Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2021/0363

 

 

 

 

 

 

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, гуравдагч этгээд Т, түүний өмгөөлөгч Ю нарыг оролцуулан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Борнуур сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.6 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/147 дугаар захирамжийг хүчингүй болгож, үлдэх хэсэг болох Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/130 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан үнэлэлт дүгнэлт өгч, хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд:

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч нь жил бүр газар эзэмших гэрээг сумын газрын даамалтай шинэчлэн байгуулж, дүгнүүлж байгаагүй байна. Энэ нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзол болох гэрээгээ жил бүр дүгнүүлж, шинэчлэн байгуулах үүргээ 2014 оноос хойш биелүүлээгүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлд хамаарч байна” гэж дүгнэсэн байдаг.

Гэтэл газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д гэрээний биелэлтийг талууд дүгнэхээр зохицуулж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь гэрээний нөхцөл, болзол биш бөгөөд гэрээний үүрэг хэрхэн биелэгдсэнийг дүгнэх зохицуулалт юм.

Шүүх гэрээний нөхцөл болзол болон гэрээний үүргийг хооронд нь хольж хутгаж, хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн. Мөн энэхүү гэрээг дүгнэх асуудал нь дан ганц газар эзэмшигчид хамааралтай зохицуулалт биш бөгөөд гэрээний нөгөө тал болох Засаг даргад хамааралтай зохицуулалт юм.

Ийм байхад шүүх хууль тогтоомжид заасан ажил үүргээ биелүүлээгүй байгаа Засаг даргыг хамгаалж, зөвхөн газар эзэмшигчийг буруутган хуулийг хэрэглэсэн.

Ингэж хэрэглэхдээ газар эзэмшигчийг жил бүр гэрээгээ дүгнүүлээгүй, гэрээгээ шинэчлэн байгуулаагүй гэж хэт нэг талыг барьж, гэрээг байнга шинэчлэн байгуулах мэтээр буруу ойлгож буруутгахдаа гэрээ дүгнүүлээгүй асуудлыг гэрээний нөхцөл, болзлыг зөрчсөн гэж хуулийг илтэд буруугаар тайлбарлан хариуцагчид ашигтайгаар хэрэглэлээ.

Шүүх хэт нэг талыг баримтлан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж үнэлж, дүгнэж, хэргийг хянан шийдвэрлээгүй, хуульд заасны дагуу нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй тухайд:

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт үүнээс хойш тариалалтын мэдээ өгөөгүй, газрын гэрээгээ байгуулж дүгнүүлээгүй, 2016 оноос хойших татварын тайлангуудаас үзвэл газарт үйл ажиллагаа явуулж байсан гэх орлого зарлагын бичилт байхгүй, “0” тайлантай, нэхэмжлэгчээс газраа ашиглаж байсан эсэх талаар баримтыг гаргаж өгөөгүй, газар эзэмших ашиглах гэрээг дүгнэсэн дүгнэлт зэргээс үзвэл газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй” гэсэн байдаг.

Шүүх газар эзэмшигч нь бодитоор газраа эзэмшиж ашиглаж байсан эсэхийг тогтоох гэхээс илүүтэйгээр зөвхөн газар эзэмшигчийг буруутгах зорилгоор нотлох баримтуудыг үнэлж дүгнэсэн.

Тухайлбал, гэрээ дүгнэх асуудал нь гэрээний бүхий л талд хамааралтай байхад зөвхөн газар эзэмшигчийг буруутган, хууль тогтоомжид заасан ажил үүргээ биелүүлээгүй байгаа Засаг даргыг зөвтгөсөн хандлагатай дүгнэлт өгсөн, мөн газар эзэмшигчийн газрыг хууль бусаар хүчингүй болгон булаан авахын тулд газар эзэмшигчийг оролцуулаагүй газар эзэмших гэрээг дүгнэсэн гэх хариуцагч талын бүрдүүлэн гаргаж өгсөн баримтыг шууд үндэслэлгүйгээр зөвтгөж дүгнэсэн, “Ш” ХХК нь тухайн газартаа үйл ажиллагаа явуулж байсан болох нь татварын тайлангаас тодорхой харагдаж байхад “0” тайлан өгч байсан гэж нотлох баримтыг илтэд эсрэгээр нь тайлбарлан хэрэглэсэн нь хууль бус байна.

Мөн Борнуур сумын Засаг дарга нь газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг нотолсны үндсэн дээр захиргааны акт гаргах ёстой болохоос захиргааны акт гаргачхаад түүнийг нотлох нь захиргааны акт бодитой, үндэслэл бүхий байх заалтыг ноцтой зөрчсөн.

Шүүх энэ талаар холбогдох нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй атлаа энэхүү нөхцөл байдлыг нэхэмжлэгч үгүйсгэх үгүйсгэлээ нотлоогүй гэж үзсэн нь хэт нэг талыг барьж нотлох баримт дээр үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Газар эзэмшигч нь газраа эзэмшиж ашиглаж байсан тухайд:

“Ш” ХХК нь өөрийн эзэмшил газраа тасралтгүй жил болгон зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж байсан бөгөөд 2019 онд Дархан-Улаанбаатар чиглэлийн автозам засварт орсонтой холбоотойгоор зөвхөн тухайн жил хог ургамлыг нь цэвэрлэх зорилгоор тариалан эрхлээгүй болно.

Харин 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн нь ор үндэслэлгүй зүйл юм. Манай компанийн хувьд гэрээний нөхцөл болзлыг биелүүлж, газрын төлбөр мөнгийг цаг тухайд нь төлж байсан бөгөөд газар дээрээ үйл ажиллагаа явуулж байсан болох нь татварын тайлан, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн зураг, тариалалт эрхлэхээр газраа хагалсан байдал, эзэмшил газраа тойруулан хашаа татсан байдал гэх мэтээр тодорхой нотлогддог.

Гэтэл Борнуур сумын Засаг дарга нь манай шударгаар олж авч, эзэмшиж ашиглаж байсан газрыг хууль бусаар булаан авч бусдад өгөхийн тулд түүнийг хүчингүй болгож болох бүхий л үндэслэлийг гаргаж тавьсан байдаг бөгөөд эдгээр нь баримтаар нотлогддоггүй юм.

Тухайлбал, Засаг дарга нь газар эзэмшигчийг газраа бодитоор ашиглаагүй байна гэдгийг нотлоогүй, нотолж чадахгүй байгаагаас харахад тухайн захиргааны акт бодитой, үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байхад шүүх үүнийг анхаарч үзсэнгүй.

Хариуцагч нь бусдын эзэмшил газрыг хүчээр шахуу булаан авч бусдад эзэмшүүлэхийн тулд газар эзэмших эрхийг хүчээр шахуу хүчингүй болгосон нь дараах баримтуудаас маш тодорхой байдаг. Үүнд:

Борнуур сумын Засаг дарга нь 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр А/130 дугаар захирамж гарган манай компанийн эзэмшил газрын гэрчилгээг хууль бусаар хүчингүй болгосон атлаа арван хоногийн дараа буюу 2020 оны 05 дугаар 22-ны өдөр А/147 дугаар захирамж гарган манай эзэмшил газрыг “Б” ХК-д эзэмшүүлэхээр болсон.

Борнуур сумын Засаг дарга нь “маргаан бүхий газрыг “Б” ХК-д эзэмшүүлэхдээ ял эдэлж байсан иргэн С.С, Р.Б нарыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газраа эзэмшиж чадаагүй тул “Д” ХК-д холбогдох газар эзэмших эрхийг сэргээх тухай Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1703 тоот албан бичгийг хууль бусаар ашиглаж сэргээсэн, мөн яг энэхүү үндэслэлээр “Б” ХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн Борнуур сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/343 дугаар захирамжийг хууль бус байна гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4/133 дугаар захирамж хүчин төгөлдөр хэвээр байсаар байхад дахин сэргээсэн байгаа зэргээс харахад манай эзэмшил газрыг ямар нэгэн байдлаар хүчингүй болгох замаар булаан авах гэсэн болох нь тодорхой байгаа юм.

Дээрх нөхцөл байдлаас харахад Борнуур сумын Засаг дарга нь “Б” ХК-ийн захиралтай /одоо энэ хүн нь Борнуур сумын иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа болно/ эртнээс хуйвалдан манай эзэмшил газрыг авахаар санаархаж байсан болох нь илтэд тодорхой байсан бөгөөд үүнийгээ биелүүлэхийн тулд албан тушаалын байдлаа хууль бусаар ашиглан манай компаниас хандив, тусламж өгөх ёстой байсан мэт шаардлага тавьж, өгөхгүй болохоор нь газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх холбогдох шаардлагатай нотлох баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлээгүй, мөн хуулийг илтэд буруугаар тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Ш” ХХК-аас Төв аймгийн Борнуур сумын Засаг даргад холбогдуулан “...Борнуур сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/130 дугаар захирамж, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” А/147 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, А/130 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/130 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 40.1.7, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6, 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн “Ш” ХХК-д олгосон 0201965 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, сумын Засаг даргын 2010 оны 41 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн бөгөөд “Ш” ХХК-аас дээрх захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...манай компани гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчиж байгаагүй, газраа зориулалтын дагуу, чанар байдлыг алдагдуулалгүй ашиглаж, газрын төлбөрийг цаг тухайд нь төлж байсан ... Дархан-Улаанбаатар чиглэлийн автозам засварт орсонтой холбоотойгоор зөвхөн тухайн жил хог ургамлыг цэвэрлэх зорилгоор тариалан эрхлээгүй ... жил бүр санхүү, татварын тайлангаа холбогдох газарт өгч байсан ...” гэж тайлбарлан маргажээ.

Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/133 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын 2013 оны 01/210 дугаар газрын эрх сэргээх мэдэгдлийг хэрэгжүүлэх зорилгоор нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээж, анх олгосон сумын Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 41 дүгээр захирамжийг хүчинтэйд тооцсон байх бөгөөд уг үйл баримттай талууд маргаагүй байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т “Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно” гэж зааснаас үзвэл “газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэх хугацаа” нь газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн тоологдохоор байна.

Энэ тохиолдлын тухайд “Ш” ХХК газар эзэмших гэрээ байгуулаагүй бөгөөд харин газар эзэмших эрх 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр сэргэсэн байх тул уг газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглахыг шаардсан хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дуусахаар байжээ.

Гэвч нэхэмжлэгч “Ш” ХХК газар эзэмших эрх сэргээснээс хойш Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн маргаан бүхий А/130 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэлх 6 жил гаруй хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар, сумын Хөдөө, аж ахуйн тасгийн агрономич Д.А-ын тодорхойлолт, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэсэн 90 дүгээр дүгнэлт,2016-2020 онуудын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан зэрэг баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгчээс “...Дархан-Улаанбаатар чиглэлийн автозам засварт орсонтой холбоотойгоор зөвхөн тухайн жил хог ургамлыг цэвэрлэх зорилгоор тариалан эрхлээгүй...” гэх тайлбарыг шүүхэд гаргасан ч энэ нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Иймд маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг эзэмшил газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, уг шийдвэр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасантай нийцсэн, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Хариуцагч сумын Засаг дарга шийдвэр гаргахаас өмнө газар эзэмшигчид мэдэгдэж, тайлбар, баримт гаргах боломж олгож, шийдвэр гаргах ажиллагаанд оролцох нэхэмжлэгчийн оролцоог хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон захиргааны байгууллага үйл ажиллагаандаа мөрдлөг болговол зохих “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэх” тусгай зарчимд нийцээгүй байх ч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр нь үндэслэлтэй байх энэ тохиолдолд захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах оролцоог хангаагүй гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

Иймээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...анхан шатны шүүх холбогдох шаардлагатай нотлох баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлээгүй, мөн хуулийг илтэд буруугаар тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                         Д.БААТАРХҮҮ