Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2019/0565/З |
Дугаар | 221/МА2021/0361 |
Огноо | 2021-06-30 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2021/0361
Э.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч Э.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Л.Н, Ц.Ц нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 240 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, Э.Б-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 240 дүгээр шийдвэрээр: “...Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.15, 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Б-аас гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Э.Б-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/91 дүгээр захирамжийг хүчингүй болгож, үүрэгт ажилд зохих ёсоор эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Э.Б-ыг шилжүүлэн ажиллуулах тухай” Б/47 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...шүүхээс нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Э.Б-ыг шилжүүлэн ажиллуулах тухай” Б/47 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/47 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасныг болон Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол улсын Засгийн газраас нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах хэрэгжүүлэгч агентлагуудыг шинэчлэн тогтоосны дагуу нийслэлийн Газрын албаны дарга Э.Б-ыг нийслэлийн Газар зохион байгуулалтын даргын үүрэг гүйцэтгэгчээр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Хариуцагчаас уг захирамжийг гаргахдаа үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид, заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж заасан ба Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоолын 3 дахь заалтаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд нийслэлийн Газар зохион байгуулалтын албыг 129 хүртэл орон тоотой байхаар тогтоожээ” гэж үндэслэсэнд гомдолтой байна.
Учир нь уг маргаан бүхий тушаалын хуулийн үндэслэлийг шүүх шууд зөв гэж дүгнэлт хийсэн. Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан гэдгийг нотлох баримт байхгүй, өөрөөр хэлбэл, хуучин нийслэлийн Газрын алба татан буугдсаныг улсын бүртгэлийн байгууллага бүртгэсэн бүртгэл байхгүй. Түүнчлэн өөрчлөн байгуулагдсан асуудал мөн бүртгэгдээгүй байхад нотлох баримтгүй шууд тушаал хуулийн үндэслэлтэй мэт шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Мөн шүүхээс “Хэрэгт цугларсан нотлох баримтууд, тухайлбал шүүхэд мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлэг, сонсох ажиллагааны тэмдэглэл болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/89, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/94, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/99, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/100, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/101 дүгээр тушаалуудад нэхэмжлэгч Э.Б- нь нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч хэмээн гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан зэргээс үзвэл маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/47 дугаар захирамжийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Э.Б-д гардуулж өгсөн нь тогтоогдов. Тухайлбал, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минутад нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны нийт албан хаагчдыг оролцуулан сонсох ажиллагааг явуулсан байх бөгөөд тус сонсох ажиллагааны тэмдэглэлд Э.Б-ыг үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулахыг мэдэгдсэн, энэ баримтад нэхэмжлэгч Э.Б өөрөө гарын үсэг зурснаас гадна шүүхэд гэрч Ү.Г-оос “...Газрын алба нь Газар зохион байгуулалтын алба болоод үүний дагуу Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгүүлэхээр Э.Б-ыг томилсон. Нийт ажилчдыг цуглуулаад хамт олны хурлыг Нийслэлийн иргэний танхимд хийсэн. Би Б/47 дугаар захирамжийг 2019 дугаар 03 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагт гардуулсан” гэж, мөн гэрч Д.Б “...нийслэлийн Газрын алба, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болж өөрчлөгдсөнтэй холбоотой хурал Хангарьд ордны 14 дүгээр давхарт 04 дүгээр сард болсон”, гэрч А.Г-ийн “Хангарьд ордны 14 дүгээр давхарт байрлах хурлын их зааланд нийслэлийн Газрын албаны даргыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргаар шилжүүлэн томилж байгаа тушаалыг нийт албан хаагчдад танилцуулж гардуулж өгсөн. Би хурлын тэмдэглэл хөтөлж оролцсон” гэж тус тус мэдүүлсэн байна” гэж Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагааны талаарх журмыг бүхэлд нь зөрчсөн байхад шууд нэг талыг баримталж, албан бичгээр нотлогдох ёстой асуудлуудыг ажил олгогчийн шахалтаар ирсэн гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож байна гэж шууд хэт нэг талыг барьж, үнэлж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж зохицуулсан талаарх хуулийн заалтыг биелүүлсэн баримт байдаггүй. Түүнчлэн зөвхөн мэдэгдэл хүргүүлэх, мэдэгдсэн тухай гэрчээр нотлоод зогсох асуудал биш.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна:”, 27.4.1-д “сонсгол зохион байгуулах;”, 27.4.2-т “саналыг бичгээр авах;”, 27.4.3-т “биечлэн уулзах;”, 27.4.4-т “утсаар санал авах;” 27.4.5-д “цахим хэлбэрээр санал авах;”, 27.4.6-д “төлөөлөгчөөр дамжуулан санал авах”, 27.5-т “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна”, 27.6-т “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна”, 27.7-т “Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй” гэж тус тус заасныг захиргаа биелүүлсэн эсэхэд огт дүгнэлт өгөөгүй.
Түүнчлэн нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/89, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/94, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/99, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/100, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/101 дүгээр тушаалуудад Э.Б-ыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч хэмээн гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан зэргээс үзвэл маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/47 дугаар захирамжийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Э.Б-д гардуулж өгсөн нь тогтоогдож байна гэж шалтгаант холбоогүй дүгнэлтийг хийсэн.
Нэгэнт үүрэг гүйцэтгэгчээр томилсон, ажил үүргээ гүйцэтгэж, дээрх тушаалуудад гарын үсэг зурж байсныг түүний эрхийг зөрчсөн маргаан бүхий Б/47 дугаар захирамжийг гардаж авсан гэх байдлыг нотолж байна гэж дүгнэж байгаад харамсаж байна.
Түүнчлэн шүүхээс "Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч нь тухайн захиргааны актын талаар 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн атлаа 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв” гэснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгчийн тухайд үүрэг гүйцэтгэгчээр томилсныг мэдээгүй гэж маргадаггүй бөгөөд мэдээд ажил үүргээ гүйцэтгэж байсан тодорхой. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан “маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-т “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж зааснаар нэг талаас нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлаж, түр орлон гүйцэтгэгчээр томилсон сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байна. Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын тухайд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх нь ач холбогдолгүй байна” гэж тус тус тайлбарласанд шүүхээс огт хууль зүйн дүгнэлт өгсөнгүй.
Түүнчлэн шүүхээс “...нэхэмжлэгч Э.Б нь тухайн захиргааны актыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасны дараа буюу 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны зөвлөлөөр урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандсаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргах Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг зөрчсөн байгааг тэмдэглэх нь зүйтэй” гэж мөн хэт нэг талыг барьсан мөн гомдолтой байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасныг үндэслэн сонсох ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэж маргаж байгааг шүүх огт анхаарсангүй.
Түүнчлэн шүүхээс “нэхэмжлэгчээс байгууллагыг зөвхөн оноосон нэрийн хувьд өөрчилсөн болохоос тус байгууллагыг өөрчлөн зохион байгуулж байгаа асуудал биш...” гэж маргаж буй нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Төрийн байгууллага татан буугдах, өөрчлөн байгуулагдах асуудалд иргэний хуулийн хуулийн этгээдийн өөрчлөлтийн талаарх зохицуулалт нэгэн адил үйлчилнэ. Мөн улсын бүртгэлд бүртгэгдсэнээр эрх үүсэх хуулийн зохицуулалтууд зөрчигдсөн байхад хууль зүйн дүгнэлт өгөхөөс татгалзаж шийдвэрлэсэнд харамсалтай байна.
Шүүхээс “нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Э.Б-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/91 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Э.Б-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/91 дүгээр захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.15, 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг үндэслэн “Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, Нийслэл дэх Төрийн аудитын газрын “Нийслэл дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн аудитын тайлан”-гаар холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон” гэж дүгнэснийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.
Нийслэл дэх Төрийн аудитын газраас хийсэн шалгалтаар илэрсэн ямар зөрчлүүдээс нэхэмжлэгч Э.Б-ыг нийслэлийн Газрын албаны даргаар томилогдсоноос хойш буюу 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хойш хугацааны ямар зөрчилд нэхэмжлэгчийг буруутгаж, сахилгын арга хэмжээ авснаа хариуцагч огт тайлбарладаггүй, хэрэг огт хамааралгүй эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа талаар дурьдаж, баримтууд гаргаж өгдөг.
Нэхэмжлэгч удирдлагаас өгсөн ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй талаар хариуцагчаас болон шүүхээс аудитын тайлангийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0-1/191 “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг ойлгож тайлбарлаад байдаг.
Гэтэл энэхүү албан бичиг нэхэмжлэгчийг ажлаас халагдсан хойно ирсэн албан үүрэг даалгавар байдаг. Түүнчлэн шүүхээс аудитаар илэрсэн зөрчилтэй нэхэмжлэгч маргаагүй гэж ямар ч баримтад үндэслэлгүй шууд дүгнэлт хийсэнд туйлын гомдолтой байна.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа гарсан бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэсэн хуулийн заалтыг шүүгч огт хэрэгжүүлээгүй. Э.Б нь нийслэлийн Газрын албаны даргаар 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр томилогдсон, аудитын шалгалтад хамрагдсан 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд гаргасан зөрчилд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд сахилгын шийтгэл оногдуулах боломжтой байсан бөгөөд зөрчилд ногдуулах сахилгын арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байдаг.
Мөн аудитаар илэрсэн гэх 2015-2016 оны зөрчлүүдийн тухайд хэн ч хариуцлага хүлээдэггүй. Тухайлбал, Газрын алба, нийслэлийн Засаг дарга ч дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтгүй газар олгож ирсэн жишиг байдал илэрдэг. Үүнд шүүхээс огт ач холбогдол өгдөггүй. Хөдөлмөрийн харилцаанд хэн гэдэг дарга, аль намын харьяалалтай байхаас үл хамааран тэгш байдал үйлчилдэг гэдэг зарчмыг хариуцагч ч, шүүх ч анхаардаггүй.
Одоогийн нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга ч, нийслэлийн Засаг дарга ч мөн адил хуулиас давсан хэмжээгээр мөн л газрыг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтгүй олгосоор байгаад дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгчийн хувьд сахилгын шийтгэлийн бүрэлдэхүүнийг хангах санаатайгаар, гэм буруутайгаар дуудлага худалдаанд ороогүй газрыг олгож байгаагүй. Төрийн байгууллагын зорилт, чиг үүргийг л биелүүлж ирснээ тайлбарлахад шүүгч нар буруугаа бусдад нялдаагаад байна гэж зандардаг. Үүнийгээ шүүхийн шийдвэртээ мөн л буруугаар бичиж дүгнэсэн байдаг.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасан хуулийн заалтыг зөрчиж, дээрх нөхцөл байдлуудад дүгнэлт хийлгүй, хамгийн хүнд сахилгын шийтгэлийг оногдуулсныг зөвтгөж шийдвэрлэсэн.
Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““аудитын үйл ажиллагаа” гэж аудитын хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг хянаж дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх хараат бус, мэргэжлийн үйл ажиллагааг”, Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн аудитын байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамрагдах аливаа байгууллага хөтөлбөрт гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийж болно” гэж тус тус зааснаар үзэхэд аудитын үйл ажиллагаа нь дүгнэлт гаргах, зөвлөмж гаргах чиг үүрэгтэй байна. Түүнчлэн Нийслэл дэх Төрийн аудитын газраас ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх хугацаа болоогүй байсан.
Шүүхээс газрын төлбөрийг төлүүлэх, төсөвт төвлөрүүлэх үүргийг Газрын тухай хуулиар хэнд оногдуулсан, газрын эрхийг хэн олгодог, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газрыг хэн олгосон, үүнд нэхэмжлэгч шууд санаатайгаар оролцож сахилгын зөрчил гаргасан эсэх, нэхэмжлэгч газрын тухай хуульд заасан ямар эрх, үүрэгтээ болох талаар огт ойлголтгүй, шууд аудитын дүгнэлтээр зөрчил илрэв гэж учир шалтгаангүй дүгнэсэн байдаг.
Үүнээс гадна шүүхээс “Нийслэлийн хэмжээнд газрын харилцааны талаарх хууль тогтоомж, Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэх, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргаас газрын талаар баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход мэргэжлийн зөвлөгөө өгөх, энэ талаар гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах” албан тушаалын үндсэн чиг үүрэг бүхий этгээд мөн болох нь түүний ажлын байрны тодорхойлолтоор нотлогдон тогтоогдож байна. Үүнээс үзвэл Э.Б нь нийслэлийн Засаг даргаас газрын талаар баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход мэргэжлийн зөвлөгөө өгөх, энэ талаар гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй, төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 37.1,15-д “харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй болох нь төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч байгууллагаас явуулсан шалгалтын явцад тогтоогдсон байна” гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Шүүхийн дүгнэсэн шиг Э.Б нь нийслэлийн Засаг даргаас газрын талаар баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход мэргэжлийн зөвлөгөө өгөх, энэ талаар гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй, төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 37.1.15-д “харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах” үүргээ тус тус биелүүлээгүй гэж аудитын дүгнэлтэд огт дурьдаагүй болно.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 240 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Э.Б “нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Э.Б-ыг шилжүүлэн ажиллуулах тухай” Б/47 дугаар захирамж болон нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Э.Б-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/91 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгуулж, үүрэгт ажилд зохих ёсоор эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нь тухайн захиргааны актын талаар 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн атлаа 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна ... Э.Б нь нийслэлийн Газрын албаны даргын хувьд “Нийслэлийн хэмжээнд газрын харилцааны талаарх хууль, тогтоомж, Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэх, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргаас газрын талаар баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход мэргэжлийн зөвлөгөө өгөх, энэ талаар гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах” албан тушаалын үндсэн чиг үүрэг бүхий этгээд мөн болох нь түүний ажлын байрны тодорхойлолтоор нотлогдон тогтоогдож байхаас гадна нийслэлийн Засаг даргаас газрын талаар баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход мэргэжлийн зөвлөгөө өгөх, энэ талаар гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй, төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ” 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 37.1.15-д “харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах” үүргээ биелүүлээгүй болох нь төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч байгууллагаас явуулсан шалгалтын явцад тогтоогдсон байх тул...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасантай нийцсэн байна.
1. “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Э.Б-ыг шилжүүлэн ажиллуулах тухай” Б/47 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт төрийн албаны бүтцийн өөрчлөлт хийгдсэн тохиолдолд хэрэглэгддэг заалт. Гэтэл энэ тохиолдолд байгууллагын нэр зөвхөн нэршлийн хувьд өөрчлөгдсөн байх тул дээрх заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй” гэж тайлбарлан маргасан байна.
Хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараас үзэхэд, Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Нийслэлийн Засаг даргын тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоолоор нийслэлийн Газрын албыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болгож, уг тогтоолыг үндэслэн нийслэлийн Газрын албаны дарга Э.Б-ыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
Улмаар нэхэмжлэгч нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оыны 05 дугаар сарын 17-ний өдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/84, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/85, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/89, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/94, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/99, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/100, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/101 дүгээр тушаалуудад нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч хэмээн гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байх бөгөөд Э.Б-ыг үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулахыг мэдэгдсэн үйл баримт нь хэрэгт авагдсан “дээр дурдсан холбогдох тушаалууд, сонсох ажиллагааны тэмдэглэл болон гэрч Ү.Г, Т.Т, А.Г нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, Э.Б-ыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон шийдвэрийг хамт олны хурал дээр өөрт нь гардуулсан байх ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...Э.Б нэгэнт үүрэг гүйцэтгэгчээр томилсон, ажил үүргээ гүйцэтгэж, дээрх тушаалуудад гарын үсэг зурж байсныг түүний эрхийг зөрчсөн маргаан бүхий Б/47 дугаар захирамжийг гардаж авсан гэх байдлыг нотолж байна гэж дүгнэх боломжгүй” гэж маргах нь бодит байдалд нийцэхгүй, “...тухайн хамт олны хурал нь Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагаа явуулах хуулийн шаардлагад нийцээгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/47 дугаар захирамжийг нэхэмжлэгчид хуульд заасан журмын дагуу гардуулсан үйл баримт нь тодорхой, ойлгомжтой байгаа энэ нөхцөлд маргаан бүхий дээрх захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “...шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана “ гэж заасан хугацаа хэтрүүлээгүй гэж дүгнэх боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгч Э.Б нь маргаан бүхий Б/47 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр анх удаа нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэнд тооцогдох тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2. “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Э.Б-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/91 дүгээр захирамжийг хүчингүй болгож, үүрэгт ажилд зохих ёсоор эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/91 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Э.Б-ыг “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Нийслэл дэх Төрийн аудитын газрын “Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан”-аар холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Маргаан бүхий актад заасан “...Нийслэл дэх Төрийн аудитын газрын “Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан”-аар холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэсэн зөрчлийг нэхэмжлэгч Э.Б гаргасан талаар хэрэгт авагдсан нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02-06/1387 дугаар “Санал хүргүүлэх тухай” албан бичигт дурдсан байна.
Тодруулбал, Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 970 дугаар албан бичгээр “Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангийн төслийг хүргүүлж, Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.1-д заасны дагуу саналаа ирүүлэхийг мэдэгдсэн байх бөгөөд нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02-06/1387 дугаар албан бичгээр санал хүргүүлсэн байх боловч энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.1-д заасан 10 хоногийн дотор санал ирүүлэх хугацаа хэтэрсэн, уг саналыг хугацаа хэтрүүлж хүргүүлсэнтэй холбоотой нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны санал тухайн тайланд тусгагдалгүй баталгаажжээ.
Улмаар дээрх тайланд “...батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баримталдаггүй, мөрддөггүйгээс газар олголтын асуудлын зангилаа болох дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтын хувьд тайлант хугацаанд төсөл сонгон шалгаруулалтаар 1564.5 га, дуудлага худалдаагаар 116.0 га газар олгосны 70.8 хувь нь тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд 1093.3 га газрыг шууд олгосон нь төлөвлөлтөд ач холбогдол өгдөггүйтэй холбоотой, газрын төлбөрийн орлого дунджаар 74.4 хувийн биелэлттэй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас 113.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх боломж алдагдсан, газар олголтын үр дүнг газар эзэмших, ашиглах төрлүүдээр авч үзвэл гэр бүлийн хэрэгцээний газрыг 47.5 хувиар дутуу, зуслангийн зориулалтаар 14.6 хувиар илүү эзэмшүүлсэн, чөлөөлөгдсөн 1629 нэгж талбар газраас 78.8 хувь нэгж талбар газарт олголт хийгдээгүй, цахим газар олголтын дүн 9.2 хувьтай, мод үржүүлгийн зориулалтаар олгосон газрын 78.7 хувь ашиглагдаагүй зэрэг нь газар олголтын үр дүн хангалтгүй байгааг харуулж байна” гэж тусгагдсанаас үзэхэд нэхэмжлэгч нийслэлийн Газар зохион байгуулалтын албыг удирдаж байсны хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс гадна удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
Дээрх дурдсан тайланг үндэслэн нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч Э.Б-ыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, нийслэлийн Засаг даргаас “үүргээ хангалтгүй биелүүлсэн Э.Б-ыг төрийн албанаас халах” шийдвэрийг гаргасан.
Нэхэмжлэгчээс тайлангаар илэрсэн зөрчлүүдийг үгүйсгэж, тухайн ажлуудыг бүрэн гүйцэд хийж, хэрэгжүүлсэн гэж маргаагүй, харин “Газрын алба, нийслэлийн Засаг дарга ч дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтгүй газар олгож ирсэн жишиг байдал илэрдэг” гэж тайлбарлаж байх бөгөөд шүүхээс цуглуулсан баримтуудаар түүнийг албан тушаалын тодорхойлолтод заасан байгууллагын эрхлэх ажилтай холбогдол бүхий хууль, тогтоомж, дээд газар, удирдлагаас гаргасан тогтоол, тушаал, шийдвэрүүд, заавар журмуудыг хэрэгжүүлэх, нийслэлийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байх тул нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/191 дүгээр захирамж үндэслэлтэй, нэхэмжлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах болон харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах үүргээ биелүүлээгүй зөрчил нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 37.1.15-д “харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах;” гэснийг зөрчсөн байх тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасан төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулсан нь үндэслэлтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 240 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ