Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2017/02444

 

 

2017 оны 09 сарын 29 өдөр             Дугаар 181/ШШ2017/02444              Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..........................................оршин суух, Ц.Б /Регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................................н гудамж, Өөрийн байранд байрлах, ХБ ХХК /Регистрийн дугаар:  /-д холбогдох

            Ц.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6.685.714 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мө. М.Жаргалмаа, гэрч Г.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ө. нар оролцов.    

                                                                    

                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Б миний бие ХБ ХХКны Архангай аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байгаад 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ХБ ХХКны Хүний нөөц хариуцсан захиралГ.Зын б/783 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан болно. Миний бие тушаалд тусгагдсан үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна. Тухайлбал:

            Мөсний баярын өдөр болон Монгол цэргийн өдөр ажилтнуудтай хамт архи уусан тухайд: 2017 оны 2 дугаар сард байгууллагаараа цасны баяр, 3 дугаар сарын 10-ны өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болон Монгол цэргийн өдрийг хамтатган тэмдэглэсэн. Тухайн үед хамт олон ажилтнуудын хэмжээнд хамт олныг бэхжүүлэх, чөлөөт цагийг боловсон өнгөрүүлэх байгууллагын зорилтын хүрээнд арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ үед хамт олны минь сэтгэл өндөр, архи согтууруулах ундаа ийш тийшээ явж уух нөхцөл байдал бүрдэх гээд байсан учир миний бие байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд түүнчлэн гадаа хүйтэн байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж байгууллагын авто гражид хамт олноороо 1 цаг гаруй юм ярьж сууцгааж байгаад гэр гэртээ харьцгаагаарай хэмээн бүгдийг нь тарааж явуулсан. Архи уусан нь үнэн ч ажлын бус цагаар, нийтээр тэмдэглэх баяр ёслолын үеэр уусан. Мөсний баяр тэмдэглэсэн өдөр хагас сайн өдөр байсан. Гэтэл би энэ төрлийн зөрчил урьд гаргаж байгаагүй, арга хэмжээ авагдаж байгаагүй байхад архи согтууруулах ундаа ажлын байранд ажлын цагаар удаа дараа хэрэглэсэн гэж үзээд тушаал гаргасанд гомдолтой байна.

            Салбарын үндсэн кассыг нээх, хаах ажиллагаанд биечлэн оролцдоггүй, үндсэн кассыг 2017 оны 4, 5 дугаар сард 16 удаа салбарын нийтэд үйлчлэх цагаас хоцорч нээсэн, кассын түлхүүрийг эрхгүй этгээдэд дамжуулсан зэргээр Кассын ажиллагааны журам зөрчсөн гэх үйлдлийн тухайд: Миний бие ажлын цагтаа ажилдаа ирдэг байсан. Хэдэн удаа өглөө  4-5 минут, нэг удаа 25 минут хоцорсон тохиолдол бий. Гэхдээ журамд зааснаар кассыг нээх хаахад надаас гадна ня-бо болон теллер хамтран нээдэг тул дээрх 16 удаагийн касс оройтож нээсэн үйлдэл зөвхөн надаас шалтгаалаагүй. Кассыг нээхдээ 9 цагаас өмнө нээсэн боловч гүйлгээ эхэлсэн цаг нь 9 өнгөрөөсөн үйлдэл ч мөн энэ тоонд хамаарч байгаа. Миний бие 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр бие өвдөж эмчийн магадлагаагаар ажилдаа очоогүй. Уг өдөр байгууллагын ажилтнаар түлхүүрийг өгч явуулсан нь үнэн. Гэхдээ би утсаар яриад цонхоор харж байсан бөгөөд манай гэр, ажил хоёр маш ойрхон цонхоор харагддаг. ажилтан түлхүүрийг гэрээс дөнгөж гаргаад аваачиж өгсөн. Үүнээс болж ямар нэг хохирол учраагүй.

            Зээлийн муу түүхтэй, бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэггүй болохыг мэдэх боломжтой буюу мэдсэн атлаа холбогдох журам, заавар зөрчин харилцагч Э.Б-д 30.000.000 төгрөгийн, харилцагч Д.Ц-д 28.100.000 төгрөгийн зээл олгож, зохих ёсоор хяналт тавиагүй тухайд: Харилцагч Э.Б нь 2014 оны 3 сард ХБ ХХКнаас 30.000.000 төгрөгийн бичил бизнесийн зээл, 2015 оны 3 сард 30.000.000 төгрөгийн шугамын зээл авч байсан. Улмаар 2017 оны 3 сард шугамын зээлийн төлөх хугацаа болсон. Харилцагч зээлээ хаах боломжгүй байгаа тул дахин шинээр зээл авах хүсэлт гаргасан байсан. Э.Б-ийн зээлийг мэргэжилтэн П.Отгончимэг судалж зээлийн хороонд танилцуулсан бөгөөд танилцуулахдаа ломбардын бизнесээ эрхлэхээ больсон, түүхий эдийн бизнес эрхэлж байгаа гэж танилцуулсан. Тус зээлийг миний бие түүхий эдийн бизнес эрхэлж байгааг нотлох баримт хангалтгүй, зээлийн барьцаанд тавьж буй хөрөнгийн лавлагаа байхгүй гэдэг шалтгаанаар буцааж байсан. Зээлдэгчийн хөрөнгийн талаар лавлагаа авахад тус хөрөнгө нь 2014 онд манай банкнаас зээл авахаас 2-3 хоногийн өмнө ээжээс нь бэлэглэлийн гэрээгээр шилжиж ирсэн байсан. Ингээд хумих нөхцөлтэйгээр зээлийг олгосон. Харин зээлийн материалд ломбард эрхэлж байгаа гэсэн баримтгүй байсан тул дамжуулан зээлдэх гэж байгааг мэдсээр байгаад зээл олгосон гэдэг үндэсгүй.

            Харилцагч Д.Ц нь ХБ ХХКнаас удаа дараа шугамын зээл авч байсан. Өмнө авсан зээлээ 2016 оны 7 сард хаахдаа хаах өдрөөс хэтрүүлж зээл нь Хугацаа хэтэрсэн ангилалтай хаагдсан байсан. Тухайн зээл 2016 оны 11 дүгээр сарын 03-нд олгогдсон. Зээлийг зээлийн мэргэжилтэн Ц.Нэргүй судалж зээлийн хороонд танилцуулсан. Танилцуулахдаа Д.Ц нь хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг, ач хүүтэйгээ хамтран самар, мах зэрэг түүхий эд авч байгаа, ХБ ХХКны карт уншигч төхөөрөмж зэргийг ашигладаг гэж танилцуулсан. Д.Ц-ийн бизнесийн үйл ажиллагаа тогтворжсон, барьцаа хөрөнгө хүрэлцээтэй сайн, ХБ ХХКтай олон удаа шугамын зээл болон бусад бүтээгдэхүүнээр харилцаж байгаа гэдэг үндэслэлээр тус зээлийг зээлийн хорооны гишүүд 100 хувь саналаар баталсан. Д.Ц нь хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаагаараа Халамжийн Хүнсний талоны тендер авсан гэсэн мэдээлэл зээлийн хувийн хэрэгт байсан. Д.Ц-д олгосон зээлд батлан даалтын гэрээнд батлан даагч нь зураагүй байхад түрүүлж зээлийг олгосон гэдгийг анх удаа сонсч байна. Тэр тухай мэдэхгүй. Дээрх хоёр зээлдэгчийн зээл одоогоор хэвийн төлөгдөж яваа, уг зээлээс болоод банкинд ямар нэг эрсдэл учирсан зүйлгүй. Мөн зээлийн хорооны хурлаар ороход хариуцсан мэргэжилтэн материалыг бүрдүүлж зээлийг судалж, зээлийн хорооны хуралд оруулж ирдэг.

             Нэр бүхий 15 зээлдэгчид 317,500,000 төгрөгийн цалингийн зээл буюу барьцаагүй зээлийг олгосон, ийнхүү олгохдоо Гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан зээл олгох шийдвэрийг гаргахдаа хамтарсан эрхээр шийдвэрлэхээр заасныг зөрчин ганцаараа шийдвэрлэж тухайн албан тушаалд олгогдсон эрх хэмжээг хэтрүүлсэн тухайд: Миний бие 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Салбарын захирлаар ажиллаж эхэлсэн. Тухайн үед надад зээл шийдвэрлэх ямар нэгэн эрх өгөлгүй байж байгаад миний бие тодруулсны дагуу 2016 оны 11 дүгээр сард Гүйцэтгэх захирлын тушаалаар тухайлсан эрх өгөгдсөн. Дээрх эрх хэтрүүлсэн гэгдэх зээлүүд нь хэзээ олгогдсон ямар харилцагчийн зээл болохыг миний бие мэдэхгүй байна. Энэ талаар надад мэдээлэл өгөөгүй болно. ХБ ХХКны Зээлийн үйл ажиллагааны зааврын 7.1-т “Салбар нэгжийн зээлийн хорооноос гаргасан тогтоолын төслийг Зээлийн хорооны хурлын нарийн бичгийн дарга, зээл шийдвэрлэх хамтарсан эрхээр гаргасан шийдвэрийн төслийг тухайн зээлийг судалсан харилцагчийн мэргэжилтэн зээлийн шийдвэр гарснаас хойш ажлын 1 өдрийн дотор үйлдэж,  доорх ажилтнуудаар хянуулна” хэмээн заасан байдаг. Үүнд: Салбар нэгжийн зээлийн хорооны хурлын тогтоолыг тухайн салбар нэгжийн зээлийн эрсдэл хариуцсан ажилтнаар, Хамтарсан эрхээр шийдсэн зээлийн шийдвэрийг шийдвэр гаргасан эрх бүхий ажилтнуудаар хянуулахаар заасан байдаг. Мөн журмын 7.2-т “Тогтоол шийдвэр хянах ажилтан нь тогтоол шийдвэрийн төсөлд бичигдсэн зээлийн хэмжээ хугацаа хүү, эргэн төлөлтийн хуваарь, барьцаа хөрөнгө, нэмэлт, тусгай нөхцөл гэх мэтчилэн зээлийн бусад нөхцөлүүд нь хорооны хурлаас болон хамтарсан эрхээр гаргасан шийдвэрийн дагуу үнэн зөв, бүрэн бичигдсэн эсэхийг хянана” гэж заасан байдаг.

            Цалингийн зээл бол банкны батлагдсан журмаар судалгаа шаардахгүйгээр шууд гаргагддаг зээл. Хэмжээнээс хамаараад манайд олгогдсон эрхээр 10 сая төгрөгөөс дээш зээлийг хамтарсан эрхээр олгодог. Хариуцсан зээлийн мэргэжилтэн  цалингийн зээлийг өөрсдөө судлаад надад оруулж ирж танилцуулж би баталгаажуулан зурж, зээл олгогддог. Нэр бүхий дээрх 15 зээлийг миний бие өөрөө судалж зээл олгоогүй, тухайлбал зээлийн мэргэжилтэн Г.Нэргүй өөрөө зарим зээлийг нь судалж оруулж ирсэн. Мөн намайг олгогдоогүй эрх эдэлж ганцаараа 15 зээл олгосон гэж байгаа нь үндэслэлгүй. Батлагдсан бланк дээр хоёр хүн зурах ёстой байтал ганцаараа гарын үсэг зурсан гэсэн шалтгаанаар дангаар эрх эдэлсэн гэж байна. Уг бланкыг миний бие хэвлэдэггүй, зээлийн мэргэжилтэн хэвлээд материалтайгаа танилцуулдаг. Дээрх зээлүүдээс болж банкинд хохирол учирсан зүйлгүй, бүгд хэвийн төлөгдөөд явж байгаа зээлүүд. Архангай аймаг дахь салбарт 2017 оны 3 дугаар сард төв банкнаас аудит ирж шалгаад манайхыг зөрчилгүй гэж гарсан.

            Мөн миний бие өөрийн удирдлагад байгаа ажилтан, зээлийн мэргэжилтэн Г.Нэргүйд журам зааврыг зөрчиж зээл олголтыг хийх хууль бус үүрэг даалгавар өгсөн зүйл байхгүй. 

             Энэ бүх үйл явдал үндсэндээ манай салбарын зээлийн мэргэжилтэн Г.Нэргүй хууль зөрчсөн ажиллагаа хийснийг би илрүүлж дээш мэдэгдсэний хариуд тэрээр худал мэдээлэл өгч, улмаар төвөөс шалгалтын баг ирж шалгаснаас үүдэлтэй. 2017 оны 5 дугаар сарын дундуур шалгалтын баг ирээд бүх ажилтнуудтай уулзаж шалгасан ч надад юу ч танилцуулаагүй. 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тушаал гарсан. Намайг ажлаас чөлөөлсөн тушаалд энэнээс олон үндэслэл дурдаж хууль, дүрэм журмуудыг хэт явцуу байдлаар хэрэглэж, байгууллагын хэмжээнд мөрдөгддөг гэрээ, дүрэм, журмуудыг бүгдийг нь зөрчсөн мэтээр тушаалдаа тусгасан байсан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон миний эрхийг ноцтой зөрчсөний зэрэгцээ ажил үүрэг, албан тушаалын хувьд огт хамааралгүй асуудлуудыг хүртэл оруулж намайг ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ажлаас халах тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Архангай салбарын захирлын албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү. Ажилгүй байсан 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх 3 сар 15 хоногийн цалин 6.685.714 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.  

Мөн миний бие ХБ ХХКны Архангай аймаг дахь салбарын захирлын ажил үүргийг өнгөрсөн оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж ирсэн. ХБ ХХКны зүгээс туршилтийн журмаар хөдөлмөрийн түр хугацаатай гэрээг байгуулан ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон жинхлэх, үндсэн ажил үүрэгтээ томилогдож гэрээ байгуулах талаар шаардаж байсан. Хөдөлмөрийн гэрээг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр талууд байгуулаагүй.  2017 оны 4 дүгээр сард надад гэрээндээ гарын үсэг зурчих, тэгээд шуудангаар явуулчих гэж төв ХБ ХХКнаас мэдэгдсэн. Үүний дагуу би гарын үсэг зурж, гэрээг 2017 оны 4 дүгээр сард шуудангаар явуулсан ч надад гэрээний хувь эргэж ирээгүй.  Шүүхэд хариуцагч талаас гаргаж өгснөөр анх удаа харсан. Надад ирснээс засварласан, хугацааг өөрчилсөн байна. Мөн хууль тогтоомжуудад заасан гэрээ байгуулах, хүчин төгөлдөр болох шаардлагад энэ нь огтхон ч нийцэхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй", 21.1.4 дэх хэсэг “Хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байна”, 21.5 дахь хэсэг “Хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт заасан нөхцөлөөс дордуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна’’, 21.7 дахь хэсэг “Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно”, 24.1 дэх хэсэг “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажитанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно”, 24.3 дахь хэсэг “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” хэмээн заасан зохицуулалтууд мөн Монгол Улсын Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтад заасан гэрээг байгуулах хууль ёсны агуулга, нөхцлийг бүхэлд нь зөрчсөн миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироосон гэрээ байгаа учир миний бие тухайн гэрээг хүчин төгөлдөр бус хэмээн үзэж байна.

Иймд талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байгаа тул хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг тус тус үндэслэн Архангай салбарын Захирлын албан тушаалд ажиллаж байсан Ц.Бтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар ажилтан дараах таван зөрчлийг гаргасан тул цуцалсан болно.

1.Ажлын байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Мөсний баяраар буюу 2017 оны 2 дугаар сард ажлын гаражид, Монгол цэргийн өдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр,  2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нийт 3 удаагийн үйлдлээр ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн.  Энэ нь хөдөлмөрийн гэрээний 5.1.2-т “ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, 5.1.5-“ банкны эрх зүйн акт зөрчсөн үйлдэлдээ бусад ажилтныг татан оролцуулах”, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4.18 дахь заалтыг зөрчсөн үйлдэл болсон тул бид сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн. Хөдөлмөрийн гэрээнд энэ зөрчлийг ноцтойд тооцохоор  ч мөн тусгагдсан байгаа. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор “...зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно, тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй” гэж тайлбарласан байдаг. Түүнчлэн Ц.Б салбарыг бүхэлд нь удирдаж, ажилтнуудаа манлайлан үлгэр дууриалалтай ажиллах үүргээ зөрчиж, өөрөө санаачлага гарган уриалан дуудаж ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн.

2/ Салбарын үндсэн касс нээх хаах ажиллагаанд оролцдоггүй, цагаас хоцорч нээсэн, мөн эрхгүй этгээдэд түлхүүрийг өгч дамжуулсан зэргээр кассын үйл ажиллагааны журмыг удаа дараа зөрчсөн. Кассын ажиллагааны журмын 2.11-т “Үндсэн касс нээх, хаах ажиллагааг ...салбар, тооцооны төвийн хувьд захирал, нягтлан бодогч эсхүл хянагч нягтлан бодогч, үндсэн касс хариуцсан ахлах теллер гэсэн тус бүр 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр...” нээх, хаах ажиллагааг хийх ёстой байдаг. 2017 оны 4, 5 дугаар сарын касс нээх, хаах бүртгэлийн дэвтрээс үзвэл нийт 16 удаа Гүйцэтгэх захирлын тушаалаар тогтоогдсон Банкны салбар, нэгжийн нийтэд үйлчлэх цагийн хуваариас хоцорч нээсэн байдаг. Эрх бүхий гурван хүн бүгд хамт байж кассыг нээж, хаадаг. Гэтэл хоцорч ирж, кассыг оройтож нээснээрээ Салбарын захирлын хувьд салбар, тооцооны төвийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах үүргээ зөрчсөн. Мөн кассын үйл ажиллагааны журмын 2.19-д “түлхүүрийг удирдлагын зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэхийг”, 2.20-д “кассын ажиллагаанд оролцогч түр ирэх бололцоогүй бол захирал буюу дээд удирдлагын шийдвэрийн дагуу тоолж, акт үйлдэн хүлээлцэх”-ээр тус тус заасан байдаг. Гэтэл 2017 оны 3 дугаар сард эрхгүй этгээдэд түлхүүрийг дамжуулж өгч явуулсан. Дээрх зөрчил нь Хөдөлмөрийн гэрээний 5.1.3-т заасан “журам, бусад эрх зүйн актад заасан хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн” гэдэгт хамаарч байх тул энэ зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан давтан зөрчилд тооцсон.

3/ Банкны зээлийн үйл ажиллагааны журам, холбогдох шаардлагыг хангаагүй байхад, түүнийг мэдсэн буюу мэдэх үүрэгтэй атлаа Э.Б-д 30.000.000 төгрөг, Д.Ц-д 28.100.000 төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэж Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан “зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих, зээлийн эрсдэлийг удирдаж ажиллах”, “зээлийн эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгахын тулд салбар, тооцооны төвийн үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлэх” үүргээ болон Зээлийн үйл ажиллагааны журмыг давтан зөрчсөн. Зээлийн үйл ажиллагааны журамд  зааснаар зээлдэгч олгосон зээлийг бусдад дамжуулан зээлдэх гэж байгаа тохиолдолд зээл олгохыг хориглодог. Зээлдэгч Э.Б нь ломбардны үйл ажиллагаа эрхэлдэг хүн байсан бөгөөд энэ тухай зээлийн мэргэжилтэн хэлсэн байдаг. Гэтэл дамжуулан зээлдэх гэж байгааг мэдсээр байж 2017 оны 3 дугаар сарын 30-нд зээл олгосон. Д.Ц-ийн зээлийн хувьд зээлийн хорооны шийдвэрээр батлан даалтын гэрээ байгуулсны дараа зээлийг олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Зээлийн хорооны хурлын шийдвэр биелэгдээгүй, батлан даагч нь батлан даалтын гэрээнд гарын үсэг зураагүй байхад зээлийг түрүүлж олгосон. Энэ нь Зээлийн үйл ажиллагааны журмын 5.7, Хөдөлмөрийн гэрээний 5.1.3-ийг зөрчсөн, зохих ёсоор хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй үйлдэл давтан гаргасан гэж үзсэн.  

Энэ гурван зөрчлүүд тус бүртээ хоёр буюу түүнээс дээш удаа үйлдэгдсэн,  байгаагаас гадна Хөдөлмөрийн гэрээнд дээрх зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцсон байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан “давтан” гэсэн үндэслэлд хамааруулж тооцсон.

4.Нэр бүхий 15 харилцагчид журмаар олгогдоогүй эрх эдэлж ганцаараа шийдвэрлэж нийт 317.500.000 төгрөгийн зээл олгосон. Салбарын захирал нь ажлын байрны тодорхойлолтын 3.4-т “...олгогдсон эрхийн хүрээнд зээлийн хүсэлтийг шийдвэрлэх” эрхтэй бөгөөд ХБ ХХКны Гүйцэтгэх захирлын 2016 оны А/760, А/965 дугаар тушаалаар Салбарт зээл шийдвэрлэх эрхийг хэрхэн эдлэхийг заасан байдаг. Уг эрхээр Архангай аймаг дахь салбарын захирал 10 сая хүртэлх дүнтэй цалингийн зээлийг харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэнтэй хамтран шийдвэрлэхээр, 50 хүртэлх дүнтэй зээлийг зээлийн хорооны хурлаар шийдвэрлэх эрхийг олгосон байдаг. Уг тушаалаар захирал дангаар зээл шийдвэрлэх эрх байхгүй, өөрөөр хэлбэл зээл олгох шийдвэрт хоёр хүн гарын үсэг зурах ёстой байтал 2016 оны 10, 11 дүгээр сард дангаар шийдвэрт гарын үсэг зураад дээрх зээлүүдийг олгосон. Анх салбар хариуцах үед дүрэм, журмуудыг танилцуулсан бөгөөд тэрээр удирдах ажилтны хувьд бүхий л дүрэм журмыг бүрэн мэдэх ёстой. Гэтэл доод ажилтнууд оруулж ирсэн бланк дээр гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Батлагдсан маягт ямар байдгийг мэдэх ёстой. Банкны зээлийн үйлчилгээг үзүүлэх зориулалтаар салбарын төсвөөс Гүйцэтгэх захирлын тушаалд заасан хэмжээний хүрээнд шийдвэр гарган бусдад зээлдүүлэх эрх бүхий Салбарын захирал нь энэ эрхийг хэрэгжүүлэх журмыг зөрчиж ганцаараа шийдвэрлэж олон тооны харилцагчид зээл олгосноороо ажил олгогчийн итгэлийг алдсан. Дээрх үйлдлээрээ Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.11-т заасан “өөрт олгогдсон эрх хэмжээг урвуулан ашигласан, эрхээ хэтрүүлсэн, ажил олгогчийн итгэлийг алдсан” гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан зөрчилд тооцсон. 2017 оны 3 дугаар сард тус салбарт аудит бүхэлд нь бус түүвэрчилж хийгдсэн тул зөрчилгүй гэж дүгнэсэн нь хэрэгт хамааралгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан зөрчил гаргахад заавал хохирол шаардахгүйгээс гадна дээрх зээлүүд одоогоор хэвийн байгаа ч хэдийд эрсдэл үүсэхийг урьдчилж мэдэх боломжгүй. Салбар хариуцсан хүн холбогдох дүрэм журмаа баримтлах ёстой.

5.Өөрийн удирдлагад ажиллаж буй ажилтан Г.Нэргүйд 2016 оны 8 дугаар сарын үеэр хамтран зээлдэгч нь гэрээнд гарын үсэг зураагүй, зээл олгож болохгүй гэж хэлсээр байхад зээл олгох хууль бус даалгавар өгсөн байдаг. Улмаар ажилтан сүүлд нь очиж нөхөж зуруулсан. Энэ үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 5.1.5-д заасныг зөрчсөн тул энэ зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан “ноцтой” зөрчилд тооцсон.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд өөр зөрчлүүдийг дурдсан ч энэ нь тушаалын үндэслэлд хамааралгүй, зөвхөн түүний гаргаж байсан зөрчлөөс дурдсан зүйл юм. Дээрх 5 зөрчлийг үндсэнд нь зөрчилд тооцож ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээний хувийг аваагүй гэсэн үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                                                                                                                                             

                                                                                                                 

Нэхэмжлэгч Ц.Б нь ХБ ХХКинд холбогдуулан 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6.685.714 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

ХБ ХХКны 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/1154 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ц.Быг ХБ ХХКны Архангай салбарын захирлаар томилж, улмаар 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулж, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх 11-14, 25-31/

Нэхэмжлэгч нь дээрх Хөдөлмөрийн гэрээг гардуулаагүй үндэслэлээр хүчингүй болгуулахаар шаардаж байх боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байхаас гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Тус байгууллагын хүний нөөц хариуцсан захирлын 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/783 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.2, 8.2.8, 15.7.3, 15.8, 16.3, Хөдөлмөрийн гэрээний 3.2.3, 3.2.8, 5.1 дэх заалтуудыг баримтлан Ц.Быг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. /хх 9-10/

Хариуцагч тушаалд дурдагдсан зөрчлүүдээс зөвхөн 5 зөрчил тушаалын эрх зүйн үндэслэлд хамааралтай, нэхэмжлэгч Хөдөлмөрийн гэрээний 5.1.2, 5.1.3, 5.1.5, 5.1.11-д заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлахаар заасан зөрчлийг давтан гаргасан гэж тайлбарлав.

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар цуцлахад гэрээнд тухайлан заасан “ноцтой” зөрчлийг гаргасан байх эсхүл хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа давтан гаргасан байхыг шаардах бөгөөд ийнхүү цуцлахдаа зөрчил гаргасан үйл баримтыг баримтаар тогтоосон байх үүрэгтэй.

Зохигчдын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.1.2-т “Ажилтан ажилдаа согтуурсан буюу мансуурсан байдалтай ирсэн,  ажил үүргээ гүйцэтгэж байхдаа архидан согтуурсан” бол, 5.1.3-т “Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журма, бусад акт ажлын байрны тодорхойлолтод заасан хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтойгоор зөрчсөн”, 5.1.5-д “гэрээ, журам, актыг зөрчсөн үйлдэлд өөрийн удирдлагад байгаа болон бусад ажилтныг татан оролцуулсан, хууль бус шаардлага тавьж, хэрэгжүүлэхийг шаардсан” бол, 5.1.11-д “ .... банкны хөрөнгийг хувьдаа завших, харилцагчид давуу байдал бий болгох замаар үйлчилгээ, хөнгөлөлт, бэлэг шан авах болон бусад байдлаар урвуулан ашигласан, эрхээ хэтрүүлсэн, бусад байдлаар ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” бол тус тус ноцтой зөрчилд тооцон, гэрээг  захиргааны санаачилгаар цуцлахаар тусгагджээ.

1. нэхэмжлэгч нь 2017 оны 2-4 дүгээр сарын хооронд 3 удаагийн үйлдлээр ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх боловч Хөдөлмөрийн гэрээний 5.1.2-т “Ажилтан ажилдаа согтуурсан буюу мансуурсан байдалтай ирсэн, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа архидан согтуурсан” бол ноцтой зөрчилд тооцохоор заасан, нэхэмжлэгч нь ажлын бус цагаар, амралтын өдөр, бүх нийтийн баярын өдрийг тохиолдуулан уусан гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг баримтаар үгүйсгээгүйгээс гадна хэрэгт авагдсан ХБ ХХКинд 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн болон бусад ажилтнуудаас гаргасан тайлбарт “ажил тарсны дараа, баярын үеэр” согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тухай дурдагджээ. Иймд дээрх зөрчил нь Хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор гэрээнд тусгагдсан 5.1.2-т нийцэхгүй байна. /хх 36-39, 41/

2.ХБ ХХКны кассын ажиллагааны журмын 2.11-д “үндсэн касс, нээх хаах ажиллагааг салбар тооцооны төвийн хувьд захирал, нягтлан бодогч эсхүл хянагч нягтлан бодогч, үндсэн касс хариуцсан ахлах теллер гэсэн гурван бүрэлдэхүүнтэйгээр хамгаалалтын ажилтныг байлцуулан гүйцэтгэхээр”,  2.19-д “кассын ажилтнууд өөрийн хариуцаж буй кассын түлхүүр зэргийг удирдлагын зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж, мөн журмын 2.20-д “ажилтан аливаа шалтгаанаар ажилдаа ирэх бололцоогүй буюу ажлаа түр хугацаагаар бусдад шилжүүлэх тохиолдолд захирлын шийдвэрийн дагуу акт үйлдэн түлхүүр хүлээлцэх”-ээр заажээ. /хх 67-79/

Хэрэгт авагдсан тус банкны салбарын 2017 оны 4, 5 дугаар сард үндсэн касс нээх, хаах ажиллагааг бүртгэсэн цагийн бүртгэлээс үзвэл кассыг 09.00 цагт нээхээс 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 09.05 цагт, 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 09.20 цагт, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 09.02 цагт, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 09.15 цагт тус тус нээсэн байна. Дээрх бүртгэлд нэхэмжлэгч бүх өдрийн касс нээх ажиллагаанд оролцсныг баталгаажуулж гарын үсгээ зурсан байх тул уг ажиллагаанд оролцдоггүй гэсэн хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна. Касс хоцорч нээгдсэн дээрх өдрүүдэд нэхэмжлэгчийн ажилд ирсэн цагийн бүртгэлийг үзвэл 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 09.05 цагт, 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 08.55 цагт, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 08.55 цагт, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 09.15 цагт ирсэн болохыг бүртгэсэн байх тул хоцорч нээсэн үйлдэл бүр нэхэмжлэгчээс хамааралгүй, хамтран нээх бусад ажилтнуудаас хамааралтай тохиолдол бий гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэв.  Нэхэмжлэгч 2017 оны 3 дугаар сард кассын түлхүүрийг эрхгүй этгээдээр дамжуулан өгч явуулсан гэдэгт маргаагүй байна. /хх 42-44, 135-139/

Кассын үйл ажиллагааны журамд кассыг хоцорч нээх тохиолдолд зөрчилд тооцох эсэх талаар журамд тусгагдаагүй тул нэхэмжлэгчийн гаргасан энэ зөрчлийг Хөдөлмөрийн гэрээний 5.1.3-т заасан “эрх зүйн актад заасан хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн” гэж үзэх боломжгүй гэж үзэв.

3.Хэрэгт авагдсан зээлдэгч Д.Ц, Э.Б нарын зээлийн хувийн хэргээс үзвэл тус банкны салбараас 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зээлдэгч Д.Ц-тэй 28.100.000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан байна. Уг зээлийн батлан даагчаар иргэн Э.Г оролцохоор зээл хүссэн өргөдөлд хүсэлтээ илэрхийлсэн байх хэдий ч  2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн батлан даалтын гэрээнд батлан даагч гарын үсгээ зураагүй байна. Уг зээлийг олгоход нэхэмжлэгч Ц.Баас гадна зээлийн мэргэжилтэн Ц.Нэргүй, зээлийн бүртгэлийн ажилтан нар оролцсон байх ба гэрээнд гарын үсэг зуруулаагүйгээр зээлийг олгосон үйлдэл тэдгээрийн хэний буруугаас үүдэлтэйг ялгаж салгаагүйгээс гадна уг байдлыг мэдээгүй гэсэн  нэхэмжлэгчийн тайлбарыг баримтаар үгүйсгээгүй байна.  /хх 151-172/

Э.Б-тэй 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 30.000.000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан байх бөгөөд зээлдэгчийн хувийн хэрэгт  түүхий эдийн худалдаа эрхэлдэг тухай зээлийн судалгаанд дурдагдсан байх тул ломбардын үйл ажиллагаа эрхэлдэг, зээлийг дамжуулан зээлдүүлэх зорилгоор зээл хүссэнийг мэдсээр байж зээлийг олгосон гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. /хх 210-229/

 4. Тус салбараас 2016 оны 10, 11 дүгээр сард нэр бүхий 15 зээлдэгчид 317.500.000 төгрөгийн зээлийг дангаар олгох шийдвэрийг гаргаж, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж,  эрхээ хэтрүүлсэн, энэ нь ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл болсон тул энэ зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан зөрчилд тооцсон гэж хариуцагч тайлбарлав.

  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар гэрээг цуцлахад ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны үйлдэл, эс үйлдэхүй нь эрх бүхий байгууллагын шалгалт, эсхүл дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг шаардах бөгөөд Архангай аймаг дахь салбарын үйл ажиллагаанд хийсэн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн аудитын тайланд дээрх зөрчлүүд илрээгүйгээс гадна гэрч Г.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээрх “15 зээлийн 4 зээлийн материалыг би бүрдүүлж оруулсан, миний судалсан зээл” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл нэхэмжлэгчийг эрхээ хэтрүүлж дангаар зээл олгох асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй. Мөн дээрх зээлүүдийг хариуцсан ажилтнууд судалж материалыг бүрдүүлэн оруулж ирсэн, ирсэн материалд хавсаргасан хуудаст гарын үсгээ зурсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй гэж үзэв.  /хх 50-55, 134/

5.2016 оны 8 дугаар сард зээлийн гэрээнд хамтран зээлдэгч нь гарын үсэг зураагүй байгааг мэдэгдсээр байхад зээлийг олго гэж өөрийн удирдлагад ажиллаж буй ажилтанд хууль бус үүрэг даалгавар өгч Хөдөлмөрийн гэрээний 5.1.5-д заасныг зөрчсөн гэж тайлбарлаж байх боловч хариуцагч дээрх тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна гэрч Г.Нэргүйгийн дээрх мэдүүлгийг дэмжих бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахад ажилтны гэм буруу, гаргасан зөрчил, түүний шинж чанар, үр дагаварт тохирсон байхаас гадна мөн зүйлийн 131.2-т зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үндсэн кассыг хоцорч нээсэн, түлхүүрийг эрхгүй этгээдээр дамжуулсан, удирдах ажилтны хувьд хяналт тавих үүргээ бүрэн биелүүлээгүй зэрэг зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдож байх хэдий ч дээрх зөрчлүүд нь түүнийг ажлаас халах хэмжээний зөрчил гэж үзэх боломжгүй байна гэж шүүх дүгнэв.

Мөн нэр бүхий 15 зээлдэгчид олгосон зээлийг дангаар шийдвэрлэсэн, Д.Ц-д зээл олгохдоо батлан даалтын гэрээг байгуулаагүй зэрэг зөрчил нь нэхэмжлэгчийн гэм буруугаас болсон эсэх, бусад ажилтнуудын гэм буруу бий эсэхийг хариуцагч байгууллага баримтаар ялгаж зааглаагүй тул нэхэмжлэгчийг бүхэлд нь буруутгах үндэслэлгүй, ХБ ХХКны Б/783 дугаар тушаал үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй байна.

 Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажлын нийт 76 хоног, нэг өдрийн дундаж цалин хөлс 88.556 төгрөг /3,4,5 сар/  нийт 6.730.256 төгрөг байна. Гэвч нэхэмжлэгч нөхөх олговорт 6.685.714 төгрөг гаргуулахаар шаардаж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.

 Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдөх тул  хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын орлогод нөхөн оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн  69.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан Ц.Быг ХБ ХХКны Архангай салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 6.685.714 /зургаан сая зургаан зуун наян таван мянга долоон зуун арван дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих журмын дагуу баталгаажилт хийхийг хариуцагч ХБ ХХКинд даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 121.921 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ