Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/00636

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02444 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 71 дүгээр магадлалтай

Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

“Х” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 685 714 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай

Хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалмаа, П.Оргилон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х”ны Архангай аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байгаад 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/783 тоот тушаалаар ажлаас халагдсан. Уг тушаалд Мөсний баяр, Монгол цэргийн өдөр ажилтнуудтай хамт архи уусан гэх боловч эмэгтэйчүүдийн болон цэргийн баярыг хамтатган тэмдэглэхдээ байгууллага удирдаж байгаа хүний хувьд гадаа хүйтэн байсныг харгалзан авто гараашид 1 цаг гаруй юм ярьж сууцгааж, архи уусан нь үнэн ч ажлын бус цагаар, нийтээр тэмдэглэх баяр ёслолын үе байсан. Гэтэл архи согтууруулах ундаа ажлын байранд, ажлын цагаар, удаа дараа хэрэглэсэн гэж үзээд тушаал гаргасанд гомдолтой.

Мөн тушаалд салбарын үндсэн кассыг нээх, хаах ажиллагаанд биечлэн оролцдоггүй, үндсэн кассыг 2017 оны 04, 05 дугаар сард 16 удаа салбарын нийтэд үйлчлэх цагаас хоцорч нээсэн, кассын түлхүүрийг эрхгүй этгээдэд дамжуулсан зэргээр Кассын ажиллагааны журам зөрчсөн гэж үзсэн. 4-5 минут болон нэг удаа 25 минут хоцорсон тохиолдол байгаа ч журамд зааснаар кассыг нээх, хаахад ня-бо болон теллер хамт байдаг тул бусдаас шалтгаалдаг. 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эмчийн магадлагаагаар ажилдаа очоогүй ба байгууллагын ажилтнаар түлхүүрийг өгч явуулсан, үүнээс болж ямар нэг хохирол учраагүй.

Зээлийн муу түүхтэй, бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэггүйг мэдсэн атлаа холбогдох журам, заавар зөрчин харилцагч Э.Б, Д.Ц нарт зээл олгож, зохих ёсоор хяналт тавиагүй гэх үндэслэлийн тухайд бичил бизнесийн болон шугамын зээл авсан зээлдэгч нар байсан. Зээлийн мэргэжилтэн нар материалыг бүрдүүлэн судалж зээлийн хороонд танилцуулснаар гишүүд 100 хувийн саналаар баталсан байдаг. Дээрх зээлдэгч нарын зээл хэвийн төлөгдөж байгаа ба уг зээлээс болж банкинд эрсдэл учирсан зүйлгүй.

Нэр бүхий 15 зээлдэгчид 317 500 000 төгрөгийн цалингийн буюу барьцаагүй зээл олгохдоо гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан зээл олгох шийдвэрийг хамтарсан эрхээр шийдвэрлэхээр заасныг зөрчин, ганцаараа шийдвэрлэж албан тушаалд олгогдсон эрх хэмжээг хэтрүүлсэн гэх тухайд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс Салбарын захирлаар ажилласан. 2016 оны 11 дүгээр сард гүйцэтгэх захирлын тушаалаар тухайлсан эрх өгөгдсөн, уг эрх хэтрүүлсэн гэх зээлүүд хэзээ олгогдсон, ямар харилцагчийн зээл болох талаар мэдээлэл байхгүй. Зээлийн үйл ажиллагааны зааврын 7.1-т Салбар нэгжийн зээлийн хорооноос гаргасан тогтоолын төслийг Зээлийн хорооны хурлын нарийн бичгийн дарга, зээл шийдвэрлэх хамтарсан эрхээр гаргасан шийдвэрийн төслийг зээл судалсан мэргэжилтэн үйлдэж, эрх бүхий ажилтнуудаар хянуулах, 7.2-т хянах ажилтан төсөлд бичигдсэн зээлийн хэмжээ хугацаа хүү, эргэн төлөлтийн хуваарь, барьцаа хөрөнгө, нэмэлт, тусгай нөхцөл гэх мэт бусад нөхцөл нь хорооны хурлаас болон хамтарсан эрхээр гаргасан шийдвэрийн дагуу үнэн зөв, бүрэн бичигдсэн эсэхийг хянана гэж заасан байдаг.

Цалингийн зээл бол банкны батлагдсан журмаар судалгаа шаардахгүй шууд гардаг ба 10 сая төгрөгөөс дээш зээлийг хамтарсан эрхээр олгодог. Хариуцсан зээлийн мэргэжилтэн зээлийг судлаад захиралд танилцуулснаар гарын үсэг зурж баталгаажуулж олгогддог. Дээрх 15 зээлийн заримыг зээлийн мэргэжилтэн Г.Нэргүй судалж оруулсан. Архангай аймаг дахь салбарт 2017 оны 03 дугаар сард төв банкнаас аудит ирж шалгаад манайхыг зөрчилгүй гэж гарсан. Удирдлагын хувьд зээлийн мэргэжилтэн Г.Нэргүйд журам заавар зөрчиж зээл олголт хийх хууль бус үүрэг даалгавар өгсөн зүйл байхгүй.

Дээрх үйл явдал нь мэргэжилтэн Г.Нэргүй хууль зөрчсөн ажиллагаа хийснийг илрүүлж дээш мэдэгдсэний хариуд тэрээр худал мэдээлэл өгч, улмаар төвөөс шалгалтын баг ирж шалгаснаас үүдэлтэй. 2017 оны 05 дугаар сарын дундуур шалгалтын баг ирээд бүх ажилтнуудтай уулзаж шалгаад 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тушаал гарсан. Намайг ажлаас чөлөөлсөн тушаалд үүнээс олон үндэслэл зааж холбогдох хууль, дүрэм журмыг бүгдийг зөрчсөн мэт тусгаж Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчин ажил үүрэг, албан тушаалын хувьд огт хамааралгүй асуудлуудыг оруулж ажлаас халсан тушаал хүчингүй тул Архангай салбарын захирлын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс шүүх хуралдаан хүртэл 3 сар 15 хоногийн цалин 6 685 714 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.

Хөдөлмөрийн гэрээг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр талууд байгуулаагүй. 2017 оны 4 дүгээр сард гэрээндээ гарын үсэг зураад шуудангаар явуул гэсний дагуу явуулсан ч гэрээний хувь эргэж ирээгүй. Шүүхэд засварласан, хугацаа өөрчилсөн байдлаар ирсэн байна. Энэ нь гэрээ байгуулах, хүчин төгөлдөр байх шаардлагад нийцэхгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, 21.7.-д зааснаар хүчин төгөлдөр гэж үзэхгүй. Мөн хуулийн 24.1, 24.3-т заасныг бүхэлд нь зөрчсөн,хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироосон гэрээ учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг үндэслэн Архангай салбарын Захирлын албан тушаалд ажиллаж байсан Ц.Б-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар, ажилтан дараах таван зөрчлийг гаргасан тул цуцалсан болно.

1. Ажлын байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 2017 оны 02, 03, 04 сард нийт 3 удаагийн үйлдлээр хөдөлмөрийн гэрээний 5.1.2. ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, 5.1.5. банкны эрх зүйн акт зөрчсөн үйлдэлдээ бусад ажилтныг татан оролцуулах, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4.18 дахь заалтыг зөрчсөн тул сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн. Хөдөлмөрийн гэрээнд энэ зөрчлийг ноцтойд тооцохоор тусгагдсан. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно, тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй гэж тайлбарласан. Ц.Б- салбарыг бүхэлд нь удирдаж, ажилтнуудаа манлайлан үлгэр дууриалалтай ажиллах үүргээ зөрчиж, өөрөө санаачлага гарган уриалан дуудаж ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн.

2. Салбарын үндсэн касс нээх хаах ажиллагаанд оролцдоггүй хоцорч нээх, эрхгүй этгээдэд түлхүүр дамжуулан кассын үйл ажиллагааны журмыг удаа дараа зөрчсөн. Уг журмын 2.11-т Үндсэн касс нээх, хаах ажиллагааг салбар, тооцооны төвийн хувьд захирал, нягтлан бодогч эсхүл хянагч нягтлан бодогч, ахлах теллер гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй хийх ёстой. 2017 оны 4, 5 дугаар сарын касс нээх, хаах бүртгэлийн дэвтрээс үзвэл нийт 16 удаа гүйцэтгэх захирлын тушаалаар тогтоогдсон нийтэд үйлчлэх цагийн хуваариас хоцорч нээсэн байдаг. Эрх бүхий гурван хүн бүгд хамт байж кассыг нээж, хаадаг. Гэтэл хоцорч ирж, кассыг оройтож нээснээрээ захирлын хувьд салбар, тооцооны төвийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах үүргээ зөрчсөн. Мөн журмын 2.19-д түлхүүрийг удирдлагын зөвшөөрөлгүй бусдад шилжүүлэх, 2.20-д кассын ажиллагаанд оролцогч түр ирэх бололцоогүй бол захирал буюу дээд удирдлагын шийдвэрийн дагуу тоолж, акт үйлдэн хүлээлцэхээр заасан. Гэтэл 2017 оны 03 дугаар сард эрхгүй этгээдэд түлхүүрийг дамжуулж явуулсан. Дээрх зөрчил нь Хөдөлмөрийн гэрээний 5.1.3-т заасан журам, бусад эрх зүйн актад заасан хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөнд хамаарч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан давтан зөрчилд тооцсон.

3. Банкны зээлийн үйл ажиллагааны журам, холбогдох шаардлагыг хангаагүйг мэдсэн буюу мэдэх үүрэгтэй атал Э.Б-д 30 000 000 төгрөг, Д.Ц-д 28 100 000 төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэж Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих, зээлийн эрсдэлийг удирдаж ажиллах үүргээ болон Зээлийн үйл ажиллагааны журмыг давтан зөрчсөн. Журамд зааснаар зээлдэгч олгосон зээлийг бусдад дамжуулан зээлдэх гэж байгаа тохиолдолд зээл олгохыг хориглодог. Зээлдэгч Э.Б ломбардны үйл ажиллагаа эрхэлдэг байсан тухай зээлийн мэргэжилтэн хэлсэн байдаг. Гэтэл дамжуулан зээлдэх гэж байгааг мэдсээр байж 2017 оны 3 дугаар сарын 30-нд зээл олгосон. Д.Ц-ийн зээлийн хувьд зээлийн хорооны шийдвэрээр батлан даалтын гэрээ байгуулсны дараа зээлийг олгохоор шийдвэрлэсэн зээлийн хорооны хурлын шийдвэр биелэгдээгүй, батлан даагч батлан даалтын гэрээнд гарын үсэг зураагүй байхад зээлийг түрүүлж олгосон нь журмын 5.7, Хөдөлмөрийн гэрээний 5.1.3-ийг зөрчсөн үйлдэл давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэлд хамааруулж тооцсон.

4. Нэр бүхий 15 харилцагчид ганцаараа шийдвэрлэж нийт 317 500 000 төгрөгийн зээл олгосон. Салбарын захирал нь ажлын байрны тодорхойлолтын 3.4-т ...олгогдсон эрхийн хүрээнд зээлийн хүсэлтийг шийдвэрлэх эрхтэй бөгөөд “Х”ны захирлын 2016 оны А/760, А/965 дугаар тушаалаар Салбарт зээл шийдвэрлэх эрхийг заасан. Уг эрхээр салбарын захирал 10 сая хүртэлх дүнтэй цалингийн зээлийг харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэнтэй хамтран шийдвэрлэхээр, 50 хүртэл дүнтэй зээлийг зээлийн хорооны хурлаар шийдвэрлэх эрхийг олгосон. Уг тушаалаар захирал дангаар зээл шийдвэрлэх эрхгүй, зээл олгох шийдвэрт хоёр хүн гарын үсэг зурах байтал 2016 оны 10, 11 дүгээр сард дангаар гарын үсэг зураад дээрх зээлийг олгосон. Дээрх үйлдлээр Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.11-т заасан өөрт олгогдсон эрх хэмжээг урвуулан ашигласан, эрхээ хэтрүүлсэн, ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан зөрчилд тооцсон. 2017 оны 3 дугаар сард тус салбарт аудит бүхэлд нь бус түүвэрчилж хийгдсэн тул зөрчилгүй гэж дүгнэсэн.

5. Өөрийн удирдлагад ажиллаж буй ажилтан Г.Нэргүйд 2016 оны 8 дугаар сарын үеэр хамтран зээлдэгч нь гэрээнд гарын үсэг зураагүй, зээл олгож болохгүй гэж хэлсээр байхад зээл олгох хууль бус даалгавар өгсөн. Энэ нь Хөдөлмөрийн гэрээний 5.1.5-д заасныг зөрчсөн тул энэ зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцсон.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд өөр зөрчлүүдийг дурдсан ч энэ нь тушаалын үндэслэлд хамааралгүй, зөвхөн түүний гаргаж байсан зөрчлөөс дурдсан. Хөдөлмөрийн гэрээний хувь аваагүй гэх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02444 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан Ц.Б-ыг “Х”ны Архангай салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 6 685 714 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих журмын дагуу баталгаажилт хийхийг хариуцагч “Х”анд даалгаж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 121 921 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 71 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02444 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 721 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ажил олгогч “Х” ХХК нь тус Банкны Архангай салбарын захирал Ц.Б-ыг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил болон сахилгын зөрчлүүдийг давтан гаргасны улмаас ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын хэрэглэвэл зохих холбогдох зохицуулалтуудыг хэрэглээгүй болно.

Үүссэн нөхцөл байдлын хувьд, ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гарсан, Салбарын захирал Ц.Б- 2017 оны 03, 04 дүгээр саруудад архи согтууруулах ундааг ажлын байранд (ажлын бус цагаар) хэрэглэсэн. Хөдөлмөрийн дотоод журмын 8.4.18-т “Ажлын байранд архидан согтуурахгүй” гэдэг ажилтны үүргийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, үүнийгээ ажилтан өөрөө хүлээн зөвшөөрч байхад 2 шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсгийн “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэснийг хэрэглээгүй, хуулийн уг зохицуулалт болон нөхцөл байдалд дүгнэлт өгсөнгүй.

Дээрх нөхцөл байдлыг ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан “хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил” буюу талуудын Хөдөлмөрийн гэрээний 5.1.2-т заасан “ажил үүргээ гүйцэтгэж байхдаа архидан согтуурсан” гэсэнд хамаарахгүй гэдгийг мэдэж буюу хүлээн зөвшөөрч, харин тушаалд “...ажлын байранд ...архи согтууруулах ундаа хэрэглэн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, ” гэж тусгасан байхад тушаалын ийнхүү бичигдсэн байдалд анхааралгүйгээр “гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил биш” гэдэг байдлаар тайлбарласан.

Ийнхүү шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсгийн хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан гэх урьдчилсан нөхцөлд “зөрчлийн ноцтой байдлын” талаар дүгнэлт хийснийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.4.2-т ноцтой зөрчил ямар байвал зохих талаар шалгуур нь “гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил”-д хамааруулан тайлбарласан байна. Харин давтан зөрчлийн хувьд 2 буюу түүнээс дээш удаа үйлдэгдсэн байх, тогтоогдсон байна, тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй гэсэн байна.

Ажлын цагаар хэрэглэж байгаа эсэхээс үл хамаараад их хэмжээний бэлэн мөнгө хадгалдаг банкны салбарт архи, согтууруулах ундааг салбарын захирал нь өөрөө зохион байгуулан хэрэглэсэн байхад үүнээс үүдэн гарч болох эрсдэлийг үл харгалзан уг үйлдлийг шүүхээс зөвтгөж байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, мөн түүнчлэн 131.1-т “...хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна.” гэсэн заалт, хэрэгт авагдсан Хөдөлмөрийн дотоод журмын ажилтны үүрэг хэсгийн “8.4.18-т “Ажлын байранд архидан согтуурахгүй” гэх заалт, цаашлаад Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.1.2-т “...зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгжийн албан болон үйлдвэрлэлийн байр”-нд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон зохицуулалттай байхад эдгээрийг хэрэглэлгүйгээр шийдвэрлэснийг шударга бус болсон гэж үзэж байна.

Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаанд ажилтны гаргасан зөрчил Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацаанаас 1 хоног хэтэрсэн байсан ч хуулийг баримталдаг байхад энэ тохиолдолд Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1 дэх заалтууд яагаад үйлчлэхгүй байгаад гайхаж байна.

Түүнчлэн Ц.Б-ад холбогдон үүссэн энэ нөхцөл байдлын хувьд ажил олгогч байгууллагын 16 жилийн үйл ажиллагааны явцад Салбарын захирал албан тушаалтай ажилтан “ажлын байранд архи согтууруулах ундаа давтан хэрэглэж” байсан тохиолдол үүсч байгаагүй ба энэ маргаанаас үүдэн манай байгууллага уг Хөдөлмөрийн гэрээний 5.1.2 дахь заалтынхаа хууль хэрэглээний нөхцөл байдлыг олж мэдсэн. Үүгээрээ юу илэрхийлэхийг зорьж байна вэ гэвэл, ажил олгогчийн хувьд үйл ажиллагааны онцлог, бусдын өмнө хүлээх хариуцлага зэргээс хамааран ажилтан ажлын байранд (ажлын цагаар хэрэглэсэн эсэхээс үл хамааран) архи уух нь байж болохгүй Хөдөлмөрийн сахилгын зөрчил бөгөөд Ц.Б-ыг ажлаас халах гэсэндээ уг асуудлыг үүсгээгүй, бодитоор үүссэн сахилгын зөрчил гэдгийг тодруулан хэлэхийг хүсэж байна.

Иймд Анхан болон Давж заалдах шатны шүүхийн Шийдвэр, Магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.

“Х” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ц.Б-тай Салбар, тооцооны төвийн захиралтай байгуулах хөдөлмөрийн хугацаагүй гэрээг байгуулж, Архангай салбарын захирлын албан тушаалд ажиллуулахаар харилцан тохиролцсон,  2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн  “Х”ны Хүний нөөц хариуцсан захирлын Б/783 тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан байна.

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Ц.Б-ын архи, согтууруулах ундааны зүйлийг ажлын байранд хэрэглэсэн зөрчлийг давтан гаргасан, салбарын үндсэн касс нээх, хаах ажиллагаанд биечлэн оролцдоггүй, үндсэн кассыг 2017 оны 4, 5 дугаар сард 16 удаа салбарын нийтэд үйлчлэх цагаас хоцорч нээсэн, ингэснээр теллерүүд нийтэд үйлчлэх цагаас хоцорч ажил эхлэх нөхцөлийг бүрдүүлсэн, үндсэн кассын түлхүүрийг Кассын ажиллагааны журамд зааснаар орлон ажиллах эрх бүхий ажилтанд дамжуулаагүй зэргээр Кассын үйл ажиллагааны журмыг удаа дараа зөрчсөн, зээлийн шугамын эрх нээх шийдвэр гаргахдаа зохих ёсоор хяналт тавиагүй, мөн зээлийн муу түүхтэй зээлдэгчид зээлийн шугамын эрх олгосон, салбарын захирал нь зээлийн эрсдэлийн түвшинг хамгийн бага хэмжээнд удирдах чиг үүрэгтэй атлаа 15 зээлдэгчид 317 500 000 төгрөгийн зээлийг эрх хэмжээг хэтрүүлэн хамтарсан эрхээр хэрэгжүүлэх шийдвэрийг зөрчиж ганцаараа олгосон, өөрийн удирдлагад байгаа ажилтан болон зээлийн мэргэжилтэнд зээлийн журам, зааврыг зөрчиж зээл олголтыг хийх хууль бус үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлсэн, өөрийн эхнэрийн шүүхийн Шийтгэх тогтоолоор бусдад учруулсан үлэмж хэмжээний хохирол, нөхөн төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед мэдэгдээгүй зэрэг үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2., 4.3., 4.4., 4.8., 4.11., 4.17., 5 дугаар зүйлийн 5.1.2., 5.1.3., 5.1.4., 5.1.5., 5.1.7., 5.1.11., “Х”ны хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4.1., 8.4.14., 8.4.14., 8.4.16., 8.4.18., 8.5.1., 8.5.13., 8.5.14., 16 дугаар зүйлийн 16.3.2., 16.3.3., 16.3.4., 16.3.5., 16.3.7., 16.3.11., 16.3.14., 16.3.17., Кассын үйл ажиллагааны журмын 2 дугаар зүйлийн 2.11., 2.19., Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 10 дугаар зүйлийн 10.4.2., 10.4.2.1. дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5., 131 дүгээр зүйлийн 131.1.3. дахь заалтыг үндэслэл болгосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж, 40.1.5.-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зохицуулжээ.

Ажил олгогчоос ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд сахилгын ноцтой зөрчлийг нэрлэн заасан байх бөгөөд ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон 5.1.2.-т “ажилдаа согтуурсан буюу мансуурсан байдалтай ирсэн, урьд өдөр, эсхүл ажлын өдөр согтууруулах ундаа хэрэглэснээс ажил гүйцэтгэх чадваргүй байдалтай эсхүл ажилдаа архи үнэртүүлсэн ирсэн...” гэж, 5.1.3.-т “хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам, бусад эрх зүйн акт, ажлын байрны тодорхойлолтод заасан хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтойгоор зөрчсөн” гэж,  5.1.4.-т  “ажилтан нь  ажилд орох өргөдлийн маягт болон хөдөлмөрийн гэрээ, түүний хавсралтуудад дурдагдсан мэдээллийг буруу буюу дутуу оруулсан, ажил олгогчид мэдэгдвэл зохих бусад мэдээллийг нуун дарагдуулсан нь илэрсэн бөгөөд уг нөхцөл байдлын улмаас  хөдөлмөрийн гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж ажил олгогч үзсэн” , 5.1.7.-д “банкны хөрөнгийг хувьдаа ашигласан, ашиглахыг завдсан, ...” гэж, 5.1.11.-д “гүйцэтгэж буй ажил үүрэг болон албан тушаал, өөрт олгогдсон тусгай эрх хэмжээ, боломж, эд хөрөнгийг өөрийн эсхүл бусдын ашиг сонирхлыг харгалзан ашигласан, ...эрхээ хэтрүүлсэн, ... бусад байдлаар ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан...” нь ноцтой зөрчилд тооцогдсон байна.

Мөн “Х” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Зарим албан тушаалтанд хамтран зээл шийдвэрлэх эрх олгох, олгосон эрхийг орлох албан тушаалтанд шилжүүлэх эрх олгох тухай” А-965 тушаалын 1-д “...орон нутгийн Салбарын захирал болон Зээлийн мэргэжилтэнд 30.0 сая төгрөг хүртэл дүнтэй Хэрэглээний зээл, Бичил жижиг бизнесийн зээл хамтран шийдвэрлэх эрх, Салбарын захирал /Зээлийн менежер/ болон Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэнд. 10.0 сая төгрөг хүртэл дүнтэй Цалингийн зээл хамтран шийдвэрлэх эрхийг олгосугай” гэжээ.

Ц.Б- нь 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр салбарын захирлын өрөөнд захирлын зөвлөлийн гишүүдийг дуудаж архи, согтууруулах ундаа хэрэглэсэн  зөрчлийн талаар маргаагүй бөгөөд дээрх зөрчил нь Хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамаарч байх тул ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар хариуцлага тооцсоныг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А-965 тоот тушаалаар олгосон Салбарын захирлын хамтран зээл олгох эрхийг зөрчиж,  нэр бүхий 15 харилцагчид  нийт 317 500 000 төгрөгийн зээлийг ганцаараа шийдвэрлэж олгосон нь хэрэгт цугларсан Зээл олгох шийдвэрүүд /хх-50-56/ болон бусад баримтаар нотлогдсон тул албаны эрхээ хэтрүүлсэн, ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д зааснаар ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх “...ажилтан зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдсон боловч дээрх зөрчлүүд нь түүнийг ажлаас халах хэмжээний зөрчил гэж үзэх боломжгүй, сахилгын шийтгэл нь гаргасан зөрчилд нийцээгүй” гэж дүгнэн ажилд эгүүлэн тогтоолгох тухай ажилтны нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үндэслэл бүхий үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Харин Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 189 дүгээр зүйлийн 189.1. дэх заалтад нийцсэн, ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлөх тушаалд заасан бусад зөрчил хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогдоогүй гэж дүгнэсэн нь буруу биш байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээр дурдсан алдааг засалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь магадлал Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02444 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 71 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул  “Х” ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 685 714 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121 921 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД