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл шүүх хуралдаанаар хэргийн үйл баримт буюу нөхцөл байдлыг бодитой тогтоох бололцоогүй, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол,  хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг гэмт үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг дүгнэх боломжгүй боллоо.

Тодруулбал, хохирогчийн нэг шүд нь суларсан, эсхүл булгарсан эсэх нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй гэж шинжээч мэдүүлсэн боловч шүүхийн мэтгэлцээнээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг тогтоохдоо 1 шүд суларсан гэж дүгнэх үү, эсхүл 1 шүд булгарсан гэж үзэх үү гэдэг нь тодорхойгүй хэвээр үлдлээ.

Хэрэв шүүх хохирогчийн тухайн шүдийг гэмт хэргийн улмаас суларсан гэж үзвэл хохирогчид шүд бэхжүүлэх эмчилгээтэй холбоотой зардлаа нэхэмжлэх эрх үүснэ, харин тэр шүдийг гэмт хэргийн улмаас булгарсан гэж үзвэл хохирогч нь хиймэл шүд хийлгэхэд гарах зардлаа нэхэмжлэх эрхтэй болно.

Нөгөөтэйгүүр, шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо суларсан шүдийг булгарсан гэж үзвэл хэргийн нөхцөл байдлыг хүндрүүлсэн болох, харин булгарсан шүдийг суларсан гэж үзвэл хохирогчийн хохирлоо нөхөн төлүүлэх эрхийг эргэлзээ бүхий хязгаарласан болох хоёр талт хууль зүйн үр дагавар байгааг тэмдэглэх нь зүйн хэрэг.

Иймд шүүхээс мөрдөгч, прокурорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бодитой тогтоох үүргээ биелүүлээгүй буюу нотолбол зохих байдлыг бүрэн нотлолгүйгээр хэргийг шүүхэд ирүүлсэн гэж дүгнэлээ.

Хоёрдугаарт, мөрдөгч, прокурор нь хэргийн талаар нотолбол зохих байдал болох гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоох, зөрчил гаргасан хуулийн этгээдэд хариуцлага тооцох, тооцуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад "гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл"-ийг заавал тогтоохоор хуульчилсан бөгөөд мөн хуулийн 29.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоомогц мөрдөгч, прокурор нь зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авахуулахаар мэдэгдэл бичиж, хуулбарыг хэрэгт нь хавсаргана" хэмээн үүрэг болгон хуульчилжээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл "Эм Жи Эл Акуа" ХХК гэх хуулийн этгээд нь ажилтнуудаа амралтад авч явсан бөгөөд буцаад ажил дээрээ авчирсны дараа согтуурсан ажилтнуудын хооронд маргаан үүсэж, улмаар ажлын байран дээр гэмт хэрэг гарсан байж болзошгүй байхад прокурор энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй, прокурорын хяналтыг бүрэн хэрэгжүүлээгүй байгааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийн талаар прокурор доор дурдсан асуудлыг хянах үүрэгтэй" гээд, уг хэсгийн 1.9 дэх заалтад "Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тодруулж чадсан эсэх, түүнийг арилгах талаар арга хэмжээ авсан эсэх" хэмээн прокурорын хяналтын талаар үүрэг болгон хуульчилсан байх тул прокурор яллах дүгнэлт үйлдэхээсээ өмнө хянавал зохих асуудлаа бүрэн хянаагүй буюу цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ аваагүй гэж үзнэ...” гэж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Ариунтуяа бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс Ш.Мт холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дараах үндэслэлээр эсэргүүцэл бичив. Үүнд:

1. Шүүгчийн захирамжид "...хэрэгт авагдсан шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд П.Оргилсүрэнгийн биед баруун хацарт зулгаралт, дээд уруулын дотор салстад шарх, зулгаралт, доод уруулд зулгаралт, дотор салстад шарх, 1 шүдний сулрал, 1 шүдний эмтрэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон гэжээ.

Харин шүүх хуралдаанд хохирогч П.Оргилсүрэн гэмтлийн улмаас суларсан шүд маань хоол идэж байх үед мултарч унасан хэмээн мэдүүлж, унасан шүднийхээ ормыг оролцогч нарт харуулж, мөн эрүүний ясанд суулгадаг хиймэл шүдний үнэ болох 4.000.000 төгрөгийг нэхэмжилсэн.

Түүнчлэн, хавтас хэргийн 9 дүгээр хуудсанд хохирогчоос дахин авсан мэдүүлгийн тэмдэглэлд П.Оргилсүрэн суларсан шүд нь унасан талаар мэдүүлсэн байх боловч мөрдөгч энэ талаар тодорхой ажиллагаа явуулаагүй, мөн прокурор яллах дүгнэлтээ хохирогчийн нэг шүд суларсан хэмээн эрүүл мэндийн хохирлын шинж чанар, хэр хэмжээг эргэлзээ бүхий тодорхойлсон байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл шүүх хуралдаанаар хэргийн үйл баримт буюу нөхцөл байдлыг тогтоох бололцоогүй, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг гэмт үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг дүгнэх боломжгүй боллоо.

Тодруулбал хохирогчийн нэг шүд суларсан, эсхүл булгарсан эсэх нь гэмтлийн зэрэгт шинжээч нөлөөлөхгүй гэж мэдүүлсэн боловч шүүхийн мэтгэлцээнээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг тогтоохдоо 1 шүд суларсан гэж дүгнэх үү эсхүл 1 шүд булгарсан гэж үзэх үү гэдэг нь тодорхойгүй хэвээр үлдлээ.

Хэрэв шүүх хохирогчийн тухайн шүдийг гэмт хэргийн улмаас суларсан гэж үзвэл хохирогчид шүд бэхжүүлэх эмчилгээтэй холбоотой зардлаа нэхэмжлэх эрх үүснэ харин тэр шүдийг гэмт хэргийн улмаас булгарсан гэж үзвэл хохирогч хиймэл шүд хийлгэхэд гарах зардлаа нэхэмжлэх эрхтэй болно.

Нөгөөтэйгүүр шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо суларсан шүдийг булгарсан гэж үзвэл хэргийн нөхцөл байдлыг хүндрүүлсэн болох, харин булгарсан шүдийг суларсан гэж үзвэл хохирогчийн хохирлоо нөхөн төлүүлэх эрхийг эргэлзээ бүхий хязгаарласан болох хоёр талт хууль зүйн үр дагавар байгааг тэмдэглэх нь зүйтэй хэрэг.

Иймд шүүхээс мөрдөгч, прокурорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор   уршгийн шинж чанар хэр хэмжээг бодитой тогтоох үүргээ биелүүлээгүй буюу нотолбол зохих байдлыг бүрэн нотлолгүйгээр хэргийг шүүхэд ирүүлжээ гэж дүгнэлээ..." гэжээ.

Гэвч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 6694 дугаартай "...П.Оргилсүрэнгийн биед баруун хацарт зулгаралт, дээд уруул, уруулын дотор салстад шарх, зулгаралт, доод уруулд зулгаралт, дотор салстад шарх, 1 шүдний сулрал, 1 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн шинжээчийн дүгнэлтээр,

мөн шинжээч эмч Т.Номинцэцэг шүүх хуралдаанд “...хохирогч шүүх эмнэлэгт үзүүлэх үед түүний баруун дээд нэгдүгээр шүд суларсан, эмтэрсэн, нэг шүд суларсан байсан байна. Намайг үзэхэд унасан шүд байгаагүй. Харин хоол идэж байх үед суларсан шүд унах боломжтой. ...Суларсан шүд нь хувь хүнийхээ онцлогоос хамаарч буцаж бэхжих боломжтой эсхүл боломжгүй байдаг. Гэхдээ үүнийг одоо ялгах боломжгүй. Суларсан шүд нь унаснаараа гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Суларсан шүд нь эмчилгээ хийлгэсэн зарим тохиолдолд эдгэрэх боломжтой байж болно. Хувь хүнийхээ онцлогоос хамаарч шүд бэхжих боломжтой байж болдог. Гэхдээ үүнийг нарийн мэргэжлийн эмч хэлнэ. Хохирогчийн шүд нь ёзоор хэсгээрээ суларсан байсан. Хэр зэрэг суларсан эсэх талаар тодорхойлох боломжгүй. Суларсан шүд унах эсэх нь эмчилгээнээс шалтгаална..." гэсэн мэдүүлгээс дүгнэхэд суларсан, унасан болох нь тогтоогдсон байх ба энэ нь хохирогч нүүр хэсэг рүүгээ нэг удаа цохиулсны улмаас шүд нь суларч улмаар унасан болох шалтгаант холбоо хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлиин 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан "гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ" буюу нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон.

Шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй тусгай мэдлэгийн хүрээний шинжээч эмчийн мэдлэгээс хальсан дүгнэлт хийж байна гэж үзэж байна.

2. Шүүгчийн захирамжид ....Хоёрдугаарт, мөрдөгч, прокурор нь хэргийн талаар нотолбол зохих байдал болох гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоох, зөрчил гаргасан хуулийн этгээдэд хариуцлага тооцуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад "гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл"-ийг заавал тогтоолгохоор хуульчилсан бөгөөд мөн хуулийн 29.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоомогц мөрдөгч, зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авахуулахаар мэдэгдэл бичиж хуулбарыг хэрэгт нь хавсаргана" хэмээн үүрэг болгон хуульчилжээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл "Эм Жи Эл Акуа" ХХК гэх хуулийн этгээд нь ажилтнуудаа амралтанд авч явсан бөгөөд буцаад ажил дээрээ авчирсны дараа согтуурсан ажилтнуудын хооронд маргаан үүсэж, улмаар ажлын байран дээр гэмт хэрэг гарсан байж болзошгүй байхад прокурор энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй, прокурорын хяналтыг бүрэн хэрэгжүүлээгүй байгааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийн талаар прокурор дор дурдсан асуудлыг хянах үүрэгтэй" гээд, уг хэсгийн 1.9 дэх заалтад "гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тодруулж чадсан эсэх, түүнийг арилгах талаар арга хэмжээ авсан эсэх" хэмээн прокурорын хяналтын талаар үүрэг болгон хуульчилсан байх тул прокурор яллах дүгнэлт үйлдэхээсээ өмнө хянавал зохих асуудлаа бүрэн хянаагүй буюу цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ аваагүй гэж үзнэ..." гэжээ.

Иргэд хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас тухайн гэмт хэрэг гарсныг тогтоосон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад "гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл"-ийг нотолсон,

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлд прокурорын үүргийг тодорхой зааж өгсөн ба эрүүгийн хэрэг бүрт заавал мэдэгдэл бичих талаар үүрэгжүүлсэн заалт байхгүй бөгөөд энэ асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдалд хамаарахгүй бөгөөд шүүхээс хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй билээ.

Иймд Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 1979 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Ш.Мын зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрт одоогоор 300.000 төгрөг төлсөн. Ер нь цаашид хохирлын 4.000.000 төгрөгийг төлнө гэдгээ илэрхийлсэн...” гэв.

 

Шүүгдэгч Ш.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хэлэх тайлбар байхгүй...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Гэмт хэргийн хохирол, хор уршиг” -ийн талаар заасан бөгөөд тус зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Мын үйлдлээс хохирогч П.Оргилсүрэнгийн биед учирсан хохирол нь “...баруун хацарт зулгаралт, дээд уруул, уруулын дотор салстад шарх, зулгаралт, доод уруулд зулгаралт, дотор салстад шарх, зулгаралт, доод уруулд зулгаралт, дотор салстад шарх, 1 шүдний сулрал, 1 шүдний гэмтэл...” гэсэн хөнгөн хохирол, тус хохирлоос үүссэн үр дагавар нь “...суларсан 1 шүдний булгарал...” гэсэн хор уршиг болох нь хохирогч П.Оргилсүрэнгийн мэдүүлэг /хх 7, 9, 86/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний 6694 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 21/, шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч П.Номинцэцэгийн “...Хохирогч шүүх эмнэлэгт үзүүлэх үед хохирогчийн баруун дээд нэгдүгээр шүд эмтэрсэн, нэг шүд суларсан байсан байна. Намайг үзэхэд унасан шүд байгаагүй. Харин хоол идэж байгаад суларсан шүд унах боломжтой...” /хх 87/ мэдүүлэг зэргээр нотлогдсон байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг тогтоолгох үндэслэлээр шүүхээс хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах шаардлагагүй байна.

                                                                  

            Мөн ажлын байран дээр гэмт хэрэг гарсан байж болзошгүй нөхцөл байдалд дүгнэлт хийж, түүний арилгах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокурорын хяналтын чиг үүргээ прокурор бүрэн хэрэгжүүлээгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх хэдий ч тус үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах хууль зүйн үндэслэлгүй. 

            Иймд Ш.Мт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагагүй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд 1908029661070 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 1979 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ш.Мт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

             ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН

 

             ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ